Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00915

 

2017 оны 04 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00915

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоот, өөрийн байранд оршин байгаа “Жи-Мобайл” ХХК  /РД-5055873/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25-1 дүгээр гудамж 143  тоотод оршин оршин суух Боржигон овогт Буянцогтын Элбэгбаяр /РД-ЗЮ79043037/-т  холбогдуулан гаргасан,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Элбэгбаяр нь манай компанитай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1124692 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Элбэгбаяр нь одоогийн байдлаар манай компанид NP-10 төхөөрөмжийн 200,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.

          Иймд Б.Элбэгбаяраас төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 200,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал үндсэн төлбөр болох 200,000 төгрөг, алданги 100,000 төгрөг, нийт 300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 100,000 төгрөгөөс татгалзан, үлдэх 200,000 төгрөгөөс Б.Элбэгбаяр 50,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлсөн бөгөөд үлдэх 150,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.  

 

          Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Б.Элбэгбаяраас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 300,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 /гурван зуун мянган төгрөг/ төгрөгийн 100,000 / нэг зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгөөс хариуцагч Б.Элбэгбаяр нь 50,000 төгрөгийг төлж, үлдэх 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.   

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь С.Амаржаргалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзлээ.

Иймээс шүүх, зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,325 төгрөг, хариуцагч Б.Элбэгбаяраас 3,325 төгрөгийг тус тус гаргуулан “Жи мобайл” ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.”Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Элбэгбаярт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,000 /гурван зуун мянган төгрөг/ төгрөгийн 100,000 / нэг зуун мянган/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 200,000 /хоёр зуун мянган/ төгрөгөөс хариуцагч Б.Элбэгбаяр нь 50,000 төгрөгийг төлж, үлдэх 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор “Жи-Мобайл” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,325 төгрөг, хариуцагч Б.Элбэгбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 3,325 төгрөгийг тус тус гаргуулан “Жи-Мобайл” ХХК-д буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

                               

ШҮҮГЧ                              Ч.ЦЭНД