| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0006/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/18 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/18
2021 01 21 2020/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Г.Б холбогдох эрүүгийн 2034000000626 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 2000 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, 2018 оны 06 дугаар сард Таеквондогийн спортоор Азийн аваргаас хүрэл медаль, Үндэсний бие хамгаалах Урлагын холбооны 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2 дугаар байр, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон удаагийн шагнал ав байсан, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Д овгийн Г.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Б Төв аймгийн Угтаалцайдам суманд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ногоо хураалтын ажилд гэрээгээр ажиллаж байсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Г.Дэлгэрдалайг өшиглөж биед баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Г.Б:
...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000626 дугаартай хэрэгт хохирогч Г.Дэлгэрдалай /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Г.Дэлгэрдалай /хх-ийн 4-6 дугаар хуудас/, гэрч Б.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Н.Нэргүй /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч Г.Б /хх-ийн 12-13 дугаар хуудас/, яллагдагч Г.Б /хх-ийн 45-46, 47-48 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Г.Дэлгэрдалайгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1-2 дугаар хуудас/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 17-20 дугаар хуудас/, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 24-39 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 55-62 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд ногоо хураалтын ажилд гэрээгээр ажиллаж байсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч Г.Дэлгэрдалайг өшиглөж биед баруун төмсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Г.Дэлгэрдалайгийн ...Одоогоор миний төмсөг хатууралтай байна. 12 цагаар певаксели нэртэй эм хэрэглэж байгаа. Мөн өөр хэд хэдэн эм бичиж өгсөн боловч тухайн эмийг нь мөнгөний боломжгүй болоод авч хэрэглээгүй байна. Нэхэмжлэх зүйл гэвэл эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Одоогоор нэг бүрчлэн тоолж гаргаагүй тул мөрдөн байцаалтын шатанд жагсаалтаар хохирлоо гаргаж өгнө... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
гэрч Г.Дэлгэрдалайгийн ...би хамт алба хааж ажил хийж байсан байлдагч Б маргалдаж намайг нүүр рүү нэг удаа цохисон. Бид 2 гадаа гараад хэл амаараа учраа олъё гэж байхад намайг 1 удаа хөлөөрөө жийгээд эргэж өшиглөхдөө миний төмсөг рүү өшиглөсөн юм. Би буцаагаад нүүр рүү нь нэг цохиход саваад унасан... ...тэгээд удалгүй амрах байр руугаа ороод хэвтэж байхад төмсөг, бэлэг эрхтнээс дээшээ хатгуулж өвдөж байсан. Би энэ талаараа ахлах дэслэгч Мөнх-Эрдэнэд хэлэхэд хэвтээд байж бай гэж хэлээд би хэвтсэн... ...тэр эмч өмхий тосоор боолт хийж өгөөд өвчин намдаах лаа хийгээд тариа тарьж өгсөн. Намайг цэргийн төв эмнэлэг рүү яаралтай яваарай гэж хэлсэн... /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
гэрч Б.Мөнх-Эрдэнийн ...2020 оны 09 дүгээр сарын 30-ны үдээс хойш Ш.Дэлгэрдалай нь цавьны дээд талаар хөндүүрлээд байна гэсэн. Тэгээд би яасан юм бэ гэхэд төмс өргөж явж байгаад буулгахдаа цохисон гэж хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш уулзахдаа төмсөг хавдчихсан байдалтай байсан. Би тэр үед спиртээр компрэссор тавиулаад би н тавьсан. Тэгээд би Г.Дэлгэрдалайг чи төмсөөр цохиулсан бол яагаад ч ингэж хавдах учиргүй шүү дээ гэж хэлсэн. Эхэндээ юм ярихгүй байж байгаад орой нь надад байлдагч Б барилдаж байгаад Б миний дээрээс өвдөглөөд уначихсан юм аа гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өглөө байлдагч Б ар гэр рүү утсаар яриад танай хүүхэд байлдагч Б хүүхэдтэй барилдаж байгаад тухайн хүүхдийнхээ төмсөг дээр нь өвдөглөөд тэр нь хавдчихлаа та нар ирж уулзаад энэ хүүхдийг эмнэлгээр авч яваа гэж хэлэхэд Б ээж нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны үдээс хойш орой ирсэн. 2020 оны 10 дугаар сарын 03-ны орой Угтаалцайдам сумын эмнэлэгт үзүүлээд ирээрэй гээд явуулахад сумын эмнэлгээс 13А маягт бичиж өгөөд хот руу яваарай гэж хэлсэн байсан... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
гэрч Н.Нэргүйгийн ...Б цэргийн дарга Мөнх-Эрдэнэ танай хүү Г.Б хамт алба хашиж байсан хүүхэдтэй барилдаж байгаад унахдаа төмсөг дээр нь дарж унаад тухайн хүүхдийнх нь төмсөг нь хавдчихсан байна. Та ирээд уулзаач ээ гэсэн. Би 2020.10.03-ны орой төв аймгийн Угтаалцайдам суманд очиж уулзахад Дэлгэрдалайгийн төмсөг нь хавдчихсан байсан болохоор тэр оройдоо Төв аймгийн Угтаалцайдам сумын эмнэлэгт очиж үзүүлэхэд Дэлгэрдалайг Улаанбаатар хот руу очиж оношыг нь тодруул гэж хэлээд явуулсан... ...13А маягт бичиж өгөөд тэр оройдоо би буцаад явсан... ...Би энэ талаар өөрийнхөө хүү Г.Б асууж тодруулахад эхэндээ болохоор барилдаж байгаад ийм юм болсон гэж хэлсэн. Дэлгэрдалай бас барилдаж байгаад ийм юм болсон гэж хэлсэн. Харин сүүлд болохоор тэр 2 муудалцаж маргалдсан гэдгийг нь сонссон... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
яллагдагч Г.Б ...Намайг Төв аймгийн Угтаалцайдам суманд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ногоо хураалтын ажилд гэрээгээр ажиллаж байсан. Зэсвэгт хүчний 336 ангийн байлдагч Г.Дэлгэрдалайг өшиглөж биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
...Би Г.Дэлгэрдалайтай уулзаж уучлалт гуйсан. Эмчилгээний зардалд 80000 төгрөг явуулаач гэж хэлсэн болохоор өгсөн. Одоогоор өөр хохирол барагдуулаагүй байна. Ер нь бол цаашид энэ хэрэгтэй холбоотой эмчилгээний зардлыг нөхөн төлөх боломжтой... /хх-ийн 47-48 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай ...Г.Дэлгэрдалайгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Г.Дэлгэрдалайгийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1-2 дугаар хуудас/, ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 17-20 дугаар хуудас/, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд /хх-ийн 24-39 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Б хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 55-62 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь Г.Дэлгэрдалайгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.
Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Г.Дэлгэрдалайгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дэлгэрдалайгийн биед баруун төмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.Дэлгэрдалай нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 2.707.795 /хоёр сая долоон зуун долоон мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг шүүгдэгч Г.Б нэхэмжилсэн байна.
Шүүх хохирогч Г.Дэлгэрдалайгийн баримтаар нэхэмжилсэн 431.580 /дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун ная/ төгрөгийг шүүгдэгч Г.Б гаргуулж хохирогч Г.Дэлгэрдалайд олгож,
харин баримтгүйгээр нэхэмжилсэн 607.795 /зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
ажилгүй байсан хугацааны олох ёстой байсан орлого 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Г.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 80.000 /наян мянга/ төгрөг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Г.Б тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034000000626 дугаартай хэрэгт хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д овгийн Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Г.Б шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д овгийн Г.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2034000000626 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Г.Б нийт 431.580 /дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун ная/ төгрөгийг гаргуулж, хохирогч АЙ98080618 дугаарын регистртэй, Саарал адуу овгийн Ганхуягийн Дэлгэрдалайд олгосугай.
7. Хохирогч АЙ98080618 дугаарын регистртэй, Саарал адуу овгийн Ганхуягийн Дэлгэрдалай нь ажилгүй байсан хугацааны цалин болох 2.100.000 /хёор сая нэг зуун мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Д овгийн Г.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй ба хохирогч АЙ98080618 дугаарын регистртэй, Саарал адуу овгийн Ганхуягийн Дэлгэрдалайгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтгүй нэхэмжилсэн 607.795 /зургаан зуун долоон мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН