Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 019

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 10 дугаар багийн оршин суугчид Ж.Х, Х.Х тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С  нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох,

            “Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Газрыг албадан чөлөөлүүлэх тухай”  А/246 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.С, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Х, Х.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын иргэн **** тоот регистрийн дугаартай Базархул овогт Ж.Х, **** тоот регистрийн дугаартай Х овогт Х.Х нар нь тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байнга оршин суудаг хүмүүс юм.

Тэд 2011 онд эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс нэгж талбарын 031303896 дугаар бүхий 350 /0,035/ м.кв газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмшдэг бөгөөд мөн онд уг газарт үйлчилгээний зориулалттай 38.25 м.кв талбайтай хоёр өрөө бүхий үл хөдлөх хөрөнгө, 2013 онд 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө барьж, хууль журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэн ашиглаж байжээ. Гэтэл Өлгий сумын Засаг даргаар ахлуулсан хүмүүс тухайн өмч хөрөнгийн эздэд урьдчилан мэдэгдэлгүйгээр тэдгээрийн хуулийн дагуу эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгө болон хашааг дур мэдэн нурааж хууль бус үйлдэл гаргасан байна. Үүний учир шалтгааныг Өлгий сумын Засаг даргаас асууж тодруулахад тэрээр зогсоол барина гэж хэлсэн байна. Өмч хөрөнгийн эзэд болох Ж.Х,  Х.Х нар энэхүү газрыг эзэмшиж , өмч хөрөнгөө барьж байгуулсан үед тэдний газарт авто замын зогсоол барих ямар нэгэн төлөвлөгөө байгаагүй байжээ.

Хожим нь Өлгий сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай авто зам барих зураг төсөл гарч, нэхэмжлэгч нарын хууль ёсны эзэмшил газарт авто замын зогсоол барихаар болсон байна. Гэтэл сумын Засаг даргын зүгээс газар эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр тэдний санал хүсэлтийг сонсохгүйгээр өмч хөрөнгийг нь албадан буулгаж газрыг нь хүчээр булаан авсан. Нэхэмжлэгч нар хууль бусаар илүү газарт хашаа татан барилга барьсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь Х, Х нар нь нийтдээ 98,25 метр газрыг л ашиглаж байгаа болно. Хэрэв Засаг дарга нь түүнийг илүү газар эзэмшсэн гэж байгаа бол заавал өмч хөрөнгө нь байгаа газрыг чөлөөлөхгүйгээр ашиглаагүй газрыг нь чөлөөлүүлэх бүрэн боломжтой байсан. Тэгээд ч тэдний эзэмшлийн газар газрын кадастрын зурагтай, өмч хөрөнгө байгаа газар нь кадастрын зурагт багтаж байгаа болно.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно” гэж заасан. Гэвч Өлгий сумын Засаг дарга дээрх байдлаар нэр бүхий иргэдийн хувийн өмчид дураараа халдсан ноцтой хэрэг гарсан байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие тус газрыг 2011 онд Өлгий сумын 6 дугаар багийн Засаг даргын орлогчоос зөвшөөрлийг нь авч, 2 өрөө “РС интернэт” кафег барьж байсан. Дараа нь хажуу талд нь 60 кв.м талбайтай авто засвар үйлчилгээний газар ажиллуулсан. Тухайн авто засварын газар миний хүү Х.Мын нэр дээр байсан бөгөөд бид 2011 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байсан. Сүүлд интернэт кафег хааж авто засварын газрыг ажиллуулсан. Авто засварын орлого нь муу байсан учраас тэр хашаанд цементийн үйлдвэр ажиллуулж эхэлсэн. Тэнд 3 хүн ажиллаж, сарын орлого 10.000.000 төгрөг, жил болгон 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл ажилладаг үйлдвэр байсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус газрыг  нураасан учраас ажиллаагүй байгаа. Тус үйлдвэр 4 дүгээр сараас эхэлж ажиллаж байх ёстой байсан. Үүнийг нураасан болохоор одоо 3 айл ажилгүй болсон. Өлгий сум тус жижиг үйлдвэрийг дэмжих ёстой байсан боловч нураасан явдалд гомдолтой байна.

Өлгий сумын орлогч А.А дарга бид нарыг ажилтай, орлоготой болгож, дэмжинэ гэхээр нь түүнийг сонгож дарга болгосон байхад биднийг ажилгүй, орлогогүй болгочихсон. Би анх тус газрыг 600 м.кв гэж авсан байсан. Харин кадастрт 350 м.кв талбайтай юм байна. Надад анх 600 м.кв гэж өгсөн болохоор би анзаараагүй байсан.

Тэнд би авто засвар, цементийн үйлдвэр барьсан, үүнийг багийн Засаг дарга нар мэдэж байгаа. 2016 онд тус газрын хажуугаар нь хар зам тавигдсан. Хэрвээ тус замыг хоёр метрийн зайтай тавьсан ч чөлөөтэй зам байгаа. Тус үйлдвэрийн эзэн нь би байхад надтай тохиролцохгүйгээр машины зогсоол барьсан. Хоёр метр алгасаж машины зогсоол барьж болох  байсан. Намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Надад интернэт кафе болон авто засварын газрын хоёр гэрчилгээ байгаа. Тус газрын татварыг төлж ажиллуулж байхад надад хэлэлгүйгээр нураасан. А.А дарга надад мэдэгдсэн гэж байна.

Хэрвээ надад мэдэгдсэн бол мэдэгдэх хуудас олгож тэмдэглэн, журналд  гарын үсэг зуруулах ёстой. Хавтас хэрэгтэй танилцахад надад 3 удаа мэдэгдэх хуудас өгсөн гэж байна, надад нэг ч удаа мэдэгдэж, ямар ч мэдэгдэх хуудас өгч байгаагүй. Хэрвээ надад мэдэгдэж нураасан бол би дотор нь байгаа эд хөрөнгөө авах байсан.

Газрын даамал Б.Аманбекийг дагуулж очсон гэж хариуцагч ярьж байна. Тэр үед А.Айтуган  газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхөөр ирсэн. Хэрэв  газрын даамалтай хамт кадастрын зургаа үзүүлж, таны газар илүү гарсан байна гэж учраа хэлсэн бол би ойлгох байсан.

Иймд Өлгий сумын Засаг даргын албадан нүүлгэх тухай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  А/246 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай. Захиргааны актыг гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт зохицуулагдсан. Хариуцагч байгууллага Захиргааны шийдвэр гаргах процессын ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч надад 3 удаа мэдэгдэл өгсөн гэж байна. Гэхдээ надад нэг ч удаа мэдэгдэж байгаагүй гэж байна. Хавтас хэргийн 79, 81, 82 дугаар хуудсанд 2017 оны 06 дугаар сарын 16, 08 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн мэдэгдэх хуудас байна.  Тухайн үед мэдэгдэж байсан бол нэхэмжлэгчийн нэр, эсвэл эхнэрийн нэр нь яагаад байхгүй байгаа. Мэдэгдэл өгсөн гэдэгт бид нар эргэлзэж байгаа.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “...Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө...” гэж заасан байхад энэ мэдэгдлийг өгөөгүй. Мэдэгдэл өгсөн гэдгийг хариуцагч тал нотолж чадаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагаа явуулах талаар тодорхой заасан байгаа. 26.1 дэх заалтад “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...” гэж заасан. Захиргааны шийдвэр гаргахад ямар ч боломж олгоогүй байшин барилгыг шууд нураасан.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулна гэж заасан. 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж байгаа. Энэ тодорхойлогдох этгээдээр Ж.Хияш, Х.Хайрол нарыг тодорхойлох ёстой. Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно. Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ. Үүнд 20 буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх ёстой гэсэн байна. Ийм мэдэгдлийг хүргүүлээгүй.

Хэрвээ чөлөөлөгдөхөөр газар байсан бол Улсын бүртгэлийн байгууллага яагаад гэрчилгээ олгодог юм вэ? Тус газар Х.Х, Ж.Х нарын эзэмшлийн газар мөн гэж өмчлөх эрхийг, тодруулбал хавтас хэргийн 6-8 дугаар хуудсанд авагдсан гэрчилгээнүүдийг  олгосон байдаг. Мөн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн лицензүүд байгаа. Лицензийн дуусах хугацаа 2019 он юм байна. Үүнийг яагаад анзаарч хараагүй вэ? Ийм хугацаатай гэрчилгээ байхад яагаад хүний өмчид халдаж, тухайн өмчийн эзэнд яагаад мэдэгдээгүй вэ гэсэн ноцтой асуудал байгаа. Хариуцагч хуулийг зөрчиж захирамж үйлдэж, газрыг чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байгаа. Мэдэгдлийг яагаад эргэлзээтэй гэж үзэж байгаа вэ гэвэл 2017 он гэдгийг 2018 гэж засвар оруулсан байна.

Хэрвээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэх хуудас өгч газрыг чөлөөлөхгүй бол Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн захирамжийн дагуу албадан чөлөөлнө гэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 01-нд Засаг даргын захирамж гарахыг яаж мэдсэн бэ гэдэг нь эргэлзээтэй.  Нотлох баримтыг хожим үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. Анхнаасаа мэдэгдэх хуудас байгаагүй байсан бол нэхэмжлэгчид яагаад гардуулж өгөөгүй вэ, энэ хүн тодорхой хаягтай шуудангаар явуулсан ч болох байсан. Нэг ч удаа мэдэгдэх хуудас өгөхгүйгээр тухайн объектыг буулгасныг бид нар хууль бус гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2017 онд Өлгий сумын 6,10 дугаар багуудад хатуу хучилттай зам тавигдаж томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болж дэд бүтцийн салбарт бага ч гэсэн хөгжил дэвшил болсон билээ. Энэхүү замыг “Жол” ХХК тавьж гүйцэтгэсэн юм. Хар зам тавигдах үед улаан шугамд таарсан айл өрх, ард иргэд учир байдлыг ойлгож тухай бүр холбогдох газрыг  чөлөөлж хамтран ажиллаж тус дэм болж байсан. Харин нэхэмжлэгчийн илүү авсан газар нь хажуугийн зогсоол тавих улаан шугамд таарсан тул газрыг чөлөөлж өгнө үү хэмээн удаа дараа мэдэгдсэн боловч сайн дурын үндсэн дээр газрыг чөлөөлж өгөөгүй юм.

“Жол” ХХК ажлаа хийж дуусгахад нэхэмжлэгч газар чөлөөлж өгөөгүй явдал нь саад болоод байгааг албан тоотоор мэдэгдэж хугацаатай хариу өгөхийг шаардсан тул биелүүлээгүй учир холбогдох хууль журмын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын 6, 10 дугаар багийн хооронд хар зам тавихаар болсон байсан. Бидэнд “Жол” ХХК-иас улаан шугамд орж байгаа газар, айл өрхүүдийг чөлөөлж өгнө үү гэж  кадастрын зурагтайгаа хүргүүлсэн. Том хөрөнгө оруулалт хийгдэж зам баригдаж байгаа учраас үүний дагуу бид ажилласан. Энэ үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сараас эхэлсэн ба тэр үед улаан шугамд орсон бүх хашаа байшин, айл өрхүүдэд мэдэгдэл өгч чөлөөлсөн байгаа. Тус сумын 10, 6 дугаар багийн дунд байгаа хар замын хажууд байгаа 10 айлд  чөлөөлөх мэдэгдэх хуудас гаргаж өгч байсан. 2017 оны 06 дугаар сарын 16-нд, мөн 2017 оны 08 дугаар сарын 16-нд мэдэгдэх хуудас өгч байсан.

 Бидний мэдэгдлийн дагуу айл өрхүүд хашаагаа татаж авч зарим нь бидний ажлыг хүндэтгэж дэлгүүрээ хүртэл нурааж авч байсан. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 6 дугаар багийн Засаг дарга С-р дамжуулан нэхэмжлэгч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн 8 дугаар сарын 16-ны өдөр багийн Засаг даргын туслах Д.А-аар дамжуулан хүргүүлсэн. Бүх айл өрхүүд хашаа дэлгүүрээ татсан байгаа. Тухайн авто засвар, цементийн үйлдвэр, интернэт кафе бүгд Х.М-ын нэр дээр байсан. Би анх Х.М-тай утсаар ярьж байсан,  тэр үеийн утасны бичлэгийг шүүж үзэх юм бол 2017 оны 08 дугаар сарын 16-аас хойш би Х.М-тай 5-6 удаа ярьсан байгаа. Х.М хэлэхдээ “Би газраа зарсан байгаа миний эд хөрөнгө биш, Ногооннуур сумын иргэнд зарсан байгаа одоо Хурмет гэдэг хүн ажиллуулж байгаа” гэж хэлж байсан.

Тэгээд мэдэгдлийг Х Х нарт өгөхөд “бид зөвхөн ажиллуулж байгаа, та нар  мэдэгдэх хуудсыг эзэнд нь  өгөөрэй” гэсэн учраас бид дахиж Х.Мтай ярьж мэдэгдэх хуудсыг хуулийн зөвлөхтэй хамт очиж Х.Мын эхнэр Нургулд өгч байсан. Дараа нь  2018 оны 09 сард замыг хүлээж авах комисс ирж “яагаад зогсоол баригдаагүй вэ, зураг төсвийн дагуу зогсоол баригдах ёстой. Та нар яагаад шаардлага тавиагүй юм бэ?” гэсэн учраас  би дахиж мэдэгдэх хуудас авч нэхэмжлэгч Х.Хайролын гэрт газрын даамал Б.А-тэй хамт очиход гэрт нь Х.Хайрол, эхнэр нь Ж. Х, Х.М-ын эхнэр Нургул, бас нэг хүн  байсан. Тэр үед мэдэгдэх хуудсаа өгч Х.Хайролд хашаагаа буулгахгүй бол болохгүй гэж хэлж байсан. Надтай хамт очсон газрын даамал Б.А “би төрөл садны холбоотой учраас гэрт нь орохгүй та ганцаараа ор” гэсэн учраас би ганцаараа орсон ба  Х.Х мэдэгдэх хуудсыг  хүлээж авалгүйгээр намайг загнаж гаргасан, би мэдэгдэх хуудсыг ширээнд тавиад гарсан  болно. Тэр үед 10 дугаар сард хашааг  нураана гэж сануулга өгч байсан. Өлгий сумын Засаг даргын захирамж хууль ёсоор гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд нэхэмжлэгч Х.Х, Ж.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сс Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/246 дугаартай “Газрыг албадан чөлөөлүүлэх тухай” захирамжийг[1] хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзлээ.

Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 44 дүгээр захирамжийн хавсралтаар[2] нэхэмжлэгч Ж.Х  Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 350 м2 хэмжээтэй газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 50 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгчид нь “...  эзэмшил бүхий газартаа 2011 онд 38,25 м2 талбайтай хоёр өрөө, 2013 онд 60 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус үйлчилгээний зориулалтаар барьсан,  улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан, Өлгий сумын Засаг даргаас мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр дур мэдэн 60 м2 талбайтай авто засварын үйлчилгээ үзүүлж байсан үл хөдлөх хөрөнгийг нураасан” гэж  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан.

 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 2-р хавсралтаар баталсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт дахь “XI.1.1.5 Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын шинэчлэлт 4.5 км (Баян-Өлгий, Өлгий сум) ажил”-ыг гүйцэтгэх тендерийн ажлыг “Жол” ХХК-иар гүйцэтгүүлэхээр Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамнаас   ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон нь, мөн энэ ажлын хүрээнд хатуу хучилттай зам барих төлөвлөгөөнд   нэхэмжлэгчдийн эзэмшиж буй газрын тодорхой хэсэг нь баригдах замын талбайтай давхацсан нь   хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 03/1425 дугаартай мэдэгдлээр[3], хатуу хучилттай автозамын ажлын зургаар[4] тус тус тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Нэхэмжлэгчдийн  эзэмшиж байсан газрын хэмжээ нь 594,7м2 талбайтай,  энэ нь Өлгий сумын Засаг даргын 2011 оны 44 дүгээр захирамжаар Ж.Х эзэмшүүлсэн газрын хэмжээнээс 244,7 м2 илүү, мөн маргаан бүхий захиргааны актын дагуу албадан буулгасан  авто засварын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон  хашаа нь энэхүү илүү эзэмшиж буй газарт байрласан, тодруулбал, анхны кадастрын зургийн дагуу олгосон газарт бус,  хууль бусаар илүү эзэмшиж байсан газарт байршилтай болох нь  шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг[5], кадастрын зураг[6] зэргээр батлагдаж байгаа тул хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,  57.4-т  “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

Нийтийн эрх ашгийн үүднээс Өлгий сумын төвд Монгол Улсын төсвөөр  хатуу хучилттай зам барих ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор  хариуцагчаас  газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зохих зөвшөөрөлгүй газарт барилга  барьсан нэхэмжлэгчдэд  газрыг чөлөөлөх тухай   мэдэгдэл өгсөн нь, мөн  албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцжээ.  

Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж маргаж байгаа боловч газрыг чөлөөлөх талаар  маргаан бүхий барилгад авто засварын үйл ажиллагаа явуулж байсан нэхэмжлэгчдийн хүү болох Х.М-ын эхнэр Т.Н-д мэдэгдсэн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн нэхэмжлэгчдийн гэрт нь  хүргэж өгсөн, мөн зам барих төлөвлөгөөнд заасан газарт хашаа, байшингийн байршил нь  давхацсан бусад иргэдэд мэдэгдэл хүргүүлж байсан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан гэрч Т.Н, Р.Ж, Б.А, З.Х, М.М, М.К нарын мэдүүлэг[7] болон нэхэмжлэгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан “...тэр үед А.Ан  газар чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөхөөр ирсэн. Хэрэв  газрын даамалтай хамт кадастрын зургаа үзүүлж, таны газар илүү гарсан байна гэж учраа хэлсэн бол би ойлгох байсан” гэх тайлбараар тус тус  тогтоогдож байх тул  захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчдэд мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзлээ.  

Түүнчлэн нэхэмжлэгч  Ж.Х анх 350 м2 газрыг  гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байхад үйлчилгээний зориулалтаар  эзэмшсэнээр   Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ““газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”,  27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг тус тус  зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны акт биелэгдсэн  болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчдийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Х, Ж.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нараас  Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/246 дугаартай “Газрыг албадан чөлөөлүүлэх тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 24 дүгээр хуудас

[2] Хэргийн 54, 55 дугаар хуудас

[3] Хэргийн 100 дугаар хуудас

[4] Хэргийн 49, 50 дугаар хуудас

[5] Хэргийн 61-66 дугаар хуудас

[6] Хэргийн 9 дүгээр хуудас

[7] Хэргийн 60,73,76,85,95,98 дугаар хуудсууд