Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 102/2017/00362/И |
Дугаар | 102/ШШ2017/01109 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/01109
2017 оны 04 сарын 18 өдөр
| Дугаар 102/ШШ2017/01109 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд оршин байгаа “Дулааны III цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компани /цаашид ТӨХК гэх/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж, өөрийн байранд оршин байгаа “Суурь” ХХК /РД-2041588/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,274,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь “Суурь” ХХК-тай уурын ДЭХ худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байгуулан эрчим хүчээр хангаж ирсэн.
“Суурь” ХХК нь 2015 оны 12 дугаар сар, 2016 оны 01-02 сард хэрэглэсэн уурын ДЭХ-ний төлбөр болох 16,183,159 төгрөгийг төлөөгүй. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тооцсон алданги 8,091,580 төгрөг, нийт 24,274,739 төгрөгийн өглөгтэй байна.
Манай компани нь төлбөр барагдуулах талаар албан бичгээр удаа дараа хандаж, уураар хязгаарлах зэрэг арга хэмжээ авсан боловч төлбөр тооцоог хэрхэн барагдуулах талаар хариу ирүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд “Суурь” ХХК-иас 24,274,739 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Одоо алданги 8,091,580 төгрөгийг 50 хувиар багасгаж, үлдэх 20,228,949 төгрөг дээр эвлэрэх саналтай байна гэв.
Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч байгууллагаас цахилгаан авч хэрэглэсэн гэдэг нь үнэн учраас төлбөрөө төлөхөд татгалзах зүйл байхгүй. Өнгөрсөн жил манай байгууллагын ашиг орлого маш бага байсны улмаас төлбөр төлөх боломжгүй байдалд хүрсэн.
Алдангийг 50 хувиар багасгаж, үлдэх 20,228,949 төгрөг дээр эвлэрэх нэхэмжлэгчийн саналыг зөвшөөрч байна гэв.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Дулааны III цахилгаан станц” ТӨХК нь “Суурь” ХХК-иас нийт 24,274,739 төгрөг нэхэмжилснээс 8,091,580 төгрөгийн алдангийг 4,045,790 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Суурь” ХХК нь үлдэх 20,228,949 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК нь, хариуцагч “Суурь” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,274,739 төгрөг шаардаж шүүхэд ханджээ.
Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,274,739 /хорин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийн 4,045,790 /дөрвөн сая дөчин таван мянга долоон зуун ерэн/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,228,949 /хорин сая хоёр зуун хорин найман мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг хариуцагч “Суурь” ХХК нь нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. /хх-41 дүгээр хуудас/
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК нь Ч.Ганболдод хариуцагч “Суурь” ХХК нь Н.Номин-Эрдэнэд эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул тэднийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд гэж үзсэн болно. /хх-19, 28 дугаар хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, “Суурь” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,274,739 /хорин дөрвөн сая хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийн 4,045,790 /дөрвөн сая дөчин таван мянга долоон зуун ерэн/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 20,228,949 /хорин сая хоёр зуун хорин найман мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг хариуцагч “Суурь” ХХК нь нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259,095 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД