| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0017/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
2021 01 21 2020/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Онон,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овгийн М.Ц холбогдох эрүүгийн 2134000000011 дугаартай хэргийг ирүүлснийг 2021 оны 01 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял, мөн тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ө овгийн М.Ц
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Г.Давааг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч М.Ц:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000000011 дугаартай хэрэгт хохирогч Г.Даваа /хх-ийн 10-11, 12 дугаар хуудас/, гэрч М.Ц /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Ц.Саруулбат /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Б.Батбаатар /хх-ийн 15 дугаар хуудас/, яллагдагч М.Ц /хх-ийн 36-37 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/, хохирогч Г.Даваагийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Ц хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Ц нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутагт Г.Давааг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Г.Даваагийн ...бид хоёр найз нөхдийн холоотой өөр ямар нэгэн холбоо байхгүй. Тэр 4 нийт 3 шил архи хувааж ууж дууссаны дараа М.Ц бусад нь яваад өгсөн. Харин М.Ц манай гэрт үлдсэн. Удалгүй мах идчихээд гэнэт хутгаа барьж уурлаад М.Ц чамайг ална гээд над руу дайран ирэхэд нь би гараа раа хаахад миний баруун гарын 5 хурууг зүсээд би 10 оёдол тавиулсан... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
...Би М.Ц гэх хүнтэй найз нөхдийн холбоотой ба хамт амьдардаггүй. Бэлгийн харилцаанд орж байсан... /хх-ийн 12 дугаар хуудас/,
гэрч М.Ц ...Намайг мах идэж байх үед Даваа бид хоёр маргалдаад яаж хутгаар зүссэнээ сайн санахгүй байна. Удалгүй цагдаа ирээд авсан... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Ц.Саруулбатын ...М.Ц 0.75, 05 литр аваад Бадамдорж нар нийт 2 шилтэй архи ууж дуусаад би дүүгээ дуудаад гэр рүүгээ хүргүүлээд явсан ба Бадамдорж, Билэгт нарыг төвд буулгасан. Даваагийн гэрт М.Ц үлдсэн... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
яллагдагч М.Ц ...Би уг тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Г.Даваа гэх хүнтэй найз нөхдийн холбоотой танилцаад их олон жил болж байна. Би одоогоор мөнгө өгөөгүй... /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай ...Г.Даваагийн биед баруун гарын 1, 2, 3, 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/, хохирогч Г.Даваагийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр хуудас/, шүүгдэгч М.Ц хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 24-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Ц нь Г.Даваагийн биед баруун гарын 1, 2, 3, 4 дүгээр хуруунд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.
Тэрээр хүнийг хутгаар хутгалж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогч Г.Даваагийн биед баруун гарын 1, 2, 3, 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч М.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.Ц гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Даваагийн биед баруун гарын 1, 2, 3, 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Г.Даваа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба хохирогч Г.Даваа нь шүүгдэгч М.Ц 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг баримтгүйгээр нэхэмжилснийг шүүгдэгч М.Ц нь хохирогч Г.Даваад 1.500.000 /нэг сая таван зуу мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч Г.Даваагийн шүүхийн шатанд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Давааг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч М.Ц хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна шүүгдэгчийн өөрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг давхар харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дөрвөн зуун цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Ц оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч М.Ц нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000011 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 25 сантиметр урттай металл иштэй хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасныг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овгийн М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ө овгийн М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн М.Ц шүүхээс оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ө овгийн М.Ц шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000011 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ө овгийн М.Ц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан саарал өнгийн 25 сантиметр урттай, металл иштэй хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө овгийн М.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө овгийн М.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН