| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
2021 02 26 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Г.Энхбат,
шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ж.Г холбогдох эрүүгийн 2134000000012 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1962 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймгийн шүүхийн 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар,
Төв аймгийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овгийн Ж.Г
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Г нь 2020 оны 12 дугаар сарын 19-өөс 2020 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг “Их гутайн ам” гэх газарт малын бэлчээрийн асуудлаас болж иргэн Т.Хишиг-Очиртой маргалдан улмаар түүний биеийн баруун гарын шуун тус газар нь заазуураар цохиж зүссэний улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ж.Г:
...Мөрдөн байцаалтын шатанд болсон хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000000012 дугаартай хэрэгт хохирогч Т.Хишиг-Очир /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Ч.Жаргалсайхан /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Ж.Сэргэлэн /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Т.Хишиг-Очир /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Ж.Г /хх-ийн 27, 28 дугаар хуудас/, яллагдагч Ж.Г /хх-ийн 39 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 006 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /12 дугаар хуудас/, Заазуурт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 04 өдрийн 0005 дугаартай Баянгол дүүргийн тойргын нотариатч Г.Рэнцэнханд эвлэрлийн гэрээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 12 дугаар сарын 19-өөс 2020 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг “Их гутайн ам” гэх газарт малын бэлчээрийн асуудлаас болж иргэн Т.Хишиг-Очиртой маргалдан улмаар түүний биеийн баруун гарын шуун тус газар нь заазуураар цохиж зүссэний улмаас эрүүл мэндэд нь баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
Хохирогч Т.Хишиг-Очирын ...2020 оны 12 дугаар сарын 19-өөс 2020 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө 23 цагийн орчим Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг "Их гутай амын орчим өөрийн 51-01 УБ3 улсын дугаартай Бонго-3 маркийн автомашинтай өөрийн найз Сэргэлэнгийн хамт гэр рүүгээ явж байсан чинь машин маань Г гэрийн ойролцоо унтарчихсан юм, тэгээд Сэргэлэн бид 2 аккумлятор гуйхаар Ган-Эрдэнийн гэрт ороод аккумлятор асуусан чинь байгаа, ав ав гэж хэлсэн. Тэднийд дулаацангаа малын бэлчээрийн асуудлаар Г маргаж эхэлсэн. Учир нь тэднийх манай хаваржаан дээр өнгөрсөн намар малтайгаа намаржсан байсан юм. Би тухайн үед 1 пиво уучихсан бага зэрэг согтолттой байсан, Г эрүүл байсан. Тэгээд хэрэлдэж байгаад Ган- Эрдэнэ над руу хутга бариад дайрсан чинь эхнэр, хүүхэд 2 нь болиулсан юм. Дараа нь Г ахиж заазуур авч босож ирээд миний баруун гарын шуу хэсэгт хүчтэй цохиж зүссэн. Тухайн үед манай найз Сэргэлэн болон Г эхнэр нь надаас Г салгасан. Энэ асуудал болсны дараа Сэргэлэн бид 2 тэднийхээс аккумляторыг нь авч гараад машинаа асаагаад гэртээ харьсан. Шөнө нь миний гараас цус гараад тогтохгүй байсан болохоор эхнэр бид хоёр сумын эмнэлэг рүү очиж боолгуулсан. Манай эхнэр цагдаад дуудлага өгсөн, бид хоёрын муудалцсан шалтгаан ерөөсөө малын бэлчээрээс болсон гэж хэлж болно. Өнгөрсөн намар Г манай хаваржаан дээр намаржсан болохоор тэгж болохгүй гэж маргалдаж эхэлсэн, зөвхөн миний баруун гарын шуу хэсгийг заазуураар нэг удаа зүсэж гэмтээсэн. Өөрөөр надад халдаж зодож, цохисон асуудал гаргаагүй, манай найз СэргэлэнГ, Г эхнэр нэрийг нь мэдэхгүй/, Г хүүхэд /27-28 насны сэтгэцийн өөрчлөлттэй/ нар байсан. Би Г биед огт гар хүрч, зодож цохиогүй. Эмчилгээний зардал гаргаж өгөх юм бол надад гомдол, санал байхгүй... /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
гэрч Ч.Жаргалсайханы ...2020оны 12 дугаар сарын 19-ны өдрийн оройны 23 цагийн орчимд манай гэрт Хишиг-Очир, би нэрийг нь сайн мэдэхгүй юм. Сэргэлэн гэх залуутай цуг орж ирээд манай нөхөр Ж.Г бид хоёртой танай гэрийн ойролцоо машин асахаа больчихлоо гээд манай нөхрийг асаагаад өгөх үү гээд байсан тэгээд Хишиг-Очир гэх залуу нь танай мал манай хаваржааны өвсийг сайхан идүүлсэн байна гээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь манай нөхөр Г, Хишиг-Очирт хандаж чи яах гэж хэрүүл хийгээд байгаа юм бэ гээд гараараа нэг удаа цохисон. Хишиг-Очирыг ширээний хажууд сууж байхад нь гараараа нэг удаа цохих шиг болсон... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Ж.Сэргэлэнгийн ...Г ах шүүгээнээс хутга гаргаад ирсэн. Тэгсэн хажуугаас энхэр нь хутгыг булааж авсан. Би тэр хооронд хүүхдийг хориод байж байтал Г шүүгээнээс заазуур аваад далайгаад хэд хэд цавчиж байгаа юм шиг харагдсан. Тэгээд Г эхнэртэй цуг салгаад болиулсан. Тухайн үед аль хэсэг рүү заазуураар цохисныг хараагүй. Ямар ч байсан Г ах заазуур бариад гараа далайгаад байх шиг байсан. Бид хоёр Г ахын гэрээс гарч явах замд Т.Хишиг-Очир надад хэлэхдээ миний гарыг зүссэн юм шиг байна, хоёулаа машин дээр очоод үзсэн чинь баруун гарын шууны хэсэгт хөндлөн зүссэн хэлбэртэй байсан... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
гэрч Т.Хишиг-Очирын ...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой ганцаараа өөрийн эзэмшлийн Bongo маркийн 51-01 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод найз Ж.Сэргэлэнгийн гэрт нь очоод Ж.Сэргэлэнг дагуулаад гэр рүүгээ явж байтал Хүрлээгийн өвөлжөөний урд талд машин унтраад аккумлятор цэнэггүй болсон тэгээд машинаа орхиод Ж.Сэргэлэн бид хоёр Ж.Г ахынд 23 цагийн үед ирсэн тэгээд би Ж.Г ахыг та хаваржаан дээр малтайгаа намаржлаа гэсэн чинь уурлаад намайг урдаас өшиглөөд, цаашаа эргээд хутга аваад дайрахаар нь манай найз Ж.Сэргэлэн, Ж.Г ахын эхнэр, хүүхэд нь хорьж болиулсан тэгээд хутгаа тавиад цаанаасаа заазуур аваад миний гар руу заазуурдсан тэгээд би за явъя гээд аккумлятор аваад гараад явсан. Би хүүхэд байхын таньдаг, манай нутгийн хүн, манайхтай олон жил саахалт айл байсан. Би хэрэглэсэн байсан найз Ж.Сэргэлэнгийн хамт 2 литрын Сэрүүн нэртэй пиво хувааж уусан.Тухайн үед Ж.Сэргэлэн, Ж.Г ах болон эхнэр, хүү нь байсан. Заазуураар миний баруун гарын шуу хэсэг рүү нэг удаа заазуурдсан. Гар өвдөж байна. Надад гомдол, санал байхгүй... /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч Ж.Г ...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 23 цаг 30 минутын орчим манайхыг унтаж байхад гаднаас Т.Хишиг-Очир, Ж.Сэргэлэн нар машин танай зүүн урд эвдэрчихлээ гээд орж ирээд Т.Хишиг-Очир намайг та машинаараа чирээд асаагаад өгчих гэсэн тэгэхээр би намраас хойш асаагаагүй гэсэн чинь Т.Хишиг-Очир та G-4 гэдэг машин авсан гээ биз дээ гэсэн, тэгэхээр нь би тийм машин аваагүй, мэдэхгүй гэсэн тэгээд Т.Хишиг Очир над руу хандаж, намар танайх олон малаараа дарамталж хаваржаа идүүлээд байхын гэхээр нь би чи ч гэсэн манай өвөлжөөний өвсийг танайх 6 сар хүртэл малаа идүүлдэг биз дээ гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Т.Хишиг-Очир хэрүүл өдөөд байхаар нь би Т.Хишиг-Очирыг урдаас өшиглөж унагаагаад тогооны савны шүүгээнээс заазуур авч гар хавьцаа нь заазуурдсан тэгээд Т.Хишиг-Очир, Ж.Сэргэлэн нар гараад явсан. Ийм үйл явдал болсон. Нэмж ярих зүйл алга байна... /хх-ийн 39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 006 дугаартай ...Т.Хишиг-Очирын биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /12 дугаар хуудас/, Заазуурт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2021 оны 01 дүгээр сарын 04 өдрийн 0005 дугаартай Баянгол дүүргийн тойргын нотариатч Г.Рэнцэнханд эвлэрлийн гэрээ /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Г нь Т.Хишиг-Очирын биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.
Тэрээр хүнийг зодож, цохиж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, Т.Хишиг-Очирын биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ж.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хишиг-Очирын биед баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Ж.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудаст шүүгдэгч Ж.Г нь хохирогч Т.Хишиг-Очирт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж эвлэрлийн гэрээ байгуулсан баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол нөхөн төлж эвлэрсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.Г торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс шүүгдэгч Ж.Г оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Г нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2134000000012 дугаартай хэрэгт хэрэгт ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуур 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ж.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х овгийн Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х овгийн Ж.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн 2134000000012 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн заазуурыг 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Ж.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Ж.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН