| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2017/00323/И |
| Дугаар | 102/ШШ2017/01024 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/01024
2017 оны 04 сарын 11 өдөр
| Дугаар 102/ШШ2017/01024 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Миний хапермаркет дэлгүүрийн 2 давхарт оршин байгаа “Эрмүүнхангай” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байрны 13 тоотод оршин суух, Боржигон овогт Баянмөнхийн Эрдэнэжаргал /РД-ЙЗ87113011/-д холбогдох
Байгууллагад учруулсан эд хөрөнгийн хохиролд 13,574,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан, хариуцагч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцагаан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэжаргал нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 615 дугаар тушаалаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сард Вива сити хороололд байрлах Май март /My mart/ дэлгүүрт хулгай орсон гэх нэрийдлээр 3,197,160 төгрөгийг ажилчидтайгаа зохицоод төлөхөөр болсон нь тогтоогдсон. Хэрвээ тухайн өдөр дэлгүүрт үнэхээр хулгай орсон бол тэр дор нь цагдаад мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, хайхрамжгүй хандсан.
Мөн хүнсний сүлжээ дэлгүүрт зарагддаггүй бараа бүтээгдэхүүний татан авалт хийж манай байгууллагыг 15,143,420 төгрөгийн алдагдалд оруулсан учир нийт 18,340,580 төгрөг нэхэмжилж байсан. Одоо 13,574,620 төгрөгийн үнийн дүн бүхий үлдэгдэл бараа байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд Б.Эрдэнэжаргалаас 16,771,780 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрдэнэжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2012 оны 3 дугаар сараас “Монхангай групп” ХХК-д ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сараас “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2016 оны 6 дугаар сард Вива сити хорооллын 406 дугаар Май март салбарт хулгай орж, 3,197,160 төгрөг дээр зохицсон гэж байгаа боловч үнэн хэрэгтээ тус дэлгүүрт 2016 оны 6 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө хулгай орсон талаар дэлгүүрийн худалдагч надад мэдээлэл өгч, цонхоор хүн орсон гутлын мөр үлдсэн, кассанд байсан бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Үүний дагуу дэлгүүрийн дохиолол, хамгаалал хариуцдаг “Дархан цааз” хамгаалалтын албанд мэдэгдэж, дарга н.Ариунболдын хамт дэлгүүр дээр очсон бөгөөд энэ үедээ Хан-Уул дүүргийн цагдаа дуудсан. Цагдаа нар ирж үзлэг хийж, дэлгүүрээс алдагдсан эд зүйлсийг тогтооход кассанд байсан бэлэн мөнгө болох 665,560 төгрөг, архи виски, хайрцаг тамхи зэрэг алга болсон байсан.
Харин ямар хэмжээний бараа алга болсон нь мэдэгдэхгүй байсан учир тооллогын комисс авчирч тооллого хийхэд 2 сая гаруй төгрөгийн бараа алга болсон байсан бөгөөд би цагдаад 2,897,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдэгдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Энэ үед цагдаагаас дэлгүүрийн ажилчдыг өөрсдөө холбоотой байж болзошгүй гэж шалгасан. Гэтэл бараагаар байхгүй байсан нийт 1,800,000 төгрөгийн нэг төрлийн тамхийг өмнө нь тус дэлгүүрийн менежерээр ажиллаж байсан н.Баярцэцэг алдаад удирдлагад мэдэгдэлгүй явсаар тухайн үед ажиллаж байсан н.Өнөржаргалд хүлээлгэн өгч, битгий мэдэгдээрэй би өөрөө төлнө гэсэн байсныг эдгээр хүмүүс өөрсдөө ирж хамгаалалтын албаны дарга н.Ариунболд, нягтлан бодогч н.Мөнхцэцэг нарт хэлж төлөхөөр болсон. Ингээд н.Баярцэцэг нь өрөө төлж дууссан байгаа баримт компанид байгаа бөгөөд би нягтлан бодогч н.Энхтуяад хүлээлгэн өгсөн.
Үлдэх төлбөрийг н.Өнөржаргал, н.Уянга, цагийн ажилтан н.Гэрэлсүрэн гэх хүмүүс дэлгүүрийн дутагдал байдлаар тавиад сар бүрийн эрсдлийг оролцуулаад 3,197,000 төгрөгийг төлж дууссан байдаг.
Ингээд цагдаагаас 13 настай хүүхэд хулгай хийсэн гэдгийг тогтоосон боловч насанд хүрээгүй гэж үзээд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.
Вива сити хороололд аж ахуй хариуцсан нэгдсэн холбоо байдаг бөгөөд уг холбоонд сар бүр 327,000 төгрөгийн төлбөр төлдөг байсан. Тус холбоо нь хотхоны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй учир сар бүр хураадаг төлбөрийг нь төлөхгүйгээр хохирлоо барагдуулж авсан. Энэ тухай нягтлан н.Энхтуяад аж ахуй хариуцсан нэгдсэн холбооноос мэдэгдсэн байгаа. Компани урсгал зардлын хүрээнд 665,560 төгрөгийн төлбөрийг хаасан.
Хоёрт, хүнсний дэлгүүрт зарагддаггүй бараа бүтээгдэхүүн татсан нь дэлгүүрт 15,143,420 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилсэн дүн нь байнга хөдөлж байгаа дүн бөгөөд тухайн дэлгүүрт байгаа барааны үлдэгдлийг нэхэмжилсэн байна. Энэ нь тогтсон үнэ биш ба нэхэмжлэлийн шаардлага нь 15 сая төгрөг байснаа хэрэгт авагдсан баримтуудаар 13 сая төгрөг болж буурсан. Май март нь хүнсний дэлгүүр биш бөгөөд Япон, Солонгос, Азийн улсад байдаг хүмүүст ойрхон салбар дэлгүүр гэх зориулалтаар нээсэн. Заавал хүнсний дэлгүүр гээд оймс, гар утасны гэр зарж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хүний хэрэгцээг 100 хувь хангах ёстой гэж удирдлагаас шахдаг.
Дэлгүүрт татсан бараа нь 3 харилцагчаас татсан нийт 30 сая төгрөгийн баримт хавсаргасан байгаа ба өнөөдрийн байдлаар 15 сая төгрөгийн үлдэгдэл нэхэмжилж байгаа бараа нь зарагдаж л байгаа. Компани 40 хувийн ашигтай зардаг. Тухайн барааны үнийг байгууллага өөрөө тогтоодог төдийгүй барааг хэрхэн арчлан хамгаалах нь ажилчдаас шалтгаалдаг. Мөн хэзээ яаж зарагдах нь дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой. Компанид 15 сая төгрөгийн хохирол учраагүй тул надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК нь Б.Эрдэнэжаргалаас компанийн эд хөрөнгөд учруулсан хохиролд 18,340,580 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлээ 1,568,800 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 16,771,780 төгрөг шаардаж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “... хулгай орсон талаар цагдаад мэдэгдсэн, улмаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, ... дутсан барааны төлбөрийг төлсөн, ... байгаа барааны үнэ нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, байгууллага алдагдалд ороогүй ...” гэж тайлбарладаг. /хх-59-60 дугаар хуудас/
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
“Эрмүүнхангай” ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай хуулийн этгээд байх ба тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нь С.Цэцэглэн болох нь түүний тушаал, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул С.Цэцэглэнг компанийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн бусдад итгэмжлэл олгох эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч компани, хариуцагч Б.Эрдэнэжаргал нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн буюу нь хариуцагчийг “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч тал хариуцагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “... 2016 оны 6 дугаар сард Май март дэлгүүрт хулгай орсон боловч цагдаад мэдэгдээгүй, ... хулгай орсон нэрийдлээр 3,197,160 төгрөгийг ажилчидтайгаа тохиролцон төлөхөөр болж хайхрамжгүй хандсан ..., ... 8 нэрийн дэлгүүрт зарагдахгүй барааны татан авалт хийж алдангид оруулсан ...” гэх үндэслэлээр түүнээс 16,771,780 төгрөг нэхэмжлэх боловч уг шаардлагын үндэс болох нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүргээ биелүүлээгүй гэм буруутай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 868 дугаар тогтоолоос харахад 2016 оны 6 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Вива сити хорооллын Май март /MY MART/ дэлгүүрт хулгай орж, 665,560 төгрөг ... алдагдсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалган 13 настай Э.Пүрэв-Эрдэнэ гэгч этгээд орон байранд нэвтрэн орж хулгай хийсэн нь тогтоогдсон байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүйн улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-34 дүгээр тал/
Дээрх баримтаас харахад хулгай орсноос компанид учирсан хохирлыг хариуцагч Б.Эрдэнэжаргалын буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч талын, хариуцагч Б.Эрдэнэжаргалыг хулгайн хэргийн талаар цагдаад мэдэгдээгүй гэх тайлбар нь эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор үгүйсгэгдэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцохоор заажээ.
Нэхэмжлэгч тал, өөрийн компанийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хэмжээг ямар баримтыг үндэслэн, яаж тогтоосон нь тодорхойгүй байхаас гадна шүүхэд гаргаж өгсөн таталтын барааны дүн, барааны зураг, Ц.Энхтуяа, Н.Алтанцацрал, Ц.Ариунболд гэх нэрээр бичигдсэн тодорхойлолт зэрэг нь хариуцагч Б.Эрдэнэжаргалыг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, мөн 16,771,70 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын нотолгоо болж чадахгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир юуг үндэслэн Май март хүнсний дэлгүүрт буруу нэр төрлийн барааны татан авалт хийж, компанийг алдагдалд оруулсан гэдгийг тогтоох боломжгүй байхын зэрэгцээ уг алдагдалд орсон гэх 13,574,620 төгрөгийн бараа нь одоо Май март дэлгүүрийн борлуулалтад гарсан байна.
Хариуцагч Б.Эрдэнэжаргал нь “Эрмүүнхангай” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байхдаа бэлэн мөнгөний чек болон зарлагын баримтад нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Гэвч түүний гарын үсэгтэй бэлэн мөнгөний баримтаар бараа татан авалт хийж, уг бараа нь борлогдоогүй байгаа гэх үйл баримтыг хариуцагчийн гэм буруу гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй “...Вива сити хорооллын аж ахуй хариуцсан нэгдсэн холбоо нь хотхоны аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй учир хулгайд алдагдсан 665,560 төгрөгийг сар бүр холбоонд төлдөг төлбөрийг төлөхгүйгээр хохирлоо барагдуулсан, энэ талаар нягтлан бодогч н.Энхтуяад холбооноос мэдэгдсэн, ... ажилтан н.Баярцэцэг, н.Өнөржаргал, н.Уянга, цагийн ажилтан н.Гэрэлсүрэн нар 3,197,000 төгрөгийг сар бүрийн эрсдлийг оролцуулаад төлж дуусгасан гэх тайлбарыг үгүйсгээгүйн зэрэгцээ уг тайлбартай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргах, нотлох эрхээ эдлээгүй байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрмүүнхангай” ХХК-ийн, хариуцагч Б.Эрдэнэжаргалаас 16,771,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүх хэргийн 3-11 дүгээр хуудсанд авагдсан чекийн баримт, кассын зарлагын ордер зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууцыг хамгаалах тухай гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийг нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан “Эрмүүнхангай” ХХК-ийн, Б.Эрдэнэжаргалд холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан хохиролд 16,771,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |