Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Баян-Овоо сум, 1-р баг, Могойт, Ширээ гэх газар оршин суух Жүрмэд овогт Сумъяагийн Түмэндэлгэр /РД:КЙ67043063/-гийн нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Түмэндэлгэр, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч С.Түмэндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Галбын хөгжил нэгдлийн Гавулууд бригадад хоньчноор 1983-1991 онуудад ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1983, 1987, 1988, 1990, 1991 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүй, мөн багийн хоньчноос чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Галбын хөгжил нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Түмэндэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1983 онд 8 дугаар ангиа төгсөөд 7 дугаар сараас эхлэн 1991 он хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт хоньчноор ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч 1983, 1987, 1988, 1990, 1991 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр дутуу бичсэн гарын үсэг зурж тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байсан. Мөн багийн хоньчноос чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй учир ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Галбын хөгжил нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай лавлагаа, нэхэмжлэгч С.Түмэндэлгэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Галбын хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн түүнд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Галбын хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, уг тушаалын 1-р хавсралт, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаар тушаал, гэрч Б.Нармандах, Т.Сумъяа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Түмэндэлгэр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

С.Түмэндэлгэр нь 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

  Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай лавлагаа, нэхэмжлэгч С.Түмэндэлгэрт 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Галбын хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мөн түүнд 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Галбын хөгжил нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын хөгжил” нэгдлийн даргын 16 дугаартай тушаал, уг тушаалын 1-р хавсралт, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Галбын говь” ХК-ийн захирлын №32 дугаар тушаал, гэрч Б.Нармандахын ”...Бид хоёр 1983 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзэн болж хөдөө мал маллаж эхэлсэн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг Галбын хөгжил нэгдэлд бид хоёр хоёулаа хонь маллаж байсан. 1991 оныг дуустал мал маллаж байсан. Бид хамт нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан...”, гэрч Т.Сумъяагийн “...Түмэндэлгэр нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Ханбогд сумын Гавилууд бригадад мал маллаж байсан. Хонь маллаж нэгдэл тартал ажиллаж байсан. ...” гэсэн тайлбарууд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч С.Түмэндэлгэрийн 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

            Гэрч Б.Нармандах, Т.Сумъяа нар нь тухайн үед нэхэмжлэгч С.Түмэндэлгэртэй нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн лавлагаа нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жүрмэд овгийн Сумъяагийн Түмэндэлгэрийг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Түмэндэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА