Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

 

     2021           01                12                                                2021/ШЦТ/07                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Онон,

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Г холбогдох эрүүгийн 2134000000004 дугаартай хэргийг 2021 оны 01 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковыш оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 189 дугаартай тушаалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б овгийн Б.Г 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар 2020 оны 12 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Х.Өмөрбекийг “чи самар хулгай хийж авсан юм биш үү” гэх шалтгааны улмаас гараа раа нүүрэн тус хэсэгт цохиж биед нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034004270409 дугаартай хэрэгт хохирогч Х.Өмөрбек /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч Х.Өмөрбек /хх-ийн 6, 7 дугаар хуудас/, гэрч Б.Г /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, гэрч Г.Ган-Эрдэнэ /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч О.Бямбасүрэн /хх-ийн 14-16 дугаар хуудас/, гэрч Ч.Гэрэлтцолмон /хх-ийн 17-19 дүгээр хуудас/, гэрч Б.Нямсүрэн /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, яллагдагч Б.Г /хх-ийн 71-73 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон хохирогч Х.Өмөрбекийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Х.Өмөрбекийн яаралтай тусламжийн хуудас, компьютерт томографын шинжилгээ өгсөн баримт /хх-ийн 26-30 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 83-88 дугаар хуудас/, хохирогч Х.Өмөрбек гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-35, 46-66, 80-81 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар иргэн Х.Өмөрбекийг “чи самар хулгай хийж авсан юм биш үү” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус хэсэгт цохиж биед нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи, зүүн шуунд цус хуралт, бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах   

хохирогч Х.Өмөрбекийн ...Би нийт 1,500,000 төгрөгийн хохиролтой байгаа ба баримтууд нь байгаа. Надад Г нь одоогийн байдлаар мөнгө өгөөгүй. ... /хх-ийн 4 дүгээр хуудас/,

гэрч Х.Өмөрбекийн ...би 2020 оны 11-р сарын сүүлээр урд таньдаг байсан Г гэх залуу хэсэг хүмүүстэй нэг бригад болоод самарт явах гэж байна хамт явах уу гээд хамт явахаар болоод 2020 оны 11-р сард нэг удаа явж 7 хоноод ирээд 2 хоноод буцаад яваад 7 хоноод би Мэндээ, /эмэгтэй/ Цоомоо /эрэгтэй/ бид гурав уулнаас буугаад гэртээ ирж хоёр хоноод. Буцаад 2020 оны 12-р сарын 04-нд Тэрэлжид ирэхэд  манай бригадын гишүүн Чинзориг гэх айлд очсон. Чинзориг гэх айлд эхнэр болон хэсэг хүмүүс /6 хүн/ архи уугаад байж байсан. Тэгээд 2020 оны 12-р сарын 05-ны үүрийн үед ууланд байсан хүмүүс ирээд самар байхгүй болсон талаар мэдээд намайг хардаж  Чинзориг миний баруун хацарт нэг удаа алгадаж  аваад  толгой баруун талаас гараа атгаж байгаад хоёр удаа цохиж авсан. Г миний нүүр, зүүн нүд орчим гараа атгаж байгаад нэг удаа цохиж авсан одоо миний нүүр хөхөрч хавдсан байна. Нэг залуу бас хутга тулгасан  тэр залууг сайн танихгүй нэрийг мэдэхгүй байна. Цоомоо Нямаа хоёр бас машинтай авч яваад Цоомоо 3 удаа алгадаж  авсан үг хэлэхээр дарамталсан. Эдгээр хүмүүс намайг 2020 оны 12-р сарын 05-06нд шилжих  шөнө намайг бүгд л чи самар авсан үнэнээ хэл хэлэхгүй бол ална чамайг алсан байхад  5-10 жил суугаад гарч ирнэ / хутга барьсан залуу/ гээд үг хэлээр дарамталж хоносон. .../хх-ийн 6 дугаар хуудас/

гэрч Х.Өмөрбекийн ...О.Бямбасүрэнгийн гэр байсан хутга бид нар ууланд авч яваад ирсэн байсан. Хутга одоо Бямбасүрэнгийн гэрт байгаа байх. Хар өнгийн бариултай 20 орчим сантметр байгаа байх. Хутга тулгах үед хажууд  О.Бямбасүрэн галын хайч бариад сууж, Б.Нямдорж согтуу унтаж байсан. .../хх-ийн 7 дугаар хуудас/

яллагдагч Б.Г ...2020 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р баг Баянбулаг гэх газар Бямбасүрэн гэх айлд самраас бууж ирээд байж байтал надтай хамт самарт явсан Өмөрбек гэх хүн надаас 3 хоногийн өмнө уулын модноос бууж ирээд Бямбасүрэн гэх айлд хүлээж байсан тэгээд самраа яасан бэ гэж асуухад байхгүй би мэдэхгүй гэсэн тэгэхээр нь би юу гэсэн үг вэ чи түрүүлж бууж ирээ биз дээ гэхэд Өмөрбек намайг уулнаас түрүүлж  бууж ирэхэд самар байхгүй байсан гэсэн Бямбасүрэн болохоор бид нар мэдэхгүй гэсэн тэгээд Өнөрбек би самрыг би самрыг чинь мэдэхгүй гэхээр нь би уурлаад машинд суулгаж байгаад баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон тэгээд шанаа хэрэг нь бага зэрэг хөхөрсөн байсан тэгээд маргааш нь Өмөрбек намайг цагдаад өгсөн. Би ууланд зовлогоо зовоож 410 гаран хоног түүсэн самрыг минь Өмөрбек алга хийсэн гэж хардсандаа нэг цохисон юмаа. Хамт түүсэн самраа хариуцаж чадахгүй өөрөө алга хийсэн юм уу, хулгайд ч алдсан юм уу бүү мэд мэдэхгүй мэдэхгүй гээд байхаар нь чамаас өөр хэн мэдэх юм бэ гээд л цохисон би Өмөрбек намайг цохиогүй би Өмөрбекийг хамт түүсэн самраа надад хэлэхгүйгээр  зарчихлаа л гэж хардаж байгаа одоо ч хардаж  байгаа тэр уурандаа цохисон  нь бол миний буруу. Надаас 1.700.000 төгрөг нэхээд байгаа би одоогийн байдлаар 250.000 төгрөг өгсөн байгаа. .../хх-ийн 71-73 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

 

шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаартай ...Х.Өмөрбекийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон хохирогч Х.Өмөрбекийн Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Х.Өмөрбекийн яаралтай тусламжийн хуудас, компьютерт томографын шинжилгээ өгсөн баримт /хх-ийн 26-30 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 83-88 дугаар хуудас/, хохирогч Х.Өмөрбек гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 79 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 31-35, 46-66, 80-81 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Г нь иргэн Х.Өмөрбекийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.

 

Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Х.Өмөрбекийн биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, зүүн нүдний зовхи зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. 

    

Шүүгдэгч Б.Г хохирогч Х.Өмөрбек нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба баримтгүйгээр 1.770.000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөгийг нэхэмжилдэг ба дээрх хохирлыг шүүгдэгч Б.Г хавтаст хэргийн 83-88 дугаар хуудаст авагдсан баримтаар эмчилгээний зардал гэж төлж барагдуулсан, хавтаст хэргийн 79 дүгээр хуудаст авагдсан хохирогч Х.Өмөрбекийн хохирол төлсөн талаар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ирүүлсэн хохирол төлөгдөн талаарх хүсэлтээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх ба түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Б.Г хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Б.Г оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.   

       

Эрүүгийн 2134000000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Баярсүх нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Х.Өмөрбек 1.770.000 төгрөг төлснийг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

      Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б овгийн Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч Б овгийн Б.Г шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

 

5. Эрүүгийн 2134000000004 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.       

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН