Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо Жаргалантын 71-1125 тоотод оршин суух, Боржигон овогт Цогтхүүгийн Отгончимэг /РД:ЦЗ88042362/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг 7-259 тоотод оршин суух, Боржигон овогт Галбаатарын Энхманлай /РД:СЖ88101411/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг, хариуцагч Г.Энхманлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Цогтхүү овогтой Отгончимэг миний бие Галбаатар овогтой Энхманлайтай 2012 онд гэрлэлтээ батлуулж нэг гэрт орсон. Охин Энхманлай овогтой Эмүжин 6 настай. Г.Энхманлай бид хоёр арван жилийн нэг анги. 6 дугаар ангиасаа эхлэн үерхсэн.

2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шилжин суурьшсан. Г.Энхманлай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Энержи ресурс компанид 2010 оноос засварын хэсэгт механик инженерээр ажиллаж эхэлсэн. Миний бие 2012 оноос /4 сар/ Энержи ресурс компанид хүнд машин механизмын оператороор ажиллаж эхэлсэн.

Бид 2012 оноос хувийн бизнес эхлүүлхээр бол Хэнтий аймгийн Биндэр сумаас Энхманлайгийн аав Галбаатар, ээж Эрдэнэчимэг нарыг туслуулахаар авч ирсэн. Эцэг эхтэй нь хамт байх болсноос хойш Энхманлай бид хоёрын хоорондын маргаан жижиг зүйлээс эхлээд хардах, хэл амаар доромжлох болсон. Энэ нь даамжирсаар байгаад 2013 оноос уур бухимдлаа гэр орны юмаа шидэх, чангаар орилж хашгирч хүүхдээ айлгах нь ихсэж 2014 онд /12 сарын 04/ гар хүрч зодож, хэл амаар доромжлон тархи толгойд гэмтэл учруулсан. Ийм шалтгаанаас болоод бид 2 хоёр талд амьдрах болсон учир гэрлэлтээ цуцлуулмаар байна. Охин Эмүжинг өөрийн асрамжид авч эцэг Галбаатар овогтой Энхманлайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Мөн бидний дундын өмч болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо 13 тоотод 0,8 га газар, 10х6 харьцаатай талхны цехийн байшин, цехийн үйл ажиллагаанд дагалдах тоног төхөөрөмжүүд, хэрчсэн гурилын тоног төхөөрөмжүүд зэргээс охин бид хоёрт ноогдох хувийг гаргуулж өгнө үү.

Гэрлэлт цуцлуулах тухай энэ маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар дамжуулах боломжгүй. Учир нь би өөр хүнтэй хамт амьдарч байгаа 2017 оны 04 сард төрнө. Галбаатар овогтой Энхманлайтай эргэн амьдрах ямарч боломжгүй. Иймд энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Энхманлай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Галбаатар овогтой Энхманлай миний бие нь Цогтхүү овогтой Отгончимэгтэй 10 жил үерхэж 4 жил хамт амьдарч 2011 оны 01 сарын 02-ны өдөр Эмүжин гэдэг охинтой болсон. 2015 оны өвлөөс тусдаа амьдарч байгаа. Миний бие одоог хүртэл эхнэрээ охинтойгоо эргэж ирэх байх гэж хүлээж байлаа. Би Цогтхүү овогтой Отгончимэгт болон охиндоо энэ хугацаанд өөрийн боломжийн хэрээр мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Мөн эхнэртэй сайн хэвээр байгаа. Эхнэр Цогтхүү овогтой Отгончимэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж үзээд өөр хүнтэй хамт амьдарч байгаа, мөн энэ оны 4 сард амаржих гэж байгааг нь мэдлээ. Ийм учраас миний бие Цогтхүү овогтой Отгончимэгийн нэхэмжлэлийн дагуу гэр бүл цуцлуулах хүсэлт, охин Эмүжинг өөрийн асрамжид авах, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгө хуваах хүсэлтийг бид хоёр харилцан тохиролцож маргаан үүсгэлгүйгээр шийдэхээр боллоо. Миний бие охин эхнэр хоёртоо найман сая таван зуун мянган төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Хэрлэнчимэг би шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Отгончимэг, Г.Энхманлай нар нь 2012 онд гэрлэлтээ батлуулж, нэг гэрт орсон бөгөөд нэг охинтой. Охин одоо 6 настай. Иргэний хуулийн дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8,500,000 төгрөг болгож, Г.Энхманлай нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 5,500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулахаар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.  ” гэв.

Хариуцагч Г.Энхманлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид дундын өмчийн асуудлыг хоорондоо тохиролцож шийдвэрлэсэн.” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, гэрлэгчдийн №0124005 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, Охин Э.Эмүжин №0000631642 Г-017 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Э.Эмүжин эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №209 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгч Ц.Отгончимэгийн нийгмийн халамжийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ц.Отгончимэгийн 1В00628038 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, Ц.Отгончимэгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар хувь, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг хэрэгт байгаа бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь хариуцагч Г.Энхманлайд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигч Ц.Отгончимэг Г.Энхманлай нар нь 2011 оноос хамтран амьдарч, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр охин Энхманлайгын Эмүжин төрсөн нь зохигчийн тайлбар болон, гэрлэгчдийн №0124005 б-01 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн №0000631642 Г-017 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Хариуцагч Г.Энхманлай нь нэхэмжлэгч Ц.Отгончимэгт 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг өгч хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргааныг шийдвэрлэсэн тухай талууд тайлбар гаргасан тул зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар болон хамтран өмчлөх дундын өмчлөлийн маргаан байхгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Отгончимэг нь гэр бүлийн харьцаатай хүнтэй, жирэмсэн болсон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Э.Эрдэнэтуяагийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тэмдэглэл”-ээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг Г.Энхманлай нь охин Э.Эмүжинг тэжээн тэтгэх үүрэгтэй.

2012 оны 01 дүгээр сарын 02-нд төрсөн охин Энхманлайгийн Эмүжин нь эх Ц.Отгончимэгийн асрамжид амьдарч байгаа бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг 11 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн 50 хувийн хэмжээгээр, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг Г.Энхманлайгаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг болон хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийн тал хувийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк”-ны 211000134959 тоот данснаас 153,975 төгрөгийг, мөн хариуцагч Г.Энхманлайгаас 224,175 /70,200+153,975=224,175/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгончимэгт олгуулах нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /83,100х12=997.200 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 28,482 төгрөгийг хариуцагч Г.Энхманлайгаас гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Цогтхүүгийн Отгончимэг, хариуцагч Боржигон овогт Галбаатарын Энхманлай нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 02-нд төрсөн Боржигон овогт Энхманлайгийн Эмүжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Энхманлайгаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд зааснаар мөн хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Энхманлайд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Ц.Отгончимэг нарт тус тус даалгасугай.

5. Зохигчийн хооронд хүүхдийн асрамжийн талаар маргаангүй бөгөөд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн маргаанд талууд 8,500,000 төгрөгийг хариуцагч Г.Энхманлай нь нэхэмжлэгч Ц.Отгончимэгт 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж, үлдэх 5,500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Ц.Отгончимэг Г.Энхманлай нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг болон 307,950 төгрөгийн тал хувийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээж, “Төрийн банк”-ны 211000134959 тоот данснаас 153,975 төгрөгийг, мөн хариуцагч Г.Энхманлайгаас 224,175 /70,200+153,375=224,175/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Отгончимэгт олгох,

Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгосонтой холбогдуулан хариуцагч Г.Энхманлайгаас 28,482 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА