Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2022/0849/З |
Дугаар | 221/МА2023/0009 |
Огноо | 2022-12-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2023/0009
“М а” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч С.Г
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 849 дүгээр шийдвэр
Гомдол гаргагч: “М а” ХХК
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Гг ,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С
Хариуцагч С.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0849/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “М а” ХХК нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-н 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 849 дүгээр шийдвэрээр “М а” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. “...Анхан шатны шүүх нь ... хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого, учруулсан хохирлыг хураан авах, хохирлыг арилгуулахаар нөхөн төлбөр авахаар хуульчилсан байхад эдгээр нөхцөл байдпуудыг тогтоогоогүй байхад гомдол гаргагчийг шууд зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна. ...132 тн цемент хүлээн авснаас хэдийг нь дээрх өдрүүдэд зарсан гэж тооцсон тооцоолол байхгүй, дээрх гүйлгээнүүдийн утгын зарим дээр нь “1tn” гэж бичсэнийг үндэслээд цементийн үнээ үндэслэлгүйгээр 450.000 төгрөгөөр нэмэгдүүлэн зарж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх зөрчлийг нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж дүгнэжээ.
3.2. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж заасан ба цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийн хувьд тус компанийн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж олсон орлогыг зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө гэж үзэхээс биш цемент худалдан борлуулсан үйлдлийг зөрчил гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр тус компанийн гүйцэтгэх захирал Ж.М-н Хаан банкны 5065034711 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд авагдсан цемент худалдан борлуулсан гүйлгээ бүрийн гүйлгээний утга хэсэгт цементийн тоо хэмжээ бичигдээгүйгээс шалтгаалан нийт хэдэн тонн цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан талаар тооцоолллыг хийх боломжгүй тул хууль бусаар олсон хөрөнгө орлогыг мөн тооцох боломжгүй юм.
3.3. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан боловч хууль бусаар олсон хөрөнгө орлого, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоогоогүй нь тухайн компанийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх шууд үндэслэл болохгүй юм.
3.4. Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах зөрчлийн шинж нь хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн эсэхээр тодорхойлогдох ба тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээгээр тодорхойлогдохгүй тул анхан шатны шүүхээс гүйлгээ бүрийг тогтоох шаардпагатай байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой болохоос биш хэдэн тонн цементийг тухайн үнээр худалдан борлуулсан болох нь зөрчлийн шинжийг тодорхойлоход ач холбогдолгүй юм.
3.5. Иймд анхан шатны шүүхээс “М а” ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 849 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тогтоох хэсэгт найруулгын алдаа гаргасан байх тул өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу “цементний үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд тус газрын улсын ахлах байцаагч С.Г хяналт шалгалт хийжээ.
2.1. Дээрх хяналт шалгалтыг хийгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсаар “М ” ХХК нь Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэсвгэрт байх барилгын материалын 44 захад цемент борлуулахдаа “цементнийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2. “М ” ХХК-иас энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар “зөрчлийг шалгахдаа хуульд заасан журмын дагуу нотлох баримт цуглуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулж, бодит нөхцөл байдлыг нотолж тогтоогоогүй” гэж нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
2.3. Хариуцагч тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүх ... хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого, учруулсан хохирлыг хураан авах, хохирлыг арилгуулахаар нөхөн төлбөр авахаар хуульчилсан байхад эдгээр нөхцөл байдлуудыг тогтоогоогүй. Гомдол гаргагчийг шууд зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна. ...132 тн цемент хүлээн авснаас хэдийг нь дээрх өдрүүдэд зарсан гэж тооцсон тооцоолол байхгүй, дээрх гүйлгээнүүдийн утгын зарим дээр нь “1тн” гэж бичсэнийг үндэслээд цементийн үнээ үндэслэлгүйгээр 450.000 төгрөгөөр нэмэгдүүлэн зарж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх зөрчлийг нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийн хувьд тус компанийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж олсон орлогыг зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө гэж үзэхээс биш цемент худалдан борлуулсан үйлдлийг зөрчил гэж үзэхгүй. ...Тухайн цаг үед цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулсан болох нь зөрчлийн шинжийг тодорхойлоход ач холбогдолгүй...” гэж гомдол гаргасан.
2.4. Өрсөлдөөний тухай хуулийн “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.10-т “...хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.
2.5. Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох арга хэрэгсэлийг хориглосон, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь Өрсөлдөөний тухай хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, зөрчсөн, иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг зохицуулжээ.
2.6. Гэтэл хариуцагчийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагч “М ” ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М-н дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, мөн зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 4.15 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2.7. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч уг хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоож шийдвэрлэлгүй дан ганц торгох шийтгэлийг оногдуулсан нь ойлгомжгүй байна.
2.8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч “М ” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.9. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “...М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002278 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай” гэж найруулгын алдаа гаргасан байх тул “хууль бус болохыг тогтоон” гэснийг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 849 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хууль бус болохыг тогтоон...” гэснийг хасч гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ