Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 025

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сагсай  сумын  5 дугаар багийн оршин суугч Шыбарайгыр овогт  Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргад тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны  өдөр хуралдаан хийгдсэн нь  хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаар Х.Хг Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгох, уг сул орон тоог холбогдох журмын дагуу нөхөхийг салбар зөвлөлд даалгах, Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  Б/04 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/04, Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Г.Бг урьд эрхэлж байсан нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Н, хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Ш, гуравдагч этгээд Х.Х, түүний өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” Б\12 тоот тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын түшмэлийн ажилд томилогдсон юм. 2018 оны 04 дүгээр сарын үед Г.Б миний ажиллаж байсан орон тоо болох нийгмийн бодлогын түшмэлийн сул орон тоонд Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан.  Би тухайн сул орон тоонд өрсөлдөхөөр мэргэшлийн шалгалт  өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 44 дугаар тогтоолын хавсралтын 7 дахь хэсгээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн юм. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь сул орон тооны сонгон шалгаруулалтаар 1 ба 2 байранд орсон иргэдийг нэр дэвшүүлэхгүй байгаад 3 дугаар байр эзэлсэн иргэн Х.Хг нэр дэвшүүлсэн тогтоол гаргасанд  гомдолтой байна. Х.Х нь тус сумын Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан. Би тус байгууллагад 1 жил 2 сар ажиллаж байгаа ажлын мэргэшсэн,  дадлага туршлагатай албан хаагч байгаа.  Салбар зөвлөл нь нэгэнт эхний байр эзэлсэн иргэд маргаан бүхий албан тушаалд нэр дэвшихээс татгалзсан тохиолдолд миний тухайн байгууллагад ажилласан жил, ажлын дадлага туршлагыг харгалзан намайг нэр дэвшүүлэх ёстой гэж үзэж байна. Салбар зөвлөл нь иргэдэд шударга бусаар хандаж, сумын Засаг дарга С.Хын гуйлтаар түүний 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01 \172 дугаартай албан бичгийг үндэслэн уг сул орон тоонд иргэн Х.Хн нэрийг дэвшүүлсэн явдлыг шударга бус асуудал, Сагсай сумын Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч С.Х нь уг албан тушаалд Х.Хг нэр дэвшүүлэхэд хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байна.

     Салбар зөвлөл нь сул орон тоог нөөцөөс нөхөхөөс өмнө хуульд заасан хугацааны дотор олон нийтэд сул орон тооны талаар зарлан мэдээлэх ёстой байсан. Нийтэд зарласны дараагаар нөөцөд байсан иргэдэд бүртгүүлэх, өргөдөл гаргах, анкетыг нь хүлээн авах боломж олгох ёстой ба анкет болон өргөдөл өгсөн хүмүүсийн дундаас ажилласан жил, нөөцөд бүртгэгдсэн оноо, туршлага зэргийг харгалзан үзэхээс гадна ярилцлага авах ёстой байсан. Гэтэл салбар зөвлөл нь холбогдох журмыг зөрчиж, Х.Хн нэрийг дэвшүүлэх тухай тогтоол гаргасанд гомдолтой байна. Х.Х нь салбар зөвлөлд өргөдөл гаргасан мэтээр шүүхэд баримт цуглуулж өгч байгааг зөвшөөрөхгүй, намайг шүүхэд гомдол гаргасны дараа хуурамчаар нөхөж хийсэн өргөдөл гэж үзэж   байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албаны тухай хуульд заагаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй" гэж заасан байдаг. Г.Б надад тус байгууллагад 1 жил гаруй хугацаанд ажилласан учраас хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм. Би нэгэнт төрийн жинхэнэ албан хаагч биш байсан тул миний хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ёстой байсан. Харин ажил олгогч маань надтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах үүрэгтэй байсан боловч гэрээ байгуулаагүй юм.

      Нэгэнт хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс болж миний хуульд заасан эрх ашиг сонирхол зөрчигдөх учиргүй тул хөдөлмөрийн гэрээтэй ажилтны адил намайг үзэх ёстой. Харин хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж өгсөн. Хэрэв хөдөлмөрийн гэрээг цуцлахаар байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан цуцлах ёстой юм. Намайг тухайн хийж байсан албан тушаалыг эрхлэх хуульд заасан болзол журмыг хангаагүй гэж үзвэл ажил олгогч нь 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй, хэрэв 1 сарын өмнө мэдэгдээгүй бол ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болдог. Иймээс намайг чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн талаарх  тайлбарт:

Тус аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны захиалга ирүүлснийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тухайн үедээ Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасны дагуу сул орон тоог нөөцөөс нөхөх тухай зарыг хуулийн хугацаанд Төрийн албаны зөвлөл болон аймгийн холбогдох хэвлэл мэдээллээр дамжуулан сурталчилж, бүртгүүлэх өдрийг зарласан боловч тухайн үед нөөцөөс бүртгүүлэх иргэн гараагүй. Ингээд уг орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлд албан тоот хүргүүлж, цахим сайтад байршуулж 21 хоног тавигдсан. Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулсан.

Нэхэмжлэгчийн маргаж буй Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд 56 хүн бүртгүүлж өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр 12 иргэн 60 буюу түүнээс дээш оноо авч, төрийн албаны шалгалтад тэнцсэн байсан. Нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажиллахаар мэргэшлийн шалгалтаас хамгийн өндөр оноо авч тэнцсэн Манарбекийн Арманбекийг тус орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг шалгалт өгсөн материалын хамт тус салбар зөвлөлийн 86 тоот албан бичгээр томилох эрх бүхий этгээдэд хүргүүлсэн. Дараа нь иргэн М.Арманбек нь өөр ажилд орсон тул уг сул орон тоо нөхөгдөөгүй ба мэргэжилтний уг албан тушаалд шалгалт өгч, нөөцөд байгаа иргэдээс дараагийн хүнийг нэрийг дэвшүүлж өгөх тухай хүсэлтийг Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/191 тоот албан бичгээр манайд  захиалга ирүүлсэн.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэж заасны дагуу салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу тухайн албан тушаалд буюу Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтын онооны дарааллыг баримтлан эхний 2 иргэн өөр ажилд орсон тул 71.67 оноо авч онооны дарааллын дагуу 3 дугаар байранд байгаа тус сумын иргэн Х.Хн нэрийг нь дэвшүүлсэн юм. Нэхэмжлэгчийн маргаж буй нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд 12 иргэн тэнцсэн, тэдгээрийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 8 дугаар зүйлд заасны дагуу өрсөлдсөн албан тушаалд онооны дарааллаар жагсааж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх, өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэхээр зохицуулсныг тус тус баримталсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын  6.2.1-д “Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлнэ... Хэрэв нэр дэвшсэн иргэн “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй,  эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ” гэж заасны дагуу өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлсэн гэж үзэж байна. 

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг 2018 оны 12 дугаар сард тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Г.Давхарбаярын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтаар татаж авсан ба хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өөрчилсөн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Сагсай сумын иргэн Х.Х өргөдөл гаргасныг үгүйсгэж, намайг шүүхэд гомдол гаргасны дараа хуурамч материал бүрдүүлсэн гэх нэхэмжлэгчийн гүтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Сагсай сумын Засаг даргаас тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний талаар албан бичиг ирүүлсэн ба та томилох эрх бүхий этгээд биш, энэ асуудалд та оролцох боломжгүй гэдгийг утсаар тайлбарласан, мөн энэхүү албан тоотыг авч хэлэлцээгүй болно. Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд түр ажиллаж байсан Г.Б нь төрийн албаны шалгалтад ороогүй анх хууль бус томилогдсон байсан. Дараа нь дээрх албан тушаалд өрсөлдөж онооны дарааллын дагуу 7 дугаарт жагссан түүнийг томилох хууль зүйн үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье. Нэмж тайлбар хэлэхэд, нөөцөөс нөхөхөөр дахин зарлах хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлмээр байна гэв.

Хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарч уг  орон тоог Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-д заасан үндэслэлээр мэргэшлийн шалгалтаар нөхөх захиалгыг сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/306 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тoo гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон moo, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө’’ гэж заасан үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар “Ажилд түр томилох тухай” тушаалаар Г.Бг сумын нийгмийн бодлогын түшмэлээр түр томилон тухайн албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн. Тухайн үед Г.Бд чамайг түр авч ажиллуулж байгаа шүү, энэ сул орон тоо Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалтаар нөхөгдөх ёстой гэдгийг анхааруулж хэлсэн. Төрийн албаны зөвлөл болон тус аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу тус сумд гарсан дээрх сул орон тоог нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгээр Манарбекийн Арманбекийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг албар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар албан бичгээр ирүүлсэн. Нэр дэвшсэн иргэн Манарбекийн Арманбек нь нэг удаа бидэнд ирж мэдэгдсэн ба дараа  нь тус албан тушаалд ажиллахгүй болсныг мэдэгдэж сул орон тоо нөхөгдөөгүй тул салбар зөвлөлд тус сул орон тоог Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тус сул орон тоог нөхөх тухай хүсэлтийг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03/191 дүгээр албан бичгээр хүргүүлсэн. Салбар зөвлөл нь Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Х.Хг томилуулахаар нэр дэвшүүлсэн талаарх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолыг  10 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1 дэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ гэж заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх Г.Бд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр явуулж, нэхэмжлэгчийг оролцуулаад эс зөвшөөрвөл холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж өгсөн. Г.Б нь эцэг болох Гагарины хамт мэдэгдэх хуудастай танилцсан боловч гарын үсэг зурж хүлээн авахаас татгалзсан. Нэг сар өнгөрсний дараа 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1 дэх хэсэгт заасныг  тус тус үндэслэн Б/04 дүгээр тушаалаар иргэн Г.Бг нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам"-ын 6.2 дахь хэсгийн 6.2.6-д заасныг тус тус үндэслэн Б/05 дугаар тушаалаар нэр дэвшсэн иргэн Х.Хг нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон шийдвэр гаргаж баталгаажуулан 2018 оны 03/304 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн.

Тухайн өдөр иргэн Г.Б нь нэгэнт нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөгдсөн тул хэвлэл мэдээллийн ажилтнаар авч ажиллуулах тухай гаргасан өргөдлийг хүлээн авч,  сумын Засаг даргын Тамгын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар хэвлэл мэдээллийн ажилтнаар авч ажиллуулж, хөдөлмөрлөх эрхийг нь хангасан. Иймд тус сумд гарсан нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоонд иргэн Г.Бг түр авч ажиллуулан, тус сул орон тоог  нөхөх, иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаа Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-д заасны дагуу зохицуулан зохион байгуулагдаж, мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэн Х.Хг тус албан тушаалд томилсон шийдвэр хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээж авах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

            Гуравдагч этгээдээс гаргасан тайлбартаа:

Засаг даргын Тамгын газрын дарга 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь сумд гарсан дээрх сул орон тоог нөхөх үйл ажиллагааг зохицуулан шалгалт зохион байгуулсан болно. Тухайн үед төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгээр Манарбекийн Арманбекийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай Төрийн албаны  зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг ирүүлсэн. Нэр дэвшсэн иргэн Манарбекийн Арманбек тус албан тушаалд ажиллахгүй болохыг мэдэгдэж сул орон тоо нөхөгдөөгүй тул Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тус орон тоог нөхөх тухай Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 03\191 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна.

Иймд салбар зөвлөл нь сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд намайг томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар албан бичгээр ирүүлсэн байсан.

Сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Ш нь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаар "Нэр дэвшүүлэх .тухай” тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2 дахь хэсгийн 6.2.6-д “ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан ёсоор тухайн иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай томилох эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг албан бичгийн хамт авах” гэж заасныг үндэслэн намайг Б\05 дугаар тушаалаар нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон шийдвэр гаргаж баталгаажуулан 2018 оны 03\304 дүгээр албан бичгээр Төрийн албаны Баян- Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Тухайн үед салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаан нь салбар зөвлөлийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар оролцсон 81.8%-ийн ирцтэй хуралджээ. Мөн энэхүү хуралдаанаар нийтдээ 14 асуудлыг авч хэлэлцэж, тодорхой үр дүнтэйгээр шийдвэрлэж байсныг хуралдаан хууль бус явагдсан гэж үзэх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.  Нэмж хэлэхэд, Г.Б нь тухайн маргаан бүхий орон тоонд ажиллах, түүний нэрийг салбар зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшүүлэх боломжгүй, учир нь нэхэмжлэгч хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа ба энэ нь сонгон шалгаруулалтад 7 дугаар байранд орсон, 71 болон 63 гэх онооны асар их зөрүү байгаа.  Маргаан бүхий актыг хүчингүй болгосон гэж үзсэн тохиолдол Г.Бн эрх сэргээгдэхгүй тул эрх нь зөрчигдөөгүй этгээдийн нэхэмжлэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайыпаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хуанайн Хуралайг нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байгаа.  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”-ийг хориглоно гэж заасан байх бөгөөд Сагсай сумын Засаг дарга С.Х нь нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.Хг томилох талаар албан тоот явуулж, нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллага болох Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд нөлөөлсөн, улмаар түүнд давуу байдал олгох, бусдын эрхийг хязгаарлах зэрэг асуудал гаргасан байдаг. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “энэ хуулийн 7.1-д заасныг удаа дараа зөрчсөн этгээдийг төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох” гэж заасан. Тийм учраас Х.Хг нэр дэвшүүлсэн, түүнийг томилсон шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй гарсан шийдвэр гэж үзэх, уг шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулж хэлэхэд, Сагсай сумын Засаг дарга нь сонгон шалгаруулалтад өрсөлдөж 1 дүгээр байр эзэлсэн хүний нэрийг Төрийн албаны салбар зөвлөлөөс зохих журмын дагуу дэвшүүлсэн боловч түүнийг томилохоос татгалзаж, Х.Хг томилохоор шийдвэрлэсэн гэж албан бичиг явуулж нөлөөлсөн байх ба уг албан бичиг хэрэгт авагдсан. Дээрээс нь Сагсай сумын Засаг дарга С.Х нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг мөн зөрчиж Х.Хг томилох шийдвэр гаргуулсан гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 67 тоот тогтоол мөн адил хуульд нийцээгүй байна. Учир нь, төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо нэр дэвшүүлэх журмыг зөрчиж тогтоол гаргасан гэж үзэж байна. Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөөцөөс нөхөх асуудлыг тусгайлан журамласан бөгөөд уг журмаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж,  тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлнэ. Тухайн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал энэ тухай бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал, тухайн сул орон тоо нөхөгдөөгүй гэж үзээд энэ талаар нийтэд мэдээлж, 1 дүгээр байр эзэлсэн хүн  манайд ажиллаагүй гэсэн учраас энэ орон тоог нөөцөөс нөхнө гэх зарыг дээрх хуулийн зохицуулалтын дагуу олон нийтийн сүлжээгээр тараах ёстой байсан. Гэтэл тийм ажиллагаа хийгээгүй, хуулийн хэрэгжилтийг хангахгүйгээр Төрийн албаны салбар зөвлөлд шууд хуралдаад Х.Хн нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль зөрчсөн хэрэг гэж үзнэ.  Нөөцөөс нэр дэвшүүлэхэд яагаад ганцхан Х.Х гэдэг хүн өргөдөл өгдөг юм бэ, нөөцөөс нэр дэвшүүлэх асуудлыг зөвхөн тэр хүн мэдэж байдаг нь ямар учиртай вэ гэдэг асуудал байгаа. Нөөцөөс нэр дэвшүүлэх ажиллагаанд нөөцөд байгаа эхний хүмүүс татгалзсан тохиолдолд дараагийн хүний нэрийг дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу тавих ёстой байсан. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99  тоот тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.4-т “энэхүү журмын 6.2.2 болон 6.2.3-т заасны дагуу иргэнийг нэр дэвшүүлэхдээ мөн журмын 2.1, 2.2-т заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн нөөцийг авч үзэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ  мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал зэргийг харгалзана” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Г.Бн хувьд маргаан бүхий орон тоо болох нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байгаа. Харин түүний энэ байдлыг нөөцөөс нэр дэвшүүлэхдээ анхаарч үзэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч Г.Бн өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлагыг харгалзан үзээгүй, зөвхөн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дарааллыг харгалзан Х.Хн нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргасан нь хууль бус байна гэж үзэж байгаа. Үүнээс гадна Сагсай сумын Засаг дарга нь  нөөцөөс нэр дэвшүүлэх, томилох ажиллагаанд нөлөөлсөн асуудал салбар зөвлөлөөс хууль бус тогтоол гаргахад нөлөөлсөн байна гэж үзэхээр байна. Энэ утгаараа Х.Хг маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэрийг дэвшүүлсэн тогтоол, үүнийг үндэслэн томилгоо хийсэн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, мөн Г.Бг ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг эрхийн актууд хууль бус гэж үзээд, эдгээр эрхийн актуудыг хүчингүй болгож, Г.Бг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Хэрэв хуулийн дагуу томилгоо хийгдсэн байвал ямар нэгэн маргаан гарахааргүй байсан. Тэгээд ч Г.Б нь тухайн маргаан бүхий ажлын байранд ажиллаад хөдөлмөрийн харилцаа үүссэн. Нэгэнт Г.Бд хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас хууль бус томилгоо, тушаал, шийдвэр түүний эрх ашгийг зөрчсөн гэсэн байр суурьтай байгаа. Төрийн албаны зөвлөлийн тогтоол хуульд нийцээгүй гэж үзээд маргаан бүхий сул орон тоонд Х.Хн нэрийг дэвшүүлсэн, улмаар түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох бол Г.Бг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтантай байгуулах үүрэгтэй байхаар Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зааж өгсөн байх бөгөөд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад заасан үндэслэлүүдийн аль нэгийг хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэртээ баримтлах ба 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байхыг хуулиар шаардаж байгаа. Харин хавтаст хэрэгт мэдэгдэх хуудас авагдсан боловч уг мэдэгдэх хуудсыг ажилтанд гардуулсан, танилцуулсан эсэх нь тодорхойгүй, мэдэгдэх хуудаст ажилтан гарын үсэг зураагүй байгаа. Хариуцагчийн зүгээс мэдэгдсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох хуулийн үндэслэл бий болж байна.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулиар чөлөөлөөгүй гэх асуудлын талаар Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгчийг томилж, чөлөөлсөн гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Засгийн газрын 62 тоот тогтоолоор төрийн албан хаагчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмыг зохицуулсан болохоос төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх асуудлыг заагаагүй. Засгийн газрын 62 дугаар тогтоолын 3.1-д заасныг үндэслэсэн гэх боловч 3.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй байгаа.  Нэхэмжлэгчээс мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоог холбогдох хууль журмын дагуу нөхөхийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд даалгах гэсэн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Г.Бн хувьд төрийн захиргааны албан тушаалд жил гаруй хугацаанд ажилласан ажлын туршлага  байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчийн нэг жил хүртэл хугацаагаар туршилтын хугацаагаар ажиллуулдаг. Нэхэмжлэгч төрийн албаны шалгалт өгч тэнцээд онооны дарааллаар нөөцөд 7 дугаар байранд бүртгэгдсэн.

Төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан учраас хууль журмын дагуу сул орон тоог нөхөх шаардлага гаргах эрхтэй байна. Сул орон тоог хууль журмын дагуу нөхөөгүйгээс болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 99  тоот тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.4-т заасныг баримтлахыг бид нар салбар зөвлөлөөс шаардаж байгаа. Иймд нэхэмжлэлийн эдгээр шаардлагууд үндэслэлтэй байх тул бүхэлдээ хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжанаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын маргаан бүхий орон тоонд 2018 оны 11 дүгээр сард сул орон тоо болсон байдаг. Уг сул орон тоог нөхөх үүднээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалга өгсөн байх ба тус салбар зөвлөл нь зохих журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолын эхний байранд М.Арманбек, хоёрдугаарт Ц.Дүүриймаа, гуравдугаарт Х.Х, долоод нь нэхэмжлэгч Г.Б нар бүртгэгдсэн байна. Тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 17 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн  төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж зохицуулсан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтад “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж зохицуулсан байна. Тэгэхээр  Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 тогтоолоор баталсан журмын дагуу эхний ээлжид М.Арманбекийн нэрийг дэвшүүлсэн  үйл баримт тогтоогдсон ба томилох эрх бүхий этгээдийг томилохоос татгалзсан шийдвэр байхгүй байлаа ч Сагсай сумын Засаг дарга нь М.Арманбекийг авч ажиллуулах боломжгүй гэж мэдэгдэж байсан байна. М.Арманбекийг тухайн албан тушаалд  томилохоос татгалзах эсхүл М.Арманбек өөрөө ажиллахаас татгалзсан тохиолдолд уг хүнийг нөөцөөс хасаж, дараагийн ээлжийн хүн болох Ц.Дүүриймааг санал болгох ёстой байсан. Гэхдээ Ц.Дүүриймааг санал болгосон тухай ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй байгаа. Ц.Дүүриймаагийн мэдүүлэг болон хурлын тэмдэглэлийг судалж үзэхэд, Ц.Дүүриймаа нь тухайн маргаан бүхий орон тоонд ажиллах туйлын сонирхолтой байсан боловч харамсалтай нь Төрийн албаны салбар зөвлөлөөс М.Арманбекийн дараа та энэ орон тоонд орох ёстой, энэ орон тоонд ажиллаарай гэсэн санал тавиагүй, мөн миний бие энэ талаар сумын Засаг даргын Тамгын газарт санал тавьж байгаагүй гэж  мэдүүлсэн байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс сумын Засаг даргын албан бичгийг үндэслэн Х.Хг томилсон юм шиг харагдаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх заалтад “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх” ёстой. Тэгэхээр 1, 2 дугаар хүн татгалзсан тохиолдолд 3 дахь хүнийг шууд томилох ёстой юу гэх асуудал гарч ирж байна. Энэ талаар С.Нургайып өмгөөлөгч заавал онооны дэс дарааллыг баримтлах ёсгүй, бусад мэдлэг туршлага, ур чадвар гэдгийг цогцоор нь харж, тухайн маргаан бүхий сул орон тоог нөхөх ёстой гэж үзэж байна. Энэ тохиолдолд нөөцөд байгаа дараагийн хүмүүсээс дахин нөөцөөс сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан. Улсын Дээд шүүхийн 2008 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 8 дугаар тогтоолын 4 дэх заалтад заасан “Мөн хэсэгт заасан “...сонгон шалгаруулах...” гэж төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшиний үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно” гэсний дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах ёстой байсан харж байгаа. Ингэхдээ нийтэд мэдээлэх ёстой гэсэн С.Нургайып өмгөөлөгчийн саналтай санал нэг байгаа. Тэгэхээр дүгнэж хэлэхэд, энэ журам зөрчигдөөд Сагсай сумын Засаг даргын албан бичгээр санал болгосны дагуу сонгон шалгаруулалтаар 3 дугаар байранд орсон Х.Хн нэрийг дэвшүүлсэн тогтоол явуулаад өгөөрэй гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл ажилласан гэж харж байна. Төрийн албаны зөвлөл хараат бусаар ажиллах ёстой, гэвч Засаг даргын нөлөө, хууль бус үйлдэлтэй эвлэрч Х.Хн нэрийг шууд дэвшүүлсэн нь өөрөө хууль бус гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд 2017 оны 11 дүгээр сараас хойш маргаан бүхий орон тоонд ажиллаж байсан бөгөөд үүнийг хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөгчөөс хууль бусаар ажиллаж байсан гэж тайлбарласан. Гэхдээ түүнийг хууль бусаар ажилласан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолыг баримталсан тушаал байгаа учраас Г.Бг хууль бусаар ажиллаж байсан гэж үзэхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Тасхынаас шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гуравдагч этгээд Х.Х нь 2018 оны 04 сард зохион байгуулагдсан Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний сонгон шалгаруулалтад бүртгэгдэж, улмаар уг сонгон шалгаруулалтад орж тэнцээд онооны дэс дарааллаар нөөцөд бүртгэгдсэн байна. Х.Х нь тухайн ажлын байранд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Сонгон  шалгаруулалтад 1, 2 байранд орсон иргэдийг хууль бусаар татгалзаж томилохгүйгээр бусад этгээдийн нөлөөллийн үндсэн дээр шууд Х.Хн нэрийг дэвшүүлсэн хуралдаан хууль бус байсан, мөн олон нийтэд зарлаагүй, нөөцөөс дахин зар явуулах ёстой байсан гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй юм. Сонгон шалгаруулалтын дүнгээр 1, 2 дугаар байранд орсон М.Арманбек, Ц.Дүүриймаа нар өөр албан тушаалд ажиллаж байгаа болохыг нотлох тушаал хэрэгт авагдсан байна. Эдгээр тушаалуудын огноог харгалзан үзэх хэрэгтэй байна. Түүнээс үзэхэд гуравдагч этгээдийг нэр дэвшүүлэхээс өмнө 1, 2 дугаар байранд орсон хүмүүс өөр албан тушаалд томилогдсон гэдгийг дурдах ёстой байна. Хэрэв нэр дэвшүүлсний дараа томилсон явдал гарах юм бол нэхэмжлэгч талын маргааны нэг нь үндэслэл болох байсан. Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор баталсан журмын  6.2.1-д “Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж,  тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад   захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар  нэр дэвшүүлнэ” гэж заасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд энэ журмын дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэж дүгнэж байгаа. Нэхэмжлэгч талын Сагсай сумын Засаг дарга С.Хын Х.Хн нэрийг дэвшүүлэхээр ирүүлсэн албан бичгийг үндэслэн Төрийн албаны салбар зөвлөл тогтоол гаргасан гэх тайлбарыг няцаах тайлбарыг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл болон хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар хангалттай хэлсэн. Өөрөөр хэлбэл, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь “би албан ажлаар Ховд аймагт явж байх үеэр сумын Засаг даргын албан тоотод  нь Төрийн албаны  салбар зөвлөлд хүргэгдсэн байна, хүргэгдсэн асуудлын хувьд салбар зөвлөлөөс та томилох эрх бүхий этгээд биш учраас таны энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн тайлбар хэлсэн гэдгээ Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн. Хэрэв Төрийн албаны салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэх хуралдаанаар Сагсай сумын Засаг даргын албан бичгийг хэлэлцээд тухайн албан бичгийг үндэслэн томилгоо хийсэн байвал салбар зөвлөлийн тогтоол хууль бус байх байсан. Нотлох баримт шинжлэн судлуулах шатанд хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулахад С.Х Засаг даргын албан бичгийг танилцуулсан асуудал байхгүй болох нь нотлогдсон гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүн гэж заасан байх ба өөр албан тушаалд томилогдсон М.Арманбек, Ц.Дүүриймаа нар маргаагүй учраас шууд гуравдагч этгээдийн талаар тайлбар хэлэх нь зүйтэй байна. Тухайн маргаан бүхий ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа хүн хэн бэ гэдэг асуудал байгаа.

Ерөнхий болон тусгай шаардлага нь хуульд тусагдсанаар дээд боловсролтой байх, мэргэжилтэй байх, туршлагатай, ур чадвартай байх гэсэн шаардлагууд тавигддаг. Тухайн ажлын байранд эрх зүйч мэргэжилтэй хүн ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдсан байх бөгөөд гуравдагч этгээд Х.Х нь эрх зүйч мэргэжилтэй байгаа учраас эдгээр шаардлагуудыг бүрэн хангаж байгаа юм. Мэргэжил дээшлүүлсэн байдлыг авч үзвэл гуравдагч этгээд удирдлагын академийг төгссөн байдлаар нэхэмжлэгчээс давуу байна. Төрийн жинхэнэ албанд ажилласан туршлагын хувьд ярих юм бол нэхэмжлэгч Г.Б нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан ч гэсэн тухайн үед төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй гэдийг анхаарах ёстой. Төрийн албанд ажилласан туршлагыг авч үзвэл 2012 оноос өнөөдөр хүртэл төрийн албанд 7 ажил ажилласан байдлаар гуравдагч этгээд нэхэмжлэгчээс давуу байдалтай байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан журмын 6.2.4-т заасныг гол үндэслэл болгож нэхэмжлэгч талаас маргаж байгаа бөгөөд ингэж маргасан асуудал нь заавал онооны дэс дарааллыг харгалзахгүй, онооны дэс дараалал нь хамгийн сүүлд бичигдсэн байна гэжээ. Мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал гэж онооны дэс дарааллаас өмнө журамлагдсан байдаг. Үүнээс өмнө “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ” гэж заажээ. Онооны дэс дараалал төрийн албанд ажилласан байдлыг харгалзахаас илүүтэйгээр хамгийн гол нь  өөрийн шаардлага нь ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзана гэж заасан. Ур чадварын хувьд гуравдагч этгээд 73 оноо авч нэхэмжлэгчээс 10 оноогоор илүү байсан нь харагдаж байгаа. Тийм учраас гуравдагч этгээдийн нэрийг дэвшүүлэх бүрэн үндэслэлтэй байсан юм. “Хэрэв нэр дэвшсэн иргэн “Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно гэсэн журмын зохицуулалт энэ үйл баримтаас арай өөр байгаа. Төрийн албаны сонгон шалгаруулалтаар 1, 2 дугаар байр эзэлсэн этгээдүүд өнөөдөр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул энэ үйл баримт шууд хасагддаг. Гэхдээ энэ үйл баримтын оронд юу ярих ёстой вэ гэвэл энэ тохиолдолд онооны дарааллыг баримтлан дараагийн хүнийг томилно гэж тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр Төрийн албаны салбар зөвлөлөөс нөөцөөс дахин зар явуулах шаардлага байхгүй, эхний хүмүүс татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг томилохыг хуулиар зохицуулсан байгаа гэдгийг хэлмээр байна. Ер нь нөөцөөс нөхөх ажиллагаа явуулсан болж, мөн нийтэд зар өгөөгүйгээс болж Г.Бн эрх ашиг зөрчигдөхгүй.  Хэрэв ямар нэгэн байдлаар нэр дэвшүүлэх ажиллагаа дахин явуулсан ч гэсэн нэхэмжлэгч Г.Бн нэрийг дэвшүүлэхгүй нь тодорхой байгаа. Яагаад гэвэл ерөнхий болон тусгай шаардлагын хувьд Г.Б нь гуравдагч этгээд Х.Хгаас илүү байж чадахгүй. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч түр томилогдон ажиллаж байсан учраас эрх ашиг зөрчигдөөгүй байна. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд бүгд 1, 2 дугаар байр эзэлсэн хүмүүс яасан бэ гэдэг саналыг гаргасан байна. Тухайн үед 1, 2 дугаар байр эзэлсэн М.Арманбек, Ц.Дүүриймаа нар өөр ажилд томилогдсон гэх саналаа хэлсэн байдаг. Энэ хоёр хүн өөр албан тушаалд томилогдсон тохиолдолд нөөцөөс дахин зар явуулах уу, үгүй үү гэдэг асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан,

салбар зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж байсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед нь онооны дэс дарааллаар томилогдох эрх нь хуулиар зохицуулагдсан учраас дахин зар тавих ямар нэгэн шаардлага байхгүй гэсэн байна. Иймд гуравдагч этгээд Х.Хн нэрийг дэвшүүлсэн тогтоол хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо анх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарснаар мөн өдөр томилох эрх бүхий этгээдээс Б/12 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг уг албан тушаалд түр томилж[1], сумын Засаг даргын  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02/306 дугаартай албан бичгээр[2] сул орон тоог мэргэшлийн шалгалт явуулах замаар нөхөх захиалгыг анх Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд[3] хүргүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/  17 дугаар зүйлийн 17.15-д Төрийн албаны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагын захиалгын үндсэн дээр төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна гэж заасан ба  салбар зөвлөлөөс эхний ээлжид  хуулийн 17.4-т заасан журмаар маргаан бүхий сул орон тоог төрийн жинхэнэ албан  тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх үйл ажиллагааг зохион байгуулсан байх боловч, нөөцөд бүртгэлтэй[4] иргэдээс уг орон тоонд ажиллах хүсэлтээ тухайн үедээ салбар зөвлөлд гаргаагүй байжээ.

Ингэснээр салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай албан бичгээр[5] Төрийн албаны зөвлөлд хандах замаар сул орон тоог нийтэд дахин мэдээлж, хуулийн 17.3-т заасан журмаар иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах мэргэшлийн шалгалтыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулахаар болсон байх ба  салбар зөвлөлөөс зарласан хугацаанд сул орон тоонд ажиллах хүсэлтэй нийт  56 иргэн бүртгүүлж мэргэшлийн шалгалтад оролцсоноос  тэнцсэн 12 иргэний 2 нь нэхэмжлэгч Г.Б, гуравдагч этгээд Х.Х нар байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т  төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох  иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаартай “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар  онооны  дэс дарааллын дагуу  мэргэшлийн шалгалтаас 85.33 оноо авсан М.Арманбекийг 1 дүгээр байранд, 78.67 оноо авсан Ц.Дүүриймааг 2 дугаар байранд, 71.67 оноо авсан гуравдагч этгээд Х.Хг 3 дугаар байранд, ....63.67 оноотой нэхэмжлэгч Г.Бг  7 дугаар байранд тус тус жагсааж туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна.

Хуулийн 17.3-т ...төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд  тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж зааснаар маргаан бүхий орон тооны мэргэшлийн шалгалтад тэнцэж, 85.33 оноо буюу  хамгийн өндөр оноо авсан иргэн М.Арманбекийг Төрийн албаны зөвлөлийн дээрх 44 дүгээр тогтоолын холбогдох хэсгээр уг албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Ингэснээр салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаар албан бичгээр томилох эрх бүхий этгээдэд Төрийн албаны зөвлөлийн уг 44 дугаартай тогтоолыг хүргүүлж, Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэнийг томилж, энэ талаарх шийдвэрийн хувийг ирүүлэхийг мэдэгдсэн байх боловч томилох эрх бүхий этгээдээс тус орон тоонд иргэн М.Арманбекийг томилоогүй байх ба  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03/191 дугаартай албан бичгээр салбар зөвлөлд дахин хандаж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэн М.Арманбек нь өөр ажилд орсон гэх үндэслэл зааж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг хүсжээ.

Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас салбар зөвлөлд ийнхүү хандсан тухайн үед  Төрийн албаны зөвлөлийн 44 дугаар тогтоолоор маргаан бүхий орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэн М.Арманбек нь өөр ажилд томилогдоогүй байх ба харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргын Б/142 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын программистын албан тушаалд томилогдсон байжээ.

М.Арманбекийг ийнхүү өөр албан тушаалд томилогдсоны  дараагаар Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга түүнд хандаж, маргаан бүхий орон тоонд ажиллах эсэхийг тодруулсан байх ба энэ үед М.Арманбек нь өөр байгууллагад ажилд орсноо, тус сумын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн нь, мөн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл уг орон тоонд өөрийг нь томилоогүй асуудлаар маргаагүй нь  түүний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас дээрх 03/191 дугаартай албан бичгээр хандсан хүсэлтийг салбар зөвлөлөөс  2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 67 дугаартай “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Зургаагийн 6.2.1, 6.2.4-т заасан үндэслэлүүдээр  гуравдагч этгээд Х.Хг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэснээр, томилох эрх бүхий этгээдээс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр уг албан тушаалд түр ажиллаж байсан нэхэмжлэгчийг Б/04 дугаартай тушаалаар чөлөөлж, оронд нь Б/05 дугаартай тушаалаар гуравдагч этгээдийг томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д зааснаар нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг  харгалзан шалгаруулж  авах тухай хүсэлтээ  төрийн албаны  төв байгууллагад тавина гэж тус тус заасан. Харин Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын[6] Зургаагийн  6.2.1-д  “Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17.3-т заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг хуралдаанаараа хэлэлцэн сонгож, холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлнэ. Тухайн иргэн өрсөлдсөн ажлын байранд томилогдон ажиллахаас татгалзвал энэ тухай бичгээр мэдэгдэнэ.  ....Хэрэв нэр дэвшсэн иргэн “Мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсалтад бүртгэх тухай” Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй, эсхүл өрсөлдсөн ажлын байранд томилогдохоос татгалзсан тухай бичгээр мэдэгдээгүй бол уг иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцно. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлнэ” гэж,  6.2.4-т “энэхүү журмын 6.2.2 болон 6.2.3-т заасны дагуу иргэнийг нэр дэвшүүлэхдээ мөн журмын 2.1, 2.2-т заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн нөөцийг авч үзэх бөгөөд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар  мэргэжил эзэмшсэн байдал, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дараалал зэргийг харгалзана” гэж тус тус  заасан байна.

Хариуцагч салбар зөвлөлөөс маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээдийг томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн үндэслэлээ ...Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шалгалт өгч, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтын онооны дарааллыг баримтлан эхний 2 иргэн өөр ажилд орсон тул 71.67 оноо авч 3 дугаар байранд байгаа Х.Хн нэрийг дэвшүүлсэн гэж тайлбарласан байна.

Салбар зөвлөлөөс дээрх байдлаар 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар томилох эрх бүхий этгээдийн гаргасан маргаан бүхий орон тоонд томилуулахаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцөөс дахин нэр дэвшүүлэх талаарх хүсэлтийг хэлэлцсэн тухайн үед  анх Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар онооны дарааллаар туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтын эхний 1-д бүртгэгдсэн иргэн М.Арманбек нь  дээрх байдлаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын программистын албан тушаалд, 2-т бүртгэгдсэн иргэн Ц.Дүүриймаа нь Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/224 дугаартай “Ц.Дүүриймааг мэргэжилтнээр томилох тухай” тушаалаар  Баруун бүс дэх газрын  Баян-Өлгий аймаг дахь хэлтэст мэргэжилтнээр тус тус томилогдсон байжээ.

Энэ тохиолдолд салбар зөвлөлөөс журмын Зургаагийн 6.2.1-д заасны дагуу онооны дарааллыг баримтлан маргаан бүхий орон тоонд ажиллахаар өрсөлдөж мэргэшлийн шалгалтад тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтын 3-т бүртгэгдсэн дараагийн иргэн Х.Хн нэрийг уг албан тушаалд томилуулахаар дэвшүүлсэн нь буруу биш бөгөөд  журмын 6.2.1-т заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байх тул энэ нь нөөцийн жагсаалтын 7-д бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй,  салбар зөвлөлийн  тухайн хуралдааныг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

            Нэхэмжлэгч Г.Б нь маргаан бүхий орон тоонд түр хугацаагаар томилогдон ажилласан байх бөгөөд анх уг сул орон тоонд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмаар томилогдоогүй тул түүнийг хууль ёсоор томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй юм. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий орон тоонд ажиллаж байсан туршлагатай гэж маргасан боловч Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т төрийн жинхэнэ албан хаагч эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс мэргэшлийн шалгалт авахаар заасан. Иймд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алийг маргаан бүхий ажлын байранд тавигдах хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэж салбар зөвлөлөөс мэргэшлийн шалгалтад оруулахаар тухайн үед бүртгэснээр сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, гуравдагч этгээд Х.Х нь нэхэмжлэгчээс илүү оноо авснаар нөөцийн жагсаалтын 3-т, харин нэхэмжлэгч 7-д бүртгэгдсэн тохиолдлыг гуравдагч этгээд нэхэмжлэгчээс илүүтэйгээр тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.

Журмын Зургаагийн 6.2.4-т дэх хэсэгт заасан ...нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн онооны дарааллаас гадна тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шалгуурыг гол шалгуур болгохын зэрэгцээ мэргэшлээ дээшлүүлсэн байдал, өмнө нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байсан туршлага, тухайн төрийн байгууллагын захиалгаар мэргэжил эзэмшсэн байдал... зэргийг харгалзах үндэслэл нь журмын 6.2.2 болон 6.2.3-т заасны дагуу иргэнийг нэр дэвшүүлэх, мөн журмын 2.1, 2.2-т заасан нөөцийн бүрэлдэхүүн хэсэг бүрийн нөөцийг авч үзэх тохиолдолд хамааралтай бөгөөд эдгээр нь  журмын 6.2.1-д заасан үндэслэлээр иргэний нэрийг дэвшүүлэх тохиолдолд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар маргаан бүхий албан тушаалын мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авч нөөцийн жагсаалтын 1-д бүртгэгдсэн иргэн М.Арманбекийг томилох эрх бүхий этгээдээс томилоогүй, энэ талаар нэр дэвшигч маргаагүй, гуравдагч этгээдийг салбар зөвлөлөөс уг орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэхээс өмнө М.Арманбек нь өөр ажилд томилогдсон, үүнтэй холбоотойгоор энэхүү ажлын байранд ажиллахгүй гэх саналаа томилох эрх бүхий этгээдэд болон салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад мэдэгдсэн, 2-т орсон иргэн Ц.Дүүриймаа мөн өөр газарт ажилд орсон үндэслэл нь журмын 6.2.1-д зааснаар онооны дарааллыг баримтлан дараагийн иргэний нэрийг дэвшүүлэх үндэслэл болох бөгөөд онооны дарааллаар нэхэмжлэгч гуравдагч этгээдээс  дараах байранд байгаа нь журмын 6.2.1-д заасан онооны дарааллын дагуу нөөцийн жагсаалтын 1,2-т бүртгэгдсэн нэр бүхий иргэдээс дараах хүн байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж үзнэ.

Нөөцийн жагсаалтын 1,2-т бүртгэгдсэн М.Арманбек, Ц.Дүүриймаа нар нь одоогоор өөр ажилд томилогдсоноор маргаан бүхий ажлын байртай холбоотой маргаан байхгүй тухайгаа гэрчийн мэдүүлэг өгөх замаар шүүхэд мэдэгдсэн ба Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 44 дүгээр тогтоолын дагуу хариуцагч Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь иргэн М.Арманбекийг анх уг албан тушаалд томилоогүй нь, өөр ажилд орсон Ц.Дүүриймаагаас  салбар зөвлөл энэхүү ажлын байранд ажиллах эсэх асуудлаар түүнд тухайн үед хандаагүй зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй юм.

Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдээс үзэхэд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны  өдрийн хуралдааныг  хууль бус хийгдсэн гэж үзэх, тухайн хуралдаанаар Х.Хг Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгох, уг сул орон тоог нөхөх үйл ажиллагааг дахин явуулахыг салбар зөвлөлд даалгах үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар салбар зөвлөлийн 67 дугаар тогтоол холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, гуравдагч этгээд Х.Х нь журмын 6.2.1-д заасан шаардлагыг хангаснаар  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй тул салбар зөвлөлийн 67 дугаар  тогтоолыг үндэслэн хуулийн 17.6-д заасан мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулах зохицуулалтын дагуу түр ажиллаж байсан  нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дугаар тушаал, уг албан тушаалд гуравдагч этгээд Х.Хг томилсон Б/05 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй  байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  Б/04 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/04, Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Г.Бг урьд эрхэлж байсан нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагууд мөн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/  17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.6, 17.8, 17.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бгаас тус шүүхэд гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны  өдөр хуралдаан хийгдсэн нь  хууль бус болохыг тогтоож, тухайн хуралдаанаар Х.Хг Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж шийдвэрлэсэн 67 дугаар тогтоолыг хүчингүй болгох, уг сул орон тоог холбогдох журмын дагуу нөхөхийг салбар зөвлөлд даалгах, Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  Б/04 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/04, Б/05 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, Г.Бг урьд эрхэлж байсан нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.РИЗА

 


[1] Хэргийн 5  дугаар хуудас

[2] Хэргийн 38 дугаар хуудас

[3] Цаашид “салбар зөвлөл” гэх

[4] Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэдийн нөөцийн жагсаалт

[5] Хэргийн 53 дугаар хуудас

[6] Цаашид “журам” гэх