Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00038/И |
Дугаар | 42 |
Огноо | 2017-04-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо багт оршин суух Халзан морьт овогт Норовын Наранцэцэг /РД:КН61051716/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:"Норов овогтой Наранцэцэг миний бие 1977 оны 01 сараас 1986 оны 7 сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт “Гэрэлт зам” нэгдэлд малчинаар, 1986 оны 07 сараас 1990 оны 12 сар хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт “Өгөөмөр” нэгдэлд малчинаар тус тус ажиллаж байлаа. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх ямар ч баримт байхгүй. Энд тэнд шүүлгэж үзээд баримт олдохгүй байна. Иймд намайг 1977 оны 01 сараас 1986 оны 7 сар хүртэл “Гэрэлт зам” нэгдэлд, 1986 оны 07 сараас 1990 оны 12 сар хүртэл “Өгөөмөр” нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Гэрч болох Б.Мөнхдэлгэр /хаяг Цогтцэций сум Цэций уул 5-8 тоот 88861155/ Ж.Ургамалцэцэг Ханхонгор сум 89218821, 88776584/ С.Чулуу /Цогтцэций сум, Цагаан овоо баг, Нарангийн цонх 88563418” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Би 13 настайгаас эхлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт мал маллаж байсан. Мөн 1986 оны 7 сараас 1990 оны 12 сар хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт мал маллаж байсан. Нэгдэл тарах үед миний хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон. Одоо тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилласан жил хүрэхгүй байгаа. Иймээс 1977 оны 1 сараас 1986 он хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сум “Гэрэлт зам” нэгдэлд, 1986 оны 7 сараас 1990 оны 12 сар хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Өгөөмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 656 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 404 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Наранцэцэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багт “Гэрэлт зам” нэгдэлд 1977 оны 01 сараас 1986 оны 07 сар хүртэл хоньчиноор, 1986 оны 07 сараас 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг “Өгөөмөр” нэгдэлд ямаа маллаж малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ж.Ургамалцэцэгийн:”Би 1973 оноос 1990 он хүртэл нэгдэл тарах хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэл Хундат бригадад ямаа маллаж байсан. Н.Наранцэцэг 1977 оноос эхлэн 1986 оны 07 сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сум Гэрэлт зам нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан. Тэгээд 1986 оны 07 сараас Цогтцэций сум руу шилжсэн” гэсэн, С.Чулууны:”...би 1969 оноос сургуулиас гарч 1970 оноос 1990 он хүртэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Өгөөмөр нэгдэлд ямаа маллаж байсан. Н.Наранцэцэг 1986 онд нутгийн бэр болж Ханхонгор сумаас шилжиж ирээд 1986 оны 07 сараас 1990 оныг дустал нэгдэл тарах хүртэл тус аймгийн Цогтцэций сумын Сийрст баг, Өгөөмөр нэгдэлд ямаа маллаж байсан” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Н.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Халзан морьт овогт Норовын Наранцэцэгийг
1977 оноос 1986 оны 07 сар хүртэл Өмнөговь аймгийн Ханхонгор сум, Гэрэлт зам нэгдэл Хундат бригадад хоньчиноор
1986 оны 07 сараас 1990 оныг дуустал Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Сийрст баг, Өгөөмөр нэгдэлд ямаачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА