Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 48

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, Хайлааст баг, бугантын 4-1 тоотод оршин суух Болд овогт Алтанхүүгийн Алтанзагас /РД:ГВ89052600/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг, Их булаг 1-2 тоотод оршин суух Боржигон  овогт Борхүүгийн Пунцагцэрэн /РД:КЙ90010273/-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алтанзагас, хариуцагч Б.Пунцагцэрэн, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч А.Алтанзагас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “...А.Алтанзагас би Б.Пунцагцэрэнтэй 2010 оноос 2015 он хүртэл амьдарч хамтран амьдрах хугацаанд 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү П.Цогбадрах, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр П.Марал нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Б.Пунцагцэрэн нь амьдрах хугацаанд намайг байнга үндэслэлгүй хардаж, сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Энэ шалтгааны улмаас бид тусдаа амьдрах болсон. Б.Пунцагцэрэн нь 2 хүүхэддээ санаа тавьж байгаагүй. Иймд Б.Пунцагцэрэнгээс хүү П.Цогбадрах, охин П.Марал нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Хариуцагч Б.Пунцагцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар баг Их булгийн 1-2 тоотод оршин суух Борхүүгийн Пунцагцэрэн  нь Алтанхүүгийн Алтанзагасын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, П.Маралын  №0000823794 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, П.Цогбадрахын №0438366 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн О.Гантулгын тодорхойлолт, Төв аймгийн Заамар сумын “Шижир-Алт” цэцэрлэгийн тодорхойлолт, Төв аймгийн Заамар сумын “Шижир-Алт”  ЕБДС-н тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Алтанзагас нь хариуцагч Б.Пунцагцэрэнгээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

          А.Алтанзагас нь Б.Пунцагцэрэнтэй гэрлэлтээ батлуулалгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүү П.Цогбадрах төрсөн нь №0438366/047 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин П.Марал төрсөн нь №0000823794 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаас нотлогдож байх ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Пунцагцэрэн нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

            Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү П.Цогбадрах, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин П.Марал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Пунцагцэрэнгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд харин хариуцагч Б.Пунцагцэрэнгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /166,200х12=1,994,400 төгрөгт ногдох/ улсын тэмдэгтийн хураамжид 46,860 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулбал зохино.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2010 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Боржигон овогт Пунцагцэрэнгийн Цогбадрах, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Пунцагцэрэнгийн Марал нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Пунцагцэрэнгээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Пунцэгцэрэн нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Пунцагцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 46,860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА