| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0083/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
2021 03 04 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч З овгийн Ц.Д холбогдох эрүүгийн 2134000000065 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, З овгийн Ц.Д
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Д нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р баг Усны аж ахуйн 317 тоотод гэр бүлийн харилцаа хамааралтай Э.Нямбаттай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг ир үзүүртэй зүйлээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ц.Д:
...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2134000000065 дугаартай хэрэгт хохирогч Э.Нямбат /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Ц.Д /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч Ц.Д /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзлэг /хх-ийн 2-8 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Э.Нямбатын яаралтай тусламжийн хуудас, асап сангийн лавлагаа, гэрэл зураг /хх-ийн 44-49 дүгээр хуудас/, хохирогч Э.Нямбатын хэргийн хялбаршуулсан журмаар хянан хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-43, 50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг Усны аж ахуйн 317 тоотод гэр бүлийн харилцаа хамааралтай Э.Нямбаттай маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг ир үзүүртэй зүйлээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Гэвч шүүх шүүгдэгч Ц.Д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4- дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.
Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлхийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садангийн хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.
Тухайлбал: Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заассан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно.
Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргээр зүйлчлэх бөгөөд шүүгдэгч Ц.Днь хохирогч Э.Нямбаттай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хэдий ч тухайн үйл баримт болсон буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр маргалдан түүнийг ир үзүүртэй зүйлээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу байнгын шинжтэй биш тохиолдлын шинжтэй нэг удаагийн, гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй, хамт архи ууж, хаагуур хэнтэй архи ууж ирсэн гэх асуудалтай холбоотой таарамжгүй харилцааны явцад үйлдэгдсэн үйлдэл байх тул гэр бүлийн гишүүний эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Д нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5-р баг Усны аж ахуйн 317 тоотод Э.Нямбаттай маргалдан түүнийг ир үзүүртэй зүйлээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Э.Нямбатын ...дэлгүүр ороод 1 том савтай пиво аваад гэртээ авч орсон. Тэр пивоо гэтээ эхнэртэйгээ хамт хувааж уусан. Тэгээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би өөдөөс нь уурлаж эхнэрээ загнасан. Тэгтэл манай эхнэр айсандаа болоод ширээн дээр байсан хутга аваад хөл гуя, хэсэгт хутгаар зүссэн. Би зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм. Би тухайн үедээ маш их согтсон байсан... ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эхнэртээ гомдолгүй. Бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн. Ямар нэгэн байдлаар одоо муудалцаж байгаа зүйл байхгүй... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Д ...тэр пивоо надтай хувааж ууна гээд уусан. Бид хоёр хувааж ууж суугаад байж байгаад би нөхрөөсөө хаагуур явсан, хэнтэй архи уучхаад орж ирж байгаа талаар нь асуусан усанд явчхаад архи ууж ирлээ гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл манай нөхөр над руу орилоод уурлаад байхаар нь би айсандаа ширээн дээр байсан хутга аваад хөл хэсэгт нь зүсэж гэмтээсэн... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай ...Э.Нямбатын биед зүүн гуянд шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үеэнд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд, баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеэнд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзлэг /хх-ийн 2-8 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, хохирогч Э.Нямбатын яаралтай тусламжийн хуудас, асап сангийн лавлагаа, гэрэл зураг /хх-ийн 44-49 дүгээр хуудас/, хохирогч Э.Нямбатын хэргийн хялбаршуулсан журмаар хянан хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Д хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-43, 50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллагдагчтай ял тохиролцож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.Д гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Д нь Э.Нямбатын биед зүүн гуянд шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үеэнд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд, баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеэнд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Тэрээр хүнийг зэвсэг болох хутгаар зодож, цохиж, байгаа өөрийн энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирогчийн биеийн зүүн гуянд шарх, баруун гарын 2 дугаар хурууны 1 дүгээр үеэнд, баруун гарын 2 дугаар хурууны 2 дугаар үеэнд, баруун гарын 3 дугаар хурууны 2 дугаар үеэнд шарх, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хутгаар зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Д прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь хохирогч Э.Нямбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч Э.Нямбат нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой хохирол, хор уршгийн баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Ц.Д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болох нь хавтаст хэргийн 8-9, 42-43 дугаар хуудаст авагдсан хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг болон шүүхийн шатанд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар мэдэгдсэн мэдэгдэх хуудас зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Д энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүгдэгч Ц.Д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Д нь оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.
Эрүүгийн 2134000000065 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулсныг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.2., 36.6.,
36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1
дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З овгийн Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2134000000065 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч З овгийн Ц.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч З овгийн Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З овгийн Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З овгийн Ц.Д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн 2134000000065 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З овгийн Ц.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З овгийн Ц.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН