Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/403

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 2034000320500 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Б.Б, Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны инженер мэргэжилтэй, Монгол Ардын намд ажилладаг, ам бүл 5, эхнэр, аав, ээжийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо, 55-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Зуунмод сумын нутагт хохирогч Ц.Баярсайханыг 1500000 төгрөгийн төлбөртэй 45 хоногийн сургалтад суулгаад “Гаальд ажлын байр бэлэн шууд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Зуунмод сумын нутагт хохирогч Ц.Баярсайханыг 1500000 төгрөгийн төлбөртэй 45 хоногийн сургалтад суулгаад “Гаальд ажлын байр бэлэн шууд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан болох нь:   

 

Хохирогч Ц.Баярсайханы өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай төрсөн эгч болох Бямбасүрэн над руу залгаад надтай хамт ажилладаг Цэвэлмаа нэг юм яриад байна. Чи Цэвэлмаатай ярь гэсэн. Тэгэхээр нь би Цэвэлмаатай ярихад Цэвэлмаа надад 45 хоногийн 1.500.000 төлөөд сургалтад суугаад гаальд ажлын байр бэлэн шууд ажиллуулна гэж хэлээд Алтанчимэг гэх хүний 86112121 гэх дугаар өгөөд ярихад эмэгтэй хүн байсан. Би Алтанчимэгт таны дугаарыг Цэвэлмаа гэх хүнээс юм аа гэхэд 45 хоногийн 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлөөд сургалтад суугаад гаальд ажлын байр бэлэн шууд ажиллуулна гээд Өлзий гэх хүний 98119982 гэх дугаар өгсөн. Би энэ дугаарт залгаад ярихад эрэгтэй хүн байсан. Таны дугаарыг Алтанчимэг гэх хүн өглөө гэхэд 45 хоногийн 1.500000 / нэг сая таван зуун мянган төгрөг / төлөөд сургалтад суугаад гаальд ажлын байр бэлэн шууд ажиллуулна гээд адилхан юм яриад байсан. Тэгээд надад Майцэцэг гэж хүн уг ажлын бүртгэл хийдэг тиймэрхүү хүн гээд 91119006 гэх утасны дугаар өгөөд энэ хүн рүү мөнгөө бичиг баримттайгаа өгөөрэй гэсэн. Би энэ дугаар руу залгатал эмэгтэй хүн байсан. Би энэ хүнд Өлзий гэж хүн тантай яриарай гэсэн би танд бичиг баримт, сургалтын мөнгөө яаж өгөх вэ гэхэд Майцэцэг чи надтай уулзах шаардлагагүй мөнгөө дансаар шилжүүлчих бичиг баримтаа сканердаад эсвэл зургийг нь тод дараад mail-ээр явуулчихаа гэсэн. Тэгэхээр нь би тэр дор нь Facebook хаягийг нь аваад бичиг баримтаа зургийг нь дараад May flower гэх нэртэй facebook хаягт нь явуулаад 5087016424 гэх хаан банкны данс руу нь өөрийн данснаас интернэт банкаараа 1.500000 / нэг сая таван зуун мянган/ төгрөг явуулаад facebook-ийн чатаараа Майцэцэгт би мөнгө зургаа явуулчихлаа гээд хэлсэн одоог хүртэл мөнгийг нь өгнө энэ тэр гэж худлаа яриад өгөхгүй байна...” /хх-ийн 14-16 тал/,

 

Гэрч Ц.Бямбасүрэнгийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод Алдар спорт хороон дээр газрын тосны байрын гар бөмбөгийн тэмцээн болж байх үеэр Цэвэлмаа бид хоёр сууж байтал Цэвэлмаа надад хэлэх дээ манай Алтанчимэг найз Гаалийн газар 45 хоногийн курст суугаад ажилд оруулах найдвартай хүн байна дүү нараа оруулахгүй юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би манай дүү болох Баярсайханд хэлье гээд би Баярсайхантай утсаар ярихад Баярсайхан би мэдээлэл авъя гээд Цэвэлмаагаас Алтанчимэг гэх хүний дугаарыг авсан. Би Баярсайханд хүмүүстэй нь уулзаж байгаад учир явдлыг нь харж, судалж байгаад мөнгө, төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь юу юугүй мөнгөө өгчихсөн байсан... ...Цэвэлмаа бол миний найз бид хоёр хамт ажилладаг. Харин Алтанчимэг гэх хүнийг Цэвэлмаагаас сонсож байсан. Харж байгаагүй Өлзий, Майцэцэг гэх хоёр хүнийг танихгүй харж байгаагүй... /хх-ийн 17 тал/,

Гэрч С.Майцэцэгийн өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай хөрш байсан. Өлзий надад чи гаалийн сургуульд орох уу гэхээр нь би орохгүй гэтэл, чамд өөр гаалийн сургуульд орох хүн байвал хэлээрэй гэсэн, хэсэг хугацааны дараа манай найз болох Алтанчимэг над руу залгахаар нь би манай хөрш болох Өлзий гэх хүн гаалийн сургуульд орох хүн байна уу гэсэн. Би Алтанчимэгт хэлсэн. Гэтэл Алтанчимэг би хүнээс асууя гээд тухайн үед яриад өнгөрсөн. Дараа нь Алтанчимэг над руу залгаад миний таньдаг хүн тэр гаалийн сургуульд чинь оръё гэнэ ээ гэхээр нь би Өлзий рүү залгаад нэг хүүхэд оръё гэнэ гээд би Өлзийтэй холбож өгсөн. 2019 оны 04 сарын 13-ны өдөр над руу хаан банкны данснаас 1.500000 /нэг сая таван зуун мянга/  төгрөг Баярсайхан гэж хүнээс сургалтын төлбөр гэж явуулсан. Тэгэхээр би мөнгийг нь 5021299736 дугаартай хаан банкны Лхамбасүндэв гэх хүний нэртэй данс руу интернэт банкаараа 1150000 /нэг сая нэг зуун тавин мянган/ төгрөг явуулсан. Тэгээд үлдэгдэл 345000 /гурван зуун дөчин таван мянган/ төгрөгийг нь би Өлзий гэх хүнтэй Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Номин гэх дэлгүүрийн АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Тухайн үед нэг их онцын юм яриагүй өнгөрсөн. Би Баярсайхан гэх хүнтэй утсаар ярихад Баярсайхан би цагдаад өглөө шүү гэхэд нь би миний дүү одоо өгдөг газар нь өг гэсэн... /хх-ийн 18-19 тал/,

Гэрч Б.Цэвэлмаагийн өгсөн: Асуулт: 2019 оны 04 дүгээр сарын сүүл хавиар байсан манай найз болох Алтанчимэг над руу утсаар залгаж яриад Гаалийн албанд гайгүй ажлын орон тоо гарчихлаа найдвартай гэж байна 1.500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг өгөөд сургалтад 45 хоног сураад орох юм байна гэж хэлсэн. Би удалгүй найз болох Бямбасүрэн, манай найз Алтанчимэг Гаалийн ажилд 45 хоногийн сургалттай төлбөр нь 1.500000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг төлөөд орох боломжтой юм байна гэж хэлсэн. Гэтэл Бямбасүрэн надад манай дүү болох Баярсайхан нь ажлаа солих гэж байгаа би хэлье гэсэн. Удалгүй тэр өдрөө Бямбасүрэнгийн болох Баярсайхан над руу яриад та тэр ажилд оруулна гэсэн хүний дугаарыг нь өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанчимэг гэж найзынхаа дугаарыг өгсөн... /хх-ийн 24 тал/,

Гэрч Б.Алтанчимэгийн өгсөн: Майцэцэг бид хоёр 10 жилийн найзууд байгаа юм. Бид хоёр Дорнод аймагт 10 жилээ өөр, өөр сургууль төгсөж байсан. Түүнээс хойш байнга харилцаа алга. 2019 оны хавар өдрөө санахгүй байна Майцэцэгтэй утсаар ярих үед Гаальд ажил орох уу, эхлээд сургалтад суудаг юм байна, сургалт нь 1.500.000 төгрөг юм байна. Тэгээд сургалтаа төгсөөд аль нэг гааль руу нь ажилд оруулдаг юм байна, энэ талаар манай доод давхрын хөрш хэллээ, чи ажилд орох уу, хүн байвал мэдэж байгаарай гэж хэлсэн. Ингээд би төрсөн дүү Ганчимэг, ахын эхнэр Мөнгөнтогос нарыг оруулах гээд утсаар ярьж өөрсөд нь хэлсэн боловч мөнгө байхгүй гээд орхисон. Дараа нь нөхрийн найз болох танил Цэвэлмаатай утсаар ярингаа "мөнгөтэй бол гоё ажил байна аа" гээд уг ажлын талаар хэлээд орхисон. Уг асуудлыг Цэвэлмаа өөрийн ажил дээрээ байхдаа хүнд хэлсэн байсан. Сонирхсон тухайн хүнийх нь нэр усыг нь мэдэхгүй байна. Би ямар ч байсан Цэвэлмаад найз Майцэцэгийн дугаарыг өгсөн. Надтай ярьсан зүйл байхгүй. Надгүйгээр өөрсдөө учраа олсон байсан. Дараа нь Майцэцэг над руу утсаар яриад "Нөгөө хүн чинь орохоор болоод мөнгөө өгөх гэж байна. Манай хөрш миний дансаар мөнгийг нь авчих гэж байна" гэж ярьж байсан. Би тухайн үедээ Майцэцэг өөрөө мөнгийг нь авчиж байгаа юм чинь найдвартай юм байна гэж ойлгож байсан. Оны өмнөхөн Майцэцэг над руу залгаад "манай хөрш нөгөө хүнийг чинь оруулаагүй байна” гэж ярьж байсан. Мөн Цэвэлмаа ч гэсэн “нөгөө хүн чинь ажилд оруулаагүй, нөгөө хүнийхээ дугаарыг өг” гэж ярьж байсан. Тэгээд удаагүй Цэвэлмаа ч тэр, Майцэцэг цагдаад өгсөн нь дээр юм шиг байна гээд ярьж байсан. Өөр зүйл болоогүй... ...Би нэрийг нь мэдэхгүй, утсаар ч ярьж байгаагүй... /хх-ийн 25 тал/,

Яллагдагч Бгийн өгсөн: 2019 оны 05 сард найз Майцэцэг рүү ажил оруулах хүүхэд байна уу гэж асуусан чинь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн хийх хүн байна уу, 45 хоног суралцаад ордог ажил байна. Энэ ажилд орох хүүхэд байна уу гэж асуусан чинь манай нэг дүү байна оръё гэнэ ээ гэж Майцэцэг хэлсэн. Тэгээд би дипломынхоо хуулбарыг явуулчих гэж хэлээд төлбөр нь 1.500.000 төгрөг болно шүү гэж хэлээд найз Майцэцэгийн дансаар 1.500.000 төгрөг авсан. Тэгээд сургалт нь эхлэх болоогүй байгаа шүү, бүртгүүлээрэй гэж хэлсэн. Сургалт нь 2019 оны 07 сард эхлэх ёстой байсан боловч хойшлогдоод 9 дүгээр сард эхлэх болсон. Тэр үед би Баярсайхантай холбогдож одоо сургалтдаа хамрагдана гэж хэлсэн чинь Баярсайхан би өөр ажилд орохоор боллоо мөнгөө буцаад авъя гэж хэлсэн. Тэр үед нь 250.000 төгрөгийг Баярсайхан руу шилжүүлсэн. Тэгээд дараагаар 100.000 төгрөг өгсөн шиг санагдаж байна. Бид хоёр ер нь л бол үлдэгдэл мөнгөө өгөх авах талаар утсаар холбогдож ярилцдаг байсан. Гэтэл Төв аймгийн цагдаагаас 2020 оны 3-р сард над руу залгаад ирж уулзаарай гэж хэлэхэд нь би хот орж байгаад уулзъя гэж хэлсэн. Тэр үед Баярсайхан над руу залгаад би өргөдлөө буцаагаад авчихъя, надаас авсан мөнгөө буцаагаад өгчих гэж хэлсэн. Төв аймгийн цагдаагаас 2020 оны 3-р сард 1 удаа, 5-р саруудад над руу 2-3 удаа залгасан. Тухайн хугацаанд хөдөө яваад байсан болохоор хөдөө байна. Хотод очихоороо очиж уулзъя гэж хэлээд ирж уулзаагүй... ...Би гаалийн зууч компанид татвар боддог ажилд оруулж өгнө гэж хэлсэн... ...Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр 45 хоногийн сургалт нь явагддаг. ажилдаа ордог юм. Би өөрөө бас зууч компаниудад төгсөөд зууч компани дээр ажилладаг байсан юм... ...Сургалт нь хойшлогдоод байсан. 2019 оны 7 сард эхлэх ёстой сургалт нь 9 сар хүртэл багш нар нь амралт аваад явснаас болоод хойшлогдсон юм... ...Баярсайхан нь 2019 оны 10 сард мөнгөө авъя гэж хэлсэн... ...Би Баярсайханы данс руу 250 000 төгрөг дансаар нь өгсөн. Дараагаар нь 100.000 төгрөг данс руу нь хийсэн санагдаж байна. Би үлдсэн мөнгийг нь хийж амжаагүй, үлдсэн мөнгийг нь хийх ёстой байсан чинь цагдаад өгчихсөн байсан. Надад үүнээс хойш мөнгөний бололцоо байхгүй байсан. Баярсайхан мөнгөө бүтнээр нь авна гэж хэлж байсан... ...Би сургалтад нь бүртгүүлсэн юм. төгрөгийг нь яасан юм бэ... ...Би Баярсайханаас авсан 500.000 төгрөгөө төлбөрийн мөнгө гээд дансандаа байлгаж байсан. 380.000 төгрөгийг нь бэлдчихсэн байсан. Үлдсэн 620 000 төгрөгийг нь үрчихсэн юм. Баярсайхан нь сургалтдаа суух боломжгүй болсон. Өөр ажилд орохоор болсон гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгөнөөс нь буцааж өгсөн. Ер нь бол мөнгийг нь үрчихсэн. Би бол хүлээсэн үүргээ биелүүлсэн. Баярсайхан нь өөрөө өөр ажилд орохоор болсон учраас, сургалтдаа суухаас татгалдсан... /хх-ийн 209-210 тал/ гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-23, 27-65, 73-92 тал/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 66-68 дугаар хуудас/ Төрийн банкны депозит дансны харилцааны Монгол хулга /хх-ийн 69-71 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2020 оны 9 сарын 23-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-96 тал/,

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-нд Төв аймгийн Зуунмод сумын нутагт хохирогч Ц.Баярсайханыг 1500000 төгрөгийн төлбөртэй 45 хоногийн сургалтад суулгаад “Гаальд ажлын байр бэлэн шууд ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож зээлийн хуурамч баримт бүрдүүлж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг нөхцөл байдлаа ашиглан авч залилах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 9 сарын 23-ны өдөр 146 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-105 тал/ 2020 оны 9 сарын 24-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Баярсайханд 1.500.000 төгрөгийн хохирол учруулж, мөрдөн байцаалтын шатанд 1.800.000 төгрөгийн хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б. Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Аовогт Б..Б-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б.Б-г 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А овогт Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Баярсайханд 1.800.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ц.ОТГОНЖАРГАЛ