Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/24

 

 

 

   2021             01               27                                                  2021/ШЦТ/24                                      

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Лхагвадорж, 

улсын яллагч Э.Билгүүн,

шүүгдэгч, хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч, хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Ц.Г, У овгийн Э.Т нарт холбогдох эрүүгийн 2034004190512 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

   

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг, Дэлгэрхаан суманд 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,  

урьд Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял,

Шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял,

Шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгж буюу 1.100.000 төгрөгийг торгуулийн ялаар тус тус шийтгүүлж байсан 4 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Д овгийн Ц.Г

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1990 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 30  настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч, арга зүйч мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, У овгийн Э.Т

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Яллагдагч Ц.Г нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын эх гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хонинууд хашаанаас гаргасангүй гэх шалтгаанаас болж маргалдан иргэн Э.Т эрүүл мэндэд хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Яллагдагч Э.Т нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын эх гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Г маргалдан зодолдож зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ц.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэж,

 

Шүүгдэгч Э.Т:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...  гэж,

 

Хохирогч Ц.Г:

...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр болсон байхаа. Би төв дээрээс хүн тосож аваад гэрийн гадаа иртэл хоёр баг өмссөн хүн хонь мал ялгаж байхаар нь юу болсон юм. Тэгсэн 2 хонь нийлчхээд ялгаж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би гэрээ онгойлгож хүнээ оруулчхаад гараад ирсэн чинь ялгалгүй зогсож байхаар нь та хоёр чинь яагаад байгаа юм бэ хаврын туранхай мал хэцүүднэ гээд хэлсэн. Би тэр үед алдсан 2, 3 хонио одоо болтол олоогүй байгаа. Өөрөө бөөн төлбөрт орчхоод явж байгаа. Гэхдээ одоо надад энэ хүнээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэж,  

 

Хохирогч Э.Т:

...2020 оны 05 дугаар сарын 23-нд болсон. Би адуутайгаа Уртын их гэх газар ирсэн байж байсан. Тэгээд ирчхээд тэнд нэг айлд оччихоод маргааш орой нь адуундаа гараад дээшээ явсан. Таньдаг дүү байхаар нь адуу сурах гээд очсон. Тэгсэн чинь л машинтай ирээд тийм асуудал болсон. Ирээд шууд хонь гарга гэсэн. Тэгэхээр нь одоо ялгаад дууссан юм чинь гаргах гэж байна ах гэсэн чинь чи хэн юм гөлөг минь гээд зодоон болсон. Би мотоциклтой ирээд зогсож байсан. Намайг ирээд тав, зургаан удаа л цохисон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

  

Эрүүгийн 2034004190512 дугаартай хэрэгт хохирогч Ц.Г /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Э.Т /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Ц.Г /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Э.Т /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Ө.Төмөрбат /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Э.Отгонбаатар /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч А.Бүрэнтэгш /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Г /хх-ийн 37-38 дугаар хуудас/, яллагдагч Э.Т /хх-ийн 42-43 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №312 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №40 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон хохирогч Ц.Г Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ц.Г яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Г, Э.Т нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-70 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:       

Шүүгдэгч Ц.Г нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын эх гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хонинууд хашаанаас гаргасангүй гэх шалтгаанаас болж маргалдан иргэн Э. эрүүл мэндэд хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Т нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг Уртын эх гэх газарт 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Г маргалдан зодолдож зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Ц.Г ...Миний хамар мурийсан, баруун нүд улайчихсан харахаар бүрэлзээд байгаа... /хх-ийн 8 дугаар хуудас/,

хохирогч Э.Т ... миний хамрын зүүн тал цөмрөлттэй гэж гарсан байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Ө.Төмөрбатын ...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд аав, ээжийнхээ хамтаар мал маллан амьдардаг. Одоо манайх Эрдэнэсант сумын Уртын гол гэдэг газар нутаглаж байгаа. Би 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр малдаа явж байгаад 16 цагийн орчимд сумынхаа Ганаа гэдэг залуугийн хажуугаар өнгөрөх гэтэл үүдэнд нь хоёр хүн зодолдож байгаа шинжтэй барилцаад авчихсан байхаар нь очтол Т, Ганааг доороо хийчихсэн заамдчихсан нүүр рүү нь нэлээн удаа цохих шиг болсон. Яг намайг харахад дөрөв, таван удаа лав цохиж байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Э.Отгонбаатарын ...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд ээжийнхээ хамтаар мал маллаж амьдардаг юм. Манай сумын Ганаа ах хэрэг болохоос сүүлийн хэдэн өдөр архи уугаад хонь малаа харахгүй байсан. Тэдний гэрт малыг нь харах гэж ирсэн хүн бас архи уугаад байсан. Тэгээд манай хонь тэдний хоньтой сүүлийн хэдэн өдөр дөрөв, таван хоног нийлсэн. Тэгээд  би хонио ялгаж авах санаатай 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Ганаагийн гэрт нь очтол хүн гарч ирэхгүй байсан. Тэгтэл гэрт нь нөгөө малыг харж байсан хүн байна лээ. Ганаагийн хонь нь хониныхоо хашаанд хашаатай байхаар нь би хашаанд ороод хонио ялгаж байтал Т ирээд мотоциклоосоо ч буугаагүй надтай юм яриад байж байтал араас нь Ганаа ах эхнэртэйгээ, манай саахалтын айлын Пүүгээ ахтай хамт ирсэн. Тэгэхээр нь би Ганаа ахад “та чинь одоо хонь малаа харалдаа манай хоньтой өдөр болгон шахуу нийлээд байна” гэхэд надтай нээх онцын зүйл ярилгүй гэртээ орсон төд удалгүй гарч ирээд над руу нэлээн уурлангуй “чи наад хонь малаа хашаанаас гарга миний малыг бэлчээж идүүл” гэхээр нь Т бид хоёр зэрэг шахуу “за одоо дуусаж байна, дуусаж байна одоо гаргалаа” гэхэд Т “чи одоо хэн юм бэ?” гээл мотоцикл дээрээ байж байхад нь ирээд нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгтэл Т хамраас нь цус гарахад Т “та яаж байгаа юм бэ би таныг юу гэсэн юм би таныг муухайгаар хэлээгүй биз дээ” гэхэд нь Ганаа ах Т рүү ахиад дайрахад нь Т гараараа хорьж байгаад мотоциклоосоо буухын хооронд Ганаа ах ахиад нүүр рүү хоёр удаа цохитол Т тэр хоёр хоорондоо тэврэлдчихсэн байсан. Би хонь хашаанаас гаргачхаад эргээд хартал Т дээрээс дараад Ганаа ахыг доороо хийгээд унагаад нүүр рүү нь бараг арваад удаа цохисон. Тэгтэл нэг мэдэхэд манай саахалтын Жонгоо буюу Төмөрбат ах ирсэн. Би тухайн үед би салгах гэсэн боловч айгаад ойртож чадаагүй. Тэгтэл Жонгоо ах тэр хоёрыг салгасан. Тэгээд би хонины хашаанаас мал гаргаж байтал нэг мэдэхэд Ганаа ах гэрээсээ хутга барьчихсан гарч ирж байсан. Тэгтэл Т, Төмөрбат хоёр мотоциклоо унацгаагаад хөдлөөд явцгаасан... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч А.Бүрэнтэгшийн ...Би Төв аймгийн Эрдэнэсант суманд мал маллан амьдардаг юм. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би малын эрэлд явж байгаад 10 цагийн орчимд Ганаагийнхаар ортол Ганаа эхнэртэйгээ хоёулхнаа  байсан. Тэгээд 0.5 литрийн нэг шил хараа архи задлаад тэрийг нь бид хоёр хоёулхнаа уучхаад би гэр рүүгээ явж байгаад отрын айлаар орж ахиж тэндээ архи уугаад нэлээн согтоод гэртээ ирээд байж байтал Ганаа сумын төв яваад эхнэртэйгээ хоёулаа манайд ирсэн. Тэгээд Ганаа 2.5 литрийн хүрэн савтай сагс пивотой манайд ирэхээр манайд тэр пивоноос нь нэгийг нь Ганаа бид хоёр хувааж уусан. Би нэлээн согтуу бараг тасарсан байсан байна лээ. Нэг мэдэхэд  Ганаагийнд унтаж байгаад орой харанхуй болчихсон байхад сэрсэн. Тэр үед болсон зодоон цохионы талаар юу ч мэдэхгүй байна. Маргааш өдөр нь Ганаа, Т хоёрыг зодолдсоныг мэдсэн... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч Ц.Г ...2020 оны 05 сарын 23-ны өдөр би айлд оччихоод 15 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хонийг 2 хүн хашчихсан зогсож  байсан. Тэгэхээр нь би яагаад хонь хашаад байгаа юм бэ? гэсэн чинь яадаг юм пизда минь гээд Т орилоод байсан. Тэгэхээр нь би хонины хашаа руу орсон чинь Т орилоод над руу дайраад байхаар нь би 1 удаа цохих шиг болсон мөр рүү нь цохих шиг л болсон. Харин намайг гартаа чулуу атгаад нүүр рүү нь 10 гаран удаа цохисон. Тэгээд би нэг мэдсэн чинь ухаан алдчихаад сэрсэн. Тэгээд би тэр өдөртөө бие өвдөж хэвтэж байгаад сумын төвийн эмнэлэг рүү очиж үзүүлээд цагдаад хандсан. Би эрүүл байсан. миний бие одоо толгой эргээд таталт өгдөг болсон. Тухайн үед би их хэмжээний цус алдсан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

яллагдагч Э.Т ...би прокурорын тогтоолтой танилцлаа. Бүх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 42-43 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №312 дугаартай ...Э.Т биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №40 дугаартай ...Ц.Г биед зүүн хацар, шанаа орчим зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон хохирогч Ц.Г Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ц.Г яаралтай тусламжийн хуудас, эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-28 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Г, Э.Т нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46-70 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Г нь иргэн Э.Т биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл

Шүүгдэгч Э.Т нь иргэн Ц.Г биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулжээ.

 

Тэрээр хүнийг зодож цохиж байгаа энэхүү өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Ц.Г биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл,  Э.Т биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж, хохирол, хор уршигт зориуд тус тус хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын зодож цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Г, Э.Т нар болон тэдний өмгөөлөгч И.Отгонсүрэн, Ш.Амарбаяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Г, Э.Т нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Цбиед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, 

Шүүгдэгч Э.Т биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна. 

 

Хохирогч Ц.Г нь шүүгдэгч Э.Т эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг,

хохирогч Э.Т, нь шүүгдэгч Ц.Г эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Г, Э.Т нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Ц.Г, Э.Т нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Э.Т хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж,

шүүгдэгч Ц.Г хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзлээ.

 

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.

 

Шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч Э.Т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Ц.Г нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.Г, Э.Т нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

тэдэнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг, 

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034004190512 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт авагдсан СD-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт үлдээхийг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ц.Г, Э.Т нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13.,

            37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан

                 зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Ц.Г, У овгийн Э.Т нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

 

2. Шүүгдэгч Д овгийн Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуу нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч У овгийн Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г, Э.Т нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Ц.Г, Э.Т нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.     

     

5. Эрүүгийн 2034004190512 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт авагдсан СD-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт үлдээхийг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Ц.Г, Э.Т нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

    

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн Ц.Г, У овгийн Э.Т нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.       

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Ц.Г, У овгийн Э.Т нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН