| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00842/И |
| Дугаар | 102/ШШ2017/00889 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/00889
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/00889 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал тауэр, 8 дугаар давхарт оршин байгаа “Юнител” ХХК /РД-5036895/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 27 дугаар гудамж, 1179 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 89-65 тоотод оршин суух, Хоонон овогт Баттулгын Батмагнай /РД-МЖ87102159/-д холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,999,955 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батмагнай манай компанитай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88080767 дугаарт Samsung S6-Edge маркийн гар утсыг 12 сарын хугацаатай, төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон.
Гэвч хариуцагч 2016 оны 8 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул ярианы болон утасны лизингийн төлбөр 1,333,303 төгрөг, гэрээний 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 666,652 төгрөг, нийт 1,999,955 төгрөгийг Б.Батмагнайгаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Б.Батмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 1,999,955 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчдын нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч Б.Батмагнайгаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,999,955 төгрөг шаардан шүүхэд хандсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батмагнай нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,999,955 /нэг сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлж барагдуулах тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрчээ.
Шүүх, хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, мөн уг зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байна гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Батмагнайгийн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,474 төгрөг, хариуцагч Б.Батмагнайгаас 23,474 төгрөгийг тус тус гаргуулан “Юнител” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Батмагнайд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Батмагнайгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,999,955 /нэг сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун тавин таван/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Юнител” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23,474 төгрөг, хариуцагч Б.Батмагнайгаас 23,474 төгрөгийг тус тус гаргуулан “Юнител” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД