Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/401

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонханд,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-т холбогдох эрүүгийн 2034004060503 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, У овогт Г.Э, 1989 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймаг Ургамал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Баянцогт суманд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг “Улаан хөвийн ам” гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хюньдай Портер маркийн 80-43 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаах явцдаа дугуйны эвээс авч байсан Э.Нарангуаг/9 настай/ дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “ ... Би 05 дугаар сарын 27-ны өдөр малдаа явж ирээд, машинаа техникийн үзлэгт оруулах гэж байсан. Хавар нь асаагаагүй байсан учраас машинаа асаах гэсэн боловч аккумлятор нь суусан байсан. Машиныхаа дугуйнд уруу газар байсан болохоор ивээс хийсэн байсан. Тэгээд ивээсийг авах гэсэн боловч ганцаараа чадаагүй. Эхнэрээ дуудаад, эхнэртэйгээ цуг урагш, хойш нь түлхэж байгаад ивээсээ авах гээд ганцаараа түлхээд чадахгүй байсан болохоор нь охиноо гараад ирэхээр нь охиноороо авахуулсан. Машин урвуу газар байсан болохоор өнхрөөд. Тэгээд би машиндаа суугаад зогсоосон, охин дугуйн доогуур орчихсон байсан” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонханд мэдүүлэхдээ: “... Бид 2 өөрсдийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс болж бидний том охинд хэцүү хэрэг болсон. Одоо надаа гомдол санал байхгүй. Нөхөрт маань үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-06-12 тал/, хохирогч Б.Отгонхандаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-16-17 тал/, гэрч Б.Эрдэнэчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-21-22 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт/хх-24-27 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-34 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №3309 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-36-37 тал/, Г.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-47-63 тал/, хохирогч Б.Отгонхандын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-64 тал/, Г.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-65 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Э нь Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг “Улаан хөвийн ам” гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хюньдай Портер маркийн 80-43 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаах явцдаа дугуйны эвээс авч байсан Э.Нарангуаг дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонхандын: “... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг “Улаан хөв” гэх газарт хөдөө гэртээ байж байгаад өглөө манай нөхөр Г.Э адуу малдаа явж ирээд ус аваад сумын төв рүү явж техникийн үзлэгт машинаа оруулна гээд асаах гээд оролдоод машин нь асахгүй байх шиг байсан. Тэгээд намайг гарч ирээд машин түрэлцээд өг гээд би гэрээс гараад гадаа гэрийнхээ хаяанд байсан Портер маркийн машин нөхөртэйгээ хамт түлхээд гэрээс том охин Э.Нарангуа гараад ирэхээр нь машины урд талын дугуйн доор байсан ивээс модыг авчих гээд авахуулаад би машин тулж зогсож байгаад нөхрийг машиндаа суухад нь хойноос нь түлхээд явсан тэгтэл нөхөр машинаасаа буугаад ирсэн дугуйн доор нэг юм орчихлоо гээд тэгсэн тэгтэл машины баруун талд миний том охин Э.Нарангуа амьсгалж чадахгүй хэвтэж байсан тэгэхээр нь нөхрийн хамт Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очоод охиноо үзүүлтэл нас барчихсан байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр хамт машинаа түлхэхгүй бол дийлэхгүй байсан юм тэгээд бид хоёр зэрэг түлхэж байгаад охиноороо ивээс авахуулсан юм. Тухайн үед тээврийн хэрэгслийг асаагаагүй, хөдөлгөөнд оролцуулж унаж яваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй бид нарын буруутай үйлдлээс болж ийм зүйл болсонд маш их харамсаж байна” гэх мэдүүлэг/хх-16-17 тал/,

Шүүгдэгч Г.Эын гэрчээр мэдүүлсэн: “ ... Тэгэхээр нь машинаа өнхрүүлээд асаая гэж бодоод эхлээд хойд хоёр дугуйн ивээс авахад машин мөн урд хоёр дугуйндаа ивээстэй байсан тул хөдлөхгүй байсан. Би гэрт орж ирээд эхнэрээ дуудаад эхнэрийн хамт машинаа хойш нь түлхэж байгаад дугуйн эвээсийг том охин Нарангуагаар авахуулсан авахад машин уруу газар байсан тул урагш өнхөрсөн эхнэр бид хоёр урдаас нь түлхэж байгаад би машиндаа орж суутал юман дээгүүр гарсан.  Би тоормос гишгээд машинаа зогсоогоод машинаасаа буугаад иртэл миний том охиныг машины баруун талд манай эхнэр тэврээд сууж байсан. Би охиноо гаднаас тэвэрч гэртээ орж ирээд орон дээр хэвтүүлтэл охин амьсгаатай байсан тэгээд шууд Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг рүү явсан ба охин минь машинд явж байхдаа амьсгаагүй болсон ба очоод үзүүлтэл нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг/хх-19 тал/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн: “ ... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед сумын төвөөс ирээд байж байхад хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. Манай саахалт айлын хүмүүс байгаа юм. 2014 оноос хойш энэ айлтай айл саахалт байгаа юм. Г.Э, Х.Отгонханд нар нь ам бүл зургуулаа 4 хүүхдийн хамт амьдардаг. Зан чанарын хувьд их сайхан зан чанар харьцаатай хүмүүс байдаг юм” гэх мэдүүлэг/хх-22 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-06-12 тал/,

Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “1.2. Талийгаачийн цогцост цээжний баруун 2,3,4,5, зүүн 2,3,4,5-р хавирганы хугарал, үнхэлцэг хальсны цус хуралт, үнхэлцгийн хөндийн /100 мл/ цус хуралдалт, зүрх чихэлдэлт, элэгний эдийн няцрал, уушигны эдийн няцрал, цус хуралт, цээжний хөндийн /1000 мл/ цус хуралт, цээж, нуруу баруун бугалга, зүүн тохой, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач нь зам тээврийн ослын улмаас цээжний битүү гэмтлээр нас баржээ. 7.Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр В/III/-р бүлгийн харьяаллын цустай байна” гэх дүгнэлт/хх-24-27 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-28-34 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч Г.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овогт  Г.Э-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Г.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт  Г.Э-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт  Г Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э нь шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ