Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/14

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021            01               19                                                  2021/ШЦТ/14                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Л.Баярмагнай, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ч.М холбогдох эрүүгийн 2034000000615 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1967 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овгийн Ч.М,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Л.Баярмагнайг өшиглөж биед нь зүүн талын 3-10-р хавирганууд, бүсэлхийн 1, 2-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, Хэвлий, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ч.М:

...2020 оны 09 дүгээр сарын 15-нд Л.Баярмагнай ахын үүдэнд тараад агаарын сааталтай өдөр байсан болохоор Болдоо бид 3 хөзөр тоглож байгаад Л.Баярмагнай ах жоохон уусан халамцуу байсан. Таныг орж ирж байхад архи гэсэн чинь  нэг юм уучихмаар байна гэсэн. Тэгээд нэхээд байхаар нь нэг шил архи өгсөн. Нэлээн сууж байгаад сүүлийн архи талдаа ороод байж байтал намайг Л.Баярмагнай ах үгээр идээд байхаар нь би хөшиглөсөн. Тэгээд гэрээс гарахгүй байхаар нь Би 2,3 удаа хөөж гаргаад эргээд наашаа ирэхээр нь хоёуланг түлхсэн чинь давхралдаад ойчсон. Тэгээд маргааш нь ахаа яаж байна гээд гэрт нь яваад очсон. Орон дээрээ суусан байж байсан тэгээд би гэм буруугаа хүлээж эмнэлэгт үзүүлэх үү унаа тэргээр туслах уу гэсэн.. Тэгээд ахдаа 300 000 төгрөг өгчих гэсэн. Өөр юм болоогүй... гэж,

 

Хохирогч Л.Баярмагнай: ...2020 оны 09 дүгээр 15-ны  шөнө болсон. Би гэрт байхад Ч.М ирээд тэднийд очиж тоглоод тэндээ 2 шил архи уусан. Бид хоёр маргалдсан зүйл байхгүй намайг хөшиглөөд унагасан тэгээд би босож ирж чадаагүй.Тэгээд Болдоо салгалаад бид хоёр гарахад Ч.М араас түлхээд сааданд тээглэж унасан.  Болдоо Ч.М салгаад тэгээд би гэртээ орсон. Ч.М маргааш нь над дээр ирээд уучлалт гуйгаад ах нь чамайг чирээд яах вэ зардлыг мөнгө төгрөг өгчих гэсэн.  Тэгээд гэмтэл дээр очоод рентген болон эхо-оор харуулаад тэгээд тодруул гэхээр Мөнгөн гүүр эмнэлэгт очиж 120 000 аар зураг авхуулаад,  3 дугаар эмнэлгийн тэнд хувийн эмнэлэгт 10 хоноод гарсан.  Тэгээд гэрийн эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм барьсан. Одоо удаан зогсож алхаж явж чадахгүй гэрийн дэглэмд байна. Би хавар 25 га-“д ногоон тэжээл тарьсан. 30 га-д  төмс, хүнсний ногоо тарьсан. Тариа ногоо хураалт эхлээд 032 дугаар ангиас 40 цэрэг авсан. Тэгээд төмсөө хураагаад ажил ид эхэлж байсан. Бэртэж гэмтээд эмнэлэг явахад хүүхэд ганцаараа үлдээд газар тариалангийн ажил сайн мэдэхгүй. Би өөрөө бүгдийг зохицуулдаг.  Тухайн үед ногоон тэжээлээ  хугацаанд нь хурааж авч чадахгүй мал оруулаад 15 га ногоон тэжээл хурааж авч чадаагүй мөн 5 га төмс хурааж авч чадаагүй хөлдөөсөн гэв. Гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд дээр яагаад 3 болон 10 дугаар хавирга хугарсан гэж яриад байгаа юм бол. Надад ирсэн дүгнэлт хавтас хэрэгт байхгүй юм шиг санагдаж байна. Би дунджаар бодож 5 га төмс 75 тонныг хурааж авах байсан тэрийгээ 400-гаар бодоод 30 000 000 төгрөг,  ногоон тэжээл 10 га-г хураан авч чадаагүй бөгөөд 2000 боодол өвс 8000-аар бодоод 16 000 000 төгрөг, нийтдээ 46 000 000 төгрөг  шинээр гаргаж өгсөн эм тарианы одоо хүртэл эмчлүүлж байгаа баримт 393 400 төгрөг зэргийг нэхэмжилж байна... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000000615 дугаартай хэрэгт хохирогч Л.Баярмагнай /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, гэрч Ч.М /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Д.Болдоо /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Л.Баярмагнай /хх-ийн 19-20 дугаар хуудас/, яллагдагч Ч.М /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11114 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, хохирогч Л.Баярмагнайгийн хохирлын баримтууд /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хохирогч Л.Баярмагнайд хохирол төлсөн баримт /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-43, 44-48, 50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.М нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт иргэн Л.Баярмагнайг өшиглөж биед нь зүүн талын 3-10 дугаар хавирганууд, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлий, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах  

хохирогч Л.Баярмагнайгийн ...М намайг сандал дээр сууж байхад цээжний зүүн тал руу нэг удаа өшиглөсөн. 1 удаа өшиглөхөд би газар унасан. Намайг унангуут хоёр, гурван удаа өшиглөсөн. Тэгэхээр нь Болдоо М салгасан чинь Болдоо бид 2 М гараад зугтаасан чинь ардаас намайг цохиод хайлс давуулж унагаагаад дахин 4 удаа өшиглөхөд Болдоо М салгаад буцаад М руу ороход нь би зугтаагаад гэр рүүгээ харьсан. Тэгээд би маргааш нь эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь бие өвдөөд босож чадахгүй байж байгаад зодуулснаас 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу явж ГССҮТ-д үзүүлсэн... ...надад эхлээд 300.000 төгрөг, дараа нь 843355 төгрөгийг тус бүр дансаар өгсөн. Өөр мөнгө өгөөгүй... ...би гомдолтой байна. Би бие эрүүл мэндээрээ их хохирсон. Хөдөлмөрийн чадвараа их алдсан. Би газар тариалангийн ажил эрхэлдэг юм. Энэ асуудлаас болоод би энэ жилийн намрын ургац хураалтын ажлаа хийгээгүй... /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

гэрч Д.Болдоогийн ...Баярмагнай ахыг жижиг сандал дээр сууж байхад нь М босож ирээд сандал руу нь өшиглөөд газар унагаасан. Тэгээд би М чи настай хүнийг тархи толгой руу нь өшиглөв гээд хамгаалаад авсан. Тэгээд Баярмагнай ах М хоёр салгаад би Баярмагнай ахыг аваад М байшингийн урд талын явган төмөр хашаан дээгүүр давж байсан чинь араас М түлхээд бид хоёр давхралдаад унасан. Би Баярмагнай ахыг босгоод одоо гэртээ харь гэж хэлээд явуулсан. Би гэр рүүгээ явсан... ...Баярмагнай ахыг М сандал дээр сууж байхад нь хөлөөрөө өшиглөсөн. Цээж хавь руу нь тийрсэн. Түүнээс өөр газар унасан байхад нь хөлөөрөө дэвссэн асуудал байхгүй. Тэгээд Баярмагнай ах гарч явахдаа М шарыг малтаад элдвээр хэлээд л байсан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Л.Баярмагнайгийн ...М намайг сандал дээр сууж байхад өшиглөж унагаад нуруу гэдэс рүү хөлөөрөө өшиглөсөн. Увс Болдоо Мболиоч настай хүн аллаа гээд толгойг минь тэврээд авсан гэж хэлсэн. Би М, Болдоо хоёрт сүүлд нэг шил архи авч өгсөн. Тэгэхэд л тэрийг ууж дуусаагүй маргалдаад намайг зодсон... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч Ч.М ...өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв... ...би бусдад учруулсан хохирлоо эхлээд 300.000 төгрөг, дараа нь 843.355 төгрөгийг эхнэр Отгонжаргалын данснаас эмчилгээний зардалд тус бүр шилжүүлсэн... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11114 дугаартай ...Л.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/, хохирогч Л.Баярмагнайгийн хохирлын баримтууд /хх-ийн 58-60 дугаар хуудас/, хохирогч Л.Баярмагнайд хохирол төлсөн баримт /хх-ийн 49 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.М хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-43, 44-48, 50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Баярмагнай, түүний өмгөөлөгч Анхзаяа нарын Алтантүлхүүр, Баярбат нарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн.

Учир нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд дээрх хоёр этгээд нь тухайн хэрэгт гэрчээр тогтоогдоогүй, мэдүүлэг өгөөгүй байх тул шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжгүй юм.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ч.М нь Л.Баярмагнайгийн биед зүүн талын 3-10 дугаар хавирганууд, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлий, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулжээ.

Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Л.Баярмагнайгийн биед нь зүүн талын 3-10 дугаар хавирганууд, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлий, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн цохиж зодсон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Ч.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Баярмагнайгийн биед зүүн талын 3-10 дугаар хавирганууд, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, хэвлий, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байна. 

  

Хохирогч Л.Баярмагнай нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний болон нааш цааш явсан бензин, шатахууны зардалтай холбоотойгоор мөрдөн байцаалтын шатанд 1.133.905 /нэг сая нэг зуун гучин гурван мянга есөн зуун тав/ төгрөгийг, шүүхийн шатанд шинээр 419.101 /дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг баримтаар, олох ёстой байсан орлого 46.000.000 /дөчин зургаа сая/ төгрөгийг баримтгүйгээр тус тус гарган нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч Ч.М хохирогч Л.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжилсэн 1.133.905 /нэг сая нэг зуун гучин гурван мянга есөн зуун тав/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 11-14 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Харин шүүхийн шатанд шинээр гаргаж баримтаар нэхэмжилсэн 419.101 /дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараагаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс тогтоосон хохирол, хор уршигт 419.101 /дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ....шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно... гэж зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар 30 минутын завсарлага авах тухай гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 30 минутын хугацаагаар завсарлуулах тухай шийдвэрийг гаргалаа.

 

Уг завсарлагын хугацаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогч Л.Баярмагнайд шүүх хуралдаанд шинээр гаргаж баримтаар нэхэмжилсэн 419.101 /дөрвөн зуун арван есөн мянга нэг зуун нэг/ төгрөгийг 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөг болгож нэмэгдүүлсэн дүнгээр төлсөн ба энэ нь талуудын хооронд хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримтаар нотлогдож байна.

 

Түүнчлэн хохирогч Л.Баярмагнайгийн шүүхийн шатанд баримтгүйгээр нэхэмжилсэн олох ёстой байсан орлого 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг уг шаардлагатай нь холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй, тэгээд ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, уг хохирлын улмаас үүссэн үр дагавар гэж үзэх үндэслэлгүй учир хор уршиг гэж үзэхгүй.

 

Иймд хохирогч Л.Баярмагнайгийн олох ёстой байсан орлого 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.М энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

 

Жич: Хохирогч Л.Баярмагнай нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.М хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Ч.М долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Ч.М торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгч Ч.М

 нь оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.  

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034000000615 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.М

 нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

             шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                   37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

                                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Ч.М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ч.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

 

4. Шүүгдэгч Х овгийн Ч.М шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2034000000615 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

            6. Хохирогч Лхагваагийн Баярмагнайгийн олох ёстой байсан орлого 46.000.000 /дөчин зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ч.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Ч.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ш.ГАНДАНСҮРЭН