Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2019/0001/З |
Дугаар | 017 |
Огноо | 2019-03-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 017
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дэлүүн сумын 9 дүгээр багийн оршин суугч Б.Н нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох;
“2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****регистрийн дугаартай, Х овогт К.А-г 2017 оны 05 дугаар сарын 19-нд төрсний бүртгэлийн 8301000374 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е, гуравдагч этгээд К.А, түүний өмгөөлөгч А.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү төрүүлсэн. Тэр өдөр К.А эгчийн хамт намайг эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт ирэхэд “чи машин дотор сууж байгаарай, гэр бүл болоогүй хүнийг эмнэлэг үзэхгүй, бид нар очиж эмч нартай уулзъя” гэж эмнэлэгт орсон. Тэгээд намайг К.Аын эрүүл мэндийн дэвтрээр бүртгүүлсэн байсан ба би өөрөө эрүүл мэндийн дэвтэртэй байсан юм. Тухайн үед би өвдөж байсан учраас хүмүүсээс юм асуугаагүй, эмнэлгийн хүмүүс ч гэсэн надаас ямар нэгэн зүйл асуугаагүй. Ингээд энэ хүмүүс хуурамч материал бүрдүүлэн миний төрүүлсэн хүүг өөртөө авсан байна. Би эмнэлгээс гараад хүүхдээ харах гээд очсон боловч Цэнгэл сум руу хүнд өгч явуулсан гэж худал хэлж уулзуулаагүй. Дараа нь хуурамчаар бүрдүүлсэн төрөлтийн түүх, нярайн түүх, эмнэлгийн магадлагааг үндэслэн улсын бүртгэлд хандаж, өөрсдийн нэр дээр хүүхдийг А гэдэг нэрээр бүртгүүлж, гэрчилгээ авсан байсан. Би энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан ба эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж К.А, түүний нөхөр Т.К нар нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл бичиж, уг хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр бүртгүүлснийг тогтоож, энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч уг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхэд гомдол гаргасан ба 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5/72 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “...эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.Хүүхдийг авахыг хүсэж байгаа бол уг хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар бүртгэлийн байгууллага, эсхүл иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хууль зүйн боломж нээлттэй байна” гэсэн хариу өгсөн. Би тэгээд энэ асуудлаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-ын төрүүлсэн эх мөн болохыг тогтоож, надад буцааж миний асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00051 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан ба Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01377 дугаартай тогтоолоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар К.Аыг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна гэж миний гомдлыг хангаагүй. Би хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүлээж авсны дараа К.Аыг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасныг тус хэлтэс хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1073 дугаартай албан бичгээр маргаантай асуудал учир хүчингүй болгох боломжгүй байна, шүүхээр маргааныг шийдвэрлүүлсний дараа манай байгууллагад бүртгүүлэх нь зүйтэй байна гэсэн хариу өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 21-ний батлагдаж мөн оны 11 дүгээр сарын 01- ний өдрөөс мөрдөгдөж байгаа Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Улсын бүртгэгч нь иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгох бол шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн бүртгэнэ” гэж зохицуулжээ. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь маргаантай асуудал учир хүчингүй болгох боломжгүй гэж татгалзсан тул танай шүүхэд хандаж байна.
Иймд миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****тоот регистрийн дугаартай, Х овогт К.А-г төрсний бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү төрүүлсэн бөгөөд тухайн хүүхдийг 05 дугаар сарын 10-ны өдөр энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа К.А авч яваад 05 дугаар сарын 19-ний өдөр өөрөө төрүүлсэн болоод холбогдох баримтыг хуурамчаар үйлдэж, эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн төрсний бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан үйл баримт тогтоогдож байгаа. Тухайн хүүхдийг нэхэмжлэгч төрүүлснийг гуравдагч этгээд К.А үгүйсгээгүй, энэ талаар талууд маргаагүй бөгөөд энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан. Эрүүгийн хуулийн /2002 он/ 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт эрх олгосон хувийн бичиг баримтыг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байдаг. Энэхүү үйлдэл нь хуулийн дээрх зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. К.А нь нэхэмжлэгч ы хүүхдийг авч явсан үндэслэлээ тайлбарлахдаа “ нь хүүхдээ хаях гэж байсан учраас би хүүхдийн эрх ашгийг бодоод авч явсан, одоо өөрөө асран хамгаалж байгаа” гэж байна. Гэхдээ энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. нь 2016 оны 09 дүгээр сард жирэмсэн болсон бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод байсан. Хэрэв нь тухайн хүүхдийг төрүүлэх шаардлагагүй, асрах сонирхолгүй байсан бол тэндээ хүүхдээ авхуулах боломж бүрэн байсан. Гэхдээ хүүхдийг 9 сар тээж, эсэн мэнд төрүүлсэн. Гуравдагч этгээдээс хүүхдээ асрах сонирхолгүй, зөвхөн гэрчилгээг нь хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр тухайн хүүхэд өөрийн хүүхэд мөн болохыг тогтоолгох, хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасан. Энэ хэрэг одоо хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түдгэлзэж байгаа. нь эцэггүй хүүхэд төрүүлсэн байж болно, гэхдээ хүүхдээ асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх эрхийг хязгаарлахгүй. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “...гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх ашгийг нь хохироож болохгүй” гэж заасан байдаг. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхэд баримтлах гол бичиг баримт нь хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа байх ёстой. К.А, Т.К нар нь ы хүүхдийг 1016 дугаартай төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээг үндэслэн төрсний бүртгэлд бүртгүүлсэн боловч уг гэрчилгээ хуурамчаар үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байгаа. Бүртгэлийн байгууллага нэгэнт хуурамч бичиг баримтыг үндэслэн бүртгэл хийсэн учраас уг бүртгэл нь шууд хүчингүй болох ёстой.
Нэхэмжлэгч ы нэхэмжлэлийг хангах ямар үндэслэлүүд байгаа вэ гэвэл, бүртгэл хийхэд баримталсан баримт нь өөрөө хуурамч, мөн Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүүхдийн эцэг тогтоох асуудал шийдэгдэх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр хүүхдийг Т.К, К.А нарын нэр дээр бүртгүүлсэн, бүртгэл нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа тул эцэг тогтоолгох асуудлаар шүүхэд хандах боломжгүй болж байгаа. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ хууль бусаар авсан этгээдээс шаардаж авах эрхтэй байдаг. Нэхэмжлэгч энэ эрхээ хэрэгжүүлэхээр иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд уг хэргийг энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Иймд 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүү Аыг бүртгэсэн Өлгий сумын 8301000374 дугаар төрсний бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэв.
Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг төлөөлж дарга С.А шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн болон түүний өмгөөлөгч нар тус хэлтэст “Н миний төрүүлсэн хүүг иргэн К.А 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрөө төрүүлсэн мэтээр төрсний бүртгэлд К.А /****/ овог, нэрээр бүртгүүлсэн нь тогтоогдсон тул төрсний бүртгэлийг хүчингүй болгох тухай” өргөдөл гаргасан болно. Тус өргөдлийг хууль журмын дагуу шалгаж, талуудаас гаргасан нотлох баримт, хүсэлтийг хүлээн авахад талууд энэ асуудлын талаар маргаантай байсан. Мөн иргэн нь иргэн К.Аын регистрийн дугаар, овог нэрийг ашиглан эмнэлэгт хэвтэж хүү төрүүлсэн, эмнэлгийн төрөлтийн түүх, бүртгэлд К.А төрүүлсэн тухай бүртгүүлсэн нь Монгол улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглох” гэснийг зөрчсөн, иргэн К.А нь тухайн төрөлтийн түүх, СТ-4 маягтыг үндэслэн улсын бүртгэлд хуурамчаар бүртгүүлсэн боловч К.А мөнгө өгсөн, мөнгийг авсан, зөвхөн бүртгэлийг хүчингүй болгох сонирхолтой болохоос хүүхдийг авах санаа бодолгүй, А, Н-г танихгүй, тэр К бид хоёрыг төрсөн эцэг, эхээ гэж бодож байгаа, бид ч түүнийг төрсөн хүүхдийн нэгэн адил асарч, халамжлан хайрлаж өсгөж байгаа, хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, хохирч байна гэх зэрэг тайлбар, гомдол, хэрүүл маргаан гаргасан. Харин анх бүртгэл хийсэн улсын бүртгэгчээс тухайн хүүхдийг К.А төрүүлсэн үү, эсхүл төрүүлсэн үү гэдгийг тогтоох боломжгүй байсан. Тэр хүүхдийн төрөлтийн түүх болон маягтад хүүхдийн эх нь Каримханы Айнур 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн тухай бичигдэж орж ирсэн тул улсын бүртгэгч бүртгэсэн байна.
Прокурорын тогтоолоор гуравдагч этгээд өөрөө хүүхэд төрүүлээгүй мөртлөө төрүүлсэн мэтээр хуурамч нотлох баримтаар бүртгүүлсэн нь тогтоогдсон боловч хариуцлага оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас эрүүгийн хариуцлага оногдуулаагүй байсан. Мөн К.А болон түүний өмгөөлөгчөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар ы нэхэмжлэлтэй, К.Ат холбогдох хэрэгт сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна, шүүхээс эцсийн шийдвэр гарах хүртэл ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх тухай хүсэлт гаргасан. Нөгөө талын өмгөөлөгч нь нэгэнт хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа тул зөвхөн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн зүйл ярьж байсан. Харин нэхэмжлэгч нь хүүхдийг өөрийн асрамжид авах биш, зөвхөн хүүхдийн төрсний бүртгэлийг хүчингүй болгоод өгвөл болно гэсэн хүсэлт тавьж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа, эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглосон заалтыг үндэслэн хяналтын улсын байцаагч төрсний бүртгэлийг хүчингүй болох, үнэн зөвөөр бүртгэх тухай шийдвэр гаргаагүй, бүртгэл хөтлөх боломжгүй тухай хариу өгсөн. Хэрэв маргаангүй, шүүхээс хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байсан бол 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасны дагуу хяналтын байцаагч бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэлд өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэлтэй юм. Аливаа эрх зүйн маргаантай асуудлыг зөвхөн шүүх хянах шийдвэрлэх эрх хэмжээтэй. Хэрэв шүүх маргааныг хянан шийдвэрлээд төрсний бүртгэлийг хүчингүй болгох тухай шүүхийн шийдвэр гарсны дараа улсын бүртгэгч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний улсын бүртгэлд бүртгэх ёстой.
Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/01377 дугаартай тогтоолоор 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн батлагдсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний бүртгэлийн ажилтан иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгох тухай шүүхийн эсхүл улсын бүртгэлийн хяналтын байцаагчийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлд хийсэн бичилтийг хүчингүй болгоно” гэж заасан ба уг хууль хүчингүй болж 2018 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг мөрдөж эхэлсэн болно гэв.
Гуравдагч этгээд Т.К, К.А нарын шүүхэд ирүүлсэн болон К.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхэд төрүүлсэн нь үнэн. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “ нь төрөх гэж өвдөж байгаа” гэж түүний эгч М намайг дуудсан. М нь ы эцгийн төрсөн эгч нь байгаа. Тэгээд би очиход, “ы эрүүл мэндийн даатгалын дэвтэр нь байхгүй байна. Энэ хүнийг 40 хэдэн нас хүрсэн миний дэвтрээр эмнэлэгт хэвтүүлэх боломжгүй, харин нь насны хувьд чамтай ойролцоо учраас чи эрүүл мэндийн даатгалын дэвтрээ өгөөрэй” гэж хэлсэн. Тухайн үед миний эрүүл мэндийн даатгалын дэвтэр ч гэсэн бэлэн байгаагүй учраас М очоод миний эрүүл мэндийг даатгалыг бөглүүлж ирээд уг дэвтрээр ыг эмнэлэгт хэвтүүлсэн. Харин гэр бүлгүй, нөхөргүй хүнийг эмнэлэгт хэвтүүлэхгүй гэсэн зүйлийг бид хэлээгүй. Тэгээд маргааш нь эмнэлгээс гарахдаа хүүхдийн өлгийнөөс нь барьж сэгсрээд бараг хүүхдээ алгадчих шиг болсон. Тэгэхээр нь М надад хандаж “чи хүүхдийг түр аваад асарч байгаарай, намдахаар нь хүүхдийг авхуулна” гэж хэлсэн тул би хүүхдийг гэртээ авч очсон. Хүүхдийн төрөлтийн түүх нь миний нэрээр гарсан болохоор нь тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар алах, эсхүл хаячихвал надад хариуцлага яригдаж магадгүй гэж бодоод энэ хүүхдийг би авсан болохоос ы хүүхдийг би өөрөө асарч авъя гэсэн санаа, бодол надад байгаагүй. Ингээд хүүхдээ өөртөө авахаас, асрахаас татгалзсан асуудал гарч ирсэн юм. Би тухайн үед ы татгалзсан буюу хаясан нярай хүүхдийг өөртөө авах, эсхүл хүүхэд асрах байгууллагад хүргэж өгөх гэсэн хоёр сонголттой байсан. Тэгээд шийдвэрээ гаргаж буюу нялх хүүхдийн буруу байхгүй, тэр ч гэсэн эцэг,эхийн халамжийг хүртэх эрхтэй гэсэн үүднээс энэ Ад хүрсэн. Түүнээс биш ямар нэгэн субьектив санаа огт байхгүй. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын сүүлчээр нь бусдын нөлөөнд автаж буюу биднийг боломжийн айл гэдгийг олж мэдчихээд мөнгө салгахын төлөө аймгийн Цагдаагийн газарт хандаж, нөхөр бид хоёрыг түүний хүүхдийг булааж авсан мэтээр өргөдөл гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгах явцад намайг асуухад би “хүүхдийг аваад би хэн нэгэнд худалдаагүй, төрөлтийн түүх нь миний нэрээр гарсан учраас төрүүлсэн эх нь хүүхдийг хаячих юм бол надад хариуцлага яригдах байх гэж бодоод хүүхдээ авсан” гэж бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэхэмжлэгч нь үнэхээр хүүхэддээ хайртай, хүүхдээ өөрөө асран хамгаалах гэж байгаа бол би хүүхдээ өөрт нь өгье гэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хэлсэн боловч гарсны дараа нэхэмжлэгч нь би хүүхдээ авахгүй, хүүхэд маань тань дээр байж байг, бид хоёр энэ асуудлаар ярилцъя гэж хэлсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцахад, нэхэмжлэгчийн зүгээс “...миний бие диплом авч чадаагүй, та надад туслаарай,багш надад 1,800,000 төгрөгөөр чиний дипломын асуудал шийдэгдэнэ гэж хэлсэн. Хэрэв та надад туслаад хэдэн төгрөг өгвөл би хүүхдээ танд үлдээчихнэ...” гэж хэлсэн. Тэгээд миний бие энэ асуудлыг нөхөртэй ярьж, хүн чанар гаргаад тусалъя гэж д 1 сая төгрөг өгсөн. Ингээд бид нар д 1 сая төгрөг өгсөн ба тэрээр “...би хүүхдээ авахгүй, хүүхдээ өөрийн асрамжид авлаа ч гэсэн миний ээж зөвшөөрөхгүй...” гэж хэлээд бидэнд гарын баримт бичиж өгсөн. Одоо ч гэсэн нь нөхөр бид хоёроос байнга мөнгө нэхээд байгаа. Тэгсэн хэр нь энэхүү хүүхдийн эцэг нь монгол хүн гэх мэтийн зүйл хэлдэг. Мөн 2 сая төгрөг шилжүүл гэж дансны дугаараа хүртэл явуулж байсан. надад “би энэ хүүхдийг чамаас түр авчхаад, шүүхээр эцгийг нь тогтоолгоод тэр хүнээр асран хамгаалах тэтгэлэг тогтоолгоно, түүний дараа хүүхдийг чамд өгнө” гэж хэлж байсан юм. Хэрвээ төрүүлсэн хүүхэддээ үнэхээр хайртай байсан бол хэзээ ч хаяж явахгүй байх байсан, тэгж явлаа гэхэд бүхэл бүтэн 8 сар гаруй хугацааны дараа хүүхдээ буцаан авъя гэж байгаа нь цаанаа мөнгөтэй болох гэсэн субьектив санаатай холбоотой гэж үзэж байна. Миний бодлоор хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах ёстой. Асран хамгаалах үүргээ нэг ч удаа биелүүлээгүй, хүүхдийг зөвхөн мөнгөний ашиг сонирхлын үүднээс надаас буцаан авах гээд байгаа явдлыг юу гэж ойлгох юм бэ. Тэгж яривал эх нь хүүхдээ асран хамгаалахаас татгалзсан, төрүүлсэн хүүхдээ хаясан, хүүхдээ худалдахаар завдсан гэдгээр ыг давхар шалгах хэрэгтэй. Гэтэл би өнөөдөр энэ хүүхдийг өдий хүртэл харж хамгаалж, хүн болгох гэж өсгөн бойжуулж, хамгийн гол нь тэр үед эх хүний хүн чанар гаргасныхаа төлөө эцэст нь шүүхийн байгууллагын хаалгыг татаж байгаа явдалд харамсаж байна. Харин нөгөө талд гэдэг хүн өнөөдөр ингэж гэмгүй царайлаад явж байдаг. Уг хүүхдэд бид А гэдэг нэр өгч, одоо 1 жил 9 сар нөхөр бид хоёрын асрамжид эрүүл саруул өсөж бойжиж байгаа, хэлд орж, бид нарт бүрэн дассан, бид нарыг аав, ээж гэж дууддаг.Бид одоо 2 жил гаруй асарч буй хүү А-г хэзээ ч д өгөхгүй гэж бодож байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү А төрсөн нь тогтоогдсон. Гуравдагч этгээд К.А нь ы хүүхдийг булааж, хүч хэрэглэж авсан уу, хуурамч бичиг баримт ашиглаж авсан уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд “нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллага хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалахад анхаарлаа хандуулна” гэж заасан байгаа. Гуравдагч этгээдийн хувьд урьдаас төлөвлөөд ы хүүхэд төрмөгц түүний хүүхдийг авах гэсэн субьектив санаа огт байгаагүй юм. Хэрэгт авагдсан гэрч Т.К, Сандугаш, М нарын мэдүүлгийг хооронд нь харьцуулж үзэхэд нэхэмжлэгч гэнэт төрөх болоод эмнэлэгт хэвтүүлэх гэхээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр нь байхгүй байсан. Ингээд К.Аын эрүүл мэндийн даатгалын дэвтрээр нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтүүлэхээр болж түүнийг дуудсан байдаг. Энэ бол ямар нэгэн байдал урьдчилан төлөвлөөгүй, тохиолдлын зүйл байгаа. К.Аын бичиг баримтыг ашиглах санаачилгыг М гаргасан байсан ба гуравдагч этгээд д туслахыг бодож бичиг баримтаа ашиглуулахыг зөвшөөрсөн байгаа. Энэ нь Мийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа. нь хүүхэд төрүүлээд эмнэлгээс гарахдаа өөрийн хүүхдийг авахаас татгалзсан үйлдэл болсон ба энэ нь мөн гэрч Мийн мэдүүлгээр нотлогдож байгаа. нь хүүхдээ авахаас татгалзаад зогсохгүй, хүүхдээ сэгсэрсэн, түлхсэн гэх зэрэг зүй бус үйлдэл гаргасан учраас М нь өнөөдөр хүүхдээ авахаас татгалзаж, ийм зүй бус үйлдэл гаргаж байгаа, маргааш хүүхдээ алах гэж магадгүй, түүний хүүхдийг чи аваад явчих гэж гуравдагч этгээдэд хүүхдийг авахыг санал болгосон. Тэгээд туслах зорилгоор гуравдагч этгээд тухайн хүүхдийг аваад явсан асуудал байгаа. Үүний дараа нэхэмжлэгч нь хүүхдээ өөрөө авъя гэж нэг ч удаа К.Ат очиж байгаагүй болно. Ийм үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Дараа нь 2017 оны 08 сар хүртэл ямар үйл баримт болсон бэ гэдгийг харах ёстой. Энэ хооронд нэхэмжлэгчийн зүгээс та нар энэ хүүхдийг аваарай, надад хүүхэд асрах боломж байхгүй, би суралцаж байгаа, мөнгө төгрөг өгөөрэй гэсэн зүйл ярьж байсан. Мессеж хүртэл бичиж байсан юм. Дараа нь талууд хоорондоо ярилцаж байгаад нэхэмжлэгч нэгэнт хүүхдээ асрах боломжгүй гэсэн учраас гуравдагч этгээдийн талаас д 1 сая төгрөг өгсөн байдаг. Дараа нь мөнгө төгрөгийн асуудал дахиад гарч ирэхэд ярилцаж байгаад дахин мөнгө өгөх шаардлагагүй гэж үзээд энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний хүүхдийг К.А хууль бусаар авсан, өөрийнхөө нэр дээр хууль бусаар бүртгүүлж авсан, би хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна гэх агуулгаар Цагдаагийн газарт гомдол гаргасан ба үүнийг цагдаагийн байгууллагаас шалгасан. Энэ хооронд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн талд тусдаа яриа байсан ба мөнгө өгвөл би өргөдлөө татаж авна, чи хүүхдээ асарч хамгаалаарай гэдэг асуудал яригдсан.2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэр гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар захиргааны хэргийн шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****тоот регистрийн дугаартай Х овогт К.А-г төрсний бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах асуудлыг хэлэлцэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээж авах, хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах учиртай. Нэхэмжлэгч нь энэ бүртгэлийг хууль бусаар хийсэн болохыг анх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн байдаг. Энэ нь гэрч Мийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “миний хүүхдийг 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр К.А өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж авсныг мэдсэн, миний хүүхдийг аваад өгнө үү” гэж хэлж байсан. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэгч 06 дугаар сарын 01-ээс эхлэн мэдсэн гэж үзэхэд нэхэмжлэгч өөрийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгуулахаар 30 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхээ эдлээгүй, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст төрсний бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг анх удаа саяхан гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын эхээр хууль бус захиргааны актын талаар мэдсэн бол хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргахгүй хаана явж байсан бэ гэдэг асуудал гарч байгаа. Тийм учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч хүүхдийг өөртөө авснаар хүүхдийн эрх яах вэ гэдэг асуудлыг харах ёстой. Хүүхэд хоёр нас хүрэх гэж байгаа, төрснөөс хойш гуравдагч этгээдийн асрамжид өсөж бойжиж байгаа. Мөн гуравдагч этгээд Т.К, К.А нарыг аав, ээж гэж дууддаг, тэднийг өөрийн эцэг, эх гэж боддог. Нэхэмжлэгчийн зүгээс эдийн засаг, мөнгөний ашиг сонирхлоор хүүхдийг авах зорилготой байгаа нь анзаарагдаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангах ямар ч боломжгүй байгаа. 1016 дугаартай төрсөн тухайн эмнэлгийн гэрчилгээ, маягт зэрэг баримтууд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч эдгээр баримтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй, тухайн маягт, төрөлтийн түүхийг хөтөлсөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн холбогдох албан тушаалтнуудыг хариуцагчаар тодорхойлж ирүүлээгүй байна. Энэ төрөлтийн талаарх маягт хүчин төгөлдөр байхад бүртгэлийг хүчингүй болгох уу, иймээс нэхэмжлэлийн шаардлыг хангах боломжгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****регистрийн дугаартай, Х овогт К.А-г төрсний бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг улсын бүртгэлд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****регистрийн дугаартай, Х овогт К.А-г 2017 оны 05 дугаар сарын 19-нд төрсний бүртгэлийн 8301000374 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулсан болно.
Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүү төрүүлсэн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарахад түүний хүүг гуравдагч этгээд К.А авч явсан байна. Улмаар К.А нь 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тухайн хүүхдийн төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээнд “Каримхан овогтой Айнур, 31 настай, жирэмслэлт 1, төрөлт 1, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутад 3500 жинтэй,52 см өндөртэй, хүү хэвийн төрүүлсэн нь үнэн болно” гэж бичүүлж авсан байна. Үүний дараа 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр К.А болон түүнтэй хамт амьдарч байгаа Т.К нь /гэрлэлтээ бүртгүүлээгүй/ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Өлгий сум хариуцсан улсын бүртгэгчид дээрх эмнэлгийн магадлагааг хавсарган, уг хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэхээр “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүүхэдтэй болсон, хүүдээ А гэж нэр өгсөн, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд хүү А-г эцэг нь болох К-ээр овоглон төрсний гэрчилгээ олгох” тухай өргөдөл гаргасан байна. Уг өргөдөл болон хавсаргаж өгсөн баримт бичгийг үндэслэн ****регистрийн дугаартай,Х овогт К.А 2017 оны 05 дугаар сарын 09-нд төрснийг төрсний бүртгэлд эцэг нь Х овгийн Т.К /бж87061674/, эх нь Барахсүйиндик овгийн К.А /бз86030306/ гэж 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч ы 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрүүлсэн хүүхдийг К-ээр овоглон А гэсэн нэрээр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлснээ гуравдагч этгээд К.А, Т.К нар нь хүлээн зөвшөөрч байгаа, өөрөөр хэлбэл тухайн хүүхэд ы төрүүлсэн хүүхэд болох энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Харин гуравдагч этгээд К.А, Т.К нар “ нь хүүхдээ өөртөө авахаас, асрахаас татгалзсан ба нялх хүүхдийн буруу байхгүй тул хүүхдийг өөртөө авахаар шийдсэн. асран хамгаалах үүргээ нэг ч удаа биелүүлээгүй, хүүхдийг зөвхөн мөнгөний ашиг сонирхлын үүднээс буцаан авах гэж байгаа, уг хүүхдэд бид А гэж нэр өгч, одоо 1 жил 9 сар бид нарын асрамжид эрүүл саруул өсөж байна, хүүхдийг д өгөхгүй” гэж маргасан ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “... хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана” гэж заасан гэсэн тайлбар гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар ... дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан иргэний улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бүртгэл хууль ёсны эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах юм. Өөрөөр хэлбэл ы төрүүлсэн хүүхдийг К.А нь хууль бусаар авсан эсэх, нь хүүхдийн талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, эцэг, эх байх эрхээ алдах эсэх, тухайн хүүхдийг хэний асрамжид үлдээх гэсэн асуудлаар дүгнэлт хийхгүй бөгөөд мөн нэхэмжлэгч нь “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-г төрүүлсэн эхийн асрамжид буцаах” гэсэн шаардлагатай нэхэмжлэл тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан ба энэхүү ы нэхэмжлэлтэй, К.А, Т.К нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн[2] байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Уг бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4-т улсын бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой байх зарчмыг баримтлахаар заасан,17 дугаар зүйлийн 17.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1-д “Эцэг, эх ....... хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр овог, өгнө”, 24.3-т “Хүүхэд эцгийн нэрийг авна”, 24.4-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж тус тус зохицуулжээ.
Дээрх зохицуулалтуудаас үзэхэд хүүхдэд нэр, овог өгөх, хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх нь эцэг, эхийн эрх, үүрэгт хамаарахаар заасан, мөн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээдэд өргөдөл болон хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэг хүлээлгэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч ы төрүүлсэн хүүхдийг гуравдагч этгээд К.А нь бодит байдлыг нуун дарагдуулж өөрөө төрүүлсэн гэж хуурамч эмнэлгийн магадлагаа бичүүлэн авч, улмаар уг хүүхдийн эцэг, эх нь биш мөртлөө тухайн хүүхдийн эцэг, эх гэж өргөдөл гарган улсын бүртгэлд хүүхдийн эцэг нь Т.К, эх нь К.А гэж бүртгүүлсэн нь хууль бус буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус зөрчсөн бөгөөд бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимтай нийцээгүй, мөн уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч ы дээрх хуулиудад заасан хүүхдийн талаар эцэг, эхийн хувьд эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Тухайн хүүхдийн эцэг тогтоох асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр хүүхдийг Т.К, К.А нарын нэр дээр бүртгүүлсэн, бүртгэл нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа тул эцэг тогтоолгох асуудлаар шүүхэд хандах боломжгүй болж байгаа” гэж тайлбарласан ба Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1-д “хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаас нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”, 8 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хуульд заасан иргэний харьяалалтай байх, нэр авах, гэр бүлийн холбоогоо хадгалах зэргээр хувийн онцлог байдлаа хадгалах хүүхдийн эрхийг хүндэтгэх, үүнд хууль бусаар оролцохгүй байх үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан тул тухайн хүүхдийн хувьд уг эрхүүд нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “Нэхэмжлэгч нь энэ бүртгэлийг хууль бусаар хийсэн болохыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. Энэ нь гэрч Мийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 22, 09 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэргийн хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын эхээр хууль бус захиргааны актын талаар мэдсэн бол хоёр жилийн хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандаагүй, Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргахгүй хаана явж байсан бэ гэдэг асуудал гарч байгаа. Тийм учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж маргасан.
Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын сүүлээр “Миний хүүхдийг авч зугтаасан К.Ааас хүүхдээ эргүүлж авах” гэсэн асуудлаар аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтнуудад амаар хандаж байсан, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бичгээр гомдол гаргаснаар 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “К.А нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өөрийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээр хэвтүүлж,ы төрөлтийн түүх, нярайн түүх, төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ зэргийг хуурамчаар бичүүлж, хуурамчаар бичигдсэн төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээг ашиглан ы төрүүлсэн хүүхдийг өөрөө төрүүлсэн мэтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст материал бүрдүүлэн өгч төрсний гэрчилгээ гаргуулсан” үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Уг хэргийг аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5/27 дугаар тогтоолоор хаасан, үүнийг эс зөвшөөрч аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарын 21–ний өдрийн 5/51 дүгээр тогтоолоор “эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А-ын төрүүлсэн эх мөн болохыг тогтоолгох, хүүг төрүүлсэн эхийн асрамжид буцаах тухай” шаардлагатай нэхэмжлэл гаргаж, шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 130/ШШ2018/00089 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргаснаар тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 212/МА2018/00051 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Нэхэмжлэгч аас хяналтын журмаар гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 0001/ХТ2018/01377 дугаар тогтоолоор уг магадлалыг хэвээр үлдээсэн байна. Үүний дараа нэхэмжлэгч нь төрсний бүртгэлийг хүчингүй болгуулахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргад гомдол гаргасан байх ба тус хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1073 дугаар албан бичгээр “... маргаантай асуудал байх тул шүүхээр маргаанаар шийдвэрлүүлсний дараа манай байгууллагад бүртгүүлэх нь зүйтэй байна” гэж хариу өгснөөр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар [3] тогтоогдож байна.
Дээрх байдлаар нэхэмжлэгч нь төрүүлсэн хүүхдээ эргүүлэн авах асуудлаар эхлээд эрүүгийн журмаар шалгуулахаар аймгийн Цагдаагийн газарт хандсан,уг гомдлын дагуу нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж,улмаар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос “...Иргэн Н нь хүүхдээ авахыг хүсэж байгаа бол уг хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар бүртгэлийн байгууллага эсхүл иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх зүйн боломж нээлттэй байна” гэж хариу өгснөөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд “2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн К.Аын эцэг нь Т.К, эх нь К.А болох нь захиргааны журмаар тогтоогдсон, уг бүртгэл хүчингүй болсон мэдээлэл хэрэгт байхгүй байхад шүүх ы нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 22,23 дугаар зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-г зөрчжээ” гэсэн тул уг төрсний бүртгэлийн талаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өргөдлийн хариуг авч, үүнээс хойш 30 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.1.1-д заасантай нийцсэн гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4,17 дугаар зүйлийн 17.3, Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ****регистрийн дугаартай, Х овогт К.А-г 2017 оны 05 дугаар сарын 19-нд төрсний бүртгэлийн 8301000374 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1] Хэргийн 1-3,6,32-36,37,50,51-57,58-59,62-65,66-67,74-75,76-77,78-79,91,94-р хуудас
[2] Хэргийн 114-р хуудас
[3] Хэргийн 1-3, 7,8-10,46-47,50,81,83-84,104-106,111-113,121,123-124,132,142-р хуудас