Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/00858

 

2017 оны 03 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00858

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 35 гудамж, 03, тоотод оршин суух, Харуул овогт Очирбатын Хоролмаа /РД-НЗ91092103/-гийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 05-02 тоотод оршин байгаа Монгол маамуу цэцэрлэгт холбогдуулан гаргасан 

Дутуу олгосон цалин 619,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч О.Хоролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 3 дугаар сард Монгол маамуу цэцэрлэгт туслах багшаар ажилд ороод сарын 600,000 төгрөгийн цалинтай 2015 оны 5 дугаар сар хүртэл амжилттай ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч байсан.

Би 2015 оны 02 дугаар сарын хагас цалин 250,000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын хагас цалин 369,440 төгрөгийн цалингаа одоог хүртэл авч чадаагүй.

Иймд Монгол маамуу цэцэрлэгээс нийт 619,440 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Хоролмаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Монгол маамуу цэцэрлэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Хоролмаа нь 2014 оны 3 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Цэцэрлэгийн дотоод журамд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчтай ёс бус харьцсан, сургалтын орчинд алдаа гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16/517 тоот тушаалаар нярав Б.Нарантунгалагт цалинг тооцож өгөх даалгавар өгсөн боловч тус тушаалын 2 дугаар заалтыг биелүүлээгүй.

            Гомдол гаргасан 2 сурагчийн эцэг, эх төлбөр төлөхөөс татгалзсан нь цалинг бүрэн хэмжээнд олгох боломжийг бүрдүүлээгүй болно.

            Иймд тус ажилтанд хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,800 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгоно гэжээ

            Хариуцагч Монгол маамуу цэцэрлэгийн захирал Д.Дорждэрэм шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул шүүх хуралдааныг миний эзгүйд хийж, эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: О.Хоролмаа нь Монгол маамуу цэцэрлэгээс 619,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 150,000 төгрөгийг татгалзаад, үлдэх 469,440 төгрөгийг хариуцагч Монгол маамуу цэцэрлэг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор О.Хоролмаагийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт гаргуулахаар харилцан тохиролцов гэжээ.  

                       

            Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч О.Хоролмаа нь, хариуцагч Монгол маамуу цэцэрлэгээс дутуу олгосон цалин 619,440 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

            Шүүх хуралдааны өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 619,440 /зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийн 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 469,440 /дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг хариуцагч Монгол маамуу цэцэрлэг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт нэхэмжлэгч О.Хоролмаад өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хоролмаад буцаан олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.О.Хоролмаагийн нэхэмжлэлтэй, Монгол маамуу цэцэрлэгт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 619,440 /зургаан зуун арван есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийн 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 469,440 /дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг хариуцагч Монгол маамуу цэцэрлэг нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт нэхэмжлэгч О.Хоролмаад  өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,733 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Хоролмаад буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

                       

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД