Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/00882

 

  2017 оны 03 сарын 30 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00882

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Хангал, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 7-177 тоотод оршин суух, Тайж овогт Шийвээгийн Жамсран /РД-ШЗ51110573/-гийн,

Хариуцагч: Төв аймгийн Зуун мод 01 дүгээр баг, Номт 10 дугаар байр, 19 тоотод оршин суугч Боржигони овогт Балдангийн Одончимэг /РД-НФ80062620/-т холбогдуулан гаргасан

Гэм хорын хохиролд нийт 16,44,649.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Жамсран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, иргэдийн төлөөлөгч Ч.Алтантоль, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Жамсран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Саппорогийн автозамын уулзварын хойд хэсэгт бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн түр саатсан үед Б.Оюунчимэг нь өөрийн жолоодож явсан Тоёото клугер 0539 ТӨВ улсын дугаартай автомашинаар миний жолоодож явсан 3180 УНЧ автомашины араас гэнэт хүчтэйгээр дахин давтан мөргөсний хүчинд манай автомашины тос масло, шингэнүүд асгаран, миний бие хүчтэй шидэгдэн зам тээврийн осол гаргасныг Баянгол дүүргийн Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн ирж тогтоосон.

Ингээд биднийг шууд тус дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр очихыг мэдэгдэхэд Б.Оюунчимэг нь цагдаа нараас зугтсаныг цагдаа нар эрэн сурвалжлан баривчлан авчирахад Б.Одончимэг нь хэд хэдэн эрчүүдийг дагуулан ирж намайг зүхэн заналхийлсэн бөгөөд зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.  

Баянгол дүүргийн Замын цагдаагийн тогтоолоор томилсон тусгай нарийн мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний дүгнэлтээр хохирогч Ш.Жамсран миний эрүүл мэнд гэмтсэнийг, мөн миний автомашин ноцтой эвдэрснийг тус тус тогтоосон.

Хариуцагч Б.Одончимэг нь хохирогч надаас 2 жил гаруй хугацаанд уучлал огт гуйгаагүй, тааралдах бүртээ намайг зүхэж занасаар, би эмнэлгийн ор дамжин өвчиндөө шаналсаар машинаа эвдэрхий хэвээр хадгалж байна.

Иймд Б.Одончимэгээс миний эрүүл мэндэд учирсан хохиролд 10,600,000 төгрөг, автомашины хохиролд 5,700,000 төгрөг, нийт 16,449,649.50 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Одончимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орой 19 цаг 20 минутын үед Саппорогийн уулзвар өнгөрөөгөөд замын хөдөлгөөнд оролцох үедээ Субару форестер маркийн 3180 УНЧ улсын дугаартай автомашиныг араас нь шүргэж зам тээврийн осол гаргасан.

Уг тээврийн хэрэгсэл нь тухайн үед Ш.Жамсрангийн нэр дээр биш гэр бүлийнхээ хүний автомашиныг жолоодож явсан байдаг. Би 10,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан бөгөөд “Соёмбо даатгал” ХХК-д даатгалтай байсан учраас тус компаниас ирж зураг авсан.

Ингээд 3 сарын дараа дүүргийн замын цагдаагийн газраас утсаар ярьж тодруулах зүйл байна гэж асууж байсан. Тэгэхэд энэ хүн ослын үед үзлэг шалгалт хийсэн байцаагч нарыг буруутган, сэтгэл санааны хохиролд 20 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. 2 жилийн дараа Төв аймгийн шүүхэд хандсан байсан.

Би энэ хүний эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй байхад байнга гүтгэн доромжилж байгаа учир 30 сая төгрөгийг нэхэмжилж байна. Төв аймгийн шүүхэд 2 удаагийн шүүх хуралд нэхэмжлэгч зөрүүтэй худлаа мэдүүлэг өгч байсан бөгөөд эдгээр мэдүүлгийг шалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Б.Одончимэг нь Ш.Жамсрангийн барьж явсан машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн ослыг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаад хариуцагчид Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 10,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан.

Тухайн үед Б.Одончимэгийн барьж явсан тээврийн хэрэгсэл нь Соёмбо даатгал” ХХК-д даатгуулсан байсан учир Ш.Жамсранд автомашинд учруулсан хохиролд 80,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 16 сая төгрөгийг  зөвшөөрөхгүй.

1.Автомашины хувьд нэхэмжлэгч Ш.Жамсрангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Бадамхандын нэр дээр байх бөгөөд хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэхэмжлэх ёстой. Мөн тухайн үед хариуцагчийн барьж явсан тээврийн хэрэгсэл ч Х.Азжаргал гэх хүний эзэмшилд байсан.

Түүнчлэн автомашины үнэлгээ хийсэн Буянт-Оюу ХХК-ийн албан бичигт өмнө гарсан дүгнэлтээ залруулж нэхэмжлэгчийн автомашинд үнэлгээ хийхдээ урьд нь бий болсон эвдрэлийг оношилсон байж болзошгүй гэжээ.

Даатгалын компани машиныг үнэлээд 80,000 төгрөгийг өгсөн байгаа.

2.Эрүүл мэндэд учруулсан хохирлын хувьд: Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ш.Жамсранд эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг. Өөрөөр хэлбэл тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт үүссэн байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний гэмтэл нь 4 долоо хоногийн дотор хэвийн байдалд орж байвал энэ нь хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн байгаа. Хэрвээ 4 долоо хоногоос дээш гэмтэл эдгээгүй бол дахин шинжээч томилуулах эрхтэй.

 Гэтэл нэхэмжлэгч Ш.Жамсран ямар нэгэн байдлаар дахин шинжээч томилуулаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байгаагаас гадна эргэлзээтэй байна.

Хэрэгт өгсөн баримтаас харахад хэрэг болсноос хойш 5 сарын дараа бугын бэлдмэл, тана авч уусан байдаг. Энэ нь тархины доргилт, шилбэний цус хуралтад ямар хамааралтай вэ. Мөн нүдний шил авсан нь энэ хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхойгүй, энэ ослоос болж ямар мэс засал хийлгэсэн нь ойлгомжгүй байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч нь зөвхөн тархины доргилт, шилбэний цус хуралттай холбоотой эмчүүлсэн хохирлыг хариуцан арилгах ёстой гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Жамсран нь Б.Одончимэгээс өөрийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 10,600,000 төгрөг, эд хөрөнгөд учруулсан хохиролд 5,700,000 төгрөг, нийт 16,449,649.50 төгрөг гаргуулахаар шаардсан хэдий ч нэхэмжлэлийн нийт үнийн дүн нь шаардаж буй хохирлоос зөрүүтэй байх ба нэхэмжлэгч нь уг зөрүүгээ тодорхойлж чадахгүй байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ “... нэхэмжлэгчийн жолоодож явсан автомашин Ж.Бадамхандын эзэмшилд байдаг шаардах эрхгүй, ... эрүүл мэндэд учирсан хохирлын хувьд хөнгөн гэмтлийг эмчилсэн зардлыг хариуцах ёстой ...” гэж тайлбарладаг.

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Саппорогийн уулзварын хойд замд хариуцагч Б.Одончимэг нь Тоёото Клугер маркийн 0539 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Ш.Жамсрангийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл, мөн түүний жолоодож явсан С.Простер маркийн 3180 УНЧ улсын дугаартай автомашинд хохирол учруулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6314 тоот дүгнэлт, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, захиргааны шийтгэл ногдуулах тухай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр, шийтгэврийн хуудас, Соёмбо даатгал ХХК-иас ирүүлсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ зэргээр нотлогдож байх бөгөөд уг осолтой холбогдуулан хариуцагч Б.Одончимэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Тээврийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 726 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-117-122, 139-145, 7 дугаар хуудас/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, .... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Хариуцагч тал зам тээврийн ослын улмаас Ш.Жамсрангийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй ба уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг төлнө, харин хамааралгүй зардлыг төлөхгүй гэж маргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь уг ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулснаас түүнд 10,600,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр үзүүлж, эмчээс зөвлөгөө авсан байх ба тухайн эмчийн зөвлөсөн эм, тариаг авсан баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж, цуглуулж өгсөн бичгийн баримтууд болох орлогын баримтад бичигдсэн бугын бэлдмэл, тана, цээж зураг, эхо, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Оюун онош ХХК-ийн орлогын ордерын тасалбар, П.Н.Шастины эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний төлбөрийн баримт, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтад бичигдсэн өндөр өртөгт тусламж үйлчилгээ авсан 268,000 төгрөг, мөн 1,057,500 төгрөгийн төлбөрийн баримтууд, тодосгогч бодисны 400,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн үений тариа, амбулаторийн үзлэгийн төлбөр 80,000 төгрөг, Монос-Улаанбаатарын Монос-Туул, Монос-Магда ФМ салбараас худалдаж авсан эм, тарианы төлбөрийн баримтууд, Хүмүүн-Мед ХХК-д хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийн болон шинжилгээний төлбөр, Найрамдал эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлууд, Маго эмийн сангаас худалдан авсан эм, тарианы зардал, 2016 оны 6, 11 дүгээр сарын нүдний шилний төлбөрийн баримтууд, Хангарьд болон Их төгөл эмийн сангуудаас авсан эм, тарианы тасалбар, Интернэйшнл медикал сентерийн эмийн төлбөрийн баримт, Амухүү зүрх судасны эмнэлгийн шинжилгээ, үзлэгийн төлбөрийн баримт, Өнөр үжин лаборторийн шинжилгээний төлбөрийн баримт, Чигатуссин эмийн сангаас авсан эмийн төлбөрийн баримт, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өнгөлгөөний 10,000 төгрөгийн баримт, улаан чавга, хар гүнжидийн үр, усан үзмийн үр, улаан үзэм, газрын самар, таримал мухар цагаан зэргийг худалдаж авсан 11,090 төгрөгийн үнийн дүн бүхий тасалбар, Төгс ялгуун эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боолт хийлгэж, оёдол авхуулсан төлбөрийн баримтуудыг хариуцагч Б.Одончимэгийн гэм буруутай үйлдэл буюу 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирсантай шууд шалтгаант холбоотой гарсан зардлууд гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-15, 18, 20-36 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл авч, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг гэмтлээс улбаалан нэхэмжлэгч дээрх эмчилгээг хийлгэсэн гэх шалтгаант холбоо баримтаар тогтоогдохгүй байна. /хх-141 дүгээр тал/

Мөн Түшиглэн ХХК-ийн эмчийн санч нарын гаргасан тодорхойлолтууд нь нэхэмжлэгчийг тус эмийн сангаас 466,000 төгрөгийн үнийн дүн бүхий эм, тариа боох материал худалдаж авсан гэдгийг нотлохгүй.

Учир нь хэн гэдэг эмчийн заавраар, ямар эм, тариаг ямар үнээр худалдаж авсныг нотолсон баримт байхгүй. /хх-17, 19 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ш.Жамсран нь компьютер томографийн шинжилгээгээр зүүн гайморын хөндийн суурь хэсэгт 2,5х 2,3 см хэмжээстэй, +19HU нягтрал бүхий бүтцийн өөрчлөлт тодорхойлогдсон гэж мэтгэлцэх боловч уг онош нь ослын улмаас бий болсон өөрчлөлтүүд гэдгийг нотлоогүйн зэрэгцээ уг шинжилгээний дүгнэлтэд гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн эмгэг өөрчлөлтгүй гэж тусгаад гэмтлийн болон чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авахыг санал болгожээ. Ш.Жамсран нь үүний дагуу эмчээс зөвлөгөө авч ослын улмаас тархиндаа гэмтэл авч, эмчилгээ хийлгэсэн гэх үйл баримтыг нотолсон бичгийн баримт шүүхэд гаргаж өгөөгүй.

Түүнчлэн хэргийн 61-64 дүгээр хуудсанд авагдсан Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын тийзний болон хот хоорондын зорчих тасалбарууд, шатахуун худалдаж авсан тасалбар зэрэг бичгийн баримтуудыг нэхэмжлэгч Ш.Жамсран нь хариуцагч Б.Одончимэг дарамталсны улмаас зугтаж, Завхан аймаг руу явж эмнэлэгт хэвтсэн зардлын баримтууд гэж тайлбарлах боловч уг үйл явдал нь баримтаар нотлогдоогүйн гадна зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролтой шууд хамааралтай, нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх боломжгүй юм.

Мөн Монгол шуудан ТӨХК-ийн мөнгө хураах тасалбар, Мобиком корпораци ХХК-ийн төлбөрийн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад ямар хамааралтай гэдэг нь ойлгомжгүй байна.  

Харин нэхэмжлэгч Ш.Жамсран, зам тээврийн ослын улмаас толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэхэд 100,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэргийн 15 дугаар хуудсанд авагдсан кассын орлогын ордер баримтаар нотлогдож байх тул уг зардлыг хариуцагч Б.Одончимэгээс гаргуулах нь зүйтэй.

2.Автомашинд учирсан хохирлын хувьд:

Нэхэмжлэгч Ш.Жамсран нь автомашинд учирсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Яагаад гэхээр, тухайн осол болох үед нэхэмжлэгчийн жолоодож явсан Субару форестер маркийн 3180 УНЧ улсын дугаартай автомашин нь нэхэмжлэгчийн эхнэр гэх иргэн Ж.Бадамхандын эзэмшилд бүртгэлтэй болох нь хэргийн 47,128 дугаар хуудсанд авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэргээр нотлогдсон тул нэхэмжлэгч Ш.Жамсрангийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Одончимэгээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жамсранд олгож, нэхэмжлэлээс шаардлагаас үлдэх 16,349,649.50 /арван зургаан сая гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Одончимэгээс 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жамсранд буцаан олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.Одончимэг нь нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа “... 30 сая төгрөг нэхэмжилж байна” гэж бичсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Одончимэгээс 100,000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жамсранд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,349,649.50 /арван зургаан сая гурван зуун дөчин есөн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Одончимэгээс 4550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Жамсранд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД

                                          ШҮҮГЧИД                                     Н.ХАНГАЛ

                                                                                                            Х.ЭНХЗАЯА