| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
2021 01 19 2021/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Г.Б холбогдох эрүүгийн 2034000000647 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1962 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153.2, 109а-д зааснаар 2 жилийн хорих ял, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ө овгийн Г.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б нь согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Ц.Болормааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000647 дугаартай хэрэгт хохирогч Ц.Болормаа /хх-ийн 05-06, 07 дугаар хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, яллагдагч Г.Б /хх-ийн 19-20 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12781 дугаартай дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-33, 36-40 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б нь согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Төв аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутагт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Ц.Болормааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Ц.Болормаагийн ...манай хамтран амьдрагч Б нь 2020.11.03-ны өдөр гэртээ согтуу орж ирээд хоол хийгээд өг гэхээр нь хийх гээд өшиглөөд авсан би босоод зуухаа тойроод зугтаасан хөөгөөд 3 удаа өшиглөж авахаар нь гараад зугтаахад араас модон сандал шидээд ар нуруу руу зохисон би хажуу айл руугаа орж цагдаад дуудлага өгөөдөх гэж хэлээд буцаж гэртээ ороход ахиад цээж рүү өшиглөсөн ийм л юм болсон... /хх-ийн 6 дугаар хуудас/,
хохирогч Ц.Болормаагийн ...би өмнө нь нэг удаа хохирогчийн мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Надад 200.000 төгрөг эмчилгээний зардалд өгсөн. .../хх-ийн 7 дугаар хуудас/,
яллагдагч Г.Б ...2020 оны 11 сарын 03-ны өдөр хамтран амьдрагч Болороотой 2 шил 0.5 литрийн хараа нэртэй архи хувааж уугаад би унтчихсан. Тэгсэн чинь Болороо намайг дуудаад архинд яв гэхээр нь би явахгүй гэж хэлтэл май гөлөг минь гээд салаавч өгсөн. Тэгэхээр нь би 1 удаа гуя хэсэг рүү нь өшиглөсөн, өөр яаж зодсоноо санахгүй байна. тэгээд удалгүй намайг цагдаа ирээд аваад явчихсан. Би тухайн үед нэлээн согтчихсон байсан. би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .../хх-ийн 20 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12781 дугаартай ...Ц.Болормаагийн биед баруун гуя, умдаг, баруун эгэм, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 22-33, 36-40 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Болормаагийн биед хөнгөн гэмтэл учруулжээ.
Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биеийн баруун гуя, умдаг, баруун эгэм, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн түүний хамтран амьдрагч Ц.Болормааг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгсэд, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг,
мөн хуулийн 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”-г гэж тус тус ойлгохоор хуульчилсан ба дээрх этгээдүүдэд хөнгөн хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж... гэсэн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Болормаагийн биед баруун гуя, умдаг, баруун эгэм, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд шарх бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Г.Б хохирогч Ц.Болормаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан хохирогч Ц.Болормаагийн мэдүүлэг, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2034000000647 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн Г.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө овгийн Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Г.Б шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө овгийн Г.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2034000000647 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН