Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2125000000027 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Х

 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Х-г 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг кузов засварын газар ажиллаж байхдаа Б.Х-гийн 44-97 УНЧ дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х-н мэдүүлсэн, “Ар гэрээ тэжээхийн тулд гарааш түрээсэлж ажиллуулдаг юм. Санхүүгийн бэрхшээл тулгараад надад ямар ч мөнгө олох боломж байгаагүй. Манай гараашны эзэн бие муутай хүн байдаг. Түрээс авдаг өдрөө уудаг эмээ бөөнд нь аваад хоногийн эмээрээ л амьдардаг хүн байдаг. Түрээсээ өгөхгүй бол өөр хүнд түрээслэлээ гэсэн. Би гараашаа алдахыг хүсээгүй юм. Тэр хүний нүүрсэн янданг авсан нь үнэн. Зараад гараашныхаа түрээсийг өгөөд үлдэгдэл мөнгийг нь байлгаж байсан .Буруу зүйл хийснээ хүлээж байна. Хохиролыг төлсөн гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Х-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би Орхон аймаг Баян-Өндөр суманд Цагаанчулуут багт байрлах Кузов засварын газарт 2020 оны 12 дугаар сарын 12-ний өдөр өөрийн 44-97 УНЧ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын гуперээ засуулахаар өгсөн юм тэгээд маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21:00 цагийн үед өөрийн тээврийн хэрэгслээ аваад засварчинд нь 150,000 өгөөд явсан тэгээд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр засварын газарт тээврийн хэрэгслийн масло солиулах үед мэдсэн. Би засварын газар ороод Хангай гэх хүн миний тээврийн хэрэгслийг үзээд 150,000 төгрөгөөр засна гэж хэлээд өөрийн нэг хүнээ дуудаад тэр хүнээр 1 машиныг засаарай гэж хэлсэн Би засварчингийнх нэрийг нь мэдэхгүй байна. Би ямар хүн миний машины нүүрсэн янданг авсан талаар мэдэхгүй байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

 

-Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Бид нар засвар хийх гэж авч үлдсэн машиныхаа түлхүүрийг грашийн баруун талын хананы хадаасанд өлгөөд орхичихдог юм. Би уг приус 20 машиныхаа түлхүүрийг грашд өлгөөд орхисон байсан. Намайг маргааш өглөө ирээд ажлаа хийх гэхэд уг машин нь анх байршуулсан байрандаа байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуудас/,

 

-Гэрч Г.Ц мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Хангай гэх залуугаас 3-4 хоногийн өмнө приус 20 маркийн автомашины он залуу яндан 950,000 төгрөгөөр худалдаж авсан. Би 1 удаа л Хангай гэх залуугаас нүүрсэн яндан авсан. Надад 3-4 хоногийн өмнө зарсан нүүрсэн яндан нь 2008 оноос хойших приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан байсан. Яагаад гэвэл 2008 оноос өмнөх приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан нь 1 ширхэг бөндгөртэй байдаг, харин 2008 оноос хойших приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан нь 2 бөндгөртэй байдаг юм. Би Хангайгаас авсан нүүрсэн яндангийнхаа мөнгийг өөрийн Хаан банкны 5090518178 дугаарын данснаас Хангайгийн хэлсэн данс руу 800.000 төгрөг хийж бэлнээр 150.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

-Гэрч С.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би тухайн гагнуурын зургийг харлаа, энэ нь шинэ гагнуур байна, яагаад гэхээр энэ нь мөнгөлөг бөгөөд дээр нь шавар, шороо мэт зүйл дагдаршиж наалдаагүй байна, мөн нүүрсэн яндан хэсгийн шороо, шавар хэсгийг арчсан мэт харагдаж байна. Мөн хуучин гагнуур байсан бол ядаж гагнуурын гадаргуу дээр нь шороо тогтсон байх ёстой байдаг юм. Яг сайн хугацааг тогтоох боломжгүй, гэхдээ энэ нь шинэ гагнуур байгаа болохоор ойролцоогоор хэрэг гарсны дараа 6, 7 хоног байх магадлалтай юм байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-10 хуудас/,

 

-Алдагдсан “Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээ /хх-ийн 14-18-р хуудас/

 

-Б.Х-с хохирлын төлбөрт 1,200,000 төгрөг бэлнээр хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 92-93/,

 

-Шүүгдэгч Б.Х-н яллагдагчаар мэдүүлсэн”...Тэгээд 2020 оны 12 дугаар сарын /яг сар өдрөө сайн санахгүй байна/ ямартай ч тэр машин байсан тэгээд би граш руу 22 цагийн алдад ганцаараа очоод түлхүүрээрээ граш онгойлгоод мөнгөлөг шаргал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг данхраадаад дээш нь өргөөд нүүрсэн янданг авсан юм. Тэгээд нүүрсэн янданг авчихаад үлдсэн хэсгийг орлуулагч тавиад, шинэ яндан тавиад шинэ гагнуур хийсэн юм. Тэгээд нүүрсэн яндангаа аваад тэр оройдоо 23 цагийн орчимд Шандад Цэлмүүн гэх залууд аваачиж нийт 950,000 төгрөгөнд өгсөн. Тухайн мөнгийг 800,000 төгрөг дансаар, 150,000 төгрөг бэлнээр авсан.Тэгээд тэр мөнгөө грашын түрээс гэж Баасандорж ахад бэлнээр 650,000 төгрөг өгсөн. Хохирлын 1,200,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх 47-48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 27-3а тоотод үйл ажиллагаа явуулдаг кузов засварын газарт ажиллаж байхдаа засвар хийлгэхээр тавьсан байсан Б.Хгийн 44-97 УНЧ дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсэн янданг авч өөр хуучин яндан оронд нь сольж тавьж гагнасан ба авсан яндангаа 950,000 төгрөгөөр худалдаж хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Эдгээр, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хангайн үйлдэл нотлогдсон ба түүний энэ үйлдлийн улмаас хохирогчид 1,200,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч энэ талаар маргахгүй байна.

 

Шүүгдэгч Б.Х нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын өмчлөх эрхийн эсрэг халдсан “хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг тодорхойлохдоо “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...”гэж заасан тул шүүгдэгчийн үйлдэл нь объектив шинжээрээ хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.Хнь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрийн үйл ажиллагаа явуулдаг кузов засварын газар ажиллаж байхдаа Б.Хгийн 44-97 УНЧ дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт саналд: Би саяхан осолд орж зүүн гарын шууны яс, хавирга, хөлөө бэртээсэн. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр тэнсэн харгалзах ял оногдуулна уу. Би гэм буруугаа хүлээж байна гэжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөлийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Х.О-д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсныг шүүгдэгч Б.Х төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Х-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан тэнсэж үүрэг хүээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ