| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00243/И |
| Дугаар | 102/ШШ2017/00736 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/00736
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/00736 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хорооллын 1006 дугаар байрны 19 тоотод оршин суух, Илжгэн овогт Амархүүгийн Энхтөр /РД-ТИ58070870/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 18 дугаар хороо, 44 дүгээр байрны 01 тоотод оршин байгаа “Англофрейт” ХХК-д холбогдох,
Илгээмжийн гэрээнээс учирсан хохиролд 2,468,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхтөр, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрийн хавьцаа “Англофрейт” ХХК-иас илгээмж ирсэн тухай мессежийг хүлээн авч, өөрийн биеэр тус компанийн байранд ирж АНУ-ын Сант Луис хотод сурч, ажилладаг хүү Э.Цэнгэлээс илгээмжээр явуулсан 2 гар утсыг авах гэсэн боловч үрэгдсэн байв. Илгээмж олгогч эмэгтэй нь та хүлээж бай, бид учрыг нь тодруулаад танд мэдэгдэнэ гэсэн боловч өдий болтол намайг хохиролгүй болгож өгөөгүй.
Би Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний хуулиар хохирлыг нөхөн төлүүлэх, Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.5-д зааснаар ачаа алдагдсанаас үүсэх гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагыг эцсийн тээвэрлэгчээс шаардах эрхтэй.
Иймд 2016 оны 4 дүгээр сарын 22-нд АНУ-ын Санд Луис хотод сурч буй хүү Э.Цэнгэлээс явуулсан илгээмжийн мэдүүлэгт дурьдсан 2 утасны үнэ болох 990 ам.доллартай тэнцэх 20468,070 төгрөгийг “Англофрейт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Англофрейт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Энхтөр нь хүү Э.Цэнгэлээс илгээмж ирсэн гэдэг. Нэхэмжлэгч хэлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр илгээмжээ ирж авахыг мэдэгдсэн мессеж ирсэн гэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хуудас нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн баримтанд барааг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байна. Энэ хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамгийн чухал баримт бол илгээмжийн мэдүүлэг юм. Ийм баримтаар барааг манай компанид хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэдгийг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй, манайд уг гар утсыг хүлээж авсан гэх баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Энхтөр нь “Англофрейт” ХХК-иас 2,468,070 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч тал уг шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “... мэдүүлэгт барааг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй, ... гар утсыг хүлээж авсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна” гэж тайлбарлан, маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Учир нь Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээний талууд нь илгээгч ба захиалагч нар байдаг бөгөөд уг гэрээний хувьд илгээгч болон хүлээн авагч нарын хооронд гэрээний харилцаа үүсэхгүй учир нэхэмжлэгч буюу хүлээн авагч А.Энхтөр нь хариуцагч “Англофрейт” ХХК-иас илгээмжийг үрэгдүүлсэн хохирлыг шаардах эрхгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Энхтөрийн, “Англофрейт” ХХК-иас 2,468,070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |