Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00931

 

       2017 оны 04 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00931

          Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 30 дугаар байрны 101 тоотод оршин суух, Буурал овогт Батсайханы Нандинцэцэг /РД-ЦВ75020304/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Баруун 4 зам, өөрийн байранд оршин байгаа Барилгын политехник коллежид холбогдуулан гаргасан,

Өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,508,424 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, түүний өмгөөлөгч К.Жархынбек /шүүхэд төлөөлөх эрх-2215/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо, гэрч Б.Буджав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нандинцэцэг нь Барилгын политехник коллежид 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтнаар ажиллаж байсан.

Гэтэл тус коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байдаг.

Гэвч Б.Нандинцэцэг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг гаргаагүй ба тушаал үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс ажлын 8 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь баримтаар нотлогдсон гэж тушаалд дурдсан боловч Б.Нандинцэцэг нь ажил таслаагүй бөгөөд 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд цалин хөлсөө бүрэн авч байсан бөгөөд ажил тасалсан гэдгийг нотлох баримт байхгүй.

Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн зүгээс удирдлагаас өгсөн ямар нэгэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зүйл байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд ямар үүрэг даалгавар өгсөн талаар ч дурдаагүй байна.

Мөн коллежийн ёс зүйн дүрмийг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх асуудал нь үндэслэлгүй, ямар нэгэн алдаа гаргасан зүйл байхгүй.

Сахилгын ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгодог.

Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан тохиолдолд хэрэглэх юм.

Иймд Барилгын политехник коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, Б.Нандинцэцэгийг өмнө нь эрхэлж байсан хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,508,424 төгрөг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэн баталгаажуулахыг даалгаж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцсон гэв.

Хариуцагч Барилгын политехник коллеж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Б.Нандинцэцэг тус коллежийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар тус байгууллагын хүүхэд асрах чөлөөтэй байсан Ө.Цэцэгмаагийн чөлөөтэй байх хугацаанд томилогдон ажиллаж байсан.

Нэхэмжлэгч нь тус сургуулийн хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажлын 8 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн удирдлагын өгсөн үүрэг  даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй ажлын хариуцлага алдсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан.

Ёс зүйн зөрчил нь багш Н.Даваасамбууг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг тэгвэл чиний нийгмийн даатгалын дэвтрийг өгнө гэх зэргээр дарамтлан гомдолгүй гэсэн өргөдлийг бичүүлэн хүний эрхийг зөрчсөн үйлдэл хийсэн байна.

Энэхүү алдааг залруулах талаар удирдлагаас үүрэг даалгавар өгөхөд эсрэгээр багш Н.Даваасамбуугийн нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан бичилт хийж тамга даруулахаар захирлын туслахад өгсөн байсныг мэдэж, захирал холбогдох хүмүүсийг дуудаж тодруулахад захирлын өөдөөс ёс бус үйлдлүүдийг гаргасан учир дээрх зөрчлүүдтэй холбогдуулан захирлын зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан.

Иймд Б.Нандинцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131  дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2, Коллежийн ёс зүйн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.4, 3.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь заалтуудыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийг гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн болно гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь Барилгын политехник коллежид холбогдуулан, тус коллежийн захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,508,424 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

          Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “... 8 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, ... үүрэг даалгавар биелүүлээгүй, ... ёс зүйн дүрэм зөрчсөн ...” гэж тайлбарладаг.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

          1.Барилгын политехник коллежийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, Б.Нандинцэцэгийг өмнө нь эрхэлж байсан хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас харахад Барилгын политехник коллежийн захирал нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар Б.Нандинцэцэгийг хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтнаар томилон ажиллуулснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. /хх-29 дүгээр хуудас/

Улмаар хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.2, Ёс зүйн дүрмийн 2.4, 3.2.3, хөдөлмөрийн гэрээний 5.3.2 дахь заалтуудыг үндэслэн, Б.Нандинцэцэгийг ажлын 8 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн алдаа гаргасан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөний улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

Шүүх ажил олгогч буюу хариуцагч Барилгын политехник коллежийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан буюу ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

Учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх нэхэмжлэгчээс түүнтэй байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргуулсан ба уг гэрээнд ажил олгогч тал гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байгаа нь дээрх хуулиудын холбогдох заалтад нийцээгүй байх тул талуудыг хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, энэ нь ажил олгогчийн буруу гэж дүгнэлээ. /хх-80-83 дугаар хуудас/

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар хариуцагч тал нь ажилтан Б.Нандинцэцэгээс ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулан ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч тал, нэхэмжлэгчийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 8 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэх боловч нэхэмжлэгч Б.Нандинцэцэг нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.3, 5.3.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.5-д “багш, ажилтнуудын ирцийг тухайн өдрийн цахим бүртгэлийн системээр бүртгэж, хүний нөөцийн ажилтан сар бүрийн 22-ны дотор бичгээр болон цахим хэлбэрээр санхүүд гаргаж өгөх” гэж, 10.4-т “... ажил тасалсан хугацаа нь сард 60 минут хүртэл бол бичгийн сануулгыг хүний нөөцийн ажилтан өгнө. Хэрэв тухайн зөрчлийг 6 сарын дотор давтан гаргасан тохиолдолд ажилтанд Захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авна. Зөрчлийг 3 удаа давтан гаргасан тохиолдолд захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, цалингаас хувь тооцож хасахын зэрэгцээ ажиллаагүй цаг, өдөрт ногдсон ажлын хөлсийг үндсэн цалингаас нь тус тус суутгана” гэж заажээ. /хх-52, 53 ар тал/

Хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн Б.Нандинцэцэгийн 2016 оны 6 дугаар сарын цагийн бүртгэлээс харахад 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн ажлын цагийн бүртгэл бичигдээгүй байна. /хх-45 дугаар тал/

Гэхдээ нэхэмжлэгчийн удирдах албан тушаалтан болох гэрч Б.Буджав нь Б.Нандинцэцэгийн ажил тасалсан зөрчлийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр илрүүлсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж буй мэдүүлгээр нотлогдож байх ба хариуцагч тал тухайн цаг хугацаанд Хөдөлмөрийн дотоод журамд заасан арга хэмжээ аваагүйн гадна улмаар Б.Нандинцэцэгийн цалин хөлсийг тухайн сард бүрэн олгосон байна. /хх-110 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтаас үзэхэд хариуцагч байгууллага нь ажилтны сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар байхад 5 сар гаруйн дараа ажлын цаг тасалсан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийг зөрчжээ.

Хариуцагч Барилгын политехник коллеж нь Б.Нандинцэцэгийг ажлаас халсан нэг үндэслэлээ ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзсэн бөгөөд үндэслэлээ “... багш Н.Даваасамбууг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өг гэж дарамтлан өргөдлийг нь бичүүлж авсан“ гэж тайлбарлан, шүүхэд Захирлын зөвлөлийн ээлжит бус хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар өгсөн. /хх-41-42 дугаар тал/

Хэрэгт авагдсан коллежийн Ёс зүйн дүрмийн 4.1-д “Коллежид ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, үндэслэлийг нь шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны Ёс зүйн хороо ажиллана” гэж зааснаас харахад хариуцагч талыг ёс зүйн зөрчил, гомдлыг шийдвэрлэх урьдчилан шийдвэрлэх журамтай гэж үзэхээр байна.

Уг Ёс зүйн дүрэмд заасны дагуу Ёс зүйн хороонд хэн, ямар гомдол гаргаж, түүнийг хэрхэн шалгасан, Б.Нандинцэцэгийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоосон ямар дүгнэлт гарч, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах шийдвэр гарсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.  /хх-41-42, 47-49 дүгээр тал/

          Нөгөөтэйгүүр, ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтгаж үзэж болох юм.

Харин ажилтан ажил олгогч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд хариуцагч байгууллагыг Б.Нандинцэцэгийг ажлаас буруу халсан гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтны албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Б.Нандинцэцэгийг Ө.Цэцэгмааг хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд түр томилогдсон гэх боловч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь халсан тул Ө.Цэцэгмаатай холбоотой бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзнэ. /хх-24-40 дүгээр тал/

           Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 дугаар сарын 09-ний  өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл буюу 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тооцон, 3,508,424 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. /хх-106 дугаар хуудасны ар тал/

Шүүх нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэг үүссэн гэж үзлээ.

Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д заасныг баримтлан Б.Нандинцэцэгийн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцоход дундаж цалин хөлс нь 938,303 төгрөг, нэг өдрийн ажлын цалин хөлс нь 43,642 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 12 дугаар сарын 09-ний  өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийг хүртэл ажлын 81 хоногоор тооцоход /81 хоног х 43,642 төгрөг/ цалин, хөлстэй тэнцэх олговорт нийт 3,535,002 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 3,508,424 төгрөгийн хүрээнд ханган хариуцагч Барилгын политехник коллежиос уг мөнгийг гаргуулан Б.Нандинцэцэгт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй учир нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийн ажилгүй байсан хугацааны бичилтийг хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв. /хх-106 дугаар хуудасны ар тал/

Мөн энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч байгууллагаас 71,085 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг өмнө нь эрхэлж байсан хүний нөөц, эрх зүй хариуцсан ажилтны албан тушаалд нь эгүүлэн тогтоон, хариуцагч Барилгын политехник коллежиос 3,508,424 /гурван сая таван зуун найман мянга дөрвөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нандинцэцэгт олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Нандинцэцэгийг гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Барилгын политехник коллежиос 71,085 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                   

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД