Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Г.Б, Л.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            М.Батзаяа

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Ц.Бат-Эрдэнэ, Б.Наранцэцэг

            Шүүгдэгч                                           Г.Б, Л.М

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Б.Наранцэцэг, Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Г.Б, Л.М нарт холбогдох 1712000790017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ,, Архангай аймгийн ,, суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн,,гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гын Б

 

Монгол улсын иргэн,, Архангай аймгийн, суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт Архангай аймгийн ,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лгийн М

 

Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Цагаан толгойн рашаан гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Гтой маргалдан улмаар хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Г.Б, Л.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч Б овогт Лийн М, Б овогт Гын Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Мыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Быг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Л.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шүүгдэгч Л.Маас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Г.Баас 1.109.350 /нэг сая нэг зуун есөн мянга гурван зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багт оршин суух Б овогт Бын Гт /РД:,,/ олгож,

Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.”

 

 Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч миний бие 1712000790017 тоот хавтаст хэргийн материалтай танилцаад 54 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Г.Быг бусдын бие махбодид санаатайгаар бүлэглэн хүнд гэмтэл учруулсан гэм буруутай байна хэмээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл бодит байдалд Г.Б нь субъектив санаа зорилгын хувьд хохирогчид санаатайгаар хүнд гэмтэл учруулаагүй, өөрийн үеэл Б.Г, найз Л.М нарын зодооныг 2 удаа салгасан байдаг бөгөөд энэ үеэр хохирогч Б.Г нь гарын булчинг нь хазсанаар Г.Бын биед нь халдаж, хүч хэрэглэсний улмаас Г.Б нь сэтгэл санаа нь цочрон давчдаж хохирогч Б.Гийг гэрч П.Болорцэцэгийн мэдүүлснээр өшиглөсөн байхыг үгүйсгэхгүй юм. Энэ талаар удаа дараа мэдүүлэг өгсөн гэрч Л.Гантулга нь мэдүүлэхдээ Г.Б дундуур нь орж салгаад, ах нь ах шиг байж чадахгүй, найз нь найз шиг байж чадахгүй гээд уурлаж байсан бөгөөд дундуур нь орсон гэсэн мэдүүлэгээс харахад хохирогч Б.Г, Л.М нар анхнаасаа хоорондоо таарамжгүй, урьд нь зодолдож, биендээ гэмтэл учруулж байсан, мөн тэр цаг хугацаанд Б.Мөнхнарангийн гэрт зодолдож, унийг нь унаган, хувийн өс хорслоо тайлцгааж байсан бөгөөд энэ зодооныг салгасан Г.Быг санаатай гэмт хэрэгт яллаж шийтгэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай шүүхийн тогтоолд заасан үндэслэл нийцээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2. Хохирогч Б.Гийн биед хүнд гэмтэл учирсан нь хавтаст хэрэгт тогтоогдсон бөгөөд, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байж болохыг мөн тогтоожээ. Гэтэл миний үйлчлүүлэгч Г.Б нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн бүх мэдүүлэгтээ би өшиглөж цохиогүй, зөвхөн салгасан гэдэг боловч хохирогчийн биед нь халдаж хазсан асуудалд сэтгэл санаа нь хүчтэй цочирж, өөрийн өшиглөсөн үйлдлийг санаж мэдэхгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. 3. Хохирогч Б.Гт учирсан  гэм хорын хохирлыг Г.Б нь давж заалдах шатны шүүх хурлаас өмнө сайн дураараа нөхөн төлж, хохирогч гомдол саналгүй гэж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж, ялыг хөнгөлж шийдвэрлэхийг хичээнгүйлэн хүсье.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдолд:

“Ганболд овогтой Батбаатар миний бие анхан шатны шүүхээр Б.Гт хүнд гэмтэл учруулсан буруутай хэргээр 5 жилийн хорих ялаар шийтгүүллээ. Миний бие үеэл болох хохирогч Б.Г, Болорцэцэг нарын өгсөн мэдүүлэгээр энэ хэрэгт буруутгагдлаа. Би бодохдоо энэ зодооныг салгаж явсан гэж үзэж байна. Учир нь энэ хоёр хүн эртний өс хонзонтой согтуугийн гайгаар нэг нэгнийгээ алчихаж магадгүй гэж би айсан. Хохирогч Б.Г нь зодооны үеэр Л.Мын толгойг тоосгоор хагалж маш их цус гарч би маш их сандарсан. Б.Г, Л.М нар хоорондоо барьцалдаад байсан учраас би 2-3 удаа салгасан. Хавтаст хэрэгт миний биеийг Б.Г хазсан асуудлыг янз бүрээр мэдүүлдэг. Гэрч нар гарт нь булчинд нь гэх мэтээр мэдүүлдэг. Гэтэл бодит байдалд миний мөрнөөс маш айхтар хазсан. Би зуны нимгэн цамцтай байсан. Энэ бүх нөхцөл байдлаас үндэслэн миний бие өөрийгөө хамгаалж өшиглөсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л би ерөөсөө Б.Гийг зодоогүй гэж боддог. Б.Г намайг хазсанаас гадна боолт хийсэн. Үүнээс гарахын тулд би өшиглөсөн байж магадгүй. Би мөрдөн байцаалтанд бүх байдлыг ярьсан. Гэтэл боосон асуудлыг бичээгүй байна. Би үеэл ах Б.Гт учирсан хохирлыг төлсөн учраас хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Миний бие уг нь Б.Гийн биед гар хүрээгүй нь туйлаас үнэн юм. Гэтэл Б.Г ах гэрч Болорцэцэг нар намайг өшиглөсөн гэж гүтгэж мэдүүлэг өгөөд байгаа учраас яаж ч чадахгүй байна. Эрхэм шүүгч таныг энэ хэргийн үнэн мөнийг олж өгнө гэдэгт итгэж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Боржигон овогт Лхагвасүрэнгийн Мөнхбат, Боржигон овогт Ганболдын Батбаатар нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Л.Мыг 5 жилийн хорих ялаар, Г.Быг 5 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хэрэг болсон нөхцөл байдал, тэдний санаа зорилгод нийцээгүй. Учир нь: 1. Хохирогч Б.Г нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Л.Мын төмсөгийг базан эргүүлж, энэ үед нь Л.М уурлан ”та яаж байгаа юм бэ гэж хэлэн хохирогчийн шанаан тус газар гараараа цохисон ба тэдний үйлдлийг тухайн гэрт хамт байсан Гантулга, Батбаатар нар салган гадаа авч гарсан, гадаа гараад мөн Мөнхбатын толгойн тус газар туйпуугаар цохисон. Л.М таньтай зодоон хийхгүй гэж зугтаж явсан, зугтаж рашаан руу яваад эргэж ирэхэд нь мөн сайхан зодолдчихоё гэж дахин машин руу шахаж барьж авах үед нь Г.Б салгасан талаар гэрч нар мэдүүлдэг. Хэрэгт Л.Мыг хохирогчийн хэвлийн тус газар нь Л.М өшиглөсөн талаар хохирогчийн мэдүүлснээс өөр нэг ч мэдүүлэг, нотлох баримт байхгүй. Харин Л.Мад хохирогч гэмтэл учруулсныг тухайн үед нь Б.Гийн ах Ганаа /Гантөмөр/, эхнэр Мөнхцэцэг нарт үзүүлсэн. Одоо Л.Мын төмсөг, нуруу бэлхүүсээр өвддөг болсон тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх болон ЭХО-д харуулах шаардлагатай байгаа болно. Л.М “Б.Гт зодуулсан асуудал дээр дахин нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна” гэсэн хүсэлттэй байгаа. 2. Б.Г Л.М намайг өшиглөсөн гэж худал мэдүүлсэн. Энэ мэдүүлгийн худлаа болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрч Болорцэцэг, Гантулга, шүүгдэгч Г.Б зэрэг хүмүүсийн удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогдоно. Л.Мыг худал мэдүүлэх шалтгаан байгаа. Учир нь Л.М 2 жилийн өмнө Б.Г бид нар маргалдаад, энэ үед би түүнийг зодчихсон юм. Үүнд өс санаж намайг хэвлий рүү өшиглөсөн гэж гүтгээд байна, мөн гэдэс рүү нь өшиглөсөн гэх Г.Бтай эгч дүүсийн хүүхдүүд, Г.Бтай барьцалдаж зууралдсан үед би байхгүй байсан. Энэ үед Гантулга өшиглөснийг намайг гэж андуурсан юм уу, эсвэл хэргээр гүтгэж байна” гэж хэлж байгаа. Энэ байдал ч хэргийн материалаас харагддаг. 3. Г.Б нь Б.Гийг өшиглөхийг харсан талаар гэрч Болорцэцэг мэдүүлдэг бөгөөд ийнхүү өшиглөх болсон шалтгаан нь Б.Гийн Г.Быг машин руу шахаж, хөдлөх боломжгүй байдалд барьж, түүнийг хазаж, гэмтээн санаа сэтгэлийг цочроон давчдуулсантай холбоотой юм. Энэ талаар өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа. Ийнхүү тэдний гэмт хэрэг үйлдсэн байдал нь бүрэн нотлогдоогүй байхад шүүхээс гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна. Иймд хэргийг давж заалдах гомдлын дагуу хянаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Ш.Батбаатар, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн төдийгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд дурдагдсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч Б.Гийн удаа дараагийн эрс зөрүүтэй мэдүүлгүүдээр Л.Мыг Г.Бтай бүлэглэн бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзсэн нь харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй байдаг юм. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан хохирогчийн хууль бус үйлдлээс тухайлбал эхэлж Л.Мын төмсөгнөөс базаж, мөн гэрийн гадаа тоосгоор толгой тус газар нь цохиж хагалж, баруун мөрнөөс нь хазаж Л.Мын эрх, эрх чөлөөнд халдсан байна. Харамсалтай нь Л.Мад учирсан гэмтлийг тогтоохдоо нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг үндэслэлгүй зөвхөн түүний баруун чамархайд жижиг шарх гэмтэл учиржээ.. эрүүл мэндийг сарниулахгүй, биеийг гадаргуун 1 хувь хүрэхгүй хөдөлмөрийн чадвар тогтонги байдлаар алдагдуулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн нь буруу болсон байна. Учир нь Л.М нь Б.Гт толгой тус газраа тоосгоор цохиулснаас одоог хүртэл түүний толгой тархи байнга өвдөж, нүдний угаар хатгаж байгаа нь шинжээчийн дүгнэлт бүрэн биш, тодорхойгүй, шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болж байна. Мөн хэргийг шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал хавтаст хэрэг дотор авагдсан байхад / Б.Г нь ухаан алдаж босч ирээд Ганаа ах намайг машинаар дайрсан/ шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал машинд мөргүүлсний дараа Б.Гийн эх Цэвэлмаа болон түүний дүү Цэрэнгийн хүү Отгонбат, Энхжаргалын охин нар Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн мэдээлэл байна. Энэ машинаар мөргүүлж, эмнэлэгийн тусламж авсан асуудал нь хохирогч Б.Г нь шүүгдэгч Г.Б, Л.М нарт өшиглүүлж гэмтэл авсан гэх цаг хугацаа буюу 2017 оны  08 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнөөс хойно болсон үйл явдал юм байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт үйлдсэн Л.М, Г.Б холбогдох 1712000790017 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс  оролцож байна. Шүүгдэгч нар нь 2017 оны 08 сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг, Цагаан толгой рашаан гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ганзоригтой муудалцаж хэвлийн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын биед санаатай хүнд хохирол учруулсан гэм буруутай тооцож шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргасан. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Энэ хэрэгт миний үйлчлүүлэгч Г.Быг хохирогчийн олон янзын мэдүүлэг, гэрч Болорцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр буруутгаж байгаа. Гэтэл гэрч Болорцэцэг анхан шатны шүүх хурал дээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ өөр мэдүүлэг өгсөн. Миний үйлчлүүлэгч Г.Б дөнгөж амьдрал эхлүүлж байгаа, эвдрээгүй хүүхэд. Надад өөрөө хэлэхдээ би үнэхээр Ганзоригийг зодоогүй, би юу гэж үеэлээ зодох вэ дээ, би зөвхөн зодооноос л салгасан. Харин ч би өөрөө зодуулчихаад байхад тэрийг шалгаагүй гэдэг. Энэ хэргийг зөвхөн хохирогчийн өгсөн зөрүүтэй мэдүүлгээр шийдвэрлэсэнд харамсалтай байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж чадаагүй. Тийм учраас хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж энэ 2 хүүхдийг гэм буруугүй гэдгийг тогтоох шаардлагатай. Ганзориг, Л.М 2-ыг барьцалдаад зогсож байхад Г.Б ирээд салгасны дараа Г.Быг Ганзориг ирээд өшиглөсөн байдаг. Ганзориг, Болорцэцэг 2 найзууд учраас Болорцэцэг Ганзоригт ашигтай мэдүүлэг өгсөн. Тийм учраас эдгээр хүмүүсийн мэдүүлгээр Г.Б, Л.М нарыг буруутгаж болохгүй. Анхан шатны шүүх яагаад хохирогч Ганзоригийн буруутай ажиллагааг шалгаж тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм бэ. Өнөөдөр Ганзориг 2-3 хүн зодсон хэрэгтэй аймагт шалгагдаж байгаа. Энэ хүний хувийн байдлыг яагаад шалгаж тогтоохгүй байгаа юм бэ. Ганцхан Ганзориг гэдэг хүний буруутай үйлдлээс болж энэ 2 хүнийг буруутгаж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Мын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Өмнө нь хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаах хуульд заасан үндэслэлүүдээ тайлбарласан. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт бол шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нөхцөл байдал гарч ирж байгаа. Мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлууд байгаа. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, С.Пүрэвсүрэн, Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тухайлбал

1. Мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Г...Мөнхбатад би өмнө нь зодуулсандаа төмсөгнөөс нь базаж авсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь Мөнхбатын толгой халцарсан байсан. Намайг чулуугаар цохисон гэж байсан...гэж, гэрч Д.Ганхуяг...Ганзориг зүгээр сууж байснаа Мөнхбатын бэлэг эрхтнээс нь базаад авсан...гэж, гэрч П.Болорцэцэг мэдүүлэхдээ...гэнэт Мөнхбат ухасхийж босоод ирэхэд нь Гантулга Мөнхбатыг салгаад гэрийн баруун талын ор луу аваад холдуулсан. Тэр үед Мөнхбат Ганзоригийг төмсөг базлаа гэх зүйл яриад уурлаад байсан. Гэтэл гэрийн гадаа Мөнхбатын толгойг Ганзориг хагалчихсан юм шиг байна лээ гэж тус тус мэдүүлжээ. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтуудаас үзвэл шинжээчийн 347 дугаартай дүгнэлт эргэлзээтэй, үндэслэл муутай гарсан байна.

2. Шүүгдэгч Г.Б нь намайг Ганзориг мөрнөөс хазсан одоо ч сорви нь байгаа гэж мэдүүлсэн ба уг мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул Г.Бын биед гэмтэл учирсан эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах

3.  Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Болорцэцэг мэдүүлэхдээ Г.Б, Ганзориг нар харилцан бие биенээ өшиглөөд байсан гэж мэдүүлсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ Батбаатар Ганзоригийн хэвлий тус газар нь өшиглөсөн гэж би хэлээгүй. Ганзоригийг хэн нэгэн зодож байхыг хараагүй гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх гэрчийн зөрүүтэй мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

4.   Гэрч Б.Отгонбат...Ганзоригийн төрлийн Ерөөлт надад ярихдаа Ганзориг ах өөрөө ухаан алдаж босож ирээд Ганаа ах намайг машинаар дайрсан гэж ярьж байсан...гэсэн мэдүүлэг өгсөн байх тул уг асуудлыг шалгах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байна.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

   

Г.Б, Л.М нарын хувийн байдлыг харгалзан хэрэг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

 Мөн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтаар хэн гэдэг шинжээчийг томилсон нь тодорхойгүй атлаа шинжээчид мэдэгдэхийг шинжилгээний байгууллагад даалгасан, 4 дэх заалтаар дүгнэлтийг 2017 оны 10 сарын 20-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан, 5 дах заалтаар хэн гэх шинжээчийн мэдэлд хэргийн материалыг шилжүүлсэн, 6 дах заалт хэн гэх шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, 2017 оны 08 сарын 04-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн хэсгийн 2 дах заалтаар хэн гэдэг шинжээчийг томилсон нь тодорхойгүй атлаа шинжээчид мэдэгдэхийг шинжилгээний байгууллагад даалгасан, 4 дэх заалтаар дүгнэлтийг 2017 оны 08 сарын 04-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгасан, 5 дах заалтаар хэн гэх шинжээчийн мэдэлд хэргийн материалыг шилжүүлсэн, 6 дах заалт хэн гэх шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан зэрэг асуудлууд тодорхойгүй байхад шинжээч Б.Отгонжаргал С.Хишигмаа нар танилцсан шинжээч гэж гарын үсэг зурж, улмаар дүгнэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхэд эргэлзээтэй, шинжээч томилсон тогтоол нь хуульд нийцээгүй байна. /хх-46 хуудас/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг шүүхэд очтол Г.Б, Л.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                        В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                         М.МӨНХДАВАА