Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 40

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайтын 6-62 тоотод оршин суух хаягтай, Өмнөговь аймгийн Ханбогд сум номгон баг, Хөөврийн 12-12 тоотод түр оршин суух, Ухаанууд овогтГомбодоржийн Мөнгөнцэцэг /РД:ЖЭ80062301/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Жавхлант баг, Гоёотын 5-10  тоотод оршин суух Боржгин овогт Чогсомын Үүжээ /РД:КЙ73040665/, Боржигон овогт Баярсайханы Төмөрсүх /РД:КЙ94050811/ нарт холбогдох 220.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ч.Үүжээ гэгч эмэгтэй над дээр ирж миний хүү хулгайн хэрэгт холбогдоод байна. Хүү маань бичиг үсэг огт мэдэхгүй болохоор заавал өмгөөлөгч авах шаардлагатай болоод байна гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр өмгөөллийн хөлсийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр харилцан тохиролцсон. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас өмгөөллийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ хуулийн хүрээнд бүрэн дүүрэн үзүүлсэн. Хариуцагч нар нь үйлчилгээний төлбөр 500.000 төгрөгөөс 280.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл 220.000 төгрөгийг одоо өгөхгүй байна. Үйлчлүүлэгч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3-т зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг шаардуулахгүйгээр төлөх үүрэгтэй. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар, өмгөөлөгч та хүн дарамтлаад байна, танд хүн дарамтлах эрх байхгүй, маргааш өгнө, одоо өгнө гэх мэтээр ухамсаргүй явдал гаргаж байгаад харамсаж байна. Дээрх хариуцагч нар нь тус бүрдээ ажил хийдэг, цалин орлоготой бөгөөд Б.Төмөрсүхийн цалин сар бүрийн 20-нд олгогддог юм. Иймд Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нараас 220.000 төгрөгийг гаргуулан өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ч.Үүжээ миний бие Гомбодоржийн Мөнгөнцэцэгтэй өмгөөллийн гэрээ байгуулсан юм. Түүний нэхэмжилсэн 500.000 төгрөгөөс 220.000 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн болно. Энэ нэхэмжилсэн 220.000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэг нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 220.000 төгрөгийг хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нар нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэгтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан 500.000 төгрөгийн төлбөрөөс 220.000 төгрөг төлөөгүй, үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тухай хариу тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэгийг хохиролгүй болгохоор шүүхэд хариу тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 220.000 төгрөг гаргуулах тухай Г.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлийг хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.250 төгрөгөөс 3.625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогын 211000134959 тоот данснаас 3.625 төгрөг, хариуцагч Ч.Үүжээ, Б.Төмөрсүх нараас 3.625 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнгөнцэцэгт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО