| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/01006/И |
| Дугаар | 102/ШШ2017/00901 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/00901
2017 оны 04 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00901 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж 47, “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 015 дугаар байр, 7 тоот хаягт оршин суугаа Цамба овгийн Гонжавын Идэр /РД:ЧЗ75102416/-т холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,521,814 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Идэр нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Самсунг Галакси Эс 7 ЭДЖЭ / Samsung Galaxy S7 EDGE / маркийн гар утсыг 1,900,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт MobiZone 39900 багц үйлчилгээ”-ний 20170504 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багцын үйлчилгээнүүдийг авсан.
Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5, төлбөрөө төлөөгүйгээс хаагдсан сараас хойш 2 сарын дараа гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс зөрүүг тооцож нэхэмжилснээр хэрэглэгч гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсанд тооцож цаашид үйлчилгээг ашиглах боломжгүй болно гэж заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1,521,814 төгрөгийг хариуцагч Г.Идэрээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Идэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-тай гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авсан бөгөөд гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1,521,814 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх хугацаанд бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
Дээрх төлбөрийг “Мобиком корпораци” ХХК-ийн Хаан банкин дахь 5007065056 тоот дансанд бүрэн шилжүүлнэ гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт нэхэмжилсэн 1,521,814 төгрөгийг хариуцагч Г.Идэр нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийг гэрээг байгуулав. Дээрх төлбөрийг “Мобиком корпораци” ХХК-ийн ХААН банкин дахь 5007065056 тоот дансанд бүрэн шилжүүлнэ гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Г.Идэрээс гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,521,814 төгрөг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд хариуцагч Г.Идэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,521,814 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж, баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,649.5 төгрөг, хариуцагч Г.Идэрээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 19,649.5 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК–д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Идэрт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Идэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,521,814 /нэг сая таван зуун хорин нэгэн мянга найман зуун арван дөрвөн/ төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19,649.5 төгрөг, хариуцагч Г.Идэрээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 19,649.5 төгрөгийг тус тус гаргуулан “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД