Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2022/0689

 

2022.10.27-ны өдөр 221/МА2022/0689

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал З, хариуцагч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.А

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор С.Э,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын ахлах аудитор Л.Н,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын аудитор Б.Ч,

Хариуцагч: Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын Аудитын хоёрдугаар газрын ахлах аудитор Б.Э,

Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э,

Хариуцагч: Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор У.О,

Хариуцагч: Үндэсний аудитын газрын нэр бүхий аудиторуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “О” ХХК-ийн аудитор Л.А,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор,

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудиторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргаа, удирдлагын газрын Хууль, эрх зүйн менежер Б.Б,

Гуравдагч этгээд: Ашигт малтмал, газрын тосны газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ZW, тэдгээрийн орчуулагч TW, Б.Т, Д.Х,

Хариуцагч Л.Н, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Б.Ө, У.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, В.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б

 

Хэргийн индекс: 128/2021/0021/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор нарт холбогдуулан

1.1. “... Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э*******, ахлах аудитор Л.Н*******, аудитор Б.Ч нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах”,

1.2. “... Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

1.3. “... Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Ч.Д Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э, У.О нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”,

1.4. “... Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарн 26-ны өдрийн 403 дугаар шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 18 дугаар зүйлийн 18.3, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2.14, 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлэх тухай” 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг, Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн A/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн холбогдох заалтыг, Үндэсний аудитын газрын Нийслэлийн аудитын газар болон нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай” 647/A0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаатай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсэг, Үндэсний аудитын газрын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн A/85 дугаарын тушаалын нэг дэх хэсгийн холбогдох хэсгийг 6 /зургаа/сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг үндэслэн түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.3. Үндэсний аудитын газрын нэр бүхий аудитор нь “Д” ХХК, Үндэсний аудитын газрын нэр бүхий аудитор, Монгол Улсын Ерөнхий аудиторын хооронд үүссэн маргаан нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан “экспортын цэг”-ээс үүдэлтэй бөгөөд талууд энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлж мэтгэлцсэн. Гэвч талуудын зөрүүтэй байдалд шүүх дүгнэлт өгөхөөс зайлсхийж хариуцагч захиргааны байгууллагаар дахин акт гаргуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг үнэлж маргааныг шийдвэрлэх боломжтой байсан боловч ийнхүү нэгтгэн дүгнээгүй.

3.4. Аудиторын зүгээс аудитыг бүрэн гүйцэтгэж, аудитад хамрагдагч этгээдийг шаардлагатай тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжоор хангасан. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдээлэх үүрэгтэй” гэж заасны дагуу маргаан бүхий шаардлагад дурдсан БХГ-97-ийн хавсралт “С”-г “В” гэж залруулсан.

3.5. Шүүх хуралдааны явцад залруулга хийж түүнийг үнэлэх боломжтой байхад актын биелэлтийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг хэрэглэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн заалтыг буруу хэрэглэжээ.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болох өдрөөс хойш 14  хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд дээрх шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 2 сарын дараа бичгээр гардаж авсан болно.

3.7. Түүнчлэн шүүх хуралдаан олон удаа хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь шүүх хэргийг эрхлэн удирдах ажиллагаа хангалтгүй байсныг дурдаж байна.

3.8. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын нэр бүхий аудиторын албан шаардлага, Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулсан тайланг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Анхан шатын шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийж хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой байтал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснийг баримтлан шийдвэрлэсэн нь өөрт хуулиар хүлээлгэсэн үндсэн үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж үзэхэд хүргэж байна.

4.2. Хэдийгээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа боловч энэ нь шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээ хязгаараас хэтэрсэн тохиолдолд дээрх заалтыг хэрэглэхээр хуульчилсан байна.

4.3. Гэтэл шүүхийн шинжлсэн судлах боломжоос хэтэрсэн ямар нөхцөл байдал байсан талаар шийдвэртээ тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцсэнгүй.

4.4. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн 26 дугаар хуудас, 31 гэсэн догол мөрд “БХГ-97 гэрээний “экспортын цэг” гэх тусгайлсан заалтыг хэрхэн ойлгож хэрэгжүүлсэн бэ гэдэгт гол маргаан байх бөгөөд ...” гэж маргааны агуулгыг зөв тодорхойлсон боловч холбогдох нотлох баримтад тулгуурлан түүнд дүгнэлт өгөхөөс зайлсхийсэн болно.

4.5. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... Дээр дурдсаныг шүүхээс дүгнэхдээ, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 2.1 дүгээр зүйлд заасан “экспортын цэг” гэх ойлголтыг гэрээний нэг тал болох Засгийн газар, нөгөө тал болох гэрээлэгч буюу нэхэмжлэгчийн байр суурийг хэрхэн ойлгож хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, БХГ-97-д өөрчлөлт оруулаагүй байгаа нь зөвхөн гэрээлэгчид хохиролтой байдлаар, түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байдлаар хандсан гэж үзэв”. гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

4.6. Дээрх дүгнэлтийн эхний хэсэг болох “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний 2.1 дүгээр зүйлд заасан “экспортын цэг” гэх ойлголтыг гэрээний нэг тал болох Засгийн газар, нөгөө тал болох гэрээлэгч буюу нэхэмжлэгчийн байр суурийг хэрхэн ойлгож хэрэгжүүлсэн нь тодорхойгүй” гэжээ.

4.7. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлүүлж түүний хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон “Нескор энержи” компанийн хооронд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр талууд “экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмжийг ойлгохоор агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэгдсэн ойлголтоор борлуулалтын зардал, өртөг нөхөн зардлыг тооцож ирсэн байдаг.

4.8. Монгол Улсын Засгийн газар болон 2003-2013 онд хяналт шалгалтад оролцож байсан Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын хамтарсан хяналт, шалгалтаар ч Бүтээгдэхүүн хуваах гэрээний заалтын “экспортын цэг” гэснийг дээрхээс өөрөөр тайлбарлаагүй, буюу олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж гэсэн нэгдсэн ойлголтоор гэрээг хэлбэртэлгүй дагаж ирсэн.

4.9. Нэг үгээр хэлбэл Гэрээлэгч болон Засгийн газрын байр суурь, ойлголт нэг буюу 2003 оноос хойш аудитын хяналт шалгалтын явцад ойлголтын зөрүү байхгүй, аливаа маргаан гарч байгаагүй юм. Энэ нь уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй БХГ-97 гэрээний нэг тал болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт “... гэрээлэгч нь цооногийн амсраас хойших бүх зардлыг түүний тосны борлуулалт, тээврийн зардалд тооцон, талуудад ноогдох тосны орлогыг хуваарилалтын тооцоог хийж ирсэн” гэх тайлбараар нотлогдоно. Тийм ч утгаараа энэ тохиолдолд итгэл хамгаалагдах зарчим хэрэглэгдэх нь зүйн хэрэг юм.

4.10. Харин анхан шатны шүүх “БХГ-97-д өөрчлөлт оруулаагүй байгаа нь зөвхөн гэрээлэгчид хохиролтой байдлаар, түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байдлаар хандсан гэж үзэв” гэж дүгнэсэн нь Газрын тосны тухай хууль 2014 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний шинэ загварт нийцүүлэн гэрээг шинэчлэн байгуулаагүй, өөрчлөлт оруулаагүй байхад хариуцагч нараас гэрээний дээрх заалтыг зөрүүтэй тайлбарлаж гэрээлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн агуулгыг илэрхийлж зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4.11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргуулсан англи хэл дээрх гэрээг албан ёсоор орчуулж аудитыг гүйцэтгэхдээ ашигласан ба Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн гэрээний заалттай зөрүүтэй байгааг шууд зөвтгөн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм” гээд, мөн “... Маргаан бүхий албан шаардлагуудад: “...улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос ... төвлөрүүлсэн байна. Энэ нь ... “БХГ-97”-ийн хавсралт “С”-д заасантай нийцэхгүй байна” хэмээн бичигдсэн байгааг хариуцагчаас тодруулахад, “...захиргааны акт гаргахдаа Бүтээгдэхүүн хуваах гэрээний Монгол хэл дээрх хувилбарын хавсралтын дугаарыг үндэслээгүй, алдаа гаргасан байх бөгөөд цаашид гэрээлэгчтэй байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний англи хэл дээрх хувилбарын хавсралт “С”-г Монгол орчуулгын “В” гэж залруулж байна” гэжээ.

4.12. Энэ тохиолдолд хариуцагчийн үйлдлийг мөн зөвтгөн залруулах боломжгүй...” гэж дүгнэжээ. Шүүх орчуулгын алдаатай гэрээн дээр хийгдсэн, хариуцагчийн хууль зөрчсөн, алдаатай үйлдлүүдийг тогтоож, зөвтгөх боломжгүй гэж дүгнэсэн хэрнээ маргаан бүхий Захиргааны актуудыг хүчингүй болголгүй, дахин шинэ акт гаргах хүртэл Захиргааны актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

4.13. Нөгөө талаар шүүхээс хариуцагчийг гаргасан алдаагаа засаж, дахин шинэ акт гаргахаар даалгаж байгаа нь “экспортын цэг”, “экспортын үнэ” тооцох маргааны гол агуулгад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улам бүр дордуулсан шийдвэр боллоо.

4.14. Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжпэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас хариуцагч нарт холбогдуулан “... Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Л.Н, аудитор Б.Ч нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах”, Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “... Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Ч.Д, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э, У.О нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “... Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар тус тус маргажээ.

3. Маргаан бүхий актуудаар Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Д” ХХК-ийн БХГ-97 талбайн 2015-2018 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасан эсэхийг шалган баталгаажуулах зорилгоор 647/А0160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА кодтой Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Д” ХХК-ийн БХГ-97 талбайн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалт сэдэвт нийцлийн аудитыг хариуцагчаас гүйцэтгэж, Газрын тосны газар /хуучин нэрээр/ нь гэрээлэгчийн 2015-2018 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайлангаар Монгол Улсын Засгийн газарт ногдох роялти, өртөг нөхөлт, тос хуваалтыг 2015-2018 онд зөрүүтэй тайлагнасныг хүлээн авч улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос 1,922,980.97 ам.долларыг дутуу төвлөрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, Бүтээгдэхүүн хуваах гэрээ-97-ний хавсралт С-д нийцээгүй гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 21 дугээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасныг үндэслэн маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Төсвийн орлого төвлөрүүлж, зөрчлийг давтан гаргахгүй байх тухай 647/А0160135 НАГ-2019/02/-НА, НАГ-2019/04/-НА дугаар албан шаардлагаар дутуу төвлөрүүлсэн 1,922,980.97 /нэг сая есөн зуун хорин хоёр мянга есөн зуун наян ам доллар ерэн долоон цент/-ийг гэрээлэгч /нэхэмжлэгч/-ээс гаргуулахаар шаарджээ.

4. Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэргийн оролцогч нарын хооронд үүссэн маргаан нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-д заасан “экспортын цэг”-ээс үүдэлтэй маргаан байх бөгөөд хариуцагч нараас гаргасан албан шаардлагуудыг болон тушаалууд нь гэрээ болон хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар түдгэлзүүлсэн нь буруу болжээ.

5. Нэхэмжлэгчээс “экспортын цэг” гэдгийг “... шууд утга болон хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж эсхүл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг ойлгоно” гэж, хариуцагч нараас “танкфарм буюу бүтээгдэхүүний хэмжилт хийж байгаа цооногийн ам буюу түүний ойролцоох цэг” гэж тус тус мэтгэлцсэнийг шүүхээс “... шууд хувийн эрх зүйлийн хүрээнд буюу гэрээг Иргэний хуулийн ... холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэхгүй, маргаан бүхий албан шаардлагуудад үг үсгийн зөрүүтэй байдлууд буюу хавсралт С гэж бичигдсэн байгаа нь монгол хэлээр бичигдсэн гэрээний хавсралтын заалттай тохироогүй, ... хавсралтад С гэсэн дугаарлалт огт байхгүй хариуцагчийн үйлдлийг ... зөвтгөх боломжгүй” гэж үзсэн нь шүүхийн шинжпэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нараас Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “... “нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг” гэж заасан хариуцагчийн хийж гүйцэтгэсэн аудитын эрх хэмжээг үгүйсгэсэн, хийх явцын зөрчил болон нийцлийн аудитаар баталгаажуулсан тооцоолол, үнийн дүнтэй маргаагүй, харин “БХГ-97” гэрээний “экспортын цэг” гэдгийг өөр өөрийнхөөрөө тайлбарлан маргасан энэ тохиолдолд хуульд нийцүүлэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэх тул шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэх боломжгүй юм.

6. Хариуцагч нар нь цооногуудаас гарсан түүхий тосыг хуримтлуулан автомашинаар зөөгөөд 25 км-т байрлах талбай буюу Замын-Үүдийн боомт хүргэхээр ачилт хийж байгаа газрыг “экспортын цэг” гэж тайлбарлан цооногийн амнаас автомашинаар тээвэрлэн ачилт хийх цэгт хүргэсэн автотээврийн зардлыг борлуулалтын зардал гэж үзэхгүй, түүхий тосны өртөг гэж үзсэн ба гэрээнд заасан “түүхий тос” болон “гэрээт түүхий тос” гэсэн нэр томъёог гэрээ болон хуульд нийцүүлж, тухайн үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбогдуулан аудитын төлбөр тогтоосныг буруутгахгүй юм.

7. Тус Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “... “Экспортын цэг” гэж гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмж, эсвэл бусад байгууламж дээрх буюу тэдгээрийн ойролцоох цэгийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Уг “Экспортын цэг” гэдэг тодорхойлолтыг талуудын гэрээг байгуулах үеийн, хүсэл зоригоо илэрхийлж байсан үеийн бодит нөхцөл байдал, гэрээний ерөнхий агуулга болон хуульд нийцүүлэн ойлгох нь зүйтэй байна. Тиймээс “БХГ-97”-ийн “экспортын цэг”-ийг бүтээгдэхүүний хэмжилт хийж байгаа Дорноговь аймгийн Зүүнбаян багт байрлах бүтээгдэхүүнийг хуримтлуулж байгаа сав буюу “танкфарм” байх, тодруулбал гэрээний бусад нэр томьёо, холбогдох заалтуудтай харьцуулан гэрээт түүхий тосны хэмжээ болон үнэ, өртгийг тогтоох зорилгоор бүтээгдэхүүний хэмжилт хийгдэж байгаа газрыг гэж үзэх үндэслэлтэй.

8. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.4.в-д “Экспортын үнэ” гэж өөрийн харьяа бус байгууллагаас экспортын цэг дээр буюу түүний ойролцоо газар чөлөөт валютаар худалдан авсан цэвэр үнийг хэлнэ. Экспортын үнийг тогтоохдоо, экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасаж тооцно” гэж, Дөрөвдүгээр зүйлийн өртөг, зардал хэсэгт гэрээт тос буюу гэрээт хий үйлдвэрлэх болон худалдах буюу бусад хэлбэрээр гаргавал, уг ажиллагаатай холбогдон гаргасан өртөг, зардлыг гэрээлэгч энэхүү гэрээний 7-19 зүйлүүдэд заасны дагуу нөхөн авах эрхтэй. Энэхүү гэрээнд оролцогч аль ч тал энэхүү гэрээний дагуу гэрээт тос буюу гэрээт хий үйлдвэрлэх болон худалдах буюу бусад хэлбэрээр гаргана гэсэн баталгаа гаргахгүй. Ийм учраас энэхүү гэрээний дагуу үүсэх аливаа өртөг зардлыг гэрээлэгч нөхөж авах баталгаа мөн байхгүй” гэж, 8.2.б-д “Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан бүх өртөг зардлыг хайгуулын зардал, олборлолтын зардал болон ашиглалтын зардал гэж давхардуулалгүйгээр ангилна. Эдгээр өртөг зардал нь энэхүү гэрээний 8.2 дугаар зүйлийн дагуу дор дурдсан дарааллаар нөхөн төлөгдөнө гээд, Үүнд: 1-д хайгуулын зардал, 2-д ашиглалтын зардал, 3-д олборлолтын зардал гэж зааж, Тодотгол хэсэгт “... олборлолтын болон ашиглалтын зардал нь хайгуулын үед, хайгуулын зардал нь олборлолтын үед гарч болно гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн болно” гэж, 8.2.в-д “... гэрээт талбайн хувьд газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан гэрээлэгчийн бүх өртөг зардлыг... нөхөж авна...” гэж заажээ.

9. Дээрх гэрээний зохицуулалтаар гэрээлэгч нь цооногийн амсраас хойших бүх зардлыг түүхий тосны борлуулалт, тээврийн зардалд тооцон, талуудад ногдох тосны орлогын хуваарилалтын тооцоог хийж ирсэнтэй талууд мөн маргаагүй байх бөгөөд нэхэмжпэгчийн хувьд “Экспортын цэг”-ийг цооногийн ам гэж тооцож, уг цэгээс танкфарм хүртэлх гарсан ашиглалтын зардалд хамаарах зардлыг борлуулалтын зардалд оруулж тооцсоноор нийт борлуулсан тосны үнийг бууруулах тул Бүтээгдэхүүн хуваах гэрээний үнийн дүнд нөлөөлөх тул энэ талаар гаргасан хариуцагчийн хариу татгалзлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

10. Мөн Нэхэмжпэгч “Д” ХХК 2003 оноос 2013 оны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой “Экспортын цэгийг тодорхойлж борлуулалтын зардал, өртөг нөхөгдөх зардал, газрын тосны борлуулалтын тооцоонд 1991 онд батлагдсан Газрын тосны тухай хууль, Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээ холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж баталгаажуулсан байх ба Бүтээгдэхүүн хуваах гэрээ 1991 оны Газрын тосны тухай хуулийн хүрээнд байгуулагдсан, 2014 онд батлагдан хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн Газрын тосны тухай хуульд нийцүүлэн талууд Гэрээний 26.4, 26.12 дугаар зүйлд заасан нөхцөлд аливаа байдлаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна.

11. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг үндсэн нөхцөлийг нь өөрчлөхгүйгээр Засгийн газрын 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч нарын хооронд байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварт нийцүүлэн шинэчлээгүй, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдан гарснаар Хяналт шалгалтын ажлыг Төрийн аудитын байгууллага нь холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэхээр болсноор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2017 оны 06 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/125 дугаар тушаалаар баталсан “Үндэсний аудитын газрын 2018 онд хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Төрийн аудитын тухай хуулийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагч нараас “БХГ-97” талбайн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад баталгаажуулалт сэдэвт нийцлийн аудит хийж төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээний Нэгдүгээр зүйлийн Төлөөлөгчид хэсэгт “... “Баррель”, “Гэрээт түүхий тос” “Гэрээт хий” “Өртөг төс” “Түүхий тос” “Олборлолтын зардал” “Олборлолтын талбай” “Экспортын цэг” “Экспортын үнэ” “Ашиглалтын зардал” гэх зэргийг тодорхойлж, Наймдугаар зүйлийн “Роялти, өртөг нөхөлт болон бүтээгдэхүүн хуваалт-түүхий тос” гэсэн хэсгийн 8.3 дахь хэсгээр бүтээгдэхүүн хуваах хувь хэмжээг тогтоосон, уг нэр томъёо болон нэхэмжпэгчийн үйл ажиллагаанд нь хариуцагч нараас төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийсэн нь Газрын тосны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу байгуулсан гэрээнд энэ хуулийн 17.3.1, 17.3.6- 17.3.11, 30.2, 30.4, 32.2, 32,3, 33.1, 33.2-т заасан төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах ба энэ хуулийн 17.3.2-т заасан нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтооно” гэж заасантай нийцсэн тул “экспорт цэг”-ийн талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

13. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний гэрээний 8.2.6-д “Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд гарсан бүх өртөг зардлыг хайгуулын зардал, олборлолтын зардал болон ашиглалтын зардал гэж давхардуулалгүйгээр ангилна” гэж, 8.4.в хэсэгт “Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “Экспортын үнэ” гэж бараагаар солилцох, дотоод зах зээл дээр борлуулах буюу бусад тусгай нөхцөл бүхий хэлбэрийг үл оролцуулан, өөрийн харьяа бус байгууллагаас экспортын цэг дээр буюу түүний ойролцоо газар чөлөөт валютаар худалдан авсан цэвэр үнийг хэлнэ. Экспортын үнийг тогтоохдоо, экспортын цэгээс гэрээт түүхий тосыг нийлүүлэх тодорхой цэг хүртэлх өртөг зардлыг хасч тооцно...” гэж, мөн гэрээнд “Гэрээт түүхий тос” гэж энэхүү гэрээний дагуу гэрээт талбайгаас олборлож, хуримтлуулсан газрын түүхий тосыг хэлнэ” гэж, “Олборлосон” гэдэгт тосыг газрын гадаргууд гаргаж бүтээгдэхүүн хуваах хэмжүүрийн төхөөрөмжөөр нэвтрүүлснийг гэж, “Хуримтлуулсан” гэдгийг гэрээнд оролцогч аль нэг тал тосыг авч ашиглах боломж бүрдүүлснийг гэж тодорхойлсон зэргээс үзвэл хариуцагчийн “... цооногийн аман дээр бүтээгдэхүүн хуваах хэмжүүрийн төхөөрөмж байхгүй, тосыг авч ашиглах боломж бүрдээгүй учраас энэ ойлголтод хамаарахгүй болон “Танкфарм”-д бүтээгдэхүүн хуваах боломжтой буюу тосыг авч ашиглах боломжтой” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжпэгчийн “... гэрээт тос буюу гэрээт хийн олборлолтын хэмжилт хийх цооногийн амны төхөөрөмжийг ойлгохоор агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэгдсэн ойлголтоор борлуулалтын зардал, өртөг нөхөн зардлыг тооцож ирсэн” гэх давж заалдах гомдлоор үгүйсгэх үндэслэлгүй хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

14. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээт тосны хэмжээг тодорхойлох болон тэдгээрийг гэрээнд оролцогч талуудын хооронд хуваах зорилгоор хэмжилт хийхдээ “Бүтээгдэхүүний хэмжилт” олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг аргачлалыг баримтлахаар, гэхдээ бусад зорилгоор хийгдэж болох хэмжилт тухайн цооногоос олборлох бүтээгдэхүүний хэмжээг турших буюу тогтоох зэрэг нь бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн жишигтэй заавал нийцэх албагүй гэдгийг харилцан тохиролцсон байна. Цооног дахь олборлолтын хэмжилт, бүтээгдэхүүн хуваах хэмжилт борлуулалтын хэмжилттэй нийцэх албагүй болон тусдаа ойлголт болохыг гэрээний 11.1.а-д тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүний хуваах гэрээний 8.1.а-д “Роялтид гэрээлэгч хуанлийн улирал бүр борлуулсан гэрээт тосны үнийн хэмжээний 7.5%-тай тэнцэх хэмжээний роялтийг төлнө” гэж, 8.2.а-д “Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад гарсан бүх өртөг зардлыг нөхөн зорилгоор ... улирал тутамд борлуулсан гэрээт түүхий тосны 40 хүртэлх хувийг авч ашиглах эрхтэй”, 8.3-д “.... улиралд ногдох роялти болон өртөг нөхөлтийг хасаад, тухайн улиралд борлуулсан гэрээт түүхий тосыг өдөрт олборлох дундаж хэмжээнд тулгуурлан дор дурдсан харьцаагаар Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд хуваана” гэж тодорхойлсноор бүтээгдэхүүн хуваах хэмжилт хийж, тосны экспортын хэмжээ, үнэ тогтоож, борлуулалт хийгдэхээр тул нэхэмжпэгчийн итгэл хамгаалагдах зарчмыг зөрчсөн, өмнө гэрээтэй холбоотойгоор маргаан гарч байгаагүй гэх үндэслэлээр нэхэмжпэлийг хангах боломжгүй.

15. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд талууд аливаа байдлаар өөрчлөлт оруулаагүй, Газрын тосны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Ашигт газрын тосыг Засгийн газар, гэрээлэгчтэй бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хуваана”, 33.2-д “Ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээг хоногт олборлох газрын тосны хэмжээтэй уялдуулан бүтээгдэхүүн хуваах гэрээнд тодорхойлон заана” гэж зааснаар нэгэнт гэрээ дахин байгуулж, шинэчлээгүй, эрх бүхий байгууллагаас холбогдох ажиллагааг хийгээгүй энэ тохиолдолд мөн хуулийн 17.3.2, 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтоож, Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон бусад нөхцөл байдалд тохируулан Төрийн аудитын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-д заасан эрх хэмжээний хүрээнд Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан “экспортын цэг”-ээс үүдэлтэй маргаанд холбогдох албан шаардлага, тушаал гаргасныг буруутгахгүй юм.

16. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “нийцлийн аудит” гэж шалгагдагч этгээдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн нийцэлд аудит хийхийг гэж тодорхойлсон ба шалгагдагч этгээд үйл ажиллагаандаа төрийн санхүү, төсөв, нийтийн өмчтэй холбоотой хууль тогтоомж, гэрээнд заасан эрх зүйн актыг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэйгээс гадна мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “шалгагдагч этгээд” гэдэгт нэхэмжлэгч “Д” ХХК хамаарах тул төрийн аудитын байгууллага нь уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-т зааснаар шалгагдагч этгээдэд санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж, шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтоох чиг үүргийн хүрээнд Улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн 2,171,023.99 ам.долларыг нэхэмжпэгчээс гаргуулсан нь хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй байна.

17. Мөн “О” аудитын компанир Бүтээгдэхүүн хуваах гэрээг орчуулан түүнтэй холбоотой аудитын дүгнэлт үйлдсэн нь Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Төрийн аудитын байгууллага энэ хуулийн 37.2-т заасан аудитыг гүйцэтгэхдээ хараа бус шинжээч, мэргэжилтэн, аудитын хуулийн этгээдийг оролцуулж болно” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “... “О” аудитын компаниар төрийн аудитыг дангаар гүйцэтгүүлсэн, тус компанид тосны гэрээгээр мэргэшсэн аудитын мэргэжилтэн байхгүй, Үндэсний аудитын газраас ... гэрээг англиар авч, өөрсдөө орчуулга хийлгэж, уг орчуулгын гэрээг Засгийн газраас гаргуулан авсан гэрээний эх хувьтай зөрүүтэй гэж илт хууль бус дүгнэлт хийсэн, гэрээний талаар маргаан гарвал Англи эх хувийг баримтлахаар заасан байтал орчуулгын гэрээг барьсан” гэж маргасан нь үндэслэлгүй, холбогдох дүгнэлт нь хуулийг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

18. Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдээлэх үүрэгтэй” гэж заасны дагуу маргаан бүхий шаардлагад дурдсан БХГ-97-ийн хавсралт “С” гэснийг “В” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас залруулсан байхад шүүх уг техникийн алдааг шүүхийн шинжпэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцээгүй. Аудитын тайланг Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д зааснаар Монгол Улсын Ерөнхий аудитор өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2020 оны А/80 дугаар тушаалаар баталгаажуулсан бөгөөд уг аудитын тайлангаар Газрын тосны газар болон нэхэмжлэгч “Доншен газрын тос монгол” ХХК-ийн 2014 оны хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан тосны тайлан, тос хуваалт, өртөг нөхөгдөх зардлын тайланг зардлын ангилал, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгаж, хянаж нэгтгэн гэрээлэгч буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй тооцооллын зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг дутуу төвлөрүүлсэн нь буруу байна.

 

19. Өөрөөр хэлбэл, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д “Газар, байгалийн баялгийн нөөцийг хуульд заасан хэлбэрээр эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдон бий болох орлого нь төсвийн орлого байна” гэж заасан  бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 47 дугаар тогтоолоор баталсан “БХГ-97” гэрээний хавсралт “В”-д заасантай нийцээгүй энэ тохиолдолд хариуцагч аудитор нараас алдаа зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар албан шаардлага өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй, илүү давамгайлж буй нөхцөлүүдийг тогтоож, гэрээ байгуулсан оролцогч талуудын хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг зөв тодорхойлсон гэж үзэхээр байна.

 

20. Гэрээлэгч “Д” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Галба 11 талбайгаас “З” ХХК-ийн хайгуулын туршилтын үед олборлосон 1,7722.01 баррель түүхий тосыг зуучлан борлуулахаар гэрээ байгуулан өөрийн нэр дээр 2018 оны 11 дүгээр сард экспортолж, 102.5 мянган долларын орлого бүрдүүлсэн боловч “З” ХХК-тай тооцоо нийлж баталгаажуулаагүй, тус компани хайгуулын тайландаа тусгаагүйг Газрын тосны газар буюу гуравдагч этгээдээс хянасан нь тогтоогдоогүй, энэ нь Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8-д “гэрээлэгчийн тухайн жилийн хөрөнгө оруулалт, зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны тайланг хянаж нэгтгэх”, 9.1.9-д “газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, энэ хуулийн 30, 31, 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшууллыг хугацаанд нь төсөвт төвлөрүүлэх” гэж заасан гэрээний үүргээ талууд биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй.

 

21. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 403 шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 29.1, 29.1.9, 29.3, Газрын тосны тухай хуулийн 9.1.3, 9.1.8, 9.1.9, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжпэгч “Д” ХХК-ийн “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Л.Н, аудитор Б.Ч нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 15- ны өдрийн 04/268, ҮАГ-НАГ-/2018/03-НА дугаар албан шаардлагын нэг дэх хэсгийг хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/80 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал С.Э, ахлах аудитор Ч.Д, Стратеги, удирдлагын газрын ахлах шинжээч Б.Ө, Санхүүгийн аудитын газрын аудитор Б.Э, нийслэл дэх Төрийн аудитын газрын аудитор В.Э, У.О нарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 647/А0160135, /НАГ-2019/02/-НА, /НАГ-/2019/04/-НА дугаартай албан шаардлагын шаардах хэсгийн нэг дэх заалт, хавсралтын нэг дэх хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”, “Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Аудитын тайлан баталгаажуулах тухай” А/85 дугаар тушаалын нэг дэх хэсгийн “албан шаардлагыг хоёрдугаар хавсралтаар” гэснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАПАГСАЙХАН