Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 011

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч А.Хий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

            “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Х, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, гуравдагч этгээд О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Хээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Х нь тус аймгийн Цэнгэл сумын уугуул бөгөөд тус сумаас болон улмаар манай аймгаас төрсөн ганц Улсын улам нэмэх заан цолтон болох Авдигажийн төрсөн охин билээ.

Миний аав бол тус аймгаас төрөн гарсан Улсын Заан цолтон ганц хүн гэдгийг аймгийн учир мэдэх иргэд бүгд мэднэ. Би аймгийн Спорт цогцолборыг аавынхаа нэрэмжит болгуулахаар хүсэлтээ түүний төрсөн нутаг Цэнгэл сум байгуулагдсаны 80 жилийн ойгоор тухайн үеийн аймгийн удирдлагуудад хэлж, хүсэлт гаргаж байсан боловч шийдэгдээгүй өдий хүрсэн юм.

Гэтэл 2018 оны 5 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 73 тоот тогтоолоор аймгийн Спорт цогцолборыг улсын харцага О.Бын нэрэмжит болгожээ. О.Б ч гэсэн тус аймгийн Цэнгэл сумын уугуул, манай аймгаас төрсөн ганц улсын харцага цолтон мөн билээ. Түүний алдар гавьяаг хэн ч үгүйсгэхгүй, би ч гэсэн.

Харин аймгийн Спорт цогцолборыг О.Бын нэрэмжит болгох гэж байгааг эсхүл хэн нэгний нэрэмжит болгох гэж байгааг захиргааны байгууллага нийтэд мэдэгдээгүй нь хууль бус болсон. Спортын ордныг О.Бын нэрэмжит болгосныг 2018 оны 10 дугаар сард анх мэдэж аймгийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад энэ  шийдвэр зохих хууль журмыг зөрчсөн байна, хүчингүй болгож дахин түдгэлзүүлэхийг хүсэж 2018 оны 11-р сарын 16-ны өдөр гомдол гаргасан юм.

Гэвч тэдгээр байгууллагууд миний гомдлын хариуг өгөхдөө хууль журмын хүрээнд явагдсан тул хүлээж авах боломжгүй гэсэн хариу өглөө.

Ийм учраас захиргааны хэргийн шүүхэд дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д захиргааны байгууллага энэхүү шийдвэр гаргах ажиллагаанд өөрийн санаачилгаар бусад хүнийг татан оролцуулах үүргээ биелүүлээгүй буюу нууцаар явуулсан байна. Хэрэв спорт цогцолборыг хэний нэрэмжит болгох вэ гэдэг асуудлаар шийдвэр гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэж тэднийг татан оролцуулсан бол захиргааны шийдвэр үндэслэлтэй хууль ёсны болох байсан юм.

2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны актыг мэдэгдээгүй байна.

4. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дээрх 73 дугаар тогтоол нь Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын аль заалтыг баримталсан нь тодорхой бус бөгөөд уг журмын 6.2 дахь заалтыг илт зөрчсөн байна. Уг заалтад гавьяат үйлстэн мэндэлсний 70 болон түүнээс дээшхи 10 жилийн давтамжтай тэгш ойг нь тохиолдуулан тодорхой байгууллагыг түүний нэрэмжит болгож болно гэжээ. Гэтэл О.Б 70 нас хүрээгүй байна.

5. Би аймгийн ИТХ-ын дарга Тэргүүлэгчдийн дээрх 73 тоот тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхийг хүсэж гомдол гаргасан боловч миний гомдлыг хүлээж аваагүй тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна.

Иймд хууль журам зөрчиж гаргасан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

 Нэхэмжлэгч А.Х миний бие Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь аймгийн иргэдийн Төллөөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 73 тоот тогтоолыг гаргахдаа Монгол улсын Засгийн газрын 2010 оны 172 тоот тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх  журам”-ын 6.2 заалтыг илт зөрчсөн байна.

Урьд өмнө том том байгууллагуудыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж нэрэмжит болгож ирсэн жишиг байгаа гэж би сонссон бөгөөд одоо хууль зөрчих асуудлыг эцэс болох нь зүйтэй гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүсэж байгаа.

2015 онд Цэнгэл сум байгуулагдсаны түүхт ойгоор миний бие аймгийн Засаг даргаар Х.Дармен ажиллаж байхад үед өргөдлөө гаргаж байсан. Тухайн үед аймгийн Засаг даргад өгч байсан уг материалыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Төр захиргааны ажлын уламжлал гэж байдаг. Бид бүгдээрээ төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа хүний хувьд энэ асуудлыг мэдэж байгаа. Гэтэл засаг захиргааны байгууллага ч гэсэн уламжлалаа хадгалаагүй нь их харамсалтай байна.

Миний эцэг манай аймаг анх байгуулагдаж байсан 40-оод оны үед улс даяар аймгийнхаа нэрийг гаргаж, газраар 30 хоног явж хотод очиж барилдаад Монгол улсын улам нэмэх заан гэдэг цолыг өнөөдрийн байдлаар манай аймгаас хүртсэн өөр хүн байхгүй байгаа. Тийм учраас миний бие Авдигажийн үр хүүхдийн хувьд нэрэмжит болгох санал хүсэлтээ гаргаж байсан юм. Миний бие гомдож, нэхэмжлэл гаргасан шалтгаан нь би хүсэлт гаргаж байсан үед ажиллаж байсан төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудаас Авдигажийн гавьяа цолыг үнэлж, нэрэмжит болгох гэхээр О.Б саад хийсэн гэж хариу өгч байсан.

Тийм учраас би Авдигажи зааны үр  хүүхдийн хувьд энэ асуудалд гомдож явдаг байсан. О.Бын нэрэмжит болгосон гэж гомдож байгаа асуудал байхгүй. О.Б 70 нас хүрэхэд 4 жил байгаа. Энэ хугацаанд миний эцэг Авдигажийн мэндэлсний ойн арга хэмжээ болно. Тэр үед дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. О.Б спортын төрлүүдээс гаргасан гавьяаг үгүйсгэж байгаа зүйл огт байхгүй. Миний бие О.Бын гаргасан гавьяаг үнэлж, баярлаж явдаг хүний нэг байгаа.

 Хэрэв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит болгосон тогтоолыг хүчингүй болгосон тохиолдолд О.Б 70 нас хүрсний дараа дахин хүсэлт гаргаж нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна хууль, журмын дагуу О.Б 70 нас хүрсний дараа энэ асуудлыг дахин хөндөж нэрэмжит болгож байвал надад хэлэх зүйл байхгүй гэв.

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д заасны дагуу нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй ба Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, Гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.4-д нэрэмжит болгох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ гэж заасан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж Өлгийн хүчтэн дэвжээний тэргүүн Х.Айдосоос 2019 оны 01 дүгээр сарын29-ний өдрийн 01 тоот, Монголын Чөлөөт бөхийн холбооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр, Монгол Үндэсний бөхийн холбооны 2018 оны 01 дүгээр 29-ний өдрийн 15 дугаар, Монголын үндэсний Олимпын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13 дугаар, Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 14 тоот, аймгийн Ахмадын Хорооны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаар, Цэнгэл сумын ИТХ-ын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 326 дугаар, аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай албан бичгүүдээр аймгийн Спорт цогцолборыг Монгол-Казахстан улсын гавьяат тамирчин, өсөх идэр, улам өрнөх чимэгтэй улсын харцага, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер Однайн Бахытын нэрэмжит болгох саналыг тус тус байгууллагуудаас ирүүлсэн юм.

Дээрх хүсэлтүүдийг судалж үзсэний үндсэн дээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар авч хэлэлцэж 73 дугаар тогтоолоор аймгийн Спорт цогцолборыг Монгол-Казахстан улсын гавьяат тамирчин О.Б нэрэмжит болгох шийдвэр гаргасан юм.

Аймгийн ИТХ-д өмнө нь аймгийн Спорт цогцолборыг Улсын заан Терликбайн  Авдигажийн нэрэмжит болгохоор ямар нэг хүсэлт ирээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлд дурдсан Улсын заан Т.Айг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд гэж үзэж захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах, мэдэгдэх эрх үүсэхгүй юм.

Цэнгэл сумын Спорт цогцолборыг Улсын заан Терликбайн Авдигажийн нэрэмжит болгож гавьяа зүтгэлийг нь мөнхжүүлэн алдаршуулж байгаа болно.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоол нь бөхөө дээдэлдэг Монголын ард түмний хүсэн хүлээсэн шийдвэрийн нэг ба зөвхөн журмын шаардлага хангаагүй /70 нас хүрээгүй/  гэдэг  шалтгаанаар энэ хүний нөр их хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг нутгийн захиргааны байгууллага байгаа.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12 дахь заалтад төрийн байгууллагыг тодорхой хүний нэрэмжит болгох асуудлыг Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамруулан зохицуулсан байдаг. Манай байгууллагын архивд 2016 оноос хойш ирсэн, явуулсан бичгийг хадгалж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн гомдлын дагуу Авдигажи гэдэг хүний нэрийг нэрэмжит болгохоор хүсэлт ирсэн эсэхийг шалгаж үзэхэд, байгууллагын архивд тийм өргөдөл хүсэлт байгаагүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр тайлбар гаргаж, уг тайлбарт тодорхой албан бичгүүдийг хавсаргаж өгсөн юм.

Тухайлбал, Өлгийн хүчтэн дэвжээний тэргүүн Х.Айдосоос 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01, Монголын Чөлөөт бөхийн холбооны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24, Монгол Үндэсний бөхийн холбооны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15, Монголын үндэсний Олимпын хорооны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 13, Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 14, аймгийн Ахмадын Хорооны 2018 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 103, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 12, аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 326, аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаартай албан бичгүүдээр аймгийн Спорт цогцолборыг Монгол-Казахстан улсын гавьяат тамирчин, өсөх идэр, улам өрнөх чимэгтэй улсын харцага, бөхийн чөлөөт барилдааны Олон улсын хэмжээний мастер О.Б нэрэмжит болгох саналыг тус тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандаж ирүүлсэн байгаа.

 Дээрх санал, хүсэлтүүдийг бид нар судалж үзээд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх  журам”-ын 6.1 дэх хэсэгт гавьяат үйлстэнд дор дурдсан хүмүүсийг хамруулна,  Үүнд, Монгол улсын баатар, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улсын ардын цолтон, Монгол улсын гавьяат цолтон, Монгол улсын Төрийн шагналтан гэсэн төрийн дээд шагнал одон медаль хүртсэн хүмүүсийг гавьяат үйлдсэн гэж үзэхээр заасан байх ба О.Б нь Монгол улсын гавьяат тамирчин цолтой хүн учраас дээрх журмыг бүрэн хангаж байгаа гэж үзсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 дугаар зүйлийн 20.1.12-д заасан бүрэн эрхэд дээрх журмын зарчим заалтууд уялдахгүй байгаа асуудал байдаг. Нэрэмжит болгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн  бүрэн эрх гэж тусгаж өгсөн  мөртлөө дээрх журамд зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан.

 Одоогийн байдлаар сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал тухайн сумын эрх хэмжээнд хамаарах байгууллагыг нэрэмжит болгох асуудлыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж байгаа. Журмаараа нэрэмжит болгох хүсэлтийг тухайн этгээд шууд гаргадаг ба үүний дагуу бид нар нэрэмжит болгох гэж байгаа байгууллагаас болон аймгийн Засаг дарга холбогдох бусад байгууллагаас саналыг авч бүрэн гүйцэт болсон гэж үзсэн тохиолдолд нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлэх журамтай.

Ийм байдлаар тухайн байгууллага болон холбогдох бусад байгууллагаас санал авсны үндсэн дээр 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдаанд оролцсон Тэргүүлэгчдийн олонхын саналаар аймгийн Спорт цогцолборыг улсын харцага О.Б нэрэмжит болгож тогтоол гаргасан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч байгууллага нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж дурдсан байна. Гэхдээ аймгийн Спорт цогцолборыг Авдигажи гэдэг хүний нэрэмжит болгохоор тухайн хүний үр хүүхдүүдээс ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй учир захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрх үүсээгүй гэж үзсэн.

Гуравдагч этгээд О.Б нь энэ жил 66 настай, өнгөрсөн жил тогтоол гарсан  үед 65 настай байсан юм. Энэ хүний олон жилийн гавьяа зүтгэл, гаргасан амжилт, Спорт цогцолборыг байгуулахад оруулсан хувь нэмэр, бөхөө хүндэтгэдэг ард түмний хүсэн хүлээсэн шийдвэрийг 70 нас хүрээгүй гэсэн үндэслэлээр хууль бус гэж үзэж хүчингүй болгох юм бол энэ нь үнэхээр харамсах асуудал гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Б Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, Монгол улсын “Өсөх идэр улам өрнөх” чимэгтэй Харцага цолтон тамирчин, улсын дасгалжуулагч юм. Цэнгэл сум байгуулагдсаны 90 жилийн ойгоор аймгийн Спорт цогцолборыг улсын заан Т.Айн нэрэмжит болгох талаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3-02/1684 тоот бичгийн хариуг аймгийн Биеийн тамир, спортын газарт 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 104 тоот албан бичгээр Спорт цогцолборыг Т.Айн нэрэмжит болгох боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

“Монгол Заман-ай” сонины 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №06 /186/ дугаарын сонинд нэг хуудас нүүрийг зурагтай хамт аймгийн спорт цогцолборыг О.Бын нэрэмжит болгох гэсэн гарчигтай, мөн аймгийн орон нутгийн олон нийтийн радио телевизийн 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн нэвтрүүлгээр Баян-Өлгий аймгийн Спорт цогцолборыг О.Бын нэрэмжит болгох тухай Өлгий хүчтэн бөхийн дэвжээнээс ирүүлсэн материалыг орон нутгийн радиогоор нэвтрүүлсэн байна.

Аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 73 дугаар тогтоол гаргахад миний тухай Монголын Үндэсний Олимпын Хороо, Монголын Чөлөөт Бөхийн Холбоо, Монголын Үндэсний Бөхийн Холбоо, аймгийн Засаг дарга, Биеийн тамир, спортын газар, Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Ахмадын хороо, болон 10 гаруй байгууллагуудаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлсэн албан тоот гэрчилнэ.

Спорт цогцолборыг нэрэмжит болгох нь “Гавьяат үйлснийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 6.1 дэх заалтын 4-д Монгол улсын гавьяат цолтон хүмүүсийг хамруулна гэжээ. Миний 2006 онд хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин цолыг үндэслэсэн болно.

Сэлэнгэ аймгийн Спорт цогцолбор Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит, Монгол улсын гавьяат тамирчин Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт 1960 онд төрсөн. Ховд аймгийн Булган сумын Спорт цогцолбор нь Адуучины Баатархүүгийн нэрэмжит юм. Тэрээр мөн Монгол улсын гавьяат тамирчин, 1958 онд төрсөн юм.

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Эрүүл мэндийн төв Рамишын Асайн нэрэмжит. Тэрээр Монгол улсын гавьяат эмч, клиникийн профессор бид хоёр 10 жилийг нэг жил төгссөн юм.

Монгол улсын заан Т.Айн нэрэмжит Цэнгэл сумын Спорт цогцолбор, мөн Өлгий сумын төвд гудамж байгаа юм гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:

 Миний бие бүх амьдралаа их спортод зориулсан бөгөөд 40 гаруй жил үндэсний болон их спортоор хичээллэж, тухайн салбарт ажиллаж гавьяаны амралтад гарсан юм.  Үндэсний спорт, их спорт буюу дэлхийн спорт гэж манай улсад спортыг төрлөөр нь хуваадаг. 1946 онд үндэсний спортын төрөл болох Монгол үндэсний бөхийн төрлөөр Авдигажи гэдэг хүн Монгол улсын заан цол, 1949 онд Хожахапан улсын начин, 1951 онд Нурхадыл улсын начин, 1982 онд миний бие улсын начин цолыг тус тус авч байсан юм. Бидний араас 35-36 жилийн дараа Б.Баатарцол, Б.Серик нар улсын начин цол хүртэж байсан түүхтэй.

 Харин их спорт буюу дэлхийн спортод олимпод оролцдог спортуудыг хамруулан ойлгодог. Миний бие оролцсон тэмцээнүүд нь их спортод тооцогддог бөхийн чөлөөт барилдаанаар 1980 онд Москвагийн 22 дугаар олимпод оролцож шагналт байр эзэлсэн бөгөөд  1983, 1985, 1986 онд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1986 онд хүрэл медаль авсан. 1981 онд дэлхийн цомын тэмцээнээс 2 медаль хүртсэн ба гадаадын 23 оронд очиж, олон улсын тэмцээнд оролцсон хүн байгаа. Мөн улсын шигшээ багт 10 жил тамирчин байсан ба 2006 онд Монгол улсын гавьяат тамирчин цол, 2008 онд Казахстан улсын гавьяат тамирчин цолыг тус тус хүртэж байсан юм.

Миний бие улсад 40 гаруй жил ажиллахдаа 25 жил Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт ажилласан бөгөөд 13 жил тус газрын даргаар ажилласан байгаа. Энэ хугацаанд Спорт цогцолборын барилгын зураг төсвийг хийлгэж, хөрөнгийг нь шийдүүлж, уг барилгыг бариулах ажлыг гардан зохион байгуулсан юм. Энэхүү Спорт цогцолборыг миний нэрэмжит болгохыг спорт сонирхогч ард иргэд, баг тамирчид, дасгалжуулагчид болон үндэсний болон их спортыг хөгжүүлэх, тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг спортын байгууллагууд дэмжиж байгааг илэрхийлж 10 гаруй байгууллага бичгээр санал ирүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас миний гавьяат цолыг үнэлж, 73 дугаартай Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн Спорт цогцолборыг миний нэрэмжит болгосон.  Дараа нь 2018 он 11 дүгээр сарын 24-ний өдөр Спорт цогцолборыг нэрэмжит болгосон асуудлыг албан ёсоор тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулсан юм. Мөн бусад аймгууд 70 нас хүрээгүй гавьяат тамирчдын гавьяат үйлстнийг алдаршуулах зорилгоор нэрэмжит болгох асуудлыг шийдвэрлэсэн байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгч А.Хээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолыг[1] хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “аймгийн Спорт цогцолборыг аймгийн Цэнгэл сумын уугуул, аймгаас төрсөн ганц заан цолтон эцэг Т.Айн нэрэмжит болгох талаар хүсэлтээ аймгийн удирдлагуудад гаргаж байсан, цогцолборыг О.Бын нэрэмжит болгох үед захиргааны байгууллагаас нийтэд мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа явуулаагүй, О.Б нь 70 нас хүрээгүй байхад түүний нэрэмжит болгосон нь “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 6.2-ыг зөрчсөн гэж тодорхойлсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-т зааснаар “ гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах, нэрэмжит шагнал бий болгох, түүх, соёлын дурсгалт, үнэт зүйлсийг тогтоож хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, ...” бүрэн эрхийг Хурлын Тэргүүлэгчдэд олгожээ.

Хуульд заасан  бүрэн эрхийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар тогтоолоор аймгийн Спорт цогцолборыг Монгол Улсын гавьяат тамирчин О.Б нэрэмжит болгосон байх ба энэхүү захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй  гэж шүүх үзлээ. Учир нь,

 Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ыг баталсан,  энэ журмын Зургаадугаар зүйлд Гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх асуудлыг зохицуулсан, 6.1.1-т Монгол Улсын баатар, 6.1.2-т  Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 6.1.3-т Монгол Улсын ардын цолтон, 6.1.4-т Монгол Улсын гавьяат цолтон, 6.1.5-т Монгол Улсын Төрийн шагналтан зэрэг хүмүүсийг гавьяат үйлстэн гэдэгт хамруулахаар тусгажээ.

Нэхэмжлэгчийн эцэг Т.А нь аймгаас төрөн гарсан улсын заан цолтой бөх мөн боловч дээрх журамд зааснаар  гавьяат үйлстэнд  хамрагдахгүй тул аймгийн Спорт цогцолборыг Монгол Улсын гавьяат тамирчин О.Бын нэрэмжит болгосон тогтоолыг хууль бус, үүний улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд  хууль болон журамд  заасан шаардлагыг бүрэн  хангаж буй этгээдийн тодорхой нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой  ба нэгэнт журамд заасан шаардлагыг нэхэмжлэгч тал хангаагүй тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч талаас  Монгол Улсын гавьяат тамирчин О.Быг  70 нас хүрээгүй  буюу 65 настай байхад нь аймгийн Спорт цогцолборыг түүний нэрэмжит болгосон нь журмын 6.2-ыг зөрчсөн гэж маргасан нь  үндэслэлтэй боловч нэгэнт нэхэмжлэгч тал журамд заасан шаардлагыг хангаагүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй учир энэ үндэслэлээр захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүхээс дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Хээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар “Нэрэмжит  болгох тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

                                                                                                                 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША

 

 

 

 


[1] Хэргийн 38 дугаар хуудас