Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 45

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 2 хэсэг, 14-р гудамж, 834 тоотод оршин суух Загд овогт Баасанжавын Отгонтуяа /РД:НА94052601/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3 дугаар баг, Цаг Уурын 1-6 тоотод оршин суух Сайхангомбо овогт Ишигийн Сонинболд /РД:КЙ74100471/-д холбогдох 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Сонинболд нь Баянхөөвөрийн 16-14 тоот газрыг 2 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон төлбөр болох 1 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бэлнээр өгсөн буюу 2017 оны 03 дугаар сардаа багтаан бичиг баримтаа шилжүүлсэн хойно нь үлдсэн 1 000 000 төгрөгөө өгнө гэж тохиролцсон боловч хүний газрыг зарж мөнгө авсан учир И.Сонинболдоос залилан авсан 1 000 000 төгрөгийг минь гаргуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч И.Сонинболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ишиг овогтой Сонинболд миний бие нэхэмжлэгч Отгонтуяад 1 000 000 төгрөг өгөх нь үнэн болно. Миний бие нь энэхүү 1 сая төгрөг болох Отгонтуяагийн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгох болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонтуяа нь хариуцагч И.Сонинболдоос 1 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч И.Сонинболд нь нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн 1 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж барагдуулах талаараа бичгээр тайлбараа гаргаж өгсөн байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 550  төгрөгийн  тал  хувь  болох 14 275  төгрөгийг  Ханбогд  сумын  орон нутгийн төсвийн орлогоос, мөн тал хувь болох 14 275 төгрөгийг хариуцагч И.Сонинболдоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонтуяад олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Б.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй И.Сонинболдод холбогдох 1 000 000 төгрөгийг гаргуулах  тухай  иргэний  хэрэгт  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Отгонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28 550  төгрөгийн  тал  хувь  болох 14 275  төгрөгийг  Ханбогд  сумын  орон нутгийн төсвийн орлогоос, мөн тал хувь болох 14 275 төгрөгийг хариуцагч И.Сонинболдоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонтуяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА