Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2017/00637/И |
Дугаар | 102/ШШ2017/01017 |
Огноо | 2017-04-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01017
2017 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/01017 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3 дугаар байр, 1-4 тоотод оршин суух, Боржигон овогт Цовоогийн Эрдэнэтөгс /РД-КН69032878/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол түлхүүр ХХК-ийн байрны 404 тоотод оршин байгаа “Спейшл майнинг сервис” ХХК /РД-5623529/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлөх мөнгөн төлбөрт 5,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэтөгс нь “Спэйшл майнинг сервис” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 7372 ӨМӨ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Нордбенз маркийн автомашин болон түүний 8584 БЧ улсын дугаартай чиргүүлийг нийт 45 сая төгрөгөөр хариуцагч компанид худалдсан.
Уг гэрээний дагуу гэрээ байгуулсан өдөр 20 сая төгрөгийг нь бэлнээр хүлээн авсан. Үлдэх 25 сая төгрөгийг гэрээний 4.3, 4.4-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 15 сая төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10 сая төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй байсаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төлбөрөө төлж дуусгасан.
Ингэхдээ “Спэйшл майнинг сервис” компани нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 сая төгрөг, 28-ны өдөр нь 10 сая төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь дансанд оруулсан байдаг.
Хариуцагч компанийг гэрээнд заасан үүргээ цаг хугацаанд нь төлөөгүйгээс бидэнд алдагдал учирсан тул гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0,2 хувиар алданги тооцож нийт 5,360,000 төгрөгийг “Спэйшл майнинг сервис” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Машиныг худалдаж авсан боловч ажилд гараагүй, олон удаагийн давтамжтайгаар эвдрэл гарч, манай компаниас сэлбэг, засварын зардал гарсан.
Нэхэмжлэгч нь манай үйлдвэрийн газарт машинаа худалдаад яаж явж байгаа талаар мэдээлэлтэй байсан гэж бодож байна. 2016 оны 9 дүгээр сараас эхэлж ажилд гарсан боловч хамгийн гол үнэтэй эд ангиуд нь эвдэрсэн. Түүнээс хойш байнга засвар хийж явсан ба 2017 онд мотор нь цохиж эвдэрсэн. Хуучин мотор авч хийх тохиолдолд 7 сая төгрөг, засварын хөлс нь 1 сая төгрөг болно. 9 дүгээр сараас эхэлж 5 сарын хугацаанд машиныг ашиглаагүй байсан бөгөөд бидний ажил зогсонги байсан үе. Тавантолгойд ажил бага байсантай холбогдож бидэнд машинаа зарсан бөгөөд санхүүгийн хувьд бидний бололцоо муу байсан ч бид авсан, одоо дахиад засвар хийх гэж байна.
Иймд алдангийг бүтнээр төлөх боломжгүй тул 50 хувиар багасгаж өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгс нь “Спэйшл майнинг сервис” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлөх мөнгөн төлбөрт 5,360,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал гэрээний үүргээ хугацаа хоцорч гүйцэтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгөхийг хүсч, үндэслэлээ “... машинд эвдрэл гэмтэл гарч, засварын зардал их гарсан, санхүүгийн байдал хүнд байсан…” гэж тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн өөрөөр хэлбэл Ц.Эрдэнэтөгс нь “Спэйшл майнинг сервис” ХХК-тай СМС-2015-10 дугаартай 45 сая төгрөгийн үнийн дүн бүхий, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Нордбенз маркийн автомашиныг кузовын хамт худалдсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон хэргийн 4-5 дугаар хуудсанд авагдсан гэрээгээр нотлогдож байх ба зохигчдын хэн аль нь энэ үйл баримтын талаар маргаагүй.
Уг гэрээний дагуу хариуцагч компани нь худалдаж авсан эд хөрөнгийн үнээс 20 сая төгрөгийг нь бэлнээр өгч, үлдэх 25 сая төгрөгөөс 15 сая төгрөгийг нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор, 10 сая төгрөгийг 12 дугаар сарын 31-ний дотор тус тус төлөхөөр, мөн талууд гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хохирогч талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,2 хувиар тооцож, хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон байна. /хх-5 дугаар тал/
Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч нь худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаагаа хэтрүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 сая төгрөг, 28-ны өдөр 10 сая төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 10 сая төгрөг төлсөн байх ба “Спэйшл майнинг сервис” ХХК үүнийгээ хүлээн зөвшөөрч маргаагүй. /хх-9-11 дүгээр тал/
Харин үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн шалтгаанаа “компанийн санхүү хүнд байсан, машин эвдэрч, засварын зардал их гарсан” гэж тайлбарлах хэдий ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйн гадна хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэдгээ нэхэмжлэгч талдаа албан ёсоор мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог тул шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 6.1-д заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь алдангийг тооцохдоо 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш тооцсон байдаг.
Гэтэл гэрээнээс харахад хариуцагчийн төлбөр төлж дуусах хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байх тул алдангийн хугацааг уг өдрөөс хойш тооцох нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-ийн төлөх алдангийн хэмжээг тооцвол 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 12 хоногийн алдангид /25,000,000 х 0,2 % : 12 хоног/ 600,000 төгрөг, 01 дүгээр сарын 12-ноос 28-ны өдрийг хүртэл 16 хоногийн алданги /20,000,000 төгрөг х 0,2%/ 640,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 28-наас 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 161 хоногийн алдангид /10,000,000 х 0,2%/ 3,220,000 төгрөг, нийт 4,460,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд төлөхөөр байна.
Иймд хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 4,460,000 /дөрвөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 /есөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 86,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир шүүх түүний гаргаж өгсөн автомашины эвдрэл, засвар үйлчилгээний зардалтай холбоотой баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 4,460,000 /дөрвөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 900,000 /есөн зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 86,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Эрдэнэтөгсөд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| ||||
|