Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 43

 
   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7-р баг, Оюутын 3-42 тоотод оршин суух Мандал овогт Нүдэнхүүгийн Одцацрал /РД:КЛ78083109/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум, 2-р баг, Гоёотын 19-7 тоотод оршин суух Чонос овогт Батпүрэвийн Лхагва /РД:КЮ78110171/-нд холбогдох,

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Одцацрал, хариуцагч Б.Лхагва, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Одцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Лхагватай 1999 онд танилцаж бидний хамтран амьдарч байх хугацаанд 2001 оны 9 дүгээр сарын 14-нд охин Л.Баярлахсайхан төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран аьдрах боломжгүй болж 2002 онд тус тусдаа амьдрах болсон. Л.Баярлахсайханд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Лхагва бид хоёрын дунд эд хөрөнгийн маргана байхгүй болно” гэжээ.

            Хариуцагч Б.Лхагва шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Одцацралын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Одцацрал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: 3Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх болоомж байхгүй. Лхагва нь хүүхдээ төрснөөс хойш нэг ч удаа уулзаж харж хандаж байгаагүй. Одоо манай хүүхэд 15 нас хүрч байгаа. Иймээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо би нөхөр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлгийн мөнгөө цаг тухайд нь өгвөл өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

D:\Ajil\Shiidwer\№43_2017_04_27_N.Odtsatsral_Lhagwa.docx

Хариуцагч Б.Лхагва шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: “Бид 2 тус тусдаа амьдралтай болсон учир эвлэрэх боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэгийг 7 сарын 5-ны өдрөөс эхэлж төлөх боломжтой. Хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Хүүхэдтэйгээ уулзах гэхээр айл гэр салгах нь уу гэсэн учир уулздаггүй юм. Одцацралыг Ханбогд суманд ажиллаж байх үед нь хүүхэдтэйгээ нэг удаа уулзаж аав нь байна гэж хэлсэн. Тэр үед 5 настай байсан. Тэрнээс хойш уулзаагүй” гэв.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон иргэний үнэмлэхний хуулбар, Өнө-Орших ӨЭМТөвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут 7-р багийн засаг даргын доторхойлолт, Л.Баярлахсайханы төрсний гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, түүний иргэний үнэмлэхний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Одцацрал нь Б.Лхагваас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Лхагвагийн Баярлахсайхан нь 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд түүний эцэг нь Чонос овогт Батпүрэвийн Лхагва болох нь нэхэмжлэгч Н.Одцацралын нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Б.Лхагвын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбар, охин Л.Баярлахсайханы төрсний гэрчилгээний хуулбар, “Өнө орших” ӨЭМТөвийн өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 26.2 болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсоноор эцэг Д.Мөнхбат нь охин М.Цэлмэгийг тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юмГэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээх, мөн хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг Б.Лхагва нь охин Л.Баярлахсайханыг тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.

Ингэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар Л.Баярлахсайханыг сар бүр түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувийг 11 нас хүртэл нь, 11-16 нас /суралцаж байгаа бол 18-нас/ нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Лхагваас гаргуулах бөгөөд цаашид зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулснаар тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг өөрчилж болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагчийн саналыг харгалзан хүү Л.Баярлахсайханыг эх Н.Одцацралын асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан тул нэхэмжлэгч Н.Одцацралын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхагва нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн хариуцагч нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийт дүн болох 1994400 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 46860 төгрөг болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхагваас 46860 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

            Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй талаар дурдах нь зүйтэй.           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Чонос овогт Лхагвын Баярлахсайхан /КЛ01291404/-ийг эх Н.Одцацралын асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Баярлахсайханыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Чонос овогт Батпүрэвийн Лхагваар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Одцацрал нь Б.Лхагвыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Лхагваас 46860  төгрөг гаргуулан Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА