| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0076/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/79 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/79
2021 03 03 2021/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжал, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч К овгийн Б.А холбогдох эрүүгийн 2034006290690 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Толбо суманд 1969 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хатан Кашмер” ХХК-нд , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 43 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.1 дэх хэсэгт зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, К овгийн Б.А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багийн нутаг “Бүс хайрханы ар" гэх газарт Улаанбаатар хот талаас 188 дахь км-ийн шонгийн ойролцоо 45-51 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Салтатын 56-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас зорчигч А.Нурсулешийн амь хохирч, Б.Ашим, Х.Кулашкан нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А:
...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос гараад явж байгаад замын халтиргааны улмаас осол гарсан. Осол болох нь юу болсноо санахгүй байсан, миний 3 хавирга хугарч, толгойдоо гэмтэл авсан. Ослын улмаас төрсөн ах Ашимий хавирга хугарсан, бэр эгч Кулашканы хавирга хугарсан. Нагац ахын хүүхэд нас барсан. Миний хувьд маш их гэмшиж байна. Оршуулгын зардалд нийт 7.100.000 төгрөг төлсөн. Хохирогч Ашим, Кулашкан нарт хохирол төлбөр төлөөгүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Тухайн үед жолоодож байсан тээврийн хэрэгсэл нь манай ах Ашимын хүүхдийн эзэмшлийнх байсан, надаас тээврийн хэрэгслийг хохирлыг нэхэмжлээгүй. Мөн автобусны гупер хагарч том шилэнд цуурал үүссэн байсан, автобусны жолооч надаас хохирол нэхэмжлээгүй. Би гэм буруу дээрээ маргахгүй. Миний буруу... гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжал:
...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай охин нь А охины хуримд оролцохоор явсан байгаа. Гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийж халтиргаатай зам дээр халтирсны улмаас эсрэг урсгалд орж автобустай мөргөлдсөний улмаас осол гарсан. Амь хохирогч нь миний төрсөн охин байгаа юм. Хоорондоо хамаатан садан хүмүүс учраас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Манай охины ажил хийгээд удаагүй байж байгаад банкнаас зээл авсан. Бид хоорондоо ярилцаж тохиролцоод төлөхөөр болсон байгаа. Одоо А нэхэмжлэх зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 2034006290690 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжал /хх-ийн 132-134 дүгээр хуудас/, хохирогч Б.Ашим /хх-ийн 143-144 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Энхбат /хх-ийн 140-141 дугаар хуудас/, хохирогч Х.Кулашкан /хх-ийн 146-147 дугаар хуудас/, гэрч Б.А /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Х.Салтанат /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Роза /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Б.А /хх-ийн 135-136 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4405 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12871 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12873 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12875 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4552 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-90 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4553 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-117 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-16 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-43 дугаар хуудас/, биогийн шинжилгээний хариу /хх-ийн 44-45 дугаар хуудас/, “Газрын од” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 152 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, амь хохирогчийн нас барсан гэрчилгээ, хохирлын баримтууд /хх-ийн 154-162 дугаар хуудас/, шүүгдэгч Б.А хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 15 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багийн нутаг “Бүс хайрхны ар" гэх газарт Улаанбаатар хот талаас 188 дахь км-ийн шонгийн ойролцоо 45-51 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Салтатын 56-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас зорчигч А.Нурсулешийн амь хохирч, Б.Ашим, Х.Кулашкан нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р багийн нутаг “Бүс хайрхны ар" гэх газарт Улаанбаатар хот талаас 188 дахь км-ийн шонгийн ойролцоо 45-51 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Салтатын 56-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас зорчигч А.Нурсулешийн амь хохирч, Б.Ашим, Х.Кулашкан нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжалын ...Би ямар учраас эрүүгийн 203406290690 дугаартай хэрэгт өөрийн охин талийгаач А.Нурсулешийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа гэдгээ мэдэж байна. Би 3 охинтой байсан бөгөөд талийгаач А.Нурсулеш миний дунд охин байсан. Талийгаач маань 2019 онд Батлан хамгаалахын Их сургууль төгсөөд улмаар Дотоодын цэргийн 05 дугаар ангид холбооны техникч, харуул ажилтай байсан. Хүнтэй сууж гэр бүл болоогүй эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байсан. Дээрх зам тээврийн осол болох үед Баян-Өлгий аймаг руу хамаатныхаа хуримд явж байсан. Дээрх зам тээврийн осолд холбогдох Б.А нь миний эхнэрийн талын хамаатан хүн байсан... ...Би энэ хэрэгт нэхэмжлэх зүйлийг цаашид баримтаар гаргаж өгнө. Би болсон хэрэгт маш их гомдолтой байна. Охин маань амьдрал үзээгүй, дөнгөж сургуулиа төгсөөд ажил хийгээд явж байсан... /хх-ийн 132-134 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Д.Энхбатын ... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд санагдаж байна Манай газрын од" ХХК-ны бүртгэлтэй 50-80 УНA улсын дугаартай Гранбийрд маркийн автобусны жолооч С.Болатбек над руу утсаар яриад Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрч яваад 188 дахь км-ийн шонгийн ойролцоо явж байхад приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргүүлээд зам тээврийн осол гарлаа гэж хэлсэн. Улмаар миний бие дээрх мэдээллийг аваад өөрийн биеэр очиж үзэхээр Улаанбаатар хотоос хувийн машинтайгаа болон автобусанд зорчиж явсан зорчигч нарыг тээвэрлэх өөр автобус аваад осол болсон газарт очиход 56-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл засмал замынхаа баруун хэсэгт зам чөлөөлөөд зогсчихсон, харин замынхаа урд хэсэгт приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замаас гараад цасан дунд зогсчихсон байсан. Би 2 жолоочоос өөрийн биеэр юу болсон талаар асуухад осол болох үед Х.Салтанат жолоо барьж явсан бөгөөд гэнэт урдуур приус-20 маркийн машин урсгал сөрөөд ороод ирсэн ослын приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 хүн нас барсан гэж хэлсэн бөгөөд автобусанд зорчиж явсан зорчигч нараас ямар нэгэн хүн бэртэл гэмтэл аваагүй гэж хэлсэн. Би өөрийн биеэр автобусанд зорчиж явсан зорчиж нараас зам тээврийн осолтой холбоотой бэртэж гэмтсэн хүн байна уу гэж асуухад бүх хүмүүс зүгээр бэртэл гэмтэл аваагүй гэж байсан тул осол болсон автобуснаас зорчигч нарыг ачаа тээштэй нь хамт өөр автобусанд шилжүүлэн суулгаж Улаанбаатар хот руу авч ирж Драгон дээр буулгасан... ...Х.Салтанат нь манай компанийн үндсэн жолооч биш боловч өөрөө нийтийн зорчигч тээврийн нэгтгэлийн үндсэн бүртгэлд жолоочоор бүртгэлд орсон, одоо нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа "Цэнгэл Транс” ХХК-ийн стандартын бүх шаардлагыг хангасан мэргэшсэн жолооч байгаа юм. "Цэнгэл Транс" ХХК нь манай компанитай ээлжилж нөгөө ээлжид автобусаа явуулдаг. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгаас гарсан бүртгэл, замын хуудас дээр 56-60 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор М.Еркинбек, С.Болатбек нар гарах байсан боловч М.Еркинбекийн ар гэрт гачигдал гарсан болохоор М.Еркинбек нь өөр компанийн эрх бүхий жолооч Х.Салтанаттай солигдож өөрөө үлдсэн байсан. Энэ талаараа тухайн үедээ надад болон Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвд мэдэгдээгүй, М.Еркинбекийн надад болон Баян Өлгий аймгийн авто тээврийн төвд мэдэгдэхгүйгээр Х.Салтанатыг Улаанбаатар хот руу ээлжийн жолоочоор явуулсан зөрчил дээрээ Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн улсын байцаагчаар 150 000 төгрөгөөр торгуулсан болно... ...Манай автобус нь дээрх осол болох үед хэдэн км\цаг хурдтай явж байсныг нарийн сайн мэдэхгүй байна. Манай автобусанд байршил тогтоогч болон од хэмжигч GPS байгаа болно. Гэхдээ автобусанд байгаа байршил тогтоогч олон хурд хэмжигч GPS-ыг автотээврийн үндэсний төвөөс хянадаг болно... ...Манай компанийн эзэмшлийн 56-60 УНА улсын дугаартай гранбирд загварын тээврийн хэрэгслийн урд нүүр хэсгээр нэлэн хүүдээ эвдэрсэн гэхдээ би дээрх хэрэгтэй холбоотой ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, хохирлын үнэлгээ гаргуулахгүй болно. Учир нь дээрх зам тээврийн осол болох үед манай автобусны 2 жолооч Х.Салтанат, С.Болатбек нар туршлагатай, сайн жолооч нар байсан тулдаа тухайн халтиргаатай замд автобусыг хөндөлдүүлж унагаагаагүй, замаас гаргаагүй, замын хөдөлгөөний дүрмэнд заасныхаа дагуу зогсоох арга хэмжээ авч тоормослоод, эгнээ байраа өөрчлөхгүйгээр замынхаа баруун тал руу тээврийн хэрэгслээ аюулгүй зогсоосон байсан. Хэрэв тэгж чадаагүй автобус замаас гардаг юм уу аль эсхүл зам дээр хөндөлдсөн тохиолдолд унаж улмаар дотор нь зорчиж явсан зорчигч нарын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд их бага хэмжээгээр хохирол учрах байсан, Тиймээс би олон жил автотээврийн салбарт үйл ажиллагаа явуулж олон жолооч нартай харьцаж явсан, өөрөө жолооч тээврийн инженер мэргэжилтэй хүний хувьд энэ хэрэгт хэн нэгнээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй болно. Тиймээс би өөрийнхөө техникт учирсан хохирлыг өөрөө бүрэн хариуцах болно... /хх-ийн 140-141 дугаар хуудас/,
хохирогч Б.Ашимын ...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний бие эхнэр Х.Кулашкан, төрсөн дүү Б.А, хамаатны охин талийгаач А.Нурсулеш нарын хамт өөрийн төрсөн хүү А.Еркины нэр дээр бүртгэлтэй байдаг 45-41 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өдөр 14 цагийн орчимд Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд явсан. Гэтэл Төв аймгийн Эрдэнэсант сум дөхөөд явж байхад гэнэт машин мөргөлдсөн. Тухайн үед би унтаж байсан болохоор ослын талаар мэдэхгүй байна. нэг мэдэхэд л би Төв аймгийн Эрдэнэсант сумын эмнэлэгт ухаан орсон. Дээрх машиныг миний төрсөн дүү Б.А жолоодож явсан. Тухайн үед буюу осол болохоос 2-3 хоногийн дараа миний охины хурим Баян-Өлгий аймагт болох байсан болохоор бид нар хуримд оролцохоор хамаатнуудаараа явж байсан юм... ...Дээрх зам тэврийн ослын улмаас миний эрүүл мэндэд цээжний битүү гэмтэл, хавирга, нуруу, сээрний яс хугарсан, мөн уушги няцарсан болно. Одоо эмчилгээ үйлчилгээ сайн хийгдсэн болохоор бие маань сайн болж байгаа болно. Ажлаа хийхгүй акттай, чөлөө авсан, гэртээ эхнэрээ асраад эмчилгээгээ хийлгээд байж байна... ...Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна. Б.А нь миний төрсөн дүү болохоор би дүүгээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй болно... ...Б.А болон би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл байсан... /хх-ийн 143-144 дугаар хуудас/,
хохирогч К.Кулашканийн ...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Баян-өлгий аймгийн чиглэлд өөрийн хүү А.Еркины эзэмшлийн 45-41 УНЗ улсын дугаартай приус-20 машинтай нөхөр Б.Ашим, нөхрийн дүү Б.А болон хамаатны охин талийгаач А.Кулашкан нарын хамт явж байсан. Би Улаанбаатар хотоос гараад явж байгаад удалгүй унтаад өгсөн. Осол болсон үед би машин дотор унтаж явсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байна. Би Улаанбаатар хотын ГССҮТ-д ирээд хагалгаанд орсныхоо дараа ухаан орсон. Ослын улмаас миний хэвлий, нарийн гэдэс, чацархай урагдсан, аарцаг яс болон хавирга хугарсан. Одоо эрүүл мэндийн байдал харьцангуй гайгүй сайн болсон, гэр дотроо бага зэрэг алхаж байна. Өдрөөс өдөрт сайжирч байна. Надад энэ хэрэгт цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Учир нь дээрх зам тээврийн осол санаатай болоогүй гэнэт л ийм зүйл болсон. Мөн Б.А нь миний нөхрийн дүү буюу миний хадам дүү байгаа юм. Би эмчилгээний зардлаа өөрөө төлсөн. Нийгмийн даатгал төлж байсан болохоор ор хоногоо төлөөд үлдсэн төлбөрийг нь даатгалаас гаргуулсан юм. Би А эхнэр Роза, нөгөө машинд сууж явсан Азамат бид нар 0.5 л архи уусан. Б.А архи уугаагүй болно... /хх-ийн 146-147м дугаар хуудас/
гэрч Б.А ...Миний Бие Улаанбаатар хотод эхнэр 2 хүүхдийн хамт СХД амьдардаг бөгөөд “Сүлд Бамбай" ГХХ Хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, одоо "Хатан Кашимер" ХХК-д оффисын хамгаалагчаар ажиллаж байна. Улмаар манай төрсөн ахын охины хурим 2020 оны 10 дугаар сарын 22-нд Баян-Өлгий аймагт болох гээд би ажлаасаа чөлөө аваад 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 14 цагийн үед 45-41 УНЗ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй, төрсөн ах Буйдаханы Ашим, Ашимын эхнэр Кульшхан, миний нагац дүү талийгаач Аманжолын Нурсаулешын нарын 4 үүлээ явсан. Дээрх осол болох үед зам орчны нөхцөл байдал цастай байсан болохоор нэлээд удаан явж байсан, Улаанбаатар хот талаасаа 188 дахь км-ийн шонгийн ойролцоо засмал зам дээр ус хөлдөж, мөстсөн байдалтай байсан. Миний урд бензиний цистерн машин явж байсан болохоор би араас нь дагаад зөөлөн явж байсан гэтэл жолооч тал руу руль булаагаад байсан бөгөөд тоормосоо гишгээд нөгөө тийш нь буцаагаад дарахад машин гулгаад эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж явсан автобусны урдуур орж мөргүүлээд замаас гарсан. Тэгээд цааш нь юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Төв аймгийн Эрдэнэсант сумын эмнэлэг дээр ирээд ухаан орсон... ...Би дээрх осол болох үед ойролцоогоор 50 км\цаг хурдтай явж байсан. Зорчигч нараас надад ямар нэгэн байдлаар саад болох үйлдэл хөдөлгөөн хийгээгүй болно... ...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ний өглөө 08 цагт ажлаасаа буугаад 7 хоногийн чөлөө аваад өдөр 14 цагт Улаанбаатар хотоос хөдөлсөн. Би ажлаасаа буугаад 9-13 цагийн хооронд унтаж амраад Баян-Өлгий аймаг руу гарсан болно. Би өдөр нь яваад шөнөдөө ахдаа өгөөд машинаа бариулна гэж бодож явсан... ...Би 2012 онд жолооч болсон. В, С, Д ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй... ...Засмал зам хөлдсөн, халтиргаа гулгаанаас боллоо гэж бодож байна. Мөн жолооч талын дугуй гэнэт хагараад руль булаасан гэж бодож байна... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
гэрч Х.Салтанатын ...Миний бие Баян-Өлгий аймаг Улаанбаатар хот хоорондын тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Газрын Од" ХХК-д 2020 оны 04 дүгээр сараас эхэлж туслах жолоочоор ажиллаж байна. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цагт 56-60 УБА улсын дугаартай киа грандбирд маркийн 45 хүний суудалтай автобустай 32 зорчигчтой Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад санагдаж байна Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд 30 гаруй км явж байхад Улаанбаатар хот талаасаа 188 дахь км-ийн шонгийн ойролцоо би өөрийнхөө эгнээд чигээрээ явж байсан бөгөөд тухайн хэсэг газарт засмал зам мөстөж хөлдсөн байсан болохоор машинууд удаан явж байсан, миний өөдөөс нэлээд олон тооны машин цуваанд орчихсон өмнө хэсэгт нь бензиний цистерн яваад араас нь 5-6 машин цуваад явж байгаад гэнэт дундаас нь нэг тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд хажуу талаараа гулсаж ирээд миний урдуур ороод мөргүүлсэн. Би руль ээ баруун гар тал руугаа буюу шороон хөвөө рүү руль ээ дараад тоормосоо гишгэсэн, харин дээрх приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урдуур орж ирээд жолооч талынхаа хойд хэсгээр мөргүүлээд тэр чигээрээ засмал замын урд хэсэг рүү гараад зогссон. Улмаар машинаасаа буугаад дээрх приус-20 дотор байсан хүмүүсийг гаргахад 4 хүн байсан, талийгаач эмэгтэй ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Бид нар дээрх машинаас хүмүүсийг нь гаргаад талийгаачийг даарчих байх гэж бодоод автобус руу оруулаад байж байхад сумын цагдаа нар тэр хавиар дуудлагад явж байсан юм шиг их хурдан гараад ирсэн буюу тааралдсан, тэгээд эмнэлгийн машинд дуудлага өгсөн удалгүй эмч нар ирж үзээд тухайн эмэгтэйг нас барсан байна гэж хэлсэн. харин хамт явж байсан жолооч болон бусад 2 хүн нь бол их бага хэмжээгээр бэртсэн байсан боловч түшүүлж, дэмнүүлээд явж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Дээрх тоёота прис-20 маркийн тээврийн хэрэгсэл Канат Урдуур хөндөлсөөд ороод ирэх үед би зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгэсэн боловч автобус зогсохгүй гулгаад явсан болно... ...Би ойролцоогоор 30-40 км цаг хурдтай явж байсан. Учир нь халтиргаатай, мөстөж, хөлдсөн байсан болохоор удаан явж байсан... ...Би 1996 оны жолооч бөгөөд В. С. Д ангиллын тээврийн жолоодох эрхийн үнэмлэхтэй... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч С.Розагийн ...Хариулт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний бие Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн чиглэлд хуримд явж байсан хамаатнууд 2 машинтай явсан бөгөөд би цагаан өнгийн Харьер машинаа харин манай нөхөр Б.А, төрсөн Б.Ашим, түүний эхнэр Кулашкан, талийгаач Тэр өдөр манай Нурсулеш нарын хамт 45-41 УНЗ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Бид нар урд нь харин араас манай нөхөр нөгөө 45-41 УБЗ улсын дугаартай приусыг жолоодоод явж байсан тэгээд Төв аймгийн Эрдэнэсант сум орохын наахан талд араас явж байсан захад Б.А жолоодож явсан машины ирэхгүй байсан болохоор яасан юм болоо гэж бодоод бид нар эргээд явахад замд Баян-Өлгий аймгаас явж байсан автобустай мөргөлдөөд замынхаа урд хэсэг рүү замаас гараад зогсчихсон байсан. Би машинаас бууж ирээд л ухаан санаа самуураад тэрнээс хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа юм. Дээрх приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд жолоочоор нь манай нөхөр Б.А, урд суудал дээр нь Б.Ашим хойно нь Нурсулеш, Кулашкан нар сууж явсан... ...Би 1992 онд нөхөр Б.А гэр бүл болсон. Одоо 25 настай эрэгтэй 28 настай эмэгтэй хүүхэдтэй. 1994 онд Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу орж ирсэн. Нөхөр маань жолооч мэргэжилтэй бөгөөд 1994 оноос 2007 оны хугацаанд "Ураг Алтай" ХХК-д жолоочоор ажиллаж байгаад тэр үйлдвэр нь дампуураад ажлаасаа гарсан. Мөн 2011-2013 оны хугацаанд Цахилгаан тээвэр ХХК-д тралибусны жолоочоор ажиллаж байсан. Одоо болохоор Гэрээт харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажиллаж байгаа болно. Зан байдлын хувьд төлөв, томоотой, дуугүй, аливаад тууштай зантай. Архи уухгүй, тамхи татдаг. 1988-1990 оны хооронд Улиастайн 016 дугаар ангид цэргийн алба хаах байсан. урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байгаагүй. Эцэг, эхээс ах дүү 11-үүлээ өссөн бөгөөд айлын 6 дахь хүүхэд нь байгаа юм бага насаа Баян-Өлгий аймгийн Толбо суманд өнгөрүүлсэн. Нөхрийг маань 1 дүгээр ангид байхад ээж нь харин 4 дүгээр ангид байхад аав нь нас барснаас хойш ах, эгчийн гар дээр бага насаа өнгөрүүлсэн... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
яллагдагч Б.А ...Би болсон хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан тиймээс надад өөр нэмж хэлэх зүйл алга байна... ...Би дээрх гэмт хэргийн улмаас талийгаач А.Нурсулешийн ар гэрийнхэнд ажил явдлын үеэр цувуулаад 1 сая болон 500 000 төгрөг өгсөн. Нийтдээ өнөөдрийн байдлаар 1 500 000 төгрөг өгсөн болно. Би эцэг, эхээс 11-үүлээ болохоор ах, дүү нарынхаа тусламжтайгаар хохирол нөхөн төлж барагдуулах боломжтой... ...Би тэр өдөр ганцаараа болон ах Б.Ашимтайгаа нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болно. Харин ослын дараа болохоор машинд хуримд авч явсан авдартай архины зарим нь хагараад тэгээд архи үнэртэж байсан юм. Тэрийг нь л тэнд очсон зарим хүмүүс машинаас архи үнэртэж байсан гэж ойлгож байгаа байх гэж бодож байна... ...Би тэр талаар сайн санахгүй байна. Тухайн үед миний бас ухаан балартаад би, сандарсан байсан... /хх-ийн 135-136 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаартай ...Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр цээжний баруун талын 1, 2, 3-р хавирга, зүүн талын 8, 9, 10, 11, 12-р хавирганы далд хугарал, цээжний хөндийн цус хуралдалт /1300 мл/ уушгины эдийн язрал, цус хуралт, дэлүүний язрал, гавлын хөндийн суурь ясны шугаман хугарал, зүүн чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, 3, 4-р ховдол, хажуугийн ховдлын цус харвалт, баруун чамархайн хуйхны цус хуралт баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун эгэмний шарх, баруун бугалга, баруун шуу, баруун ташааны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... ...талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4405 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь хэвийн бүрэн ажиллахгүй байна... ...шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид байх санах ойн картыг мэдээлэл сэргээх тусгай зориулалтын программаар уншуулахад 167 ширхэг 14.2GB хэмжээтэй дүрс бичлэг сэргээж DVD дискэнд хуулбарлан хүргүүлсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12871 дугаартай ...Б.А биед зүүн 10, 11, 12-р хавирганы хугарал, зулай, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархины доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12873 дугаартай ...Х.Кулашканы биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, аарцаг яс, баруун 3-8-р хавирганы хугарал, цээж, баруун өгзөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12875 дугаартай ...Б.Ашимын биед цээжний битүү гэмтэл, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн хий ба цусан хураа, баруун эгэм, дал, 3,4,5,6,7,8-р хавирга, сээрний 4,5,6,7 бүсэлхийн 1,2,3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4552 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 56-60 УБА улсын дугаартай KIA GRANBIRD маркийн тээврийн хэрэгслийн жолооны механизм болон тоормосны систем ажиллаж байх тул ослын өмнө хэвийн ажиллагаатай байсан байна... ...урд бамбай, урд хөндөл, салхины шил, урд их гэрлүүд, орох хаалга, урд нүүр, нүүрнийн хаалт зэрэг эд ангиуд эвдрэлтэй байна... ...56-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйн хээний гүн газарт тулах хэсгээр 3,9-10,9 мм хэмжээтэй байх тул стандарт шаардлага хангаж байна... ...Цаашид засварлаж замын хөдөлгөөнд оролцож болох эсэх нь техникийн хяналтын үзлэгээр шийдвэрлэнэ... ...нэмэлт зүйл илрээгүй... талаарх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-90 дүгээр хуудас/,
шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4553 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн TOYOTA PRIUS-20 маркийн NHW20-0051718 тоот арлын дугаартай, 45-41 УНЗ улсын дугаартай автомашины жолооны механизм нь шинжилгээний явцад эвдрэл гэмтэл илрээгүй, урд хоёр дугуй залагдаж ажиллаж байна. Тоормосны эд ангиуд ил харагдах гэмтэлгүй, урд тэнхлэгийн тэлэгчүүд ажиллаж байв. Дээрх жолооны механизм, тоормосны систем ослын дараа шинжилгээний явцад ажиллаж байх тул ослын өмнө ажилтай байсан гэж дүгнэх үндэслэлтэй... ...Уг автомашны бүхээг, баруун талын хоёр хаалга, баруун хаалганы шилнүүд, баруун гурвалжин шил, бариул, баруун хойд далбаа, арын шил, тээшний хаалга тээшний хэсэг, арын бамбай, дээврийн зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна... ...45-41 УНЗ улсын дугаартай, TOYOTA PRIUS-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуй ... дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-117 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-16 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-43 дугаар хуудас/, биогийн шинжилгээний хариу /хх-ийн 44-45 дугаар хуудас/, “Газрын од” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 152 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, амь хохирогчийн нас барсан гэрчилгээ, хохирлын баримтууд /хх-ийн 154-162 дугаар хуудас/, шүүгдэгч Б.А хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Мөн прокуророос эрүүгийн 2034006290690 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.А нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хууль заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд эрүүгийн 2034006290690 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирчээ.
Тэрээр дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж байгаа энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.А Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирч 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.А болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч Б.А амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжал нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой оршуулгын болон бусад зардал 9.141.430 /есөн сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг, сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, нийт 39.141.430 /гучин есөн сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг нэхэмжилдэг.
Үүнээс сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөг болон оршуулгын болон бусад зардлаас 2.040.000 /хоёр сая дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан талаараа шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байна.
Ингээд шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 7.141.430 /долоон сая нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг төлсөн гэж мэдүүлдэг бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар хохирол төлөгдсөн талаар мөн мэдүүлэг тайлбарыг өгдөг.
Мөн хохирогч Б.Ашим, Х.Кулашкан, иргэний нэхэмжлэгч Д.Энхбат нар нь шүүгдэгчээс ямар нэгэн хохирол, хор уршигтай холбоотой хохирол төлбөр мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөн мэдүүлгээ тус тус өгсөн байна.
Энэ тухай шүүхийн шатанд шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудаст тайлбараа өгч тэмдэглүүлсэн тухай баримт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.А, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Аманжал болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар нь амь хохирогч А.Нурсулешийн “ХААН” банкны зээлийн үлдэгдэл болох 5.925.871 /таван сая есөн зуун хорин таван мянга найман зуун далан нэг/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд төлж барагдуулахаар тохиролцсон байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, амь хохирогчийн хууль төлөөлөгч, хохирогчид, иргэний нэхэмжлэгч нарын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна түүний анхнаасаа өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг мөн харгалзан үзэж тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тухайлбал ингэж албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ талуудын хоорондын тохиролцсон байдлыг үндэслэн “ХААН” банкны зээлийн үлдэгдэл болох 5.925.871 /таван сая есөн зуун хорин таван мянга найман зуун далан нэг/ төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 03-наас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны хооронд төлж барагдуулахаар тохиролцсон тохиролцоогоо биелүүлэх үүднээс албадлагын арга хэмжээндээ зааж өгөх шаардлагатай гэж үзсэн болно.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд гурав /3/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2034006290690 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.А жолоочийн 332935 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,
36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овгийн Б.А замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирч, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К овгийн Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч К овгийн Б.А шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К овгийн Б.А хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2034006290690 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч К овгийн Б.А жолоочийн ...... дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К овгийн Б.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч К овгийн Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч К овгийн Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН