Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/396

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох 2034000000448 дугаартай эрүүгийн хэргийг Б.М-д хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Б.М, Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймаг Дөргөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын 2 дугаар баг Сээр гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2020 оны 07 дугаар 20-оос 21-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн төвд иргэн Д.Одонтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ 2020 оны 07 дугаар 20-оос 21-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн төвд иргэн Д.Одонтуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн чамархайнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гуя, баруун, зүүн шилбэ, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

Хохирогч Д.Одонтуяа: Би 2020 оны 07 сарын 20- ны 02 цагийн үед гадаа гарч бие засчихаад гэр лүүгээ орж явтал манай уяан дээр туслах хийж байгаа Амраа дуудсан юм. Амраа намайг хоёулаа хамт Нямаагийнд орьё гэсэн юм намайг яваад ороход  М, Нямаа хоёр пиво уугаад сууж байсан юм. Тэгээд ороод байж байсан чинь М пиво уу гээд пиво хийж өгсөн юм. Би тэгээд уухгүй ээ гэсэн чинь амрах гэж байгаа юм чинь нэг уучихаад гэр лүүгээ орчих гэсэн юм. Тэгээд нэг аягыг уучихаад байж байсан чинь Амраа торгуулийн хундага гээд дахиад хийж өгсөн юм. Би тэгэхээр нь болсон одоо орж амарлаа гээд орж унтсан. Гэр лүүгээ ороод хэвтэж байтал М, Нямаа хоёр араас орж ирээд айраг ууя эгч гэсэн, тэгээд тэр хоёр айраг ууж эхэлсэн. Тэгээд М эгчээ та яагаад дарга руу утаснаасаа мессеж явуулсан юм бэ? гэхээр нь би үгүй гэсэн чинь, би таний бичсэн дугаарыг харсан ш дээ гээд байсан. Би уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. М та нэг дор ажил хийдэг байж хоёрын хооронд юман дээр хов зөөлөө гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн байсан ч яадаг юм гээд  уурласан. Би тэгэхээр нь уур хүрээд босож ирээд цэнэглэгчээр нэг удаа ороолгосон чинь М дайрч босож ирээд Нямаа зодолдуулахгүй гээд намайг барьж автал М үснээс зулгаагаад цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Амраа гаднаас орж ирээд Нямаа, М хоёрыг аваад гарсан юм” гэх мэдүүлэг/хх-07-08 тал/,

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн: “ ... Нөгөө пиво уучихаад унтах гэж байгаад архины халуундаа тогооч Одонтуяатай муудсан юм. Одонтуяа манай эхнэрийг янхан гэж хэлээд байсан юм. Тэгсэн Одонтуяа намайг гар утасны цэнэглэгчээр ороолгоод тэгэхээр нь би Одонтуяаг үснээс нь зулгааж байгаад гэдэс хэвлий хэсэг рүү нэг өшиглөсөн. Тэгээд Нямаа ах салгаад аваад явсан юм.  Би тэгээд өглөө сэрээд уяа морьдоо ачаад Сүхбаатар аймаг руу явсан” гэх мэдүүлэг/хх-11 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №412 дугаар “1.Д.Одонтуяагийн биед зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэ, хэвлийд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-14 тал/,

Яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-15-16 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул Б.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Ц.ОТГОНЖАРГАЛ