| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
2021 01 28 2021/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Б.Г холбогдох эрүүгийн 2034000000642 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1993 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овгийн Б.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Бэрхийн даваа” гэх газар 3702 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 39-90 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Сондорын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г:
... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000642 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаяр /хх-ийн 14-16 дугаар хуудас/, хохирогч Х.Мөнхгэрэл /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Х.Мөнхгэрэл /хх-ийн 23-25 дугаар хуудас/, гэрч Ц.Хоролгарав /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Х.Хандмаа /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 31-33 дугаар хуудас/, яллагдагч Б.Г /хх-ийн 102-104 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/447 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-45 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/446 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 634 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /хх-ийн 69-72 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4, 7-12 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 05-06 дугаар хуудас/, хохирогч Ш.Отгонбаярын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60-62 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-80 дугаар хуудас/, биогийн шинжилгээний хариу /хх-ийн 81 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63, 67, 89-92 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт:
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Бэрхийн даваа” гэх газар 3702 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан 39-90 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Сондорын амь нас хохирсон үйл баримт болсон байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь “NISSAN TIIDA” маркийн 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан “KIA FRONTER” маркийн 39-90 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж нь “NISSAN TIIDA” маркийн 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 8 сартай иргэн Г.Сондорын амь нас хохирсон нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаярын ...Болсон асуудлын талаар манай охин мэдүүлэг өгсөн тул надад ярих зүйл байхгүй. Ямар ч байсан адуу мөргөөд нэг мэдэхэд нэг залуу цагдаа дууд гээд орилоод байсан... ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй... ...Надад нэмж ярих зүйл байхгүй хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Надад бас охинд маань хүнд байна. Сэтгэл санааны хувьд... /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
хохирогч Х.Мөнхгэрэлийн ...орой 19-20 цагийн орчимд замд Төв аймгийн Лүн сумын нутаг руу орж явтал Ниссан тида маркийн 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний машиныг мөргөсөн. Ослын дараа Ниссан тида маркийн тээрийн хэрэгслийн жолооч хүүхэн өөрийнхөө хүүхдийг аваад замын унаагаар Лүн сумын эмнэлэг рүү явсан. Араас нь хамт явсан эгч нь мөн адил замын унаагаар Лүн сумын эмнэлэг рүү явсан. Эхнэр бид хоёр бол ослын газартаа эмч цагдаа нарыг иртэл хүлээсэн... ...миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин эхнэрийн бие доргиж, аарцаг нь хөндүүрлээд... ...урд талын нүүр, их гэрэл, гэрэл дохио, урд гупер, салхины шил гэх мэт урд хэсэг нилэнхүүдээ эвдэрсэн. Мөн дотор талын салон бутарсан. Арын кузов толгойтойгоо наалдсан... ...машин тэрэг янзлаад өгчихвөл надад гомдол санал байхгүй. Нялх үрээ алдчихсан айлыг хүндрүүлээд хэрэггүй байх гэж бодож байна... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
гэрч Х.Мөнхгэрэлийн ...Би Булган аймгийн Могод сумын нутгаас 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим эхнэр Хандмаагийн хамт 40 толгой хонь хийгээд Улаанбаатар хот руу орж борлуулахаар өөрийнхөө эзэмшлийн 39-90 БУЛ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан юм. Тэгсэн орой 18-19 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг Бэрхийн даваа гэх газарт явж байтал өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл гэнэт урсгал сөрөөд миний урсгалд ороод ирэхээр нь би шууд тормоз гишгээд өөрийнхөө урсгалд мөргөлдөөд зогссон. Би машинаасаа гарах гэтэл хаалга онгойдоггүй хөлөөрөө тийрээд машинаас буугаад эхнэрээ машинаас буулгаад нөгөө цагаан машины хаалгыг нь онгойлгож жолооч хүүхнийг машинаас буулгахад хамар амнаас нь цус гарчихсан урд талын суудал дээр хүүхэд тэвэрсэн хөгшин сууж байсан. Тэгсэн жолооч хүүхэн хүүхдээ аваад манай эхнэрт өгсөн. Манай эхнэр хүүхдийг нь буцаагаад жолооч хүүхэнд өгсөн. Тэгтэл араас нэг замын унаа ирээд жолооч хүүхнийг хүүхэдтэй хамт сумын эмнэлэг рүү аваад явсан. Түүнээс хойш 1 цагийн дараа нөгөө урд талын суудал дээр явж байсан эгчийг замын унаа ирээд сумын эмнэлэг рүү аваад явсан. Эхнэр бид хоёр бол замын цагдаа нарыг иртэл машин дээрээ байсан... ...Надтай юм яриагүй хүүхэд гээд л уйлаад байсан. Би бас тухайн үед сандарчихсан, зүрх өвдөөд хэсэг шоконд орчихсон тэнд юу болоод байгааг сайн ойлгохгүй байсан. Сүүлд нь тайвшраад гайгүй болсон... ...Осол болох үед харуй бүрий болчихсон хол ойрын гэрэл татаатай явсан. Тэгтэл өөдөөс нэг гэрэл ирж яваа нь харагдсан тэгтэл дөхөж ирээд миний урсгалд ороод ирсэн тэгээд би шууд тормоз гишгэсэн. Ниссан тида маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирснээс болж осол гарсан... ...Тухайн үед бид хоёроос өөр машин байгаагүй... /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
гэрч Ц.Хоролгаравын ...Би 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 19 цаг 50 минутад сувилагч Оюунчимэг над руу утсаар залгаж Бэрхийн даваа орчим хоёр машин мөргөлдсөн гэж дуудлага өгсөн. Би гэртээ жолоочоо хүлээж байгаад 20 цаг 37 минутад жолооч ирээд хэргийн газар луу хөдөлтөл осол газраас хүн ирлээ гэхээр нь би буцаж эмнэлэг дээр ирэхэд эмэгтэй 8 сартай гэх охиныг хүлээн авах яаралтай тусламжийн өрөөнд ээж нь замын унаагаар авчирсан. Хүүхдийг үзэхэд зүрх судас зогссон хүүхэн хараа өргөссөн нас барсан байсан. Энэ талаар ээжид нь би хэлээгүй. Тухайн үед эмнэлэг дээр Саруул эмч ирчихсэн байхаар нь би талийгаачийн ээжийг Саруул эмчид үлдээгээд хэргийн газар луу явж байхад осолд өртсөн гэх Отгонбаяр гэх хүүхэн замын унаагаар ирж байхаар нь шууд эмнэлэг рүү явуулаад хэргийн газарт очиход пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Ниссан Тида маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдалтай байсан. Пронтер маркийн тээврийн хэрэгслийн жолооч зорчигч гэх хүүхэн залуу хоёр байсан. Хүүхний үзэхэд духны баруун талд хавдсан бусад амин үзүүлэлтүүд хэвийн байсан. жолооч бол зүгээр гээд надад үзүүлээгүй. Тэгээд буцаад эмнэлэг дээр ирэхэд Саруул эмч жолооч Г гэх хүүхэнд үзлэг хийгээд үзлэгийн дагуу эмчилгээг хийлгэж байсан. Би бол Отгонбаяр гэх хүүхнийг шөнө 23 цагийн орчим дуудагдаж ирээд үзэхэд цээжээр өвдөнө. Амин үзүүлэлтүүд хэвийн. Баруун гарын шуу хэсэг эмзэглэлтэй байсан. Би өвчин намдаах тариаг булчинд хийгээд Улаанбаатар хот руу ГССҮТөвд үзүүлэхийг зөвлөөд явуулсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
гэрч Х.Хандмаагийн ...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Мөнхгэрэл бид хоёр 40 толгой хонь хийгээд Улаанбаатар хот руу оруулж борлуулахаар өөрсдийнхөө 39-90 БУЛ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Могод сумын нутгаас 16 цаг өнгөрч байхад гарсан юм. Тэгсэн орой 19-20 цагийн орчим Төв аймгийн Лүн сумын нутаг руу орж явтал өөдөөс цагаан өнгийн жижиг суудлын тэрэг ирж мөргөж осол гаргасан. Тухайн үед манай нөхөр машинаасаа буугаад цагаан өнгийн жижиг тэргэнд сууж явсан жолооч, зорчигч нарыг нь машиных нь хаалгыг онгойлгож өгөөд гаргасан. Жижиг цагаан тэргэнд жолооч хүүхэн, урд талын суудал дээр нь ээж нь бололтой настайвтар эгч, талийгаач хүүхдийг тэвэрчихсэн байсан. Ослын дараа замын машин жолооч хүүхнийг хүүхэдтэй нь хамт аваад Лүн сумын эмнэлэг рүү явчихсан. Араас нь ээж нь бас замын машинаар явсан. Нөхөр бид хоёр бол хэргийн газарт эмнэлэг, цагдаа нарыг иртэл байсан... ...Нөхөр бид хоёр л явсан... ...Манай нөхөр эрүүл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёр 60-70 орчим км цагийн хурдтай явж байгаад өөдөөс машин гараад ирэхээр нь хурдаа хасаж шууд зогсоох арга хэмжээ авсан... ...Манай машин бол өөрийнхөө эгнээнд тохирсон хурдтай явж байсан. Бид хоёрын өөдөөс ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч урсгал сөрснөөс болж осол гарсан... ...Тухайн үед надад зам дээр ямар нэг мал харагдаагүй харин цагаан машины жолооч хүүхэн адуу гараад ирэхээр нь зайлуулж дараад эсрэг урсгалд орчихсон гэж нөхөр бид хоёрт ярьсан... ...Осол болох үед 19-20 цаг болж байсан. Гадаа харанхуй болчихсон хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгслүүд бүгдээрээ гэрэл асаачихсан явж байсан... ...Цаг агаар, үзэгдэх орчин, замын нөхцөл байдал хэвийн зүгээр байсан... ...Манай нөхөрт бол ямар нэг зовиур ажиглагдахгүй байна. Би ослын дараа өөрийгөө гэмтлийн эмнэлгийн тархи толгойн MRI-д үзүүлсэн, бүх бие доргисон эмчийн танд бай гэсэн. Мөн аарцаг явахад зовиуртай байгаа. Одоо бас зураг авхуулна. Яс гэх тээврийн ус хугарсан зүйл байхгүй... /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
яллагдагч Б.Г ...өмнө өгсөн мэдүүлэгт болсон асуудлын талаар тодорхой ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 102-104 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/447 дугаартай ...“NISSAN TIIDA” маркийн 37-02 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.849.600 /хоёр сая найман зуун дөчин есөн мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлсэн... эд хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-45 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/446 дугаартай ...“KIA FRONTIER” маркийн 3990 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.428.600 /хоёр сая дөрвөн зуун хорин найман мянга зургаан зуу/ төгрөгөөр үнэлсэн... эд хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 634 дугаартай ...Х.Хандмаагийн биед духанд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон... талаарх дүгнэлт /хх-ийн 65-66 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 163 дугаартай ...талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр сээрний 1-р нугалмын их биеийн нугасны бүрэн тасрал, булчин зөөлөн эд дэх цус хуралт, баруун 1, 2-р хавирганы хугарал, булчин зөөлөн эд дэх цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, гавлын суурь ясны дагзны шугаман хугарал, их тархины суурийн дагзны аалзан хальсан доорх цус харвалт, 3,4-р ховдлын цус харвалт, зүүн шууны цус хуралт бүхий гэмтэл болох сээрний 1-р нугалмын их биеийн нугасны бүрэн тасралт гэмтэл нь үхэлд хүргэсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 69-72 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-4, 7-12 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 05-06 дугаар хуудас/, хохирогч Ш.Отгонбаярын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 60-62 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73-80 дугаар хуудас/, биогийн шинжилгээний хариу /хх-ийн 81 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63, 67, 89-92 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн прокуророос эрүүгийн 2034000000642 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд эрүүгийн 2034000000642 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирчээ.
Тэрээр дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Б.Г дээрх гэм буруугийн болгоомжгүй үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Г.Сондорын амь нас хохирсон байна.
Шүүгдэгч Б.Г амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Отгонбаяр нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой оршуулгын болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Б.Г гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй талаарх хүсэлт, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхгэрэл нь тээврийн хэрэгслийн хохиролд 2.420.000 төгрөгийг авсан ба гомдол саналгүй, зөвхөн бусад зардалд 560.500 /таван зуун жаран мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилнэ, баримтыг хэрэгт өгөөгүй, шүүхэд гаргаж өгөөгүй, баримт нь байгаа талаар шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудаст тэмдэглэсэн баримт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Мөнхгэрэл нь бусад зардал болох 560.500 /таван зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн баримтаа бүрдүүлж шүүгдэгч Х овгийн Б.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна түүний 3 сартай жирэмсэн байгаа байдлыг мөн харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба түүний 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034000000642 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б.Г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай
5. Шүүгдэгч Х овгийн Б.Г шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.Г нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2034000000642 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ГЕ80012814 дугаарын регистртэй, Майхан овгийн Хишигдоржийн Мөнхгэрэл нь бусад зардал болох 560.500 /таван зуун жаран мянга таван зуу/ төгрөгийн баримтаа бүрдүүлж шүүгдэгч Х овгийн Б.Г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Б.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН