Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

 

 

 

 

     2021            02               03                                                 2021/ШЦТ/31                                   

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн, 

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч овгийн Б.О холбогдох эрүүгийн 2034000000533 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Төв аймгийн Бүрэн суманд 1981 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 4 хүүхдийн хамт, Өвөрхангай  аймаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Ч овгийн Б.О

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                               /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, “Жаргалант” мал нядалгааны газрын хашааны хойд талд байсан Г.Дуурсахын жолоодон явж байсан Тоёота приус-20 маркийн 6717 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Н.Бүрэнбаярын эзэмшлийн “I Phone”-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О:

... Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ. 

  

Эрүүгийн 2034000000533 дугаартай хэрэгт хохирогч Н.Бүрэнбаяр /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, гэрч Н.Бүрэнбаяр /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Г.Дуурсах /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.О /хх-ийн 14-15 дугаар хуудас/, яллагдагч Б.О /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Н.Бүрэнбаярын Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.О хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30, 34 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, “Жаргалант” мал нядалгааны газрын хашааны хойд талд байсан Г.Дуурсахын жолоодон явж байсан Тоёота приус-20 маркийн 6717 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Н.Бүрэнбаярын эзэмшлийн “I Phone”-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах    

хохирогч Н.Бүрэнбаярын ...нутгийн ах Дуурсахтай хамт түүний машинтай мал нядалгааны газрын хойд талд зогсоод өөрийнхөө гар утсыг машинд нь үлдээгээд бойны хашаа руу мал оруулчхаад 10 орчим минутын дараа машин дээрээ иртэл дотор нь байсан миний гар утас алга болчихсон байхаар нь би залгаж үзтэл дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь бойны газрын хяналтын камерыг шүүхэд нэрийг нь мэдэхгүй урьд өмнө нь ганц, хоёр удаа харч байсан эгч Дуурсах ахын машин дээр оччихоод буцаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгэхдээ тэр бичлэгт машин дээр оччихоод буцаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгэхдээ тэр бичлэгт машин бүтнээрээ харагдахгүй ар хэсэг нь харагдаж байсан болохоор тэр хүний утас авч байгаа нь бол бичлэгт гараагүй байсан. Тэгээд тухайн үед тэр эгч дээр очоод “эгчээ та өгчих гэтэл” өөдөөс би гар утас аваагүй гэж хариулж байсан. Тухайн үед Дуурсах ах цагдаа дуудахад цагдаа ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Харин орой нь Дуурсах ах цагдаатай утсаар ярихад нөгөө эмэгтэй утсыг чинь гаргаж өгсөн талаар хэлсэн байсан... ...тэр эмэгтэй миний гар утсыг сумын цагдаад өгсөн байсан. Би өнөөдөр ирж авахад миний гар утасны дэлгэцийн дээд нүүрэн хэсэгт зурагдсан харин дотор талын цаад хэсэгт нь 2 ширхэг жижигхэн толбо үүссэн байсан. Сая би Теди рүү гар утас засдаг хүнээс өөрийнхөө утсыг засуулах үнийг нь асуухад утасны маань нүүрний шил нь 40.000 төгрөг. Харин цаад дотор дэлгэц нь 450.000 төгрөг болж байна. Иймд би 490.000 төгрөг нэхэмжилж байна... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

гэрч Н.Бүрэнбаярын ...Дуурсах ахын хамт түүний машинтай мал нядалгааны газрын хойд талд зогсоод өөрийнхөө гар утсыг машинд нь үлдээгээд бойны хашаа руу мал оруулчхаад 10 орчим минутын дараа машин дээрээ иртэл дотор нь байсан миний гар утас алга болчихсон байхаар нь залгаж үзтэл дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь бойны газрын хяналтын камерыг шүүхэд нэрийг нь мэдэхгүй урд өмнө нь ганц, хоёр удаа харж байсан эгч Дуурсах ахын машин дээр оччихоод буцаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Гэхдээ тэр бичлэгт машины бүтнээрээ харагдахгүй зөвхөн бөгсөн хэсэг нь харагдаж байсан болохоор тэр хүнийг утас авч байгаа нь бол бичлэгт гараагүй байсан. Тэгээд тухайн үед эгч дээр очоод “эгч ээ та өгчих гэтэл” өөдөөс “би гар утас аваагүй” гэж хариулж байсан. Тухайн үед Дуурсах ах цагдаа дуудахад цагдаа ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Харин орой нь Дуурсах ах цагдаатай утсаар ярихад нөгөө эмэгтэй утсыг чинь гаргаж өгсөн талаар хэлсэн байсан... ...утасны маань нүүрний шил нь 40.000 төгрөг. Харин цаад дотор дэлгэц нь 450.000 төгрөг болж байна. Иймд би 490.000 төгрөг нэхэмжилж байна... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Г.Дуурсахын ...миний машины жолооны хүрдний хажууд байдаг машины зориулалтын утасны тавиур дээр байсан дүү Бүрэнбаярын гар утас алга болчихсон байхаар нь залгатал дуудаад авахгүй байсан. Тэгээд би бойны газар руу орж хяналтын камер шүүж үзэхэд бойны хашааны хойд талд хонь хариулж явсан эмэгтэй миний машин дээр ирээд буцаж явж байгаа бичлэг дүрс үлдсэн байсан. Гэхдээ тухайн бичлэгт миний машины зөвхөн бөгс нь камерт харагдаж байсан. Тэгээд би тэр эмэгтэй дээр Бүрэнбаярын хамт очоод машинд байсан утас алга болчихсон байна. Та машин дээр очсон уу гэхэд тэр эмэгтэй үгүй ээ би машин дээр чинь очоогүй би бойны хашаа руу огт ойртоогүй утас аваагүй намайг нэгжихгүй юу гэж хэлэхээр нь би таныг миний машин дээр очсон камерт бичигдсэн байна. Цагдаад хэлээд яахав та зүгээр л утас гаргаад өгчих гэж хэлэхэд мэдэхгүй ээ цагдаагаа дуудахгүй юу гээд гүрийгээд байхаар нь би 99061289, 8851005 дугаарын гар утаснууд руу залгаж цагдаад мэдэгдсэн... ...орой 19 цаг 30 минутын орчимд Бүрэнбаярын 99917129 дугаарын утас руу залгахад эрэгтэй хүн авсан. Тэгээд би хэн бэ гэтэл би цагдаа Саруулмөнх байна аа гэж хэлэхээр нь би өө за утсыг нь олчихсон уу гэж хэлтэл хайж хайж байгаад чулуун доороос оллоо гэж хэлсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.О ...бойны хашааны хойд талд цагаан өнгийн Приус машин байхаар нь очтол жолоочийн хажуу талын цонх нь онгорхой дотор жолоочийн рульны хажуу талд нь утасны тавиур дээр хар өнгийн гар утас байсан. Тэгээд тэр машины ойр хавьд хүн байхгүй болохоор нь би тэр машин дотор байсан гар утсыг хулгайлаад буцаад хонин дээрээ очоод хонь хариулж явсан газрын хажууд талд нэг содондуу чулуу байхаар нь тэр чулууны хажуу талд нуугаад байж байтал нөгөө миний гар утас авсан машинтай хоёр залуу над дээр ирээд утас гаргаад өг, утсаа авъя, цагдаад хэлээгүй байхад утас өгчих гэж хэлсэн. Тэгээд би тэр утсыг чинь аваагүй ээ гэж хэлтэл буцаад яваад өгсөн. Харин тэрний дараагаар над дээр цагдаа ирээд би цагдаатай нөгөө хүний гар утсыг тавьсан чулуугаа хайж байгаад нөгөө гар утсыг нь олоод сумын Саруулмөнх гэдэг цагдаад өгсөн юм... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

яллагдагч Б.О ...Би болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

 

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хохирогч Н.Бүрэнбаярын Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.О хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 30, 34 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг, “Жаргалант” мал нядалгааны газрын хашааны хойд талд байсан Г.Дуурсахын жолоодон явж байсан Тоёота приус-20 маркийн 6717 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос Н.Бүрэнбаярын эзэмшлийн “I Phone”-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү иргэн Г.Дуурсахын жолоодон явсан Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслээс Н.Бүрэнбаярын эзэмшлийн “I phone-7” маркийн гар утсыг авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Мөн шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Б.Сэндэнпүрэв нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бүрэнбаярт 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бүрэнбаярт 780.000 /долоон зуун наян мянга/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

  

Мөрдөн байцаалтын шатанд 780.000 /долоон зуун наян мянга/төгрөгийн үнэ бүхий гар утсыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн нь хавтас хэргийн 8-9  дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Харин хохирогч Н.Бүрэнбаяр нь мөрдөн байцаалтын шатанд баримтгүйгээгээр утасны эвдрэл хохирол 490.000 төгрөгийг нэхэмжилдэг ба шүүхийн шатанд утасны эвдрэл хохирлын нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Б.О нь төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.О энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Б.О хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.О оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн 2034000000533 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь хохирогч Н.Бүрэнбаярт төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.О тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

   36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

                         тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Б.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ч овгийн Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Б.О шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч овгийн Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 

5. Шүүгдэгч Ч овгийн Б.О шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

6. Эрүүгийн 2034000000533 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.О нь хохирогч Н.Бүрэнбаярт төлөх төлбөргүйг, шүүгдэгч Б.О тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.        

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч овгийн Б.О урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч овгийн Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

   

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ш.ГАНДАНСҮРЭН