Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян, 4-р багт оршин суух Бүртэн овогт Сумъяагийн Гэрэлмаа /РД:КЮ67052001/-гийн нэхэмжлэлтэй,

            Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хань Гомбосүрэн овогтой Мөнх-Өлзий нь 2016 оны 12 дугаар сарын 30-нд зуурдаар нас барсан. Бид хоёр 4 настай охинтой. Охиныхоо тэтгэмжийг авах гэсэн боловч охины аав Мөнх-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтэрт овог зөрүүтэйн улмаас тэтгэлэг тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Миний хань 1981 оны 6-р сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн барилга угсралтын газар илгээлтээр гарч ажилчин болсон. Гэтэл түүнд Өмнөговь аймгийн барилга угсралтын газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний овог Гомбосүрэнг Гомбодорж гэж буруу бичсэний улмаас охиныхоо тэтгэмжийг авч чадахгүй байна. Иймд Өмнөговь аймгийн Барилга угсралтын газраас 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Гомбодорж нэрээр овоглож Мөнх-Өлзийд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гомбосүрэн овогтой Мөнх-Өлзий болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгч С.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хань 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зуурдаар нас барсан. Бид хоёр 4 настай охинтой бөгөөд тэтгэмж тогтоолгох гэсэн боловч овог зөрүүтэй учир тогтоож болохгүй байгаа. Миний хань Гомбосүрэн овогтой байтал түүний хөдөлмөрийн дэвтэрт Гомбодорж гэж андуурч бичсэн байсан. Иймд Гомбодоржийг Гомбосүрэн болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн засаг даргын тодорхойлолт, Г.Мөнх-Өлзийгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Г.Мөнх-Өлзий, С.Гэрэлмаа нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, Г.Мөнх-Өлзийгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Г.Мөнх-Өлзийд 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Идэрцог, Ц.Долгор нарын мэдүүлэг, Г.Мөнх-Өлзийгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Гэрэлмаа нь 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Гомбодорж нэрээр овоглож олгосон Мөнх-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Гомбосүрэнгийн Мөнх-Өлзийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Г.Мөнх-Өлзий нь нэхэмжлэгч С.Гэрэлмаагийн нөхөр байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгааны хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоход хүүхдийн эцэг эхийн ажиллаж байсан байдал, хөдөлмөрийн хөлс нөлөөлдөг тул нэхэмжлэгч С.Гэрэлмааг өөрийн нөхөр байсан Г.Мөнх-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Г.Мөнх-Өлзийгийн аав нь Гомбосүрэн гэдэг хүн байсан бөгөөд тэрээр төрсөн аав Гомбосүрэнгээр овоглодог болох нь, мөн 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос түүний овгийг Гомбодорж гэж буруу бичиж хөдөлмөрийн дэвтэр олгосон болох нь Г.Мөнх-Өлзийгийн нас барсны гэрчилгээний хуулбар, Г.Мөнх-Өлзий, С.Гэрэлмаа нарын гэрлэлтийн баталгааны хуулбар, Г.Мөнх-Өлзийгийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Г.Мөнх-Өлзийд 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Идэрцог, Ц.Долгор нарын мэдүүлэг, Г.Мөнх-Өлзийгийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Гомбодорж нэрээр овоглож олгосон Мөнх-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Гомбосүрэнгийн Мөнх-Өлзий мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1981 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Гомбодорж нэрээр овоглож олгосон Мөнх-Өлзийгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Ундай овогт Гомбосүрэнгийн Мөнх-Өлзий мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА