Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

 

                             

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.О-д холбогдох 2034004720429 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Ш.О, Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймаг Баян-Өнжүүл суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймаг Сэргэлэн сум 2 дугаар баг Бөхөг гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдэл эд хөрөнгө болох иргэн Б.Нямлхагвын эзэмшлийн “Самсунг галакси А-10” маркийн гар утас завшиж 422700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гээгдэл эд хөрөнгө болох иргэн Б.Нямлхагвын эзэмшлийн “Самсунг галакси А-10” маркийн гар утас завшиж 422700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

Хохирогч Б.Нямлхагвын ". Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2 дугаар баг Дэнжийн 23-2307 тоотод өөрийн найз Анхбаярын аав болох Дорждамбын гэрт Анхбаяр, Лхагвасүрэн нарын хамт байж байгаад гарч явсан. Тэдний гэрээс гараад явж байгаад гар утсаа хаячихсан юм шиг байна лээ олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...миний утас Самсунг-A10 эс маркийн гар утас байсан. Улаанбаатар хот Мобикомоос лизингээр худалдаж авч байсан..." гэсэн мэдүүлэг /хх-8-9-р тал/,

 

Гэрч Э.Хишигнямын “...2020 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед харьж байна гээд залгасан тэгээд ирж хоноогүй, Би маргааш өглөө нь нөхрийнхөө утас руу залгаж хаана байгааг нь асуугаад тасалсан. Удалгүй хадам аав Дорждамба залгаад энэ 3 манайд ирсэн байна гайгүй байгаа дээр нь ирж ав гэсэн би ууж дуусаад өөрөө ирнэ биз гээд утсаа тасалсан. Орой 16-17 цагийн хооронд очиход гэрт Нямлхагва, Дорждамба, Анхбаяр 3 унтаж байсан би гэрийг нь цэвэрлэчхээд гэрлүүгээ явсан. Би нөхрийнхөө түрүүвч гар утсыг хайхад манай нөхөр аав аваад авдартаа хийсэн гэж хэлсэн тэр үед баруун талын орны доор шалан дээр цагаан өнгийн гар утасны цэнэглэгч залгаатай утас байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-12-13-р тал/

 

Шүүгдэгч Ш.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг: “...Би Самсунг A10 маркийн гар утсыг хөдөөгөөс байшинд юм хураах гэж 2020.06.14-ний өдөр ирээд Зуунмод сумын дэнжийн 5-4 тоот хашаанд хөдөөгөөс авч ирсэн эд зүйлээ хураахдаа хашааны арын модон хаалгаар гараад олсон. Тэгээд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нэг утас засварын газрын очоод олсон утас унтарсан байсан болохоор гар утсыг асаалгаад, утас засварын залуугаар утсыг  форматлах уу гэхээр нь форматалчих гээд өөрөө барьж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-14-15-р тал/,

 

"Эй Жэй Жэй Эм” ХХК-ний үнэлгээний тайлан: “...Б.Нямлхагвын өмчлөлийн Samsung A10s маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ ACHIH нь үнэлгээний өдөр болох 2020 оны 06-р сарын 19-ны байдлаар 422,700/дөрвөн зуун хорин хоёр мянга долоон зуун/ төгрөг болно...” /хх-18-24-р тал/,  

Шүүгдэгч Ш.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...Би прокурорын тогтоол болон хэргийн зүйл ангитай танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг..” /хх- 37-38-р тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.О нь 2020 оны 8 сарын 14-ний өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-52 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 8 сарын 14-ны өдөр 137 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-58 тал/ 2020 оны 08 сарын 14-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ш.Од холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ш.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч Ш.О-д холбогдох хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Ш. О-ыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ыг 450/дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /3 сарын/ хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.О нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ