Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Б.О  

Хохирогч Д.О

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-од холбогдох эрүүгийн 2025000000449 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.А-ыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны орой Сод монгол ШТС-44 салбар дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Оюун-Эрдэнийг өшиглөж цохиж зодсон,

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг, гэр хорооллын 9-91 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Оюун-Эрдэнийн гар, толгойн тус газарт нь гараараа цохиж зодсон,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг, гэр хорооллын 9-91 тоотод хамтран амьдрагч Д.Оюун-Эрдэнийг үсдэж, цохиж зодон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Б.А-ын мэдүүлсэн, Сод монгол дээр 20,000 төгрөг гуйж очсон. Би зодоё гэж бодоогүй боловч мөнгө өгөхгүй байсан. Ажлын газрын залуутай нь барилцаж авсан. Би хутга барьж байгаагүй. Тэр бол худлаа. Намайг 3 удаа баривчилгаанд өгч байсан. 2 удаад нь өөрөө болохгүй байж барьж өгч байсан. 10 сарын 22-нд хүүхдээс болсон. 2 цохиж авсан, багалзуурдсан, хутга бариагүй. Сүүлийн үед сэтгэл санаа хямарч архи хэрэглэх болсон. Хоорондын тохиромжгүй байдал хардалт зэргээс болдог. Сая их зүйл ойлгосон. Хүнд гэр бүл үр хүүхэд ямар их хэрэгтэйг ухаарсан гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Ариунболд бид 2 2014 онд танилцаж 1 хүүхэдтэй болсон. Архи уусан үедээ их бага хэмжээгээр гар хүрдэг байсан. Хурц ааштай. 9 дүгээр сарын 20-нд ажил дээр ирж гар хүрэхэд нь би маш их гомдсон. 10 дугаар сарын 22-нд дахин зодоход нь би Цагдаад хандсан. 10 сарын 15-нд гэртээ зодож байсан. Энэ хүнийг 6 сарын хугацаанд харлаа. Гэртээ ирээд 3 хонож байна. 5 настай хүүгээ бодоод, тэгээд энэ хүн уучлал гуйсан тул гэртээ оруулсан. Би хэнээс ч гуйхгүй амьдарч чадна. Дахин гомдоовол би уучлахгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн....би 2014 оноос хойш Б.А гэх хүнтэй хамтран амьдрагч байгаа...намайг байнгын хэл амаар доромжилж, ажил хийлгэхгүй хардаж, зодож цохидог байсан...З удаа цагдаагаас баривчилж байсан. Сүүлд 202 оны 9 дүгээр сарын 20-оос 10 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд 3 удаа намайг хамаг бие хөндүүр, хөх няц болтол зодохоор нь би өөрийн биеэр цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11-12 цагийн хугацаанд...хэл амаар доромжилж...намайг үсдэж чирээд цохиж өшиглөөд 1 цаг орчим зодож байгаад 30 минут орчим зодолгүй утсаа оролдож хэвтэж байгаад буцаж босч ирээд намайг хоолой багалзуурдаж зодож цохиж чамайг ер нь ална гээд үсдэж чирээд хутганы шүүгээнээс хутга бариад авахаар нь би 2 гарнаас нь зуурч байж болиулсан...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сод монгол ШТС-44 салбар дээр ажлаа хийгээд байж байтал 18 цагийн орчим Б.А нь ирж надаас архины мөнгө нэхээд би тэр үед орлогоос өөр хувийн мөнгө байхгүй байсан тул надад мөнгө байхгүй гэтэл намайг гадаа байхад өшиглөж 2-3 удаа цохисон, тэгэхээр нь би айж зугтахдаа дотогш ажилчдын ажлын өрөө рүү зугтаж ороход миний араас орж ирээд намайг бас өшиглөж цохиж зодсон...Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би ажлаасаа бууж ирээд амарч байхад ажлын залуу намайг хүүхдийнхээ үсийг авах гэсэн юм та надад 2 гараа гаргаад өгөөч гэж видео колл хийж ярьсны төлөө намайг тэр залуутай хардаж хэд амаар доромжилж байснаа миний 3 хүүхдийн нүдэн дээр намайг гар руу цохиж, толгой руу олон удаа цохиж зодсон. Энэ үйлдлийг миний 3 хүүхэд хараад уйлаад сууж байсан. Энэ үйлдлээс нь болж миний бие олон тооны газраа хөхөрч няцарсан байсан бөгөөд энэ үйлдлээс нь 1 цагийн дараа би ээж болон эмэгтэй дүү нар дээр нь очиж хөхөрсөн хэсгээ үзүүлж байсан ба ахиж намайг ингэж зодвол би хүүхдийг чинь өргөдөл өгч шалгуулна шүү гэж сануулахад тэг тэг энэ удаагийнх дээр нь ч бас өгөөч гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16,118-р хуудас/

 

-Гэрч Т.Ө-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хүрэнбулаг 4-8-р байранд түрээсэлж байсан байрандаа гэртээ хэвтэж байхад гаднаас миний хүү Ариунболд хамтран амьдрагч Оюун-Эрдэнэ нар бага хүүхдийн хамт чихэр жимс барьчихсан орж ирсэн. Орж ирээд сууж байхдаа Ариунболдыг ариун цэврийн өрөө орж тамхи татахаар орсон хооронд хамтран амьдрагч Оюун-Эрдэнэ нь надад Ариунболд өнөөдөр намайг зодсон миний зүүн мөрийг өвчинтэй болгосон гээд харуулсан бөгөөд тэр үед түүний зүүн мөр хөхөрчихсөн байсан. Тэгээд Ариунболдыг загнах гэсэн боловч Оюун-Эрдэнэ та яах юм бэ дараа нь намайг ээжид гэрт болсон асуудлаа ярилаа гээд зодно шүү дээ гэхээр нь би чимээгүй орхисон. Би өөрөө хараагүй боловч манай бэр болох Оюун-Эрдэнэ надад зодуулсан талаараа олон удаа хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-р хуудас/

 

-Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн "... би хаалгаа хагалуулахгүйн тулд очоод онгойлгож өгөхөд надтай зөрж ороод эхнэрээ зодох гээд байхаар нь би салгатал миний толгой руу 4-5 удаа цохиод авсан. Тэгээд цааш очиж өөр өрөөнд нуугдсан байсан эхнэрээ барьж аваад олон удаа цохиж өшиглөж танхайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 122-р хуудас/

 

-Шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 793 дугаартай "... Д.О-н биед зүүн эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, бугалга, хүзүүний зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. зүүн эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р хуудас/

-Эрүүгийн 2025000000449 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Аын захиргааны зөрчлийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-р хуудас/

 

-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 41-42-р хуудас/

 

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 46-52, 58-62-р хуудас/

 

-Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 53-57-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 67-68-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 923 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 1146 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 71-72-р хуудас/

 

-Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 996 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 73-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Оюун-Эрдэнийг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны орой Сод монгол ШТС-44 салбар дээр ажлын байранд нь очиж мөнгө нэхэж өшиглөж цохиж зодсон,

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг, гэр хорооллын 9-91 тоотод гэртээ гар, толгойн тус газарт нь гараараа цохиж зодсон,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөн гэртээ үсдэж, цохиж зодсон ба Д.Оюун-Эрдэнийн биед зүүн эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, бугалга, хүзүүний зөөлөн эдэд 5 тооны цус хурал бүхий хөнгөн гэмтэл хохирол учирсан байна. Мөн Б.Аод Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах” зөрчлөөр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэвэр, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 923 дугаартай шийтгэвэр, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1146 дугаартай шийтгэвэрээр баривчлах шийтгэл тус тус оногдуулж байсан ба 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн үйлдэлд нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 996 дугаартай шийтгэвэрээр 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зөрчлийн хэргийн шийтгэврүүд, бусад бичмэл нотлох  баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 793 дугаартай "... Д.О-н биед зүүн эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, бугалга, хүзүүний зөөлөн эдэд 5 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байж болно...." гэх дүгнэлт болон хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар, Д.Оюун-Эрдэний биед илэрсэн гэмтлүүд нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Хэргийн нотлох баримтуудыг цуглуулах ажиллагаанд хууль болон оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хоорондоо зөрүүгүй, эргэлзээгүй байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Оюун-Эрдэнийг байнга буюу 3-аас дээш удаагийн үйлдлээр зодсон, зодож хөнгөн гэмтэл учруулсан болох нь дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогджээ. Шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг бие махбод, сэтгэл санааны шинжтэй хүч хэрэглэсэн, сэдэлт санааны хувьд байнгын давтамжит шинжтэй байна. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан Эрүүгийн 2025000000449 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Аын захиргааны зөрчлийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 39-р хуудас/,Аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гэсэн тэмдэглэл /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг нотолсон, хамаарал бүхий баримтууд байна.

 

Шүүгдэгч Б.А-ын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн санаатай үйлдэл болох нь нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд,Шүүгдэгч Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 20-ны орой Сод монгол ШТС-44 салбар дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Оюун-Эрдэнийг өшиглөж цохиж зодсон, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг, гэр хорооллын 9-91 тоотод мөн Д.Оюун-Эрдэнийн гар, толгойн тус газарт нь гараараа цохиж зодсон, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг, гэр хорооллын 9-91 тоотод мөн үсдэж, цохиж зодсон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулан ялыг нэмж нэгтгэж 9 сар 20 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлье гэжээ.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийг өмгөөлж дүгнэлт санал гаргахдаа, өөрийнхөө гэм бурууг бүрэн хүлээж байна. Өөрийгөө засаж хичээж явна. Хөнгөн ял оногдуулна уу гэжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.О нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 50 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 7 /долоо/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ