| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
2021 01 11 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М.Т холбогдох 2034000000486 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Төв аймгийн Баянцагаан суманд 1987 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүдийн хамт, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн М.Т
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Т нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр баг, “Шаварт” гэх газар оршин суух иргэн Д.Отгонбаатарын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, суран цулбууртай, зэсэн амгатай, 5 тогоруутай, мөнгөн тоног, аралтай, мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.312.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тр:
... Миний хийсэн хэрэг үнэн зөв байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 2034000000486 дугаартай хэрэгт хохирогч Д.Отгонбаатар /хх-ийн 10-12 дугаар хуудас/, гэрч М.Т /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Т.Зандан-Очир /хх-ийн 15, 16 дугаар хуудас/, гэрч А.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч Н.Батсайхан /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Д.Отгонбаатар /хх-ийн 21-22 дугаар хуудас/, яллагдагч М.Т /хх-ийн 44-45 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07/355 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 24-34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Д.Отгонбаатар хулгайд алдагдсан хазаар хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Зандан-Очирын мөнгөн хазаарыг хэсгийн төлөөлөгч дэслэгч Бөхбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч М.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 55-58 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Т нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр баг, “Шаварт” гэх газар оршин суух иргэн Д.Отгонбаатарын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, суран цулбууртай, зэсэн амгатай, 5 тогоруутай, мөнгөн тоног, аралтай, мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.312.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Д.Отгонбаатарын ...өдөр өвөлжөөгөө янзалж байгаад орой 20 цагийн үед гэрт ирээд хоол цайгаа уугаад байж байтал баруун талын авдрын хажууд эмээл дээр байсан хамар дээрээ тогоруутай, мөнгөн хазаар алга болсон байсан. Би хазаар байхгүй байна гэрт үлдсэн дүү Мөнх-Эрдэнээс асуусан чинь мэдэхгүй байна өдөр намайг гэрт 14 цагийн үед орж ирэхэд байсан. Өдөр намайг шийдэн дээр сагс тоглож байхад улаан мотоциклтой, цагаан малгайтай хүн гэрт орж ирээд гарсан тэр хүн аваад явсан байх. Өөр хүн орж ирээгүй гэж хэлсэн юм. Би тэгээд маргааш нь буюу 8 сарын 19-ний өдөр саахалт айлын хүмүүсээс тэр цагаан малгайтай, улаан мотоциклтой хүнийг харсан уу гэсэн чинь манай саахалт айлын адуучин Батсайханаас асуусан чинь өдөр надтай уулзаад адуу сураад явсан гэж хэлж байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ...би хулгайд алдагдсан мөнгөн хазаараа 2.400.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
гэрч Т.Зандан-Очирын ...ах тус болооч би эрэлд явж байна 3, 4 үүлээ адуу тууж явж байгаа юм. Мотоцикл бензингүй болчихлоо ойр хавьд таних хүн байхгүй. Би Төв аймгийн Баянцагаан сумын хүн байгаа юм. Хазаар ломбардад тавих гэтэл надад туслаач гэсэн. Тэгээд би чамд хэд хэрэгтэй юм бэ гэтэл 80.000 төгрөг байхад болно гээд надаас 80.000 төгрөгийг бэлнээр аваад барьцаанд мөнгөн хазаарыг тавиад удахгүй буцаж ирж авна гээд гараад явсан... ...би өмнө нь харж байгаагүй. Дээлтэй хар нүдний шил малгай дээрээ тавьсан бүсэндээ дуран зүүсэн эрэлд явж байгаа гэмээр хүн байсан... /хх-ийн 15 дугаар хуудас/,
...надад учирсан 80.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,
яллагдагч М.Т ...Би өөрийн мэдэх зүйлээ ярьсан. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй... ...Мөнгөн хазаарыг нь эзэнд нь цагдаагийн албан хаагч нар өгчихсөн гэж хэлсэн... ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,
“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07/355 дугаартай ...Д.Отгонбаатарын мөнгөн хазаарыг 1.312.500 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 24-34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, хохирогч Д.Отгонбаатар хулгайд алдагдсан хазаар хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Зандан-Очирын мөнгөн хазаарыг хэсгийн төлөөлөгч дэслэгч Бөхбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч М.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 55-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Т нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 18-19 цагийн хооронд Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр баг, “Шаварт” гэх газар оршин суух иргэн Д.Отгонбаатарын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, суран цулбууртай, зэсэн амгатай, 5 тогоруутай, мөнгөн тоног, аралтай, мөнгөн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.312.500 төгрөгийн хохирол учруулжээ.
Тэрээр энэхүү Д.Отгонбаатарын Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, суран цулбууртай, зэсэн амгатай, 5 тогоруутай, мөнгөн тоног, аралтай, мөнгөн хазаарыг авч байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршиг шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч М.Т болон тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Т хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Т гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Отгонбаатарт 1.312.500 /нэг сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна.
Шүүх хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогчийн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад гэмт хэргийн улмаас хохирогч 1.312.500 /нэг сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд 1.312.500 /нэг сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаарыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгсөн нь хавтас хэргийн 59-60 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч М.Т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан шүүгдэгч М.Т тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Т оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034000000486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Т тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн М.Т хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн М.Т 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 2034000000486 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч М.Т тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн М.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн М.Т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН