Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2021             01                27                                                  2020/ШЦТ/26                                        

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Р.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овгийн Р.З холбогдох эрүүгийн 2034006300700 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, И овгийн Р.З

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.З нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Хаан банкны салбар тооцооны төвийн ахлах теллер Ц.Цэндмаагийн “Эрхэс гоулд” ХХК-ийн уурхайн ажилчдын цалинг “Нью Хаппи” ХХК-ийн захирлын баталсан цалингийн цэснээс дансаар гарт олгох цалингийн хэмжээгээр шилжүүлэхдээ андуурч үндсэн цалингийн хэмжээгээр шилжүүлж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсний улмаас түүнд 130.000 төгрөгийн цалин шилжүүлэх ёстой байснаас 1.100.000 төгрөгийг шилжүүлж, 600.000 төгрөгийг буцаан шилжүүлэх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад илүү мөнгө шилжүүлснийг мэдсээр байж бусдад шилжүүлэн завшсаны улмаас Ц.Цэндмаад 600.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Р.З:

...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034006300700 дугаартай хэрэгт хохирогч Ц.Цэндмаа /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Г. Өнөржаргал /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Р.З /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, гэрч Р.Тэгшжаргал /хх-ийн 31 дүгээр хуудас/, яллагдагч Р.З /хх-ийн 45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

хохирогч Ц.Цэндмаагийн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Р.З дансанд мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 6 дугаар хуудас/, “НЬЮ ХАППИ” ХХК-ийн 7 сарын цалингийн баримт /хх-ийн 7 дугаар хуудас/, “Хаан банк”-ны Заамар сум дахь цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-18 дугаар хуудас/, шүүгдэгч Р.З хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Р.З нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Хаан банкны салбар тооцооны төвийн ахлах теллер Ц.Цэндмаагийн “Эрхэс гоулд” ХХК-ийн уурхайн ажилчдын цалинг “Нью Хаппи” ХХК-ийн захирлын баталсан цалингийн цэснээс дансаар гарт олгох цалингийн хэмжээгээр шилжүүлэхдээ андуурч үндсэн цалингийн хэмжээгээр шилжүүлж, төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийсний улмаас түүнд 130.000 төгрөгийн цалин шилжүүлэх ёстой байснаас 1.100.000 төгрөгийг шилжүүлж, 600.000 төгрөгийг буцаан шилжүүлэх шаардлагатай талаар мэдэгдсээр байхад илүү мөнгө шилжүүлснийг мэдсээр байж бусдад шилжүүлэн завшсаны улмаас Ц.Цэндмаад 600.000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Ц.Цэндмаагийн ...гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ ярих зүйл байна. Цаг хугацаа буруу бичигдсэн байна. Би хаан банкны Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өгөөмөр тооцооны төвд ахлах теллерийн ажил хийдэг юм. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ байж байхад "Нью хаппи" ХХК-ны ажилчдынхаа цалинг танай банкаар тавих гэсэн юм гээд 2-3 удаа орж ирсэн. Тухайн өдөр манай банк нь ачаалал ихтэй байсан учир гүйлгээ хийх боломжгүй байна гээд буцаасан. Тэгсэн байн байн орж ирээд ажлын цаг дуусахаас өмнө 15 орчим минутын өмнө орж ирэхээр нь гүйлгээ хийхийг зөвшөөрөөд "Нью хаппи" ХХК-ийн 59 ажилтны цалинг шилжүүлсэн. Цалингийн шилжүүлэг хийхдээ би цалингийн цэсийг андуурч хараад гарт олгох цалин үндсэн цалингаар шивж "Нью хаппи" ХХК-ийн ажилчдын жагсаалтын эхнээс илүү шилжүүлсэн дүнгээр барилт хийгээд "Нью хаппи" ХХК-ны ажилчид руу холбогдож уучлалт гуйгаад учир байдлаа тайлбарлаад илүү шилжүүлсэн цалинг ажилчдын өөрсдийн цахим гүйлгээгээр цалин шилжүүлсэн компанийн ажилтны данс руу буцаан шилжүүлээд байж байтал Хаан банкны төв салбараас миний нэр дээр гомдол ирсэн байсан ба тухайн гомдлыг харахад З гэдэг хүн харилцагчийн дансанд өөрийн зөвшөөрөлгүй барилт хийсэн байна гэж гомдол гаргасан байсан. Тухайн үед З тайлбарлаж амжаагүй байхад гомдол гаргасан байсан. З нэр нь жагсаалтын доод хэсэгт байсан. Тэгээд би иргэн З холбогдож тайлбар хийхэд З эгч гээд нэг эмэгтэй хүн утсыг нь аваад тайлбар хүлээж авахгүй намайг буруутган уурлаж загнаж эхэлсэн. Тэгээд би тухайн нөхцөл байдлыг тайлбарлаад уучлалт гуйсан боловч хүлээж авахгүй зөвхөн дансны барилт хурдан чөлөөлөхийг шаардаж байсан. Тэгэхдээ яахаараа би ийм бага цалин авдаг юм гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би цалингийн цэсийг нь харж байгаад өөрөө 9 хоног ажилласан юм байна гарт олгох ёстой цалин чинь 330.000 төгрөг үүнээс суутгал чинь хасагдаад 130.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан боловч үндсэн цалинтай чинь андуураад 970.000 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Энэ мөнгийг буцаагаад шилжүүлээд өгөөч ээ гээд тайлбар хийхэд хүлээж аваагүй. Та нарын цалингийн  маргаан надад хамаагүй миний зүгээс зөвхөн илүү мөнгө шилжүүлсэн асуудал байна. Би өөрийн чинь ажиллаж байгаа байгууллагатай холбоод өгье та хариуцсан хүнтэйгээ холбогдоод учир байдлаа ярь гэсэн. Тэгээд Өнөржаргал, З холбогдчихоод эргээд хэлье гээд утсаа салгасан ба хэсэг хугацааны дараа Өнөржаргал буцааж залгаад З холбогдлоо 370.000 төгрөгийг нь нэмж өгөхөөр боллоо. 600.000 төгрөгийг нь байгууллага руу буцаалгаарай гэхээр нь З утас руу эргэж холбогдоод тухайн нөхцөл байдлыг тайлбарлахад тэгвэл чи барилтаа чөлөөлчих гэхээр нь би мөнгө буцааж явуулах дансыг явуулъя гээд явуулаад тэр даруй дансны барилтыг чөлөөлсөн. Тэгсэн чинь дансанд байсан мөнгөө бүгдийг нь өөр данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд З руу холбогдоод та яагаад цалин хийсэн данс руугаа шилжүүлээгүй өөр данс руу шилжүүлээд авчхаж байгаа юм бэ гэхэд би авах ёстой юм аа авсан гээд байхаар нь танай байгууллага та хоёрын ажилласан, ажиллаагүй гэсэн маргаан хамаагүй ээ. Алдаа гаргасан нь миний буруу гэхдээ энэ байдал чинь намайг хохироогоод байна гэхэд ерөөсөө тоогоогүй. Тэрнээс хойш удаа дараа холбогдохоор залгахад утсаа авахгүй, заримдаа холбогдох боломжгүй байдаг байсан. Цаг хугацаагаа нарийн сайн санахгүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр З утас руу залгаж ярихад хөдөө сүлжээгүй газар ажиллаад байгаа гэхээр нь би нөгөө мөнгөө хуваагаад ч хамаагүй шилжүүлээд өгөөч ээ би өөрөөсөө чамд шилжүүлсэн илүү мөнгийг төлсөн гэсэн чинь би байгууллагатайгаа яриад тохирчихсон цалингийн ямар нэгэн асуудалгүй болсон учраас чамд энэ мөнгийг шилжүүлэхгүй, чи тухайн үед зөвшөөрөлгүй барилт хийсэн чам дээр ахиж гомдол гаргана гээд байхаар нь би ч гэсэн хуулийн байгууллагад гомдол гаргана гэсэн чинь тэг гээд салгасан. Тэрнээс хойш ямар нэгэн холбоо бариагүй. З гэх хүний 5028182006 дугаарын данс руу 1.100.000 төгрөгийг "Эрхэс гоулд" 07 дугаар сарын цалин гэсэн утгатайгаар шилжүүлсэн... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Г. Өнөржаргалын ...би Улаанбаатар хотод эмийн сан ажиллуулдаг. Сайн танихгүй. Манай нөхрийн "Эрхэс гоулд" ХХК-ийн туслах тогооч гээд 2020 оны 07 дугаар сарын эхэн үеэр өдрийг нь сайн танихгүй байна, туслах тогооч гээд З гэх эмэгтэй ирээд 6 хоног ажиллаад ажлаасаа гараад явсан. Өөрөөр мэдэхгүй. Нийт цалин 1.100.000 төгрөг бөгөөд ажилласан хоногийг нь тооцоод 130.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан боловч Хаан банкны теллер манай ажилчдын цалинг андуурч хийсэн байсан. "Эрхэс гоулд" ХХК-ийн ажилчдын цалинг миний дансаар дамжуулж тавьсан бас андуурагдсан гүйлгээнээс болж ажилчдын цалинг илүү цагийн мөнгийг өгч хүрэхгүй болчихсон. Тэрнээс болж сүүлд нь өөрсдөө илүү цагийн мөнгийг нэмж хийсэн. Тухайн андуурагдсан гүйлгээ хийлгэх үед Хаан банкнаас Р.З дансыг барилт хийлгэсэн байсан юм билээ. Тэгсэн Р.З миний дансыг барилт хийлгэсэн гэж Монгол банкинд гомдол гаргасан байсан. Тэгээд теллер болон надтай яриад барилт хийлгэх ээ больчих, тэгвэл мөнгийг чинь буцаагаад хийлээ гэснээ барилтыг нь больсон чинь мөнгөө гаргаж аваад алга болчихсон гэсэн өөр зүйл мэдэхгүй... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Ё.Хоролсүрэнгийн ...Р.З бид хоёр 2018 оноос хойш хуурай эгч, дүү хоёр байгаа юм. Би 5753070156 тоот дансны эзэмшигч байгаа юм... ...Тухайн өдөр Р.З бид 2 цуг байсан. Р.З картгүй байсан учир миний 5753070156 тоот данс руу шилжүүлж Баянгол зочид буудлын ойр байсан “Хаан банк”-ны АТМ-ээс мөнгөө аваад, маргааш өглөө нь Р.З бид 2 ломбардад тавьсан байсан юм аа авсан. З Заамарт уурхайд туслах тогооч 1.100.000 төгрөгийн цалинтайгаар яваад давхар угаагчийн ажил хийсэн. Угаагчийн цалин нь 1.000.000 төгрөг гэсэн. Тэр уурхайд 10 хоног ажиллаад буцаад ирсэн. Тэгээд 07 дугаар сарын 30-ны өдөр цалин буусан чинь өөрийнх нь бодож байсан цалин буусан. Тэгээд тэр мөнгөө зарцуулаад явсан. Цалин их орлоо, бага орлоо гэж бодогдоогүй, авах ёстой байсан, цалин дансаар 1.100.000 төгрөг уурхайгаас явахдаа мөн дансаар 200.000 төгрөг авч болсон гэж үзсэн. Анх З ажлын зараар 15 хоног ажиллаад 15 хоног амарна туслах тогооч авна гэсэн зарын дагуу шууд утсаар яриад ажилласан. Гэрээ огт хийгээгүй анкет авсан. Тэгээд 10 хоног ажиллаад чөлөө аваад Улаанбаатар хотод ирээд цалин буудаг өдөр цалингийн маргаан гарах өдөр манайх 23 хоног ажиллаад 7 хоног амардаг гэж чамд хэлээ биз дээ гэж эрэгтэй хүн З гүтгэсэн. Тэр компанид ажилтан тогтдоггүй, ажлын цагаар их шахдаг байсан гэсэн. Хууль бусаар З дансыг өгөөмөр тооцооны төвийн теллер Цэндмаагаар бариулсан. Тэгээд Хаан банканд гомдол гаргасан... /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

гэрч Р.З ...Хаан банкны 5028182006 тоот данс нь миний эзэмшлийн миний данс байгаа юм. Тэр өдөр "Эрхэс гоулд" ХХК-ийн цалин 1.100.000 төгрөг орж ирсэн. Би 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ажилд очоод 07 дугаар сарын 23-ны 15 цагт Улаанбаатар хотод чөлөө авч ирсэн. Нийт 10 өдөр ажилласан. Цалин 15 хоног ажиллаад 1.100.000 төгрөг гэж тохиролцсон. Гал тогоонд би туслах тогооч, угаагчийн ажлыг хамтад нь хийсэн. Захирал Тулгаболд цалинг нэмж өгнө гэж хэлсэн. Байгууллага миний цалинг хэд гэж бодсон талаар асуух гээд нягтлангийн дугаарыг олж чадаагүй. Миний авах ёстой цалин бол 1.462.000 төгрөг байгаа юм. Энэ байгууллагаас би 1.300.000 төгрөг авсан байгаа. Анх ажилд ороход  постер 15х15 байж байгаад цалин бодогдох үед 23х7  болсон байсан. Гүйлгээ хийх гэсэн миний данс болохгүй байхаар нь банкинд хандтал таны дансанд буруу цалин бодогдоод барилт хийгдсэн байна гэсэн. Орой нь теллер Цэндмаа гэх хүн залгаад буруу бодолт хийсэн байна. Та компанитайгаа яриад илүү мөнгийг шилжүүлэх боломжтой юу гэж асуусан. Дараа нь компанийн Гарьд залгаад цалинг чинь нэмнэ, илүү мөнгийг нь шилжүүлчих гэж хэлсэн. Авах ёстой байсан мөнгөө авсан хөдөлмөрлөсөн мөнгөө авсан байгаа. Компанидаа гомдолтой байна... /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

гэрч Р.Тэгшжаргалын ...Р.З бол миний төрсөн эгч байгаа юм. Бага хэмжээгээр мөнгө авч өгөлцдөг. Энэ зун Р.З эгч миний 5041020273 тоот дансанд 100.000 төгрөг "egch" гээд хийсэн байсан. Аниагаас мөнгө орсон байна баярлалаа гээд өнгөрсөн. Өөрөөр мөнгө төгрөг авч өгөлцөөгүй... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

яллагдагч Р.З ...тогтоолтой танилцаад миний хувьд тухайн мөнгийг завших санаа сэдэл байгаагүй тухайн ажиллаж байсан бичил уурхайгаас авах байсан цалингаа авсан гэж бодож өгөөгүй. Мөн уг асуудал маань ийм байдалд хүрнэ гэж даанч бодсонгүй бага зэрэг гомдолтой байна. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ тодорхой ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Би одоогоор өгөөгүй байгаа асуудал хуулийн мэдлэг дутмаг дараах цалингаа авсан гэж явсаар байтал хүндэрсэн байна одоо шаардлагатай бол хүнээс зээлээд хамаагүй өгнө. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Ганц бие хүн уг асуудлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Би уул нь санаатай энэ үйлдлийг хийгээгүй... /хх-ийн 45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай ...Г.Дэлгэрдалайгий хохирогч Ц.Цэндмаагийн Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Р.З дансанд мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 6 дугаар хуудас/, “НЬЮ ХАППИ” ХХК-ийн 7 сарын цалингийн баримт /хх-ийн 7 дугаар хуудас/, “Хаан банк”-ны Заамар сум дахь цагдаагийн хэлтэст гаргасан тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14-18 дугаар хуудас/, шүүгдэгч Р.З хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Р.З нь иргэн Ц.Цэндмаагийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн эд хөрөнгөд 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирол нь шүүгдэгчийн завшсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Р.З дээрх гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч Р.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Р.З төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.З гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Цэндмаад 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Р.З нь гэмт хэрэг үйлдэж завшсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн хохирлыг хохирогч Ц.Цэндмаад төлсөн төлсөн болох нь хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Р.З энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.З хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Р.З таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Р.З торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Шүүгдэгч Р.З нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034006300700 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

                         37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                                        заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Р.З бусдын төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч И овгийн Р.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И овгийн Р.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

      

4. Шүүгдэгч И овгийн Р.З шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

                                                                                                                                                

5. Эрүүгийн 2034006300700 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Р.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И овгийн Р.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч И овгийн Р.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

   

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ш.ГАНДАНСҮРЭН