Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01128

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01128

                   Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 гудамжны 43 тоотод оршин суух, Мянган овогт Санжаагийн Дэлгэрсайхан /РД-НХ60060116/-ын

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Оюун-Эрдэнэ нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Дэлгэрсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Монполимет ХХК-ийн Тосон уурхайд хүнд даацын Белаз маркийн автомашины жолоочоор ажилласан.

Би хөдөлмөрийн хүнд нөхцлөөр 14 жил ажилласан бөгөөд одоо миний даралт ихсээд байгаа учир хүнд нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байна. Ердийн нөхцлөөр 3 жил дутуу байгаа юм.

Нийгмийн даатгалын газарт материалаа бүрдүүлээд өгсөн, 1 сарын дараа шалгагдаад над руу утсаар ярихаар нь очиход байцаагч нь солигдсон байсан. Тэгээд миний бичиг баримтыг шинэ байцаагч нь аваагүй, мэдэхгүй гэсэн бөгөөд шүүхээр тогтоолгож ир гэсэн.

Манай компани миний тушаалыг жолооч гэснээр гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт жолооч гэж бичсэн байдаг.

Иймд намайг Монполимет ХХК-ийн Тосон уурхайд 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Белаз маркийн автомашины жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

          Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Дэлгэрсайханы ажиллаж байсан Монполимет ХХК  нь түүний гүйцэтгэж байсан ажил үүргийн нэрийг холбогдох эрх зүйн акт болон нийгмийн даатгалын дэвтэрт “жолооч” гэж бичсэний улмаас тус компанид белазын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Шүүх дараах үндэслэлээр хүсэлтийг хангав.

Учир нь хүсэлт гаргагч С.Дэлгэрсайхан, Монполимет ХХК-ийн Тосон уурхайд 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс белаз автомашины жолооч /операторч/-оор томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр, Монполимет ХХК-ийн Тосонгийн уурхайн даргын 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 27, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр тушаал, тус компанийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01а тушаал, цалингийн болон ажил байдлын тодорхойлолт, фото зураг, гэрч Ч.Тэрбиш, Х.Төртогтох нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх- 7-10, 20-23, 25-26, 30-34 дүгээр тал/

С.Дэлгэрсайханы жолоодож байсан белаз машин нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтын 4.2-т багтжээ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мянган овогт Санжаагийн Дэлгэрсайхан /РД-НХ60060116/-ыг Монполимет ХХК-ийн Тосон уурхайд 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Белаз маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу Мянган овогт Санжаагийн Дэлгэрсайхан /РД-НХ60060116/-ыг Монполимет ХХК-ийн Тосон уурхайд 2003 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл Белаз маркийн автомашины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД