Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

  2021            01               13                                                 2021/ШЦТ/08                                   

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Лхагвадорж, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Б.С холбогдох эрүүгийн 2034000000480 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Төв аймгийн Зуунмод суманд 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 5 сарын баривчлах ялаар,

2008 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар,

2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 3 жилээр тэссэн,

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилээр тэнссэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  У овгийн Б.С

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                               /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.С нь ялтай байх хугацаандаа 2020 оны 08 дугаар сарын 04-нд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг Нүгнээт гэх газарт хохирогч Баярмандахын гэрийн хойморт Бурханы тавиур дээр байсан мөнгөн цөгц 1 ширхэг, гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүц зэрэг эд зүйлийг хулгайлан авч 500,000 мянган төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С:

... Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ. 

   

Эрүүгийн 2034000000480 дугаартай хэрэгт хохирогч Ч.Баярмандах /хх-ийн 9-10 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Сэрсэм /хх-ийн 14 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Оюунсүрэн /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Д.Сэрсэм /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Д.Оюунсүрэн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Б.С /хх-ийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч Б.С /хх-ийн 34-35 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, шүүгдэгч Б.С хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-43, 46-84 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 480 дугаартай яллах дүгнэлтийн “ТЭМДЭГЛЭХ” хэсгийн “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга”-д, мөн “ТОГТООХ” хэсэгт ...Яллагдагч Б.С нь ялтай байх хугацаандаа... гэснийг бичилтийн шинжтэй алдаа тул зөвтгөж өгнө үү, шүүгдэгч Б.С Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2019/ШЦТ/219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаа дууссан.

Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа болно гэж санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 04-нд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг Нүгнээт гэх газарт хохирогч Баярмандахын гэрийн хойморт Бурханы тавиур дээр байсан мөнгөн цөгц 1 ширхэг, гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүц зэрэг эд зүйлийг хулгайлан авч 500,000 мянган төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах   

хохирогч Ч.Баярмандахын ...2020 оны 08 дугаар сарын 05-ны өглөө босоод цай чанаад бурхан дээрээ дээжээ тавих гэтэл Бурханы тавиур дээр хоосон зай гараад нэг эд зүйл байхгүй байсан. Тэгээд бүртгэхэд мөнгөн цөгц, дээр үеийн тос хийдэг гуйлан  гүц хоёр ширхэг, гуйлан арслан байхгүй байсан. Тухайн үед манай гэрт манай хүүгийн 8, 10 настай хүүхэд байсан. Ямар хүн ирсэн юм бэ гэж асуухаар мэдэхгүй Заамар явдаг явуулын хүн ирсэн. Өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн. Тэгээд хайгаад олохгүй болохоор сумын цагдаагийн байгууллагад хандсан юм... ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Алдагдсан эд зүйл олж авсан... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Сэрсэмийн ...Би танихгүй залуугаас 50.000 төгрөгөөр шаргал өнгийн 2 ширхэг арслан, бас шаргал 1 ширхэг жижигхэн хэмжээтэй Бурханы зулын тос, данх авсан юм. Энэ талаараа урд өмнө нь Төв аймгийн Өндөрширээт сумын төвд очиж хэсгийн төлөөлөгчид нь болсон асуудлын талаар бүгдийг нь үнэн зөв ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Д.Оюунсүрэнгийн ...би нэг танихгүй залуугаас 40.000 төгрөгөөр 1 ширхэг мөнгөн гүц худалдаж авсан юм. Энэ хэргийнхээ талаар урд өмнө нь Төв аймгийн Өндөрширээт сумын төв орж хэсгийн төлөөлөгчид нь болсон асуудлын талаар бүгдийг нь үнэн зөв ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Гомдолгүй. Гэхдээ 40.000 төгрөгийг аваагүй байгаа... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Сэрсэмийн ...2020 оны 08 дугаар сарын 04-нд замын хүн бололтой эрэгтэй туранхай хүн орж ирээд мэнд ус мэдээд бага зэрэг архи үнэртүүлсэн би Хархорин зах дээр хатуу эдлэл зардаг юм. Та юм сонирхох уу гэж асуухаар нь юу байгаа юм гэж асуухад хоёр ширхэг шар өнгөтэй арслан, нэг тос хийдэг данх үзүүлэхээр нь би авъя гэж хэлэхэд надад 100.000 төгрөг гэж хэлэхээр нь би үнэтэй байна гэж хэлээд авахгүй гэж хэлэхэд та 50.000 төгрөгөөр ав гэхээр нь би за гэж хэлээд олсон орлогоо өгөөд авсан. Тэгээд уг залууг чи хаанаас яваа юм бэ гэж асуухад би Рашаант сумаас яваа юм. Би танай суманд байдаг Баасандоржийн эхнэр Сэлэнгээгийн төрсөн дүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд худалдаж авсан юм... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Д.Оюунсүрэнгийн ...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би цагийг нь мэдэхгүй байна. Явуулын эрэгтэй туранхай хүн орж ирээд та надад бантан хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би бантан хийж өгөөд сууж байхад та мөнгөн цөгц авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бэ гэж асуухад 80.000 төгрөгөөр зарж байна гэж хэлсэн. Би авахгүй гэж хэлээд хэсэг хугацааны дараа та 60.000 төгрөгөөр ав гэж хэлэхээр нь би надад 40.000 төгрөг байна гэж хэлэхэд та ав ав гэж хэлээд надад өгсөн. Би 40.000 төгрөг тоолж өгсөн. Тэгээд авсныхаа дараа нэг сэжигтэй санагдаад араас нь харахад баруун тийш гүйгээд явсан. Би ямар машинтай яваа талаар мэдэх гээд харахад ерөөсөө машинд суухгүй явж байгаад хэсэг хугацааны дараа гарахад манай гэрээс зүүн тийш явган яваад портер маркийн машин дээр очсон. Тэгээд алга болсон... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Б.Сүхбаатарын ...Нэргүй ахын гэрийн хаалгыг нүдээд хаалгыг нь цохисон юм. Тэгэхэд хоёр эмэгтэй хүүхэд хаалга онгойлгож өгсөн. Тэгээд гэрт нь ороход манай эмээ, өвөө хоёр сумын төв өчигдөр явсан. Одоо ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд надад тавагтай чихэр өгсөн. Тэгээд дээш хоёр давхартаа гарсан. Тухайн үед би шатны хажууд зогсож байсан юм. Хоёр хүүхдийг дээш гарахад нэг давхарт нь хүнгүй болохоор нь авдар дээр нь байсан мөнгөн цөгц, хор ширхэг гуулин арсан, гуйлан данх шиг зулын шар тос хийдэг сав байхаар нь аваад өөрийн үүрч явсан жижиг хар цүнхэнд хийгээд гэрээс гарах гээд хаалга онгойлгох гэхэд хоёр давхраас хүүхэд буугаад ирэхээр нь агаа нь явлаа та хоёр хаалга үүдээ цоожлоорой гэж хэлээд гэрээс гараад засмал зам дээрээс Эрдэнэсант сум ороод засмал замын ард байдаг үргэлжилсэн гуанз дээр буугаад нэг хоолны газар орж хоёр гуйлан арслан, шар тос хийдэг данх шиг савыг гуанзны эгчид 50.000 төгрөгөөр зараад мөнгөн цөгцөө гараад хажуу талын гуанзад ороод авсан цөгцөө зарах гээд 100.000 төгрөг гэж хэлэхэд үгүй тийм их мөнгө алга надад 40.000 төгрөг байна гэж хэлсэн. Би уг гуанзанд нэг таваг хоол идээд мөнгөө аваад эргээд Өндөрширээт сум руу явсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч Б.С ...Би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан. Тэгээд ямар ч мөнгөгүй байсан болохоор мөнгө олох гээд л хулгай хийчихсэн юм бас ээжийнхээ захисан зүйлийг авч чадахгүй байсан болохоор л хулгай хийчихсэн юм... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ...хохирогч Ч.Баярмандахын мөнгөн цөгц, гуйлан арслан, гуйлан гүцийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, шүүгдэгч Б.С хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 39-43, 46-84 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 04-нд Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг Нүгнээт гэх газарт хохирогч Ч.Баярмандахын гэрт хоёр хүүхдийг нь байхад эцэг эхийг нь асууж сураглаж ороод гарахдаа гэрийн хойморт байрлах Бурханы тавиур дээр байсан мөнгөн цөгц 1 ширхэг, гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүц зэрэг эд зүйлийг хулгайлан авч 500,000 мянган төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү Ч.Баярмандахын гэрийн хойморт Бурханы тавиур дээр байсан мөнгөн цөгц 1 ширхэг, гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүцийг авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Мөн шүүгдэгч Б.С болон тэдний өмгөөлөгч Ш.Амарбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.С гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Баярмандахад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Баярмандахад 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий мөнгөн цөгц 1 ширхэг, гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүцийг хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн нь хавтас хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Сэрсэм нь гуйлан арслан 2 ширхэг, гуйлан гүц худалдаж авсан 50.000 /тавин мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Оюунсүрэн нь мөнгөн цөгц 1 ширхгийг худалдаж авсан 40.000 /дөчин мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилдэг ба шүүгдэгч Б.С нь дээрх хохирлыг барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.С 50.000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Боржигон овгийн Доржжанцангийн Сэрсэмд,

40.000 /дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Бичигт овгийн Дэмбэрэлзагдын Оюунсүрэнд тус тус олгох нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Б.С тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Б.С хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч Б.С тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2034000000480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.С нь хохирогч Ч.Баярмандахад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.С тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

   36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                         тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Б.С бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч У овгийн Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Б.С 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 2034000000480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.С нь хохирогч Ч.Баярмандахад төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.С тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.       

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч У овгийн Б.С нийт 90.000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, 50.000 /тавин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч НФ79022301 дугаарын регистртэй Боржигон овгийн Доржжанцангийн Сэрсэмд,

40.000 /дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч НФ64061021 дугаарын регистртэй Бичигт овгийн Дэмбэрэлзагдын Оюунсүрэнд олгосугай. 

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн Б.С урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн Б.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН