| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2017/00759/И |
| Дугаар | 102/ШШ2017/01108 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/01108
2017 оны 04 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2017/01108 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 6 дугаар баг, 2 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Шар баль овогт Арслангийн Пунсанцогвоо /РД-ОЮ67102074/-гийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн төвийн байранд оршин байгаа Зам тээврийн хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТӨҮГазар гэх/-т холбогдох
Өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Пунсанцогвоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Пунсанцогвоо нь Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГазрын харъяа Увс аймгийн Улаангом сумын Чандмань дахь төлбөр авах цэгийн ахлагчаар 2016 оны 01 дүгээр сард томилогдон ажиллаж байсан. Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажил үүргээ гэрээнд заасны дагуу хангалттай гүйцэтгэж байсан.
Гэтэл Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн.
Уг тушаалын үндэслэл нь төлбөр авах цэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэнийг зөвшөөрөхгүй.
Учир нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төлбөр хураах цэгүүдийн 12 дугаар сарын орлогын төлөвлөгөөний биелэлтээр манай Улаангомын төлбөр авах цэгийг жилийн төлөвлөгөөгөө 117 хувиар биелүүлсэн талаар байгууллагын фасебүүк хуудсанд мэдээлсэн байсныг нэхэмжлэгч татаж авсан байдаг. Мөн А.Пунсанцогвоо нь ажиллах хугацаандаа үүргээ хангалттай биелүүлж, ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй байна.
Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалыг түүнд албан ёсоор танилцуулж мэдэгдээгүй, гардуулаагүй ба тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр байгууллагын фасебүүк хуудаснаас харсан.
Ийм байдлаар нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсныг үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч хариу тайлбартаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, А.Пунсанцогвоо бол гэрээт ажилтан гэж байна. Гэтэл талууд хөдөлмөрийн гэрээндээ хугацаатай байгуулж байгаа тухай тусгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байр гэж юуг хэлэх талаар тодорхойлсон. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой бөгөөд хугацаатай байгуулж байгаа тохиолдолд ямар ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх талаар зааж өгдөг.
А.Пунсанцогвоогийн гүйцэтгэж буй ажил нь байнгын ажлын байр бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хэрвээ хугацаатай байгуулах бол харилцан тохиролцох ёстой бөгөөд энэ талаар хөдөлмөрийн дотоод журмандаа тусгах шаардлагатай.
Ажил олгогчийн гаргаж буй тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой ба ажилтныг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох заалтыг баримтлах ёстой байсан. Гэтэл хуулийн 37 дугаар зүйлийг баримталсан нь хуульд нийцэхгүй байна.
Мөн тушаалд дүрэм журмыг үндэслэл болгосон нь буруу байна. А.Пунсанцогвоогийн талаар ямар нэгэн гомдол гарч байгаагүй ба хариуцагч нь ажилтныг үйл ажиллагаагаа хангалтгүй биелүүлсэн гэдгийг нотлох баримт байхгүй тул түүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна.
Иймд А.Пунсанцогвоог өмнө нь эрхэлж байсан төлбөр хураах цэгийн ахлагчийн ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Зам тээврийн хөгжил төв ТӨҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. А.Пунсанцогвоо нь тус төвд ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний 2.2-т заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул төвийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, үүнийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Уг тушаалыг фасебүүкээс харсан гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг гармагц буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр авах цэгийн ахлагч нарын өдөр тутмын ажлаа тайлагнадаг фасебүүк группээр мэдэгдсэн ба мэдмэгцээ төлбөр авах нэгж, замын сүлжээний ашиглалтын хэлтсийн дарга Т.Ганбаатартай утсаар ярьж шийтгэлийн талаар тодруулсан байдаг.
Нэг зөрчилд давхардуулан арга хэмжээ авсан гэж байна. Түүний ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж буй үйлдэлд нь 2016 онд захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба 2017 оны 01 дүгээр сард түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнээд цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргасан.
А.Пунсанцогвоо нь шинээр ажилд томилогдохдоо ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нэг хувийг нь өөртөө хадгалсан болох нь түүний шүүхэд өгсөн хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.
Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207 дугаар тогтоолоор Төлбөр авах цэг нь 123 гэрээт ажилтантай байхаар тогтоосон байдаг ба А.Пунсанцогвоо нь уг бүтцэд хамаарах гэрээт ажилтан юм. Уг ажлын байранд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан ажилладаг. Учир нь төлбөр авах цэг нь Авто замын тухай хуулийн дагуу Монгол Улсын авто замын санд орлого төвлөрүүлэх чиг үүрэг бүхий нэгж бөгөөд ахлагч нь өдөр тутамдаа мөнгө, эд хөрөнгө хариуцан ажилладаг.
Ахлагч нарын ажил үүргийг шинэ санал, санаачлага гарган хэрэгжүүлж байгаа байдал, өгсөн үүрэг даавгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байгаа байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн гэрээг жил тутам дүгнэн, цаашид сунгах эсэхийг шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн ажиллаж байгаа төлбөр хураах цэгийн хувьд алслагдмал Улаанбаатар хотоос 1400 км-ийн зайд байдаг учир түүний ажил үүргийг нь тэр болгон очиж шалгах боломжгүй байдаг тул 4 дэвтрээр тэдний ажлыг нь дүгнэдэг.
Төлбөр хураах цэгийн ахлагчийн хийх ажил үүрэг нь 4 дэвтэрт тэмдэглэл хөтлөх бөгөөд А.Пунсанцогвоогийн ажлаа шалгуулахдаа авчирсан дэвтрийг шалгахад түүний ажил хангалтгүй, ямар ч хөтлөлт хийгдээгүй тухайлбал өдөр бүр автомашинд өгч байгаа үнэт цаасаа үнэт цаасны дэвтэрт бичээгүй байсан. Тиймээс түүнд сахилгын шийтгэл ногдуулж, дараа нь дахин ийм алдаа гаргавал ажлаас хална гэж мэдэгдсэн. Төлбөр хураах цэгийн ахлахыг хийх ёстой ажил бол өглөө ажилдаа ирээд төлбөр хураагчтэй үнэт цаасны тооцоо хийж тэмдэглэл хөтлөх явдал юм. Гэтэл нэхэмжлэгч нь уг ажлаа биелүүлээгүй, хангалтгүй байсан.
Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хугацааг хараагүй мэдээгүй гэсэн худал мэдүүлэг өгч байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээнд гарын үсгээ зурж, утасны дугаараа бичсэн байна.
Төлбөр хураах цэгийн ахлагч нартай яагаад нэг жилийн гэрээ байгуулдаг вэ гэхээр тэд байнгын бэлэн мөнгөтэй харилцдаг гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Пунсанцогвоо нь Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГазарт холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллага дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “... ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, зөрчил гаргасан, ... гэрээт ажилтан, ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон...” гэж тайлбарлан, үүнийгээ нотлохоор Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот хурлын тэмдэглэл, Зам, тээврийн хөгжлийн төвийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаар тушаал, Төлбөр авах цэгийн 2016 онд хийсэн ажлын тайлан дүгнэх хурлын тэмдэглэл, төлбөр авах цэгүүдийн 2016 оны орлогын төлөвлөгөөний биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103, 106 дугаар тогтоол, тогтоолын хавсралтууд, А.Пунсанцогвоогийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/05271 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1976 дугаар магадлал, фасебүүкээс татсан 3 хуудас мессеж зэрэг баримтыг цуглуулан шүүхэд гарган өгчээ. /хх-21-23, 29-33, 46-56, 68-75, 77-78 дугаар хуудас/
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч А.Пунсанцогвоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.
Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй.
Харин нэхэмжлэгч А.Пунсанцогвоог Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 27 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсний улмаас тэдгээрийн хооронд маргаан үүссэн байна. /хх-4 дүгээр хуудас/
Шүүх, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох тухай тушаал гаргахдаа удирдлага болгосон хуулийн заалт нь А.Пунсанцогвоог ажлаас халсан үндэслэлтэй тохирохгүй байна гэж үзлээ.
Учир нь ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэл болон ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй тохирч байх ёстойгоос гадна ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд уг харилцааг дуусгавар болгох...” нэг үндэслэлийг зааж өгчээ.
Гэтэл хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв нь ажилтан А.Пунсанцогвоотой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дээрх заалтыг баримталсан атлаа сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүйн зэрэгцээ хариуцагч тал, нэхэмжлэгчийг ... 4 дэвтэр хөтлөх үүргээ хангалтгүй биелүүлсэн ... сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримтаа баримтаар нотолж чадаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд А.Пунсанцогвоог гэрээт ажилчин, хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан гэж мэтгэлцдэг.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс харахад зохигчид гэрээний хугацааг 1 жилээр тохиролцон байгуулсан байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад нийцэж байна.
Харин маргалдагч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.
Яагаад гэхээр, гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дууссан ба хариуцагч байгууллага нь хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавилгүйгээр, ажлаас чөлөөлөх тушаалыг гэрээний хугацаа дууссанаас 4 хоногийн дараа буюу мөн сарын 25-ны өдөр гаргажээ. /хх-4-6 дугаар хуудас/
Нөгөөтэйгүүр хариуцагч Зам тээврийн хөгжлийн төв нь нэхэмжлэгч А.Пунсанцогвоог н.Пүрэвжавын оронд түр ажилд авсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүйн гадна Зам, тээврийн хөгжлийн төв нь хөдөлмөрийн гэрээг өөр үндэслэлээр цуцалсан байдаг.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пунсанцогвоог өмнө нь эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын төлбөр авах цэгийн ахлагчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Зам тээврийн хөгжлийн төвөөс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Пунсанцогвоо нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт хийсэн тухай бичилт хийх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пунсанцогвоог өмнө нь эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын төлбөр авах цэгийн ахлагчийн ажилд нь эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Зам, тээврийн хөгжлийн төвөөс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |