| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч Л.Э
Хохирогч А.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У
Шүүгдэгч Ш.Энарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох эрүүгийн 2125000000030 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш.Э
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Ш.Э-г Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Уурхайчин 1” хорооллын барилга дээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А.Б-ийн биед халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: шүүгдэгч Ш.Э-н мэдүүлсэн “Тухайн үед
багаж өгөх, авах асуудлаас болж А.Б ах бид хоёрын хооронд маргаан үүссэн. Тухайн багаж нь А.Б ахад байхгүй биш байсан. А.Б ах өмнөх өдөр миний урдаас багаж шидэж байсан. Өөрийн гэм бурууг ойлгож байна.Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Б-ийн мэдүүлсэн “...Ш.Этэр өглөө ирж өрөм авая гэсэн. Архи үнэртэж байсан тул “гэртээ харь” гэсэн. Гэтэл урдаас доромжилсон.Чи яаж ажилд орсон юм. Чиний доодхи байдаг уу... гэх мэтээр доромжилсон. Нүүр рүү 2 удаа цохихоор нь би эргүүлж 2-3 цохисон. Гэтэл цээж рүү цохисон. Би би төмөр барьж автал урдаас барьж ширээн дээр дарж унагасан. 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр амбулатороор үзүүлж рентген зургаа авахуулахад таны зураг тодорхой гарахгүй байна гэсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлын газартаа мэдэгдсэн. 25-ны өдөр амбулаторын эмчид үзүүлчихээд 3 хоног гэртээ хэвтсэн. 28-ны өдөр рентген зураг авахуулахад миний 3 хавирга хугарсан байсан. Ш.Эминий 3 хавирга хугарсныг мэдсэн байсан. Ш.Э28-ны орой манай эхнэр рүү утсаар ярьсан. Ш.Энадаас манай гэрт очиж уучлалт гуйя гэж хэлж байсан. Мөн утас руу минь залгаад би очёо гэртээ оруулчих гэж хэлэхээр нь согтуу байгаа байх гээд гэртээ оруулаагүй. Би Ш.Эрдэнэзулыг утсаар надтай ярих үед нь 40 секундын бичлэг хийсэн. Ш.Энадтай уулзаж, хохирол төлнө гэж хэлдэг байсан. 1.186.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,
-Гэрч П.Т-н мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би гэртэй байж байхад нөхөр А.Б гаднаас орж ирэхдээ миний дотор эвгүйрхээд байна, цээжээр өвдөөд байна гэж хэлсэн. Би дотроо Баттөрийн даралт нь ихсээд байгаа юм байна гэж бодоод даралтны аппаратаар үзэхэд бага зэрэг их байсан. Баттөрд даралт бууруулах эм өгөөд нүүрийг нь харахад уруул хэсэг нь я^зарчихсан байсан. Баттөрөөс юу болсон талаар асуухад би бэртчихсэн, амьсгалж чадахгүй, хэцүү байна гэж хэлсэн. Баттөрийг дагуулаад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очиж цээжний зураг авхуулах гэхэд цээжний зурагны хальс байхгүй тул цээжийг рентген зургаар харсан боловч хавирга хугарсан эсэхийг мэдэх боломжгүй байна, харин уушиг хэсэгт ямар ч гэмтэл байхгүй байна гэж хэлсэн. Рентген зургийг хэвлэх боломжгүй, хальс байхгүй байсан болохоор компьютерийн дэлгэцээр харсан. Тэр өдрөө шууд гэртээ харьж амарсан. Маргааш өглөө Баттөр орноос босохгүй байсан ба биеийн аль хэсгээр өвдөөд байгаа талаар асуухад цээжээр өвдөөд байна, амьсгалах, босох, хөдөлгөөн хийхэд зовиуртай, өвдөөд байна гэж хэлсэн. Баттөрөөс яагаад бие чинь өвдөөд байгаа талаар асуухад хамт ажилладаг Эрдэнэзул гэдэг залуу намайг зодсон гэж хэлсэн. Юунаас болоод чамайг зодсон юм бэ гэж асуухад ажил дээр байхад Эрдэнэзул архи уучихсан байсан, надад байхгүй багаж нэхээд намайг хэл амаар доромжилсон, бид хоёр маргалдахад намайг цохиж зодсон. Намайг хөдлөхгүй барьж байгаад гараараа цохисон, түлхэж унгаасан гэж хэлсэн. Өөр нарийн зүйлийг яриагүй. Баттөр гэртэй 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтээд өвчин намдахгүй өвдөөд, зовиуртай байсан болохоор Мэдипас эмнэлэг дээр очиж цээжний зураг авхуулахад баруун талын 4, 5 дугаар хавирга нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
-Гэрч И.Б мэдүүлсэн: “...Би Химон констракшин дээр байсан. Тэр өдөр Баттөр, Эрдэнэзул нар цайны цагаар маргалдсан гэж сонссон, Баттөр сүүлд надаа хэлэхдээ ах нь эмнэлгээр явж байна, Эрдэнэзул бид 2 хоорондоо маргалдаадаа хэд хоногийн чөлөө авах гэсэн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
-Яллагдагч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүслэн “...Хавирга хугарсан гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэрнээс бусад маргалдсан, түлхэлцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гарсан гэх 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш сар гарны дараа цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн. Тэр хугацаанд гэмтэл авсан байж болзошгүй гэж бодож байна...3 хоногийн дараа надтай утсаар холбогдож над дээр ирэхгүй юм уу бие өвдөөд гэртээ хэвтэж байна гэсэн.Тэр үед эхнэр нь утсыг нь аваад цээжний зураг авахуулах гэхээр Баттөр явж өгөхгүй байна гэж байсан...Дхаиад цохих гэхээр нь би төмрийг нь гараараа хаагаад цээж хэсэг рүү нь түлхсэн.Би түүнийг түлхэх үед тэр нуруу хэсгээр ширээ налаад босож ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 850 дугаартай “... А.Б-ийн биед баруун талын 4 ба 5-р хавирганы суганы шугамаар далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Гэмтэл нь 2020-10-25-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-р хуудас/,
Хохирогч А.Б-өөс гаргаж өгсөн хатуу диск /DVD/-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 92-р хуудас/,
-Хохирлын баримтууд /хх-ийн 93-106-р хуудас/
-Эд мөрийн баримтаар цээжний рентген зураг,үнийн хуудас зэргийг тооцох тухай тогтоол /хх-ийн 109-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл
баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Э нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Химон констракшн” ХХК-ний барьж буй “Уурхайчин 1” хорооллын барилга дээр ажиллаж байхдаа хамт ажилладаг А.Б-тэй үл ойлголцон маргалдаж улмаар биед нь халдан зодож баруун талын 4 ба 5-р хавирганы суганы шугамаар далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн
мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн мэдүүлэг,хохирогчийн эмчилгээний баримтууд зэрэг нотлох баримтуудаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Уурхайчин 1” хорооллын барилга дээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болсон үйл баримт нотлогдож тогтоогдсон ба эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Э нь А.Б-ийн биед халдан зодсоноос хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 850 дугаартай ...А.Б-ийн биед баруун талын 4 ба 5-р хавирганы суганы шугамаар далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтэл нь 2020-10-25-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт, хохирогч А.Бийн оношлогоо, эмчилгээний баримтууд,гэрч хохирогчийн мэдүүлэг,шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч өөрийн үйлдлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болон шүүхийн хэлэлцүүлэгт ”маргалдаж зодолдсоноо хүлээж байна, хавирга хугарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байна.
Хохирогч үйл баримт болсон өдөр буюу 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд очиж цээжний зураг авахуулсан боловч зураг нь чанаргүй дахин авахуул гэсэн талаар мэдүүлсэн ба энэ мэдүүлгийг хэргийн 86-90 дүгээр хуудаст авагдсан Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн рентген зургийн журнал, цахим бүртгэл зэрэг баримтаар тогтоогдсон байна. Мөн, хохирогч 10 дугаар сарын 28-нд Медипас эмнэлэгт очиж цээжний рентген зураг авахуулж онош батлагдсан болох нь хэргийн 46 дугаар талд авагдсан цээжний 2 байрлалын рентген зураг гэсэн баримт, шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийн “2020 -10-28-ны өдрийн цээжний 2 байрлалын рентген зурагт баруун талын 4 ба 5-р хавирга суганы урд шугамаар хугаралтай. Амбулаторийн картнаас үзэхэд 2020-10-29-ний өдрийн гэмтлийн эмчийн үзлэгт баруун талын 4 ба 5-р хавирганы далд хугарал оношлогдсон” гэх тэмдэглэл, дүгнэлтээр нотлогджээ. Иймд яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлгүй ба Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Уурхайчин 1” хорооллын барилга дээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Ш.Э, хохирогч А.Б нарын хооронд болсон маргаан зодооны улмаас А.Б-ийн биед 2 хавирга хугарсан гэмтэл учирсан болох нь ямар нэг эргэлзээгүйгээр нотлогдсон, нотлох баримтууд зөрүүгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Эрдэнэзулын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ш.Э нь Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Уурхайчин 1” хорооллын барилга дээр 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А.Бийн биед халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай.Эмчилгээний зардалд хохирогч 186.650 төгрөг нэхэмжилсэн. Хохирогч А.Бөөс ажилгүй байсан хугацааны цалинтай хэмжээний нөхөн олговор 1 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч А.Бийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан.Иймд хохирогч А.Бт 1 сарын хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нь зүйтэй гэж,
хохирогчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд, хохирогчид 2 хавирганы хугарал гэмтэл учирсан. Гэрээр эмчилгээ хийсэн. “Химо констракшн” ХХК-ийн гарган өгсөн баримтаар хохирогчийн хэдэн төгрөгний цалинтай байсан болох нь нотлогдож байна. Мөн эмнэлгийн магадлагаа, амбулаторын картаар хохирогч А.Бийн эмчлүүлж байсан болох нь нотлогдсон. Хохирогч А.Бийн эмчлүүлсэн зардал 186.650 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 сая төгрөг нийт 1.186.650 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.У шүүх хуралдаанд, шүүгдэгчээс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Маргаж түлхэлцэх үед хохирогч ширээн дээр унасан. Үүний улмаас хохирогчид гэмтэл учирсан. Шүүгдэгч асуудлыг сайн ойлгохгүй байна. Хохирогч 2-3 сая төгрөг нэхсэн тул эмчилгээний зардлыг төлөөгүй өдий хүрсэн. Шүүгдэгчийн хувьд хохирогч А.Бд учирсан 186.650 төгрөгийн бодит зардлыг төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Харин хохирогч А.Бийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1 сая төгрөгийг шүүхээс хангахаар шийдвэрлэсэн хэмжээнд төлнө гэх байр суурьтай байгаа юм. Ер нь бол А.Б-өөс 1 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх
хэмжээний нөхөн олговор нэхэмжилж буйг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч А.Б нь “Химо констракшн” ХХК-д өвчтэй байх хугацааныхаа листийг аваачин өгч цалингаа бодуулах ёстой байсан. Гэтэл А.Б энэ үүргээ өөрөө биелүүлээгүй. Лист олгосон тухай баримт байхгүй учраас А.Бт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгох боломжгүй. Хохирогчийн өмгөөлөгчийн гарган өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол 186.650 төгрөгийг төлөхөө хуульд зааснаар илэрхийлж байна. Иймд Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн байна.
Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Эрдэнэзулыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч А.Б нь эмчилгээний зардал 186.650 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1 сая төгрөг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч баримтаар нотлогдсон 186.650 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Харин ажилгүй байсан хугацааны цалин 1 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдлаа.
Хохирогч А.Б тухайн үед “Химон констракшн” ХХК-д 2020 оны 2 дугаар сарын 26-наас харуулын даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ,компаний тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2020-11-26-ны өдрийн захиралын тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Харин хохирогч гэмтлийн улмаас өвчтэй байсан хугацааны эмнэлэгийн хуудсаа ажиллаж байсан байгууллагадаа өгч цалингаа бодуулж аваагүй болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон ба энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Иргэнй хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэм буруутай этгээд нь ажил хөдөлмөр эрхэлдэг хохирогчийн дутуу авсан цалин хөлсийг төлөх үүрэгтэй боловч А.Б ажил олгогчоосоо эмнэлгийн хуудсаар цалингаа бодуулж аваагүй байх тул шүүх “сарын үндсэн цалин 1.000.000 төгрөг” гэсэн компаний тодорхойлолт, тушаалыг үндэслэн шүүгдэгчээс төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь хохирогчийн сард авч байсан бодит цалингийн баримт авагдаагүй, авч байсан цалин тодорхой бус байна. Иймд энэ тогтоолоор шүүгдэгчээс 1 сая төгрөгний цалин гаргуулах үндэслэлгүй болно.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 2 ширхэг, амбулаторын карт 1 ширхэг, рентген зургийн үнийн хуудас 1 ширхэгийг тус тус хохирогчид буцаан олгож, СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болсноос 6 /зургаа/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Б-ийн 1.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан рентген зураг 2 ширхэг, амбулаторын карт 1 ширхэг, үнийн хуудас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ