Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00964

 

 2017 оны 04 сарын 06 өдөр

 

Дугаар 102/ШШ2017/00964

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,   Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд оршин байгаа Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн,

          Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Макс төвийн 201- оршин байгаа “Максхотелс” ХХК-д холбогдуулан гаргасан,

          Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 80,147,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Максхотелс” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4 дэх хэсэгт заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 01 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 53,431,969 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 72 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.

Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлсэн бөгөөд шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд ороод байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 53,431,969 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 26,715,984 төгрөг, нийт 80,147,953 төгрөгийг “Максхотелс” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Максхотелс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Максхотелс” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Максхотелс” ХХК нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн нийгмийн даатгалын шимтгэл болох 53,431,969 төгрөгийг нөхөн төлөхийг зөвшөөрч байгаа боловч алданги болох 26,715,984 төгрөгийг хүлээн зөвшөөрч болох ямар ч боломжгүй байна.

“Максхотелс” ХХК нь ажилтныхаа эрх, хууль ёсны ашиг сонирхол, хууль тогтоомжийг өөрийн үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг байгууллага бөгөөд харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Монгол улсын хэмжээнд болон дэлхий даяар нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, валютын өөрчлөлт, инфляцийн өсөлтөөс үүдэн манай байгууллагын санхүүгийн байдал хүнд байдалд ороод байгаа билээ.

Бид санхүүгийн бүх нөхцөл бололцоогоо дайчлан үүссэн өр төлбөрийг алхам алхмаар, компаниа дампууралд хүргэлгүйгээр, олон арван ажилтнаа ажилгүйчүүдийн эгнээнд оруулалгүйгээр барагдуулахаар хичээж байгаа бөгөөд энэ талаараа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөх тодорхой хугацаа өгөхийг хүссэн албан хүсэлтүүд хүргүүлэхийн сацуу олонтоо очиж уулзсан.

Мөн 53,431,969 төгрөгөөс тодорхой хэмжээний төлбөрийг төлж эхлээд байгаа болно.

Бид үүссэн нийгмийн даатгалын үндсэн шимтгэлийг барагдуулах үүднээс бүх хүчин чармайлтаа гарган ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байсан, одоо ч илэрхийлсээр байгаа бөгөөд үндсэн төлбөр болох 53,431,969 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрэх саналтай байна гэжээ.

 

          Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь “Максхотелс” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 80,147,953 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Максхотелс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “Максхотелс” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 80,147,953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

                                             ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД