Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Жавхлантад оршин суух Бушаа овогт Мөнхбаярын Ганчимэг /РД:КБ87052105/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, 3-1 тоотод оршин суух Хунцагаан овогт Цэцэгжаргалын Адъяахүү /РД:КЙ87081772/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганчимэг, хариуцагч Ц.Адъяахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Мөнхбаяр овогтой Ганчимэг миний бие нь 2008 онд Цэцэгжаргал овогтой Адьяахүүтэй танилцсаны улмаар гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 10 сарын 30-нд Ганчимэгийн Базаррагчаа, 2012 оны 11 сарын 17-нд Адьяахүүгийн Гүрбазар, 2015 оны 04 сарын 05-нд Адьяахүүгийн Үүлэнсолонго нар төрсөн. Бид зан үйлийн харьцааны улмаас цаашид хамтран амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү охин маань Мөнхбаярын Ганчимэгийн миний асрамжид амьдарс өсч торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул миний нэхэмжлэлийг хүлээн авч хүү Базаррагчаа, Гүрбазар, охин Үүлэнсолонго нарыг миний асрамжид үлдээж өгнө үү. Одоог хүртэл намайг Цэцэгжаргалын Адьяахүү нь хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүйгээр хэлээд байна. Иймд Цэцэгжаргалын Адьяахүүгээс 3 хүүхдийн тэтгэлэг толтоолгох хүсэлтэй байна. Цэцэгжаргалын Адьяахүү нь Мөнхбаярын Ганчимэг намайг шүүхэд хурдан нэхэмжлэл гарга гэж хүсээд байгаа юм. 3 хүүхдийнхээ тэтгэлгийг өөрөө төлнө гэж байсан учир уг хүсэлтийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ц.Адъяахүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Адъяахүү миний бие М.Ганчимэгийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 28-ны өдөр гардан авлаа. Ц.Адъяахүү миний бие М.Ганчимэгтэй 2008 оноос хойш хамтран амтдарч 2009 онд том хүү Базаррагчаа төрж, 2012 онд хүү Гүрбазар, 2015 онд охин Үүлэнсолонго нар төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2016 оны 09 сараас хойш тусдаа амьдарч байна. Миний бие Цагаан хаданд нүүрсний шланз барьж байгаа бөгөөд Ханбогд суманд гэртээ байнга ирээд байх боломж бага болж Цогтцэций суманд өөрийн эцэг эхийн гэр болох Цагаан-Овоо баг, 3-1 тоотод амьдарч байсан.

Миний бие аж амьдралаа дээшлүүлэх зорилгоор нүүрсний машин барьж явж байгаа бөгөөд ар гэртээ хандах хандлага багассан нь үнэн болно. Цаашид ухаантай ухамсартай амьдарч, өөрийн гэр бүлээ авч явах хүсэлтэй байгаа бөгөөд 3 хүүхдээ өнчрүүлэхгүйгээр аж амьдралаа дээшлүүлэн амьдрах хүсэлтэй байна. Эхнэр М.Ганчимэгтэй багахан зэргийн асуудлаас болж маргалдан үл ойлголцсон юм. Цаашид ахиж ийм асуудал гаргахгүй гэр бүлтэйгээ хамтран амьдрах хүсэлтэй байна. М.Ганчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс бидэнд эвлэрэх боломж олгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Ц.Адъяахүү нь өөр хүнтэй суусны улмаас тусдаа амьдрах болсон. Иймээс 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагч Ц.Адъяахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Тухайн үед миний алдаанаас болж манай гэр бүл 2 тийшээ болсон. Эргээд Ганчимэгтэй нийлэхийг хүсэж уучлалт гуйсан боловч намайг хүлээж аваагүй. Иймээс эцэг хүнийхээ үүргийг биелүүлж хуульд заасан тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 3 хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ганчимэг нь хариуцагч Ц.Адъяахүүд холбогдуулан 3 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Ц.Адъяахүү нь хүү Базаррагчаа, хүү Гүрбазар, охин Үүлэнсолонго нарыг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Иймд 2009 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн хүү Г.Базаррагчаа, 2012 оны 11 сарын 17-нд төрсөн хүү А.Гүрбазар, 2015 оны 04 сарын 05-нд төрсөн охин А.Үүлэнсолонго нарыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгүүдэд зааснаар түүнийг 11 нас хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Ц.Адъяахүүгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10 дугаар сарын 30-нд төрсөн хүү Г.Базаррагчаа, 2012 оны 11 сарын 17-нд төрсөн хүү А.Гүрбазар, 2015 оны 04 сарын 05-нд төрсөн охин А.Үүлэнсолонго нарыг 11 нас хүртэл хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Ц.Адъяахүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Адъяахүүгээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ганчимэгт олгож, мөн 3 хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбоотойгоор хариуцагч Ц.Адъяахүүгээс 62.815 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаангүйг  дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Адъяахүү нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар М.Ганчимэг нь Ц.Адъяахүүг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БАТТУЛГА